Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганбат |
Хэргийн индекс | 155/2016/00785/И |
Дугаар | 0024 |
Огноо | 2016-11-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 0024
Ж.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ж.Сарангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Б.Батлхагва, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1108 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ж.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Батлхагвад холбогдох
Үндсэн зээлийн төлбөр, хүү, алданги нийт 11.254.132 /арван нэгэн сая хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ж.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Батлхагвын гуйлтаар түүний Хаан банкны 5890238862 тоот дансанд 2013 оны 3 дугаар сарын 12-нд 7.000.000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр түүний төрсөн охин Халиуны Хаан банкны 5890448246 тоот дансанд 860.000 төгрөг, нийт 7.860.000 төгрөг шилжүүлэн өгч зээлийн гэрээ байгуулан 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн боловч 2013 оны 7, 8, 9 сарын хүү гэж нийт 680.600 төгрөг цувуулж өгсөн.Б.Батлхагва нь гэрээний үүргээ зөрчиж, надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул үндсэн зээл 7.860.000 төгрөг, хүү 1.677.400 төгрөг, алданги 1.716.732 төгрөг, нийт төлбөр 11.254.132 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байгаа тул уг төлбөрийг хариуцагч Б.Батлхагваас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батлхагва шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Ж.Сарангэрэлээс 7.860.000 төгрөгийг зээлж авсан. Бид мөнгө өгч авалцах үедээ зээлийн гэрээ байгуулаагүй байж байгаад дараа нь нөхөж 2013 оны 6 дугаар сарын сүүлээр гэрээ гэх бичилт хийгдээгүй маягтан дээр намайг гарын үсэг зур гэж шаардаж гарын үсэг зуруулсан. Ж.Сарангэрэл надад өгсөн мөнгөнөөсөө дараах байдлаар буцаагаад авч эхэлсэн. ...би Ж.Сарангэрэлд 7.860.000 төгрөгийг зээлж авснаас дээрх байдлаар цувуулж өгсөн мөнгө нийт 7.300.600 төгрөгийг Ж.Сарангэрэлд өгсөн байна. Би хүү, алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ж.Сарангэрэл нь зээлсэн мөнгөө маргаашнаас нь эхлээд цувуулаад аваад байсан. Өмнө нь надаас зээлж авсан мөнгөө өгөхгүй, нэхэхээр наад 7.000.000 төгрөгөөсөө суутгачхаарай гэдэг байсан учир би суутгасан. Өөрөө ч мөнгөө хүлээгээд авсан. Би зээлийн гэрээний хугацааг сунгаагүй төлсөн гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1108 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-д зааснаар хариуцагч Б.Батлхагваас 7.179.400 /долоон сая нэг зуун далан есөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Сарангэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.074.732 /дөрвөн сая далан дөрвөн мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195.016 /нэг зуун ерэн таван мянга арван зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батлхагваас 129.820 /нэг зуун хорин есөн мянга найман зуун хорь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Сарангэрэлд олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Батлхагва давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх надад хэргийн материалыг 2016 оны 6 сард танилцуулсан. Үүнээс хойш надад ямар ч баримт танилцуулаагүй, мэдэгдээгүй шүүх хуралдаан зарласан байсныг намайг Улаанбаатар хотод эмчилгээнд явах гэж байхад хэлсэн. Миний хувьд яаралтай эмнэлэгт үзүүлэх болж энэ хугацаанд шүүх хуралдаан болсон. Би шүүх хуралд биечлэн оролцмоор байна шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг утсаар мэдэгдсэн. Гэвч миний хүсэлтийг хүлээж авалгүй хурал хийсэнд гомдолтой байна. Мөн надад шинжээчийн дүгнэлт гарсан талаар, Ж.Сарангэрэлийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан талаар, Ж.Сарангэрэлийн хүсэлтийг хангасан талаарх шийдвэрийг надад огт мэдэгдээгүй, танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шинжээчийн дүгнэлт гарсан талаар мэдсэн бол би нотлох баримт, санал хүсэлтээ гаргах байсан. Гэвч энэ эрхийг минь хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Сарангэрэлийн хариуцагч Б.Батлхагваас зээлийн гэрээний үүргийн биелэлт 11.254.132 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалыг хариуцагчид танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, 25.1.2-т заасан “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхийг зөрчжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3-т зааснаар “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар” мэтгэлцэхдээ мөн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан эрх эдлэх бөгөөд зохигч эрхээ эдлэх боломжийг шүүх бүрдүүлэх үүрэгтэй.
Шүүх 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 06-р сарын 13-ны өдөр хариуцагч Б.Батлхагвад хэргийн материал танилцуулсан байх ба энэ өдрөөс хойш хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хариуцагчид танилцуулаагүй, шүүх хуралдааны тов утсаар мэдэгдэхдээ хэргийн материал танилцуулахаар нэг удаа утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэнийг хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх боломжийг бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талууд эрх тэгш байж, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлүүдийг зөрчсөн байх тул хариуцагч Б.Батлхагвын “ ...шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтийг минь хүлээн аваагүй, шинжээчийн дүгнэлт гарсан талаар надад огт мэдэгдээгүй, танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Батлхагвын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.820 /нэг зуун хорин есөн мянга найман зуун хорин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Т.ГАНБАТ