Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 01248

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 10 өдөр                           Дугаар 142/ШШ2016/01248                                 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: 1985 онд төрсөн, 31 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 26а дугаар гудамжны 05 тоотод оршин суух Дөш овгийн Шаравсамбуугийн Ганзоригийн /регистрийн дугаар МТ85011514/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ голын сав газрын захиргаанд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярмаа, С.Өлзийхүү, хариуцагчийн өмгөөлөгч С.Ванчиг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ганзориг миний бие Сэлэнгэ голын сав газрын захиргаанд нягтлан бодогчоор ажилладаг билээ. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа ирэхэд намайг ажлаас халсан, ажилуулахгүй гэсэн. 2016 оны 07 дугаар сарын 07-нд ажлаас чөлөөлсөн тушаал болох 2016.07.05-ны өдрийн 21 тоот тушаалыг хүлээн аваад шүүхэд хандаж байна. Дарга Б.Бат-Эрдэнэ нь уг шийдвэрийнхээ талаар ямар нэг тайлбар өгөхгүй, шүүхээрээ яв гэсэн тайлбарыг өгсөн. Иймд намайг ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Миний бие тус шүүхэд хандаж Орхон аймаг дахь Сэлэнгэ голын сав газрын захиргааны ня-бо-оор ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай гаргасан шаардлагаа нэмэгдүүлж сар бүр авч байсан цалингаа гаргуулах тухай шаардлага нэмэгдүүлж байна. Би сар бүр 300 000 төгрөг авдаг байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 900 000 төгрөгийн нөхөн олговорыг хариуцагч Орхон аймаг дахь Сэлэнгэ голын сав газрын захиргаанаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Ганзориг надад олгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Сэлэнгэ голын сав газрын захиргаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Шаравсамбуугийн Ганзориг нь манай байгууллагад гэрээт нягтлан бодогчоор давхар ажиллаж байсан. Ш.Ганзориг хуулийн дагуу хугацаатай гэрээ байгуулж ажилласан. Энэ хугацаанд тодорхой зөрчил гаргаж ажлын шаардлага хангахгүй байсан боловч уг хүний амьдрал ахуйг харж үзэн байгууллагын зүгээс энэрэнгүй хандаж ирсэн. Ингээд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Тиймээс хуулийн дагуу гарсан тушаал гэж үзэж байгаа тул Ш.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Сэлэнгэ голын сав газрын захиргаа нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу Сэлэнгэ голын сав газрын захиргааны 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн болон 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлүүд, түүнтэй дагалдаж гарсан мөн өдрийн сав газрын захиргааны даргын 14 тоот тушаал, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гарсан 17 тоот тушаалуудыг шүүхэд гаргаж өгч байна. Нэхэмжлэгчийн хүсэлтийн гол агуулга нь тухайн тушаалд заагдсан сахилгын арга хэмжээг огт мэдээгүй, надад албан ёсоор мэдэгдээгүй гэсэн утгатай байна. 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ голын сав газрын захиргааны хурлаар Ш.Ганзоригт сахилгын арга хэмжээ авах асуудлыг ярьж шийдвэрлэх үед Ш.Ганзориг нь өөрийн биеэр сонсож мэдээд уурлаад гараад явсан байдаг юм. Үүнийг тухайн өдрийн хурлын тэмдэглэлээс харах боломжтой юм. Мөн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар мэргэжилтэн Э.Баярмаа, Г.Хишигсүрэн, М.Мягмарбат, нягтлан бодогч Ш.Ганзориг нарт тэмцээний хаалтын үйл ажиллагаанд оролцоогүй гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэж үүний дагуу дагуу Сэлэнгэ голын сав газрын захиргааны даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан байдаг юм. Үүнийг хуралд оролцсон бүх мэргэжилтнүүд мэдсэн, харин Ш.Ганзориг хуралд оролцоогүй тул мэдээгүй боловч дараа нь мэргэжилтнүүдээс сонсож мэдсэн байдаг хэрнээ одоо болохоор мэдээгүй, сонсоогүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин энэ тушаалуудыг мэдэгдсэн тухайгаа албажуулаагүй, энэ ажлыг хариуцсан бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн М.Пүрэвдолгорт дахин ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулж сануулсан болно.

Ш.Ганзоригийг манай байгууллага анх 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дугаар 01 тушаал гарган нягтлан бодогчийн ажилд түр хугацаагаар авч ажиллуулаад дахин хугацаа сунгаж ажиллуулсаар 2016 оны эхний хагас жилээр гэрээг дуусгавар болгон цаашид байгууллага бие даасан нягтлан бодогчтой болох талаар хамтарсан шийдвэр гаргаж энэ шийдвэрийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 21 тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон юм. Хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 04 дугаартай хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатайгаар байгуулж энэ гэрээг Ш.Ганзоригт танилцуулж, гарын үсэг зуруулан баталгаажуулж 1 хувийг түүнд өгсөн. Энэ гэрээний хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 01 гэж бичсэний учир нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр өмнөх гэрээний хугацаа дууссан тул дараа оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэлжилнэ гэсэн утгаар бичсэн юм. Яг гарын үсэг зуруулах өдөр 2016 оны 01 дүгээр сарын 04 буюу энэ оны эхний ажлын өдөр байсан болно. Түүнчлэн Ш.Ганзориг нь байгууллага дээр байнга сууж ажилладаггүй учир цаг хугацааны хувьд өөрчлөлт гарах тохиолдолууд байдаг.Үүнийг байгууллагын цагийн бүртгэлээс харахад ойлгомжтой байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ганзориг нь Сэлэнгэ голын сав газрын захиргаанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Сэлэнгэ голын сав газрын захиргааны даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний 01 тоот тушаалаар Ш.Ганзоригийг тус газарт нягтлан бодогчоор ажиллуулахаар шийдвэрлэн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь, мөн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ш.Ганзоригийг ажлаас чөлөөлсөн болох нь 01 тоот ажилд түр авах тухай тушаал, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот хөдөлмөрийн гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 03 тоот хөдөлмөрийн гэрээ, 21 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Сэлэнгэ голын сав газрын захиргааны даргын тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч тал Ш.Ганзоригтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ “...Ш.Ганзоригтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлаж байгаа.

Хэрэгт 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2 хөдөлмөрийн гэрээ гэрээ авагдсан ба энэ гэрээнүүдийн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бүх нийтээр амралтын өдөр учраас энэ өдөр Ш.Ганзоригтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх боломжгүй.Гэрээний он сарыг андуурсан байлаа гэхэд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь үндэслэлгүй” гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...манай байгууллагад хөдөлмөрийн гэрээг заавал хугацаатай байгуул гэсэн албан бичиг ирсэн учраас бид бүх ажилчидтай өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж дахин шинээр 2016 онд хугацаатай гэрээ байгуулсан.2016 оны 01 дүгээр сарын 01 гэсэн он сарын хувьд бол өдрөө андуурсан байна лээ.01 дүгээр сарын 01-нд бүх нийтээр амрах өдөр учраас гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 04, 05-ны үеэр хийсэн” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байгаа.

2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан байх ба ажил олгогч Ш.Ганзоригтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр цуцалсан.

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бүх нийтээр амрах амралтын өдөр учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 04 тоот хөдөлмөрийн гэрээний өдрийг андуурсан байна” гэсэн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэх боломжтой, харин нэхэмжлэгч “...ажил олгогчтой 04 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй” гэсэн тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 04 тоот хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, ямар нэгэн шаардлага гаргаагүй.Иймд талуудын хооронд 6 сарын хугацаатай 04 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй. Гэтэл ажил олгогч байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг “6 сарын хугацаатай” гэж байгуулсан нь хууль зөрчсөн.

            Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох ба ингэхдээ ажилтан ажил олгогч нар ямар үндэслэл, шаардлага, шалтгааны улмаас байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байгаа талаараа мөн өөрсдийн хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээндээ тодорхой тусгасан байх ёстой.Гэтэл зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 04 тоот хөдөлмөрийн гэрээнд талууд яагаад, ямар үндэслэл, шалтгааны улмаас байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж байгаагаа тодорхой тусгаагүй байна.

            Дээрхи байдал нь ажил олгогчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Хэрэгт нотлох баримтаар авагдсан хурлын тэмдэглэлүүд, ажлын төлөвлөгөө, сахилгын шийтгэл ногдуулах тухай 14, 17 тоот тушаалууд, Сэлэнгэ голын сав газрын захиргааны дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 5/276 тоот Прокурорын тогтоол, татварын тайлан зэрэг нотлох баримтууд нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах үндэслэлээр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзсэн.

            Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 085 000 төгрөг нэхэмжилсэн.Тэрээр сард 350 000 төгрөгийн цалин авдаг болох нь 203 тоот цалингийн тодорхойлолт, Ш.Ганзоригийг ажилд томилсон 27 тоот тушаалаар тогтоогдож байгаа.

            Нэхэмжлэгч Ш.Ганзориг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 69 хоног болсон байх ба энэ хугацааны цалинг тооцож үзвэл 1 123 251 / 350 000:21,5=16 279, 16 279х69 хоног=1 123 251 /  төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 085 000 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн үнийн дүнгээр тооцож 1 085 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ш.Ганзоригийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Сэлэнгэ голын сав газрын захиргаанаас 30 590 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ганзоригийг Сэлэнгэ голын сав газрын захиргааны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

           2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Сэлэнгэ голын сав газрын захиргаанаас 1 085 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ганзоригт олгосугай.

  3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ганзоригийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Сэлэнгэ голын сав газрын захиргаанаас 30 590 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА