Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 402

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

С.Баянмөнхөд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Даваадулам,

хохирогч Х.Ганзориг, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан,

ялтан С.Баянмөнхийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлоор С.Баянмөнхөд холбогдох 201725030121 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржгон овогт Сандагдоржийн Баянмөнх, 1989 оны 5 дугаар сарын 25-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дүнжингарав худалдааны төвд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81 дүгээр гудамжны 32 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ИЭ89052574/;

 

            С.Баянмөнх нь 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 67-1058 тоот хашааны гадна хохирогч Х.Ганзоригтой таксигаар үйлчлүүлсэн мөнгийг дутуу өгсөн гэх төлбөр тооцооноос болж хоорондоо маргалдан улмаар түүнийг автомашинаасаа хүчээр татаж буулгах үедээ түүний биед баруун хөлийн шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: С.Баянмөнхөд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржгон овогт Сандагдоржийн Баянмөнхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар С.Баянмөнхийг 260 /хоёр зуун жаран/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар С.Баянмөнх нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийг ажлын нэг хоногт тооцон баривчлах ялаар сольж болохыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Х.Ганзориг нь цаашид эмчлүүлэх эмчилгээнийхээ зардлыг хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Баянмөнхөд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Х.Ганзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Прокуророос С.Баянмөнхөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнд мөн хуульд зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хэргийн зүйлчлэл тохироогүй байна. Өөрөөр хэлбэл хэдийгээр С.Баянмөнхтэй таксины төлбөрөөс маргалдсан боловч С.Баянмөнх нь “таксины илүү мөнгө нэхэж” үл ялих зүйлээр шалтаглан намайг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлан танхайрч миний хөлийг хугалан танхайрсан гэж үзэж байна.

2. Би “Тэбэ сервис” ХХК-д такси түрээсэлдэг бөгөөд өдрийн 30,000 төгрөгийг төлдөг болно. Хэрэг гарснаас хойш нийт 23 хоног такси үйлчилгээнд яваагүй бөгөөд энэ тухай нийт 690,000 төгрөгийн алданги төлөгдөөгүй гэсэн албан бичгийг хэрэг Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт хянагдаж байхад прокурор З.Энхжаргалын туслахад өгсөн.

Хэрэг шүүхэд хянагдаж байхад хэргийн материалтай танилцахад “Тэбэ сервис” ХХК-ийн албан бичиг буюу намайг 690,000 төгрөгийн алданги төлөх төлбөртэй гэсэн албан бичиг хэрэгт хавсаргаатай байсан боловч 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч С.Батжаргал нь хэрэгт уг баримтыг байхгүй байна гэж хэлсэн. Уг баримт хэрэгт байх ёстой талаар шүүгчид би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд болон бичлэгт тусгасан байх ёстой.

Шүүхийн шийтгэх тогтоолд “...эмчлүүлэхэд гарсан зардал болох 1,000,000 төгрөгийн зардал нэхэмжилж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй...” гэж бичжээ. Надад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гаргуулах ёстой байсан “Тэбэ сервис” ХХК-ийн 690,000 төгрөгийн баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байтал алга болсон байна. Хэрвээ уг баримт хэрэгт хавсаргаатай байсан бол хэргийг хянан шийдвэрлэхэд болон хохирогч миний эрх ноцтойгоор зөрчигдөхгүй байсан. Иймд миний гомдлыг хүлээн авч, уг баримтыг яагаад алга болсныг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг алга болсон эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.

Мөн С.Баянмөнхөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа тул миний гаргасан гомдлыг шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Х.Ганзоригийн өмгөөлөгч Ж.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх С.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуульд “251 цагаас 450 цаг хүртэл” гэж заасан байхад 260 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулсан. Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэлд санал нийлэхгүй байна. С.Баянмөнхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх ёстой. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан С.Баянмөнхийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Х.Ганзоригийн гаргаж өгсөн нотлох баримтыг төлбөр гаргуулах хэмжээнд үнэлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. С.Баянмөнх анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Ажил хийж байгаа учир хохирол төлөх чадвартай. С.Баянмөнхийн буруутай ажиллагаа байсан гэж байгаа нь үндэслэлгүй. Догшин авирлаж танхайрсан бол хохирогчийг зодох байсан байх. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Х.Даваадулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны  шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шинжээчийн дүгнэлтээр С.Баянмөнхийн үйлдсэн хэрэг бүрэн нотлогдсон...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

С.Баянмөнхөд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

С.Баянмөнх нь 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 67-1058 тоот хашааны гадна хохирогч Х.Ганзоригтой таксигаар үйлчлүүлсэн мөнгөний төлбөртэй холбоотойгоор маргалдан улмаар түүнийг автомашинаасаа хүчээр татаж буулгах үедээ түүний биед “...баруун хөлийн шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал...” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Х.Ганзоригийн “...Соёл төвийн нэг пабад орж суугаад тус тус 3 пиво уусан. Тэгээд тэндээсээ 03 цаг өнгөрч байхад гараад манай найз машинтай хүн дуудсан болохоор нь ирээд аваад явсан. Би замаас такси барих гээд гараа өргөхөд нэг приус-11 загварын машин ирээд зогсохоор нь суугаад хайлааст руу явна гэж хэлсэн. Тэр таксины жолооч нь 25-26 насны орчим эрэгтэй хүн байсан бөгөөд би гэрийнхээ хаягийг явж байхдаа зааж өгсөн бөгөөд 15-н буудал өнгөрөөд баруун эргээрэй гэсэн чинь наагуур нь эргээд мухар гудамж руу орсон. Тэндээсээ эргэж гараад дахиж өөр тийшээ андуурч эргээд мухар гудамж руу орсон. Дахин тэндээсээ эргэж гараад зөв гудамжаар ороод манай гэрийн гадна ирсэн. Дээрх хоёр мухар гудамжид орсон нь ямар нэгэн тойрч явсан зүйл байхгүй, явсан километрт тэгэж их нөлөөлөх зүйл байхгүй. Тэгээд гэрийн гадна ирсэн чинь тэр залуу надаас 3000 төгрөг гардаг юм байна гэсэн. Километрийн харсан чинь 2 километр орчим гарсан байхаар нь яагаад 3000 төгрөг гардаг юм бэ гэхэд километр нь 1000 төгрөгөөр явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад бид хоёр маргалдсан. Тэгсэн чинь тэр залуу уурлаад шөнийн цагаар 1000 төгрөгөөр явдаг юм гээд яриад байсан. Би тэр залууд хандаад тийм зүйл байхгүй яахаараа 1000 төгрөгөөр явдаг юм бэ гэсэн. Тэгснээ машинаасаа буугаад миний сууж байсан тал буюу баруун талын хойд хаалгыг онгойлгоод хоёр гараараа энгэрээс заамдаад машинаасаа гаргах гэсэн чинь миний баруун хөл суудал доогуур орж таараад газар унасан. Босох гэтэл босож чадахгүй байсан. Тэр залуу намайг худлаа баашлаад байна гээд байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаж манай дүүг дуудаад өг гэж гуйхад тэр залуу гэрт ороод дүүг дуудаад дүү гарч ирээд цагдаа дуудсан. Цагдаа ирэх хүртэл тэр залуу байж байсан. Би 3 жилийн өмнө Тэди төвөөс 410,000 төгрөгөөр “самсунг нөүт-2” загварын гар утас авч байсан. Хэвийн ажиллагаатай байсан. Одоо 150,000 төгрөгөөр үнэлж байна. Хэрэг гарсан өдөр пабаас гараад дүү Гантөмөр лүү залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь такси барьсан. Тэгээд тэр таксины жолооч намайг газар татаж унагаах үед цагдаа болон дүүгээ дуудах гэсэн чинь утас байхгүй болохоор тэр залууг гуйж дүүгээ дуудуулсан. Манай эхнэр эмийн санд ажилладаг болохоор эм тариагаа авдаг. Одоогоор баримт байхгүй. Энэ хэрэг болохоос 2 хоногийн өмнө би “Тэбэ сервис” такси компанитай гэрээ байгууллаад өдрийн 30,000 төгрөгийн нормтой байдаг. Тэрнээс хойш машинаа барьж чадахгүй байж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс хөл гайгүй болоод ажлаа хийж байгаа. Энэ хугацааг тооцоод үзэхээр нийт 33 хоног болж байгаа бөгөөд амралтын хоногуудаа хасахаар 23 хоног болж байгаа ба нийт төлбөр 690,000 төгрөг болж байна...” /хх-ийн 16-17 тал/,

гэрч Ө.Батсайханы “...2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө миний бие Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн үүрэг “Согоот-116” машин дээр цагдаагийн ахлах ахлагч Оюун-Эрдэнийн хамт үүрэг гүйцэтгэж байхад “Согоот 10”-аас 2017 оны 12 дугаар сарын 7-ны шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын 66-1058 тоотод таксины жолооч манай ахыг зодсон юм шиг байна гэхээр нь очиж шалгахад 31-98 УБҮ улсын дугаартай “приус-11” загварын автомашин байсан ба хажууд нь 3 хүн байсан. Хөлөө гэмтээсэн гэх залууг дүү нь түшиж зогссон байдалтай таксины жолооч залуу машиныхаа хажууд зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хөлөө гэмтээсэн залуу таксины жолооч намайг машинаасаа татаж гаргахдаа хөл хугалчихлаа гэж хэлсэн. Харин таксины жолооч нь би наад хүнийг чинь яагаад ч үгүй наад хүн чинь өөрөө унаад хөлөө гэмтээчихсэн гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүсийг аваад Цагдаагийн хэлтэс орсон. Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас мэдүүлэг, тайлбар авах боломжгүй байсан бөгөөд өөрөө маргааш өргөдөл гаргана гээд байсан. Таксины жолоочийн биеийн байцаалтыг бүртгэн авч жижүүрийн албанд хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 19-20 тал/,

гэрч Х.Гантөмөрийн “...Би өөрийн ах Ганзоригийн хашаанд тусдаа гэрт амьдардаг. Тэгээд гэртээ ороод унтаж байтал шөнө 03 цаг өнгөрч байхад хаалга хүн нүдээд байхаар нь онгойлгосон чинь нэг залуу байсан. Би юу хүн бэ гэж асуухад Төөгий мөн үү би таксины жолооч байна танай ах юм шиг байнаа нэг хүн гадаа байна гэсэн. Тэгээд хамт хашаанаас гарах гээд явж байхдаа тэр залуугаас юу болсон юм бэ гэхэд тэр залуу танай ах чинь 17-гоос такси бариад би энд хүргэж ирсэн бөгөөд тооцоо нь 3000 төгрөг гэсэн чинь яахаараа 3000 төгрөг гардаг юм 2000 төгрөг гарнаа гээд бид хоёр маргалдаад, танай ах чинь машинаас буухдаа хальтарч унаад хөлөө хугалчихлаа гээд баашлаад хэвтээд байна гэж хэлсэн. Тэгээд би хашааны хаалгаар гарахад яг урд талд манай ах газар хэвтэж байсан бөгөөд баруун хөлөө өргөсөн байсан. Тэр үед ах ёо ёо ахын чинь хөлийг наад залуу чинь хугалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугаас чи хугалсан юм уу гэсэн чинь тэр залуу би яагаад ч үгүй гээд байсан. Тэгсэн чинь манай ах худлаа яриад бай чи намайг буухын хооронд татаж унагаагаад хугалсан биз дээ гэсэн. Би ахаасаа утсаа яасан бэ гэхэд мэдэхгүй байна. Харин утас байхгүй байна машинд суухдаа утастайгаа суусан гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан бөгөөд цагдаагийнхан удахгүй ирсэн...” /хх-ийн 23-25 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1202 дугаар “...2016-12-08-ны өдрийн баруун шагайн үений 2 байрлалын рентген зурагт баруун шагайн үений гадна дотор хавчаар яс зөрөө багатай хугаралтай байв. Дүгнэлт. Х.Ганзоригийн биед баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 тал/,

шинжээч эмч А.Амгаланболдын “...уг гэмтэл нь халтирч унахаас үүсэх боломжгүй ба шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал нь мушгих, хөших үйлчлэлийн улмаас үүснэ....” /хх-ийн 35 тал/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

С.Баянмөнхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 67-1058 тоот хашааны гадна хохирогч Х.Ганзоригтой таксигаар үйлчлүүлсэн мөнгийг дутуу өгсөн гэх төлбөр тооцооноос болж хоорондоо маргалдан улмаар түүнийг автомашинаасаа хүчээр татаж буулгах үедээ түүний биед баруун хөлийн шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулжээ.

 

Анхан шатны шүүх С.Баянмөнхийн үйлдлийг зөв зүйлчилсэн байх ба С.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс албадан ажил хийлгэх ялыг сонгон хуульд заасан хэмжээний дотор оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

 

С.Баянмөнхийн үйлдэл нь “таксигаар үйлчлүүлсэн мөнгөний тооцоо, төлбөрөөс болж маргалдсан...” гэсэн тодорхой сэдэлттэй, харилцан маргаанаас үүссэн байх тул хохирогч Х.Ганзоригийн “...С.Баянмөнхөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох шаардлагатай...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

 Хохирогч Х.Ганзориг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гэж “Тэбэ сервис” ХХК-ийн “...Хүүлээ овогтой Ганзориг нь 23 хоногийн буюу 690,000 төгрөгийн орлогын төлбөр тооцооны өртэй байгаа болно...” гэх тодорхойлолт /хх-ийн 69 тал/-ыг хэрэгт гарган өгчээ. Х.Ганзоригийн хэзээнээс хэзээ хүртэлх хугацааны 23 хоногийн төлбөр болохыг энэхүү тодорхойлолт нь нотолж чадахгүй, Х.Ганзориг уг гэмтлийн улмаас хэзээнээс хэзээ хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан болох нь нотлох баримтаар энэхүү эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд тогтоогдоогүй байсан байх тул энэ 690,000 төгрөгийн хохирлоо болон нотлох баримтаа гарган нэхэмжлээгүй эмчилгээний зардлаа жич нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлэн иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул хохирогч Х.Ганзоригийн “...хохирлын баримт алга болсон гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэнгүй...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолоороо “...хохирогч Х.Ганзориг нь цаашид эмчлүүлэх эмчилгээнийхээ зардлыг хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй... “ гэж хохирогчийн шүүх хуралдаанаас өмнөх гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхийг нь хязгаарласан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолын:

 

            тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...хохирогч Х.Ганзориг нь цаашид эмчлүүлэх эмчилгээнийхээ зардлыг хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэснийг “...хохирогч Х.Ганзориг нь гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн гэм хорын хохирлоо жич Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар С.Баянмөнхөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж өөрчилж,

           

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Хохирогч Х.Ганзоригийн гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах...” талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЮУНЧУЛУУН

 

             ШҮҮГЧИД                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                  Д.ОЧМАНДАХ