Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 00180

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Ш.Ганзоригийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1248 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ш.Ганзоригийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Сэлэнгэ голын сав газрын захиргаанд холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Сэлэнгэ голын сав газрын дарга Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Сэлэнгэ голын сав газрын дарга Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Н.Болдбаяр, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ганзориг миний бие Сэлэнгэ голын сав газрын захиргаанд нягтлан бодогчоор ажилладаг билээ. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа ирэхэд намайг ажлаас халсан, ажилуулахгүй гэсэн. 2016 оны 07 дугаар сарын 07-нд ажлаас чөлөөлсөн тушаал болох 2016.07.05-ны өдрийн 21 тоот тушаалыг хүлээн аваад шүүхэд хандаж байна. Дарга Б.Бат-Эрдэнэ нь уг шийдвэрийнхээ талаар ямар нэг тайлбар өгөхгүй, шүүхээрээ яв гэсэн тайлбарыг өгсөн. Иймд намайг ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие тус шүүхэд хандаж Орхон аймаг дахь Сэлэнгэ голын сав газрын захиргааны ня-бо-оор ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай гаргасан шаардлагаа нэмэгдүүлж сар бүр авч байсан цалингаа гаргуулах тухай шаардлага нэмэгдүүлж байна. Би сар бүр 300 000 төгрөг авдаг байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 900 000 төгрөгийн нөхөн олговорыг хариуцагч Орхон аймаг дахь Сэлэнгэ голын сав газрын захиргаанаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Ганзориг надад олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Сэлэнгэ голын сав газрын захиргаа шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Шаравсамбуугийн Ганзориг нь манай байгууллагад гэрээт нягтлан бодогчоор давхар ажиллаж байсан. Ш.Ганзориг хуулийн дагуу хугацаатай гэрээ байгуулж ажилласан. Энэ хугацаанд тодорхой зөрчил гаргаж ажлын шаардлага хангахгүй байсан боловч уг хүний амьдрал ахуйг харж үзэн байгууллагын зүгээс энэрэнгүй хандаж ирсэн. Ингээд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Тиймээс хуулийн дагуу гарсан тушаал гэж үзэж байгаа тул Ш.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Сэлэнгэ голын сав газрын захиргаа нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Ш.Ганзоригийг манай байгууллага анх 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дугаар 01 тушаал гарган нягтлан бодогчийн ажилд түр хугацаагаар авч ажиллуулаад дахин хугацаа сунгаж ажиллуулсаар 2016 оны эхний хагас жилээр гэрээг дуусгавар болгон цаашид байгууллага бие даасан нягтлан бодогчтой болох талаар хамтарсан шийдвэр гаргаж энэ шийдвэрийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 21 тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон юм. Хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 04 дугаартай хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатайгаар байгуулж энэ гэрээг Ш.Ганзоригт танилцуулж, гарын үсэг зуруулан баталгаажуулж 1 хувийг түүнд өгсөн. Энэ гэрээний хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 01 гэж бичсэний учир нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр өмнөх гэрээний хугацаа дууссан тул дараа оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэлжилнэ гэсэн утгаар бичсэн юм. Яг гарын үсэг зуруулах өдөр 2016 оны 01 дүгээр сарын 04 буюу энэ оны эхний ажлын өдөр байсан болно. Түүнчлэн Ш.Ганзориг нь байгууллага дээр байнга сууж ажилладаггүй учир цаг хугацааны хувьд өөрчлөлт гарах тохиолдолууд байдаг.Үүнийг байгууллагын цагийн бүртгэлээс харахад ойлгомжтой байна гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1248 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ганзоригийг Сэлэнгэ голын сав газрын захиргааны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ганзоригийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Сэлэнгэ голын сав газрын захиргаанаас 30 590 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо:

Иргэн Ш.Ганзориг нь манай байгууллага анх байгуулагдсан үеэс буюу 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот тушаалаар нягтлан бодогчийн ажилд түр хугацаатай томилогдон ажиллаж энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээг удаа дараа хугацаатайгаар байгуулан ажиллаж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 01 -нд 04 тоот хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай хийж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Энэ гэрээний хугацаа дуусч, цаашид сунгах боломжгүй болсныг хөдөлмөрийн тухай хуульд /37.1.3./ заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон юм.

Ш.Ганзориг тухайн 6 сарын хугацаатай гэрээтэй танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Түүнд гэрээг хугацаатай байгуулж байгаа талаар ойлгуулж, тайлбарлаж байсан. Тэрээр үүнийг тодорхой мэдэж ойлгож, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг тул ямар нэгэн хуулийн заалт буюу тухайн Ш.Ганзоригийн эрх ашгийг хохироосон үйлдэл гаргаагүй гэж үзэж байна.

Ш.Ганзориг нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргадаг байсныг байгууллагын захиргаа харж үзэн хөнгөн талаас нь шийдэж ирсэнийг тэрээр сайн мэдэж байгаа.

Манай сав газрын өдөр тутмын ажлын шаардлагаар тусдаа байнгын сууж ажилладаг нягтлантай болох зайлшүй шаардлага бий болсон бөгөөд үүнийг байгууллагын хурал, түүний тэмдэглэлүүдээс тодорхой харж болно.

Шийдвэрийн үндэслэл нь: Байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж байгаа талаараа мөн өөрсдийн хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээндээ тодорхой тусгаагүй гэж үзэж ажил олгогчийг буруутгасан байдаг.

БОНХАЖСайдын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А-94 “Сэлэнгэ голын сав газрын захиргаа байгуулах тухай”, БОНХАЖСайдын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/83 “Сав газрын зарим захиргаадыг татан буулгаж, нэгтгэн зохион байгуулах, байршлыг тогтоох, бүтэц, орон тоо дүрмийг батлах тухай” тушаалуудад нягтлан бодогчийг байнгын биш, гэрээтээр баталсан байгааг харж болно.

2015 оны эцэст өмнөх хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц 2016 оны эхний өдрөөс дараагийн хөдөлмөрийн гэрээ 6 сарын хугацаатай байгуулж байгааг Ш.Ганзориг сайн мэдэж өөрийн хүсэл зоригийн илэрхийллээ нотолж гарын үсэг зурж зөвшөөрсөн байхад хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгаагүй гэж ялихгүй зүйлээр шалтаглан ажил олгогчийг буруутгаж, зөрчил дутагдал гаргадаг, түр хугацааны тушаалтай, хавсран гүйцэтгэгчийг зөвтгөсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01248 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож улмаар Ш.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш.Ганзориг нь Сэлэнгэ голын сав газрын захиргаанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.Ганзориг нь Сэлэнгэ голын сав газрын захиргааны даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот тушаалаар нягтлан бодогчийн ажилд анх орсон, дараа нь хөдөлмөрийн гэрээ байгуулан гэрээт ажилтнаар ажиллаж байсан, Сэлэнгэ голын сав газрын захиргааны даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаар тушаалаар нягтлан бодогчийн ажлаас халагдсан зэрэг нь хэрэгт авагдсан /тушаал, хөдөлмөрийн гэрээ/ нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч тал Ш.Ганзоригтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ Ш.Ганзоригтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул цуцалсан гэж тайлбарласан байгаа боловч 2016 оны 01 сарын 01-ний өдрийн 04 тоот хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан 2015 оны 01 сарын 05-ны өдрийн03 тоот хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан (хавтаст хэргийн 76-80).

Сэлэнгэ голын сав газрын захиргаа нь 2015 оны хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд хугацаагүй байгуулж хөдөлмөрийн хуулийн зүйл заалтанд нийцсэн тушаал гаргаж байсан атлаа 2016 онд хугацаатай гэрээ байгуулж хөдөлмөрийн хуулийн 23-р зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн төдийгүй мөн хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нийтээр амрах амралтын өдөр байгуулсан нь зөрчилтэй болсон байна.

Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байгаа тохиолдолд ажил олгогч ажилтан нар нь энэ талаарх шалтгаан нөхцөл , үндэслэл шаардлагаа хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгах ёстой ба талууд хөдөлмөрийн гэрээндээ энэ талаар тодорхой тусгаагүй ба ажил олгогч нотолж чадаагүй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь байгууллагын бүтэц зохион байгуулалтын хувьд нягтлан бодогчийн орон тоо байхгүй, байнгын ажлын байр биш дотоод зохион байгуулалтаар нягтлан бодогч ажиллуулдаг гэж маргаж байгаа боловч байгууллагын орон тоо бүтцийн талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт хийж Ш.Ганзоригийг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

                                            ШҮҮГЧИД                               Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ