Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0225

 

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын давж заалдах гомдлоор, Ө.Б-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг дарга, тус аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 05 дугаар тогтоол, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн "Эрдэн“цагаан сумын Засаг даргыг огцруулах тухай” Б/34 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас шүүхэд гаргасан гомдолдоо: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасан байна.

Нэр бүхий төлөөлөгчдөөс 2019 оны 08 дугаар сарын 27-ны 17 цагийн орчимд сумын Засаг даргыг огцруулах саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ирүүлсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь ирүүлсэн саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд хурал эхлэхэд танилцуулсан. Сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх эсэх асуудлыг төлөөлөгчид бүрэн эрхийнхээ дагуу дэмжсэнээр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан.

Хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээллийг хурал эхлэхээс өмнө хамгийн боломжит хугацаанд төлөөлөгчдөд болон Засаг даргад танилцуулж, Засаг дарга хуралдаанд оролцож холбогдох тайлбараа гаргах боломжоор хангасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд ирүүлсэн саналыг төлөөлөгч нарт танилцуулахгүй байх, нууцлах эрхгүй.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хамтын шийдвэр гаргадаг байгууллага болохын хувьд хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон асуудлыг хэлэлцэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоолоо гаргасан тул хуулийг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ө.Б-аас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 05 дугаар тогтоол, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Эрдэнэцагаан сумын Засаг огцруулах тухай” Б/34 дүгээр захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар тогтоолоор сумын Засаг дарга Ө.Б-ыг холбогдох хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй хэмээн огцруулах саналыг тус аймгийн Засаг даргад уламжилахаар шийдвэрлэж, аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр захирамжаар Ө.Б-ыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Эрдэнэцагаан сумын Засаг даргын үүрэгт ажлаас нь огцруулсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч ... нь асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Хурлын Тэргүүлэгчид нь хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал шийдвэрийн төсөл боловсруулах”, 24 дүгээр зүйлийн 24.3-д “...саналд холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус зохицуулсанаас үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэх асуудал нь тодорхой байх, төлөөлөгч хуралдаанд ямар асуудлаар таслах эрхтэй оролцож байгаагаа урьдчилан мэдэх, түүнд холбогдох баримт, судалгааг урьдчилан төлөөлөгчдөд тараах, эдгээр үйл ажиллагаа зохих ёсоор хэрэгжээгүй бол тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх агуулгатай байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Ээлжит бус хуралдаан зарлах тухай” 27 дугаар тогтоолоор “Төсвийн тодотгол, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэсэн 2 асуудлыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр тогтоосон байх бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/18 дугаар албан бичгээр хурлын төлөөлөгч нарт зар хүргэсэн нь тогтоогдож байна.

Гэтэл уг хуралдаанаар “сумын Засаг даргыг огцруулах тухай” хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлуудыг хэлэлцсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар сумын Засаг даргыг огцруулах асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг урьдчилан бэлтгээгүй, хуралдааны үеэр шууд санал гаргаж асуудлыг хэлэлцсэн нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “...хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээллийг хурал эхлэхээс өмнө хамгийн боломжит хугацаанд төлөөлөгчдөд болон Засаг даргад танилцуулж, Засаг дарга хуралдаанд оролцож холбогдох тайлбараа гаргах боломжоор хангасан” хэмээн тайлбарлах боловч хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй буюу “Сумын Засаг даргыг огцруулах” эсэх асуудлыг хэлэлцэх тухай Хурлын Төлөөлөгч нар мэдээгүй байхад хурлаа нээж, хурлын эхэнд хэлэлцэх асуудалд оруулж, нэхэмжлэгч Ө.Быг үүрэгт ажлаас нь шууд огцруулах асуудал хэлэлцсэнийг хууль ёсны гэж үзэх боломжгүй, энэ нь хурлын үйл ажиллагааны журам, зарчимд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл хурлын төлөөлөгчөөс хуралдаанд асуудал санаачлан хэлэлцүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хурлын тов тогтоох, бэлтгэл хангах, хэлэлцэх асуудлын дараалал батлах эрхтэй этгээдэд хандаж, холбогдох баримт, тооцоо судалгааг бэлтгэх боломж олгож хэрэгжүүлэхээр байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Эрдэнэцагаан сумын Засаг огцруулах тухай” Б/34 дүгээр захирамж гарах үндэслэл болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 05 дугаар тогтоолыг дээр дурдсанаар үндэслэлгүй, хууль бус гэж дүгнэж буй энэ тохиолдолд уг захирамжийг мөн хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                             ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

                              ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ