Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 184/2017/00022/и |
Дугаар | 001/ХТ2017/01501 |
Огноо | 2017-12-01 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2017/01501
“М П Э И ББСБ”ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/01098 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1532 дугаар магадлалтай,
“М П Э И ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлтэй
Д.Пд холбогдох
Үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүү 6.720.000 төгрөг, нэмэгдүүлсэн 1.344.000 төгрөг, нотариатын зардал 9.500 төгрөг, нийт 38.073.500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаар хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Д.Пгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох нар оролцов.
Нэхэмжлэгч “М П Э И ББСБ”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдүүлэгч “М П Э И ББСБ”ХХК нь зээлдэгч Д.Птай харилцан тохиролцож энэхүү зээлийн болон барьцааны гэрээг дараах нөхцөлөөр байгуулсан. Зээлдэгч Д.П нь 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 30.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатайгаар 4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул 72-1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206038874 дугаарт бүртгэлтэй 24 м.кв талбай бүхий авто зогсоолыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон боловч зээлдэгч нь зээлийн төлбөрт төлбөр төлөөгүй. Зээлдэгч нь зээлийн хүүгийн хэмжээг 2016 оны 6 дугаар сараас эхлэн 3,2 хувь болгон бууруулсан. Д.П нь зээлдүүлэгч “М П Э И ББСБ”ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Отгонбаяртай найз нөхдийн холбоотой байсан. Тийм учраас барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй харин Д.Пгаас авто зогсоолыг бусдад худалдах итгэмжлэлийг Б.Баярбатын нэр дээр олгосон. Б.Баярбат нь уг итгэмжлэлийг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр итгэмжлэлийн үндсэн дээр Э.Даштай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, авто зогсоолын өмчлөх эрхийг Э.Дашид шилжүүлсэн. Э.Даш гэдэг хүн бол нэхэмжлэгч компанийн ажилтан бөгөөд хэдийгээр нэр шилжсэн ч гэсэн Д.П нь авто зогсоолоо ашиглах, эзэмших эрх нь нээлттэй байгаа. Д.П нь зээлийн төлбөрөө төлсөн тохиолдолд автозогсоолын өмчлөх эрхийг буцааж шилжүүлэхэд ямар ч саад байхгүй. Тухайн авто зогсоолыг үнэлгээ нь зээлийн төлбөрийн хэмжээнд хүрэхгүй. Д.П нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 1.200.000 төгрөг төлсөн. Д.Пгийн өөрийн Хаан банк дах дансанд зээл болох 30.000.000 төгрөгөөс гэрээнд заасан 0,5 хувийн үйлчилгээний шимтгэлийг суутган авч 29.850.000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлгийн утга дээр “М П Э И ББСБ”ХХК-иас гэж тодорхой бичсэн байгаа. Иймд хариуцагч Д.Пгаас үндсэн зээлийн үлдэгдэл 30.000.000 төгрөг, зээлийн гэрээний 1.2-т заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 6.720.000 төгрөг, зээлийн гэрээний 1.3.4.-т гэрээний 1.1 дүгээр зүйлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлийн нэмэгдүүлсэн хүү 1.344.000 төгрөг, нийт 38.064.000 төгрөг, нотариатын зардал 9.500 төгрөгийг нэхэмжилж байна. Барьцааны зүйл болох авто зогсоол Э.Дашийн өмчлөлд байгаа учир үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага байхгүй байна. Зээлийн төлбөрөө төлсөн тохиолдолд зогсоолыг буцаан өмчлөлд нь шилжүүлнэ. Зээлийн хүүг тооцохдоо 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сар бүр 3,2 хувиар тооцож 6.720.000 нэхэмжилсэн. Нэмэгдүүлсэн хүүг хуримтлагдсан хүүгийн 20 хувиар тооцсон” гэжээ.
Хариуцагч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлд “М П Э И ББСБ”ХХК нь зээлдэгч Д.Птай харилцан тохиролцож энэхүү зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан гэжээ. Миний бие “М П Э И ББСБ”ХХК дээр нэг ч удаа очиж байгаагүй бөгөөд харин Л.Отгонбаяр нь надад 29.850.000 төгрөгийг зээлсэн. Дээрхи мөнгийг Л.Отгонбаяр миний Хаан банкны 5099116979 тоот дансруу бэлнээр 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул 72 дугаар байрны зоорийн 2 тоот 24 м.кв зогсоолыг авсан болно. Харин “М П Э И ББСБ”ХХК-иас би нэг ч төгрөг зээлээгүй бөгөөд энэхүү гэрээг Л.Отгонбаяр надад 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөг зээлэхдээ юу ч гэсэн энэ ББСБ-ын гэрээнд гарын үсгээ зурчих, тэгэхгүй бол надаас олон зээл гарах гээд байна, энэ 29.000.000 төгрөгт ямар нэг баримтгүй байж дахин зээл олголоо гээд нөхөр дургүйцээд байна гээд л зуруулсан. Л.Отгонбаярт би өөрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул 72 дугаар байрны эоорийн 2 тоот 24 м.кв авто зогсоолыг захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд Л.Отгонбаяр нь 2016 оны 9 дүгээр сард өөр хүнд шилжүүлж худалдсан болно. Ингээд Л.Отгонбаяраас асуухад төлбөртөө тооцоод бусдад худалдсан гэсэн. Өөрөөр хэлбэл миний бие Л.Отгонбаяраас 2013 онд 30.000.000 төгрөг, 2015 онд 20.000.000 төгрөг мөн 29.850.000 төгрөг, 2016 онд 17.000.000 төгрөг гээд нийт 4 удаа мөнгө зээлсэн. Үүнээс 2015 оны 20.000.000 төгрөг, 2016 оны 17.000.000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан байдаг. Миний 2015 оны 29,850,000 төгрөгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгө нь 2 автомашин зогсдог зогсоол байсан бөгөөд 45.000.000 төгрөгийн ханштай байсан. Харин Л.Отгонбаяр 30.000.000 төгрөгт тооцон үнэлж барьцаалсан. Харин миний бие “М П Э И ББСБ”ХХК-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурснаас биш мөнгө аваагүй, нэхэмжлэгч байгууллагатай ямар ч зээлийн үйл ажиллагаа хийгээгүй, бүр очиж ч үзээгүй, түүнчлэн зээлийн болон барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж байгаагүй. Би 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 1.200.000 төгрөг төлсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/01098 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Пгаас үндсэн зээлийн төлбөрт 30.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6.304.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.260.800 төгрөг, нотариатын зардалд 9.500 төгрөг, нийт 37.574.300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М П Э И ББСБ”ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 499.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М П Э И ББСБ”ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М П Э И ББСБ”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Пгаас улсын тэмдэгтийн хураамжид 335.821 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М П Э И ББСБ”ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1532 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/01098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Пгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.П улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.П хяналтын гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/01098 дугаартай шийдвэр, 2017 оны 07 дугаар сарын 05 -ны өдрийн 1532 тоот магадлалыг эс зөвшөөрч хуүлийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэгт банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагааны талаар хуульчилжээ. Гэтэл хоёр шатны шүүх энэхүү баримт огт байхгүй байсаар байхад эрх бүхий байгууллагаас олгосон зээл гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч миний бие ББСБ-гаас зээл огт аваагүй бөгөөд зээл олгохтой холбоотой наад захын өргөдөл, хүсэлт "“М П Э И ББСБ”" ХХК-нд гаргаагүй түүнчлэн ямар ч анкет бөглөөгүй, зээл олгохтой холбоотой тухайн байгууллага зээлийн судалгаа бүртгэл огт хийгээгүй, зээлийн төлбөрийг төлөхтэй холбоотойгоор ямар нэгэн данс нээгээгүй, зээлийн хурал буюу зээл олгохтой холбоотой хурал хурлын шийдвэр бүхий баримтыг хэрэгт өгөөгүй байхад эрх бүхий байгууллагын зээлийн үйл ажиллагаатай холбоотой ямар ч баримт байхгүй байсаар байхад зээл олгосон гэж үзсэнийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. НИХДЗШШ-магадлал Д.П нь "“М П Э И ББСБ”" ХХК-д 2015.05.21-ний өдөр 1.200.000 төгрөг төлсөн байна гэж шүүх үзэж магадлалдаа заасан байна. Хариуцагч Д.П би "“М П Э И ББСБ”" ХХК -д төлөөгүй, иргэн Л.Отгонбаяраас зээлсэн мөнгөний хүүнд 1.200.000 төгрөгийг иргэн Л.Отгонбаярын хувийн Хаан банкины дансанд тушаасан нь баримтаар нотлогдож байгаа юм. Дээрхи хуулийн 23 дугаар зүйлд зээлийн хувийн хэрэг зайлшгүй байх ёстойг хуульчилсан байх бөгөөд энэ нь зээл нэг бүрт хувийн хэрэг нээж хөтлөх зайлшгүй шаардлагатай болохыг хуульчилсан бөгөөд энэ нь зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт болон гэж үзэж байна. Мөн ЗГ-2015041701 тоот зээлийн гэрээ нь 14 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй хийгдсэн нь ИХ-ийн 202 дугаар зүйлд заасан үндэслэлийг анхаарч үзээгүй гэж үзэхээр байна. Мөн түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны үеэр зээл олгосонтой холбоотой нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй бөгөөд энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхад ИХШХШТХ-ийг ноцтой зөрчсөн гэж үзэж хяналтын гомдлоо гаргаж байна. Иймд СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.10-ны өдрийн 184/ШШ2017/01098 дугаартай шийдвэр, 2017.07.05-ны өдрийн 1532 тоот магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчдын хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан, оновчтой хэрэглэсэн байна.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч “М П Э И ББСБ”ХХК нь хариуцагч Д.Пгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 38 073 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, түүнээс зээл аваагүй гэж маргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж үзэж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Зохигчдын хооронд мөн өдөр байгуулагдсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцааны зүйлээс үүргийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Гэрээнд зээлдүүлэх мөнгөний хэмжээ, зээлийн хүү, хугацааг заасан, гэрээний нөхцөл тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх ба зээлдүүлэгч, зээлдэгч нар гарын үсгээ зуржээ. Зээл хүссэн өргөдөл, зээлдэгчийн анкет, хувийн хэрэг зэрэг баримтууд байхгүй боловч гэрээний үндсэн дээр зээлдүүлэгч ““М П Э И ББСБ”айгууллагаас 29 850 000 төгрөгийг хариуцагч Д.Пгийн дансанд шилжүүлсэн, уг мөнгийг хариуцагч хүлээн авсан баримтаас үзэхэд гэрээг байгуулаагүй, иргэн Л.Отгонбаяртай хэлцэл байгуулсан гэх хариуцагчийн татгалзал үгүйсгэгдсэн байна.
Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоосон байх тул хариуцагчийн гомдолд заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж үзнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/01098 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1532 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА