Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 048

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын 13 дугаар багийн оршин суугч Ш.Маратын нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох;

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Марат,түүний өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай, гуравдагч этгээд Д.Айбек, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэн, хуулийн этгээдээс холбогдох захиргааны акт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад гаргахаар зохицуулсан. Нэхэмжлэгч Ш.Марат би аймгийн Засаг даргын 2017 оны Б/45 дугаар захирамж нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж гомдлоо Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д зааснаар Төрийн албаны зөвлөлд гаргаж, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хариу авснаар урьдчилсан шийдвэрлэх журмыг хангасан гэж үзээд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан. Би төрийн албанд төрийн захиргааны албан хаагч буюу төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах хугацаандаа эрхэлсэн ажилдаа хариуцлагатай байж ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2015 оны үр дүнгийн гэрээний дүгнэлтэд А үнэлгээ авсан. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажилласан 2 жилийн хугацаанд тус газрын даргын ажил үүргийг шаардлагын хэмжээнд биелүүлж ажилласан гэж бодож байгаа.

Гэтэл аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн надад албан тушаал буруулах арга хэмжээ авч, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, дараа нь тус газрын мэдээ тайлан, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргав. 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр захирамж гаргахаас өмнө аймгийн Засаг дарга А.Гылымхан нь намайг удаа дараа дуудаж ажлаа өг гэж шаардлага тавьж, хамтарч ажиллаж чадахгүй гэсэн. Би ямар учраас ажил өгөх бэ гэхэд улс төрийн асуудал ярьж шахаанд оруулж байсан Энэхүү шийдвэр гаргах үйл явц нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй.

1.Аймгийн Засаг дарга нь энэхүү үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилсан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.7-д заасан ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гарах боломжийг хангах гэсэн тусгай зарчмуудыг баримтлаагүй. Тодруулбал эрх бүхий албан тушаалтан асуудлыг нягтлан шалгах, хэлэлцэх үед эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох Ш.Марат надад мэдэгдэж, ил тод байдлыг хангах, тайлбар авах, нотлох баримт бүрдүүлэх боломж олгох, хуралдаанаар хэлэлцүүлэх үед байлцуулах зэрэг мэдэгдэх, сонсгох үйл ажиллагааг явуулалгүй Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг ноцтой байдлаар зөрчсөний улмаас миний хуульд заасан эрх ашгийг хамгаалах боломжийг хязгаарласан.

2.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т төрийн жинхэнэ албан хаагчид ногдуулах сахилгын шийтгэлийн төрлийг сануулах,албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж тус тус заасан. Ингэхдээ намайг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан .албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэснийг зөрчсөн гэж үзээд сахилгын шийтгэл ногдуулсан байх ба хуульд албан тушаал бууруулах талаар заагаагүй тул миний албан тушаалыг бууруулж шийдвэр гаргасан нь хууль нийцээгүй байна.

3.Хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах үйл явц байгууллага дотор бус төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах тухай асуудал бөгөөд Монгол улсын хувьд Төрийн албаны тухай хуулиар төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх буюу мерит зарчмыг гол үндэс болгодог. Өөрөөр хэлбэл тус зарчим нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрөөс нь үл хамаарах асуудлыг иш үндэс болгон ажлаас нь халах, чөлөөлөх, өөрчлөхгүй байхад оршдог.

4. Аймгийн Засаг даргын захирамжид 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн гэсэн байгаа. Аймгийн Засаг дарга дээрх захирамжийг гаргахаас өмнө надтай уулзаж, үр дүнгийн гэрээг дүгнэх, ажлын гүйцэтгэлийн талаар ямар нэгэн тайлбар болон тодруулга аваагүй бөгөөд Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.1.-т төсвийн шууд захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө менежертэй ярилцлага хийнэ, 6.5-д менежер төсвийн шууд захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв төсвийн шууд захирагч түрүүчийн өгсөн үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн Илтгэх хуудас-т тайлбарыг хавсарган менежерийн хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Энэхүү журамд заасан ямар ч ажиллагаа явагдаагүй, зөвхөн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар тухайн байгууллагын ажлын тайланг авч байгаа гэсэн асуудал болоод уг тайланг бүхлээр нь харлуулах ажил зохион байгуулж, тэнд сууж байгаа 43 төрийн албан хаагчийн хөдөлмөрийг үгүйсгэсэн, гүтгэсэн, доромжилсон үйл ажиллагаа явагдсан байгаа. Түүнчлэн миний хувьд 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудсаар бүрэн гаргаж, аймгийн Засаг даргад хүргүүлсэн хэдий ч хангалтгүй гэж дүгнэсэн талаар надад огт мэдэгдээгүй, би яг ямар үндэслэлээр хангалтгүй гэж дүгнэсэн талаар тодруулж, үнэлгээтэй танилцахыг хүссэн боловч надад хариу өгөх албан тушаалтан олдоогүй болно.

Сүүлд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн албан бичиг байгаа, уг гэрээ нь сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ болохоос биш надтай байгуулсан гэрээ биш юм. Тухайн гэрээг анх дүгнэсэн талаарх хурлын тэмдэглэл надад байгаа. Дараа нь улс төрийн захиалгаар ч юм уу дахиад дүгнэсэн нь төрийн үйл ажиллагааны тасралтгүй, залгамж халааг үгүйсгэж байгаа асуудал гэж хэлмээр байна

Иймд аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаартай захирамжийг хүчингүй болгож, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Өмгөөлөгчийн хувьд хэргийн талаар дараах хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:

1. Аймгийн Засаг даргын Б/45 дугаартай захирамжид Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д заасныг тус тус үндэслэн Ш.Маратад албан тушаал бууруулах арга хэмжээ тооцож, түүнийг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн боловч энэ талаарх Төрийн албаны тухай хуулийн ямар нэгэн зүйл, заалтыг баримтлаагүй байгаа. Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг баримталсан байх тул Ш.Маратыг ажлаас чөлөөлөх бус албан тушаал бууруулах гэсэн гарчигтай захирамж гарах ёстой байсан болов уу гэж үзэж байгаа. Гэтэл хуулийн дээрх зохицуулалтаар албан тушаал бууруулсан шийдвэр гаргасан хэдий ч захирамжийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас шууд чөлөөлсөн гэж ойлгож болохоор байна. Өөрөөр хэлбэл маргааны бүхий захиргааны акт нь утга, агуулгын хувьд ойлгомжгүй, тодорхой бус байна. Төрийн албаны тухай хуулийн 23.1.1д албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж заасан боловч захирамжид үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж дурдсан нь ойлгомжгүй байна. Хэрвээ ажилтан үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл түүнд арга хэмжээ авсан захирамжид хуулийн 23.1.2-д заасан заалтыг баримтлах байсан болов уу гэж үзэж байна.

2. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, уг хуульд зааснаар эрх ашиг нь зөрчигдөж буй этгээдээс хуулийн 25.1.2-т заасны дагуу оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах гэсэн зохицуулалттай байгаа. Гэтэл Ш.Маратын албан тушаалыг бууруулахдаа түүнд албан тушаал буруулах талаар мэдэгдээгүй, тайлбар гаргуулах, сонсох ажиллагааг огт хийгээгүй байна. Мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй, арга хэмжээ авсан захирамж нь Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн байна. Нэхэмжлэгч үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудсаар хүргүүлээгүй гэж хариуцагч тал маргаж байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 5-ын 1.2-д Төсвийн шууд захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь төсвийн шууд захирагчийн хувьд тухайн үед гэрээний биелэлтийн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх үүрэгтэй юм байна. Хэрэв төсвийн шууд захирагч нь гэрээний биелэлтийн тайланг төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлээгүй, гэрээний биелэлтийг тайлагнаагүй тохиолдолд хариуцагч буюу аймгийн Засаг дарга нь хуульд заасан хугацаанд Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлд гомдол гаргах бүрэн эрхтэй байсан. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг дарга нь гэрээний биелэлтийн тайланг гаргаж өгөхийг байгууллагын дарга нараас шаардах бүрэн эрхтэй байсан. Маргааны үйл баримтаас үзэхэд хуваарийн дагуу байгууллагын тайланг асуусан болохоос биш байгууллагын дарга нараас 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг ирүүлэхийг шаардсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнийг хариуцагч нотолж чадахгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 23.1.1-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол албан тушаал бууруулахаар заасан ба уг шаардлагыг биелүүлсэн эсэхийг аймгийн Засаг дарга үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийг хэрхэн биелүүлснээр тодорхойлох ёстой гэж үзэж байна. Гэвч Ш.Маратын 2016 оны гэрээний биелэлтийг талууд бүтэн жилээр дүгнээгүй байхад гэрээг хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр түүнд албан тушаал бууруулах арга хэмжээ авсан нь учир дутагдалтай, эрх зүйн акт нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам-ын 6.1-д Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийнэ гэж заажээ. Энэхүү журмаар төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчтай ганцаарчилсан ярилцлага хийх ёстой. Мөн дээрх журмын 2.2-д Менежер нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төрийн жинхэнэ албан хаагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах эрхтэй гэж заасан байна. Гэхдээ энэхүү эрхийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлж чадаагүй болно. Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээгүй байж үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн гэж арга хэмжээ авсан нь өөрөө хууль бус байна. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд аймгийн Засаг даргын захирамж хууль бус болох нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн хувьд төрийн жинхэнэ албанд ажиллах хугацаанд эрхэлсэн ажилд эзэн ёсоор хандаж, хариуцлагатай байж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй нь 2015, 2016 оны гэрээний биелэлтээр тогтоогдож байна. Иймд Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 1 дүгээр үндэслэл нь үндэслэлгүй гэж үзэж банйа. Учир нь иргэн Ш.Марат нь намайг албан тушаал бууруулах талаар шийдвэр гаргахад миний хууль ёсны эрх ашиг хөндсөн тохиолдолд өөрт урьдчилан мэдэгдэх, оролцоо хангах гэх тусгай заалтуудыг баримтлаагүй гэдэг нь хуульд нийцэхгүй ба учир нь аймгийн Засаг даргын өмнө үүрэг хүлээж, төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь хуульд заасан хугацаанд жилийн ажлын тайланг Засаг даргын зөвлөлд тайлагнаж, ажлыг хугацаанд дүгнүүлэх ёстой. Энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан аймгийн төсөвт байгууллагуудын 2016 оны жилийн ажлын тайлан авах хуваарийн дагуу урьдчилан мэдэгдсэн ба уг хуваарийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд Засаг даргын зөвлөлийн гишүүд бүрэлдэхүүнээрээ сууж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Маратын тайланг сонссоны дараа зөвлөлийн гишүүд тайлантай холбоотой асуулт асууж, хариулт авч тайланг дүгнэж хангалтгүй гэж үнэлгээ өгсөн. Ш.Марат нь тухайн үед хамт олноороо ирж аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргасан хуваартай өдөр тайлангаа power point-оор Засаг даргын зөвлөлийн гишүүдэд тайлагнасан ба үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудсаар албан ёсоор бичмэл хэлбэрээр аймгийн Засаг даргад ирүүлээгүй юм. Ш.Марат нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1-д төсвийн шууд захирагч нь гэрээнд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, урьдчилан хүргүүлэх үүрэгтэй, 2.2-т төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төсийн шууд захирагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах эрхтэй, 2.3-т төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй, 2.4-д төсвийн шууд захирагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлээгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно,хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хүнд өвчтэй байх, өвчтөн асарсан, албан томилолтоор гадаад, дотоодод ажиллаж байгаа, сургалтад хамрагдсан,ээлжийн амралттай байх, гарцаагүй болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн үүргийг гүйцэтгэх боломжгүй байхыг ойлгоно гэж тус тус заасан ба Ш.Марат нь энэ заалтуудыг зөрчиж ,аймгийн Засаг даргад илтгэх хуудас болон үр дүнгийн гэрээний төслөө албан тоотоор хандаж ирүүлээгүй байна. Ш.Маратын хувьд үр дүнгийн гэрээний биелэлт болох илтгэх хуудсыг тухайн үед аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч гэрээний талаар аймгийн Засаг дарга ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй гэж тайлбарласан юм. Манайд ямар нэгэн байдлаар илтгэх хуудсаар тайлан ирүүлж байгаагүй, энэ нь Хөрөнгө оруулалт,хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Болат, бичиг хэргийн ажилтан Х.Айгүл нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.Тухайн үед Ш.Маратад ажлыг дүгнүүлэх талаар урьдчилан мэдэгдсэн нь байгууллагын ажлын тайлан, үр дүнгийн гэрээ дүгнүүлэх илтгэх хуудас, бусад баримт бичиг, тайлбаруудыг гаргаж, өөрийн эрх ашигийг бүрэн хамгаалах боломжтой байсан. Мөн тогтоолын 6.1 дэх заалтад Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ гэж заасны дагуу ярилцлагыг хийж үнэлэлт дүгнэлт өгч хариуцлага тооцох журамтай тул Ш.Маратад ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасны дагуу захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан юм.

2.Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ, 19.2-т төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу Ш.Маратад сахилгын шийтгэл ногдуулаагүй, зөвхөн тухайн жилийн ажлыг дүгнэж, ажилд нь үнэлэлт өгч, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтад заасны дагуу албан тушаалыг нь бууруулж, Ш.Маратын амаар гаргасан хүсэлтийг нь үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтцэд шинээр нэг орон тоо нэмж баталж, тухайн байгууллагад мэргэжилтнээр томилуулсан юм.

3.Ш.Маратыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан үндэслэлээр албан тушаал бууруулснаас биш өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулах тухай огт дурдаагүй.

Тухайн байгууллагын ажил нь хангалтгүй, үүрэг зорилтоо биелүүлээгүй нь тус байгууллагыг удирдаж байсан. Ш.Маратаас шууд шалтгаалж байгаа болно. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай 2017 оны хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулахад сайд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны гэрээний биелэлтүүдийг танилцуулсан. Үүнд Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь хамгийн сүүлийн байранд орж байсанаа дурдаж байснаа дурдаж байсан ба энэ нь тухайн үед уг байгууллагыг удирдаж байсан Ш.Маратаас шууд шалтгаалах зүйлийн нэг нотолгоо юм. Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шүүхийн албан тоотын дагуу ирүүлсэн хариу тайлбараар нотлогдож байгаа гэж үзэж байна

4.Ш.Марат нь удаа дараа ажил тасалж, ажлын байраа эзгүй орхиж сахилгын зөрчлийг давтан гаргасан юм. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Засаг даргын Тамгын газраас очиж гэнэтийн шалгалт хийхэд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат нь ажлын байран дээр байхгүй, ажил тасалсан байсан, учир байдлыг нь асуухад хөдөө нэг хүн нас бараад явсан гэж сонссон гэсэн тайлбарыг тухайн байгууллагын албан тушаалтнуудаас сонссон боловч Ш.Марат нь аймгийн удирлагад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй бөгөөд шалтгаангүйгээр 4 өдөр ажил тасалсан байсан.

5.Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтан, албан хаагч нараас Ш.Марат нь ажлын цагаар архи ууж, байгууллагын ажилтан, албан хаагч нарыг хэл амаар доромжлон ёс зүйгүй ханддаг, дарамт шахалт үзүүлдэг гэсэн гомдлууд байнга амаар болон бичгээр ирдэг болсон. Бид нар энэ хүний эрхийг хязгаарлаж сахилгын шийтгэл ногдуулаагүй, зөвхөн үр дүнгийн гэрээ, тухайн байгууллагын албан тушаалтнуудаас ирүүлсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэгчийн сайдтай байгуулсан гэрээний биелэлт болон удаа дараа гаргасан сахилгын зөрчлүүдийг үндэслэл болгож албан тушаал бууруулж тухайн байгууллагад мэргэжилтнээр ажиллуулж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Ш.Маратыг аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 тоот захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлжээ. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны Б/45 тоот захирамжид Ш.Марат нь 2016 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж албан тушаал бууруулах арга хэмжээ авч даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн үндэслэл заасан байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 тоот захирамжийн биелэлтийг хангуулах зорилгоор Ш.Маратыг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тушаал гарган аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын мэдээ, тайлан сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилсон юм. Ш.Марат нь одоо тус байгууллагад мэргэжилтний ажлыг хийж байна. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Ш.Маратад ямар үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг шүүхэд гаргасан тайлбартаа дэлгэрэнгүй дурдсан байна. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар намайг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон юм. Иймд Ш.Марат нь тус байгууллагад мэргэжилтний ажлыг хийж цалин хөлсөө бүрэн авч байгаа ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэгч Ш.Маратын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээд Д.Айбекийн хувьд аймгийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий орон тоонд томилогдоод 5-6 сар ажилласан байгаа. Тийм учраас төрийн захиргааны албан хаагч болох Д.Айбект ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй, тухайн байгууллагад ажиллаж байгаад дэвшиж тухайн албан тушаалыг хашиж байгаа гэдгийг хамгийн түрүүнд онцолж хэлье. Ийм учраас Д.Айбекийн эрх ашиг өнөөдөр хөндөгдөж байгаа юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ш.Марат нь өөрөө хариуцлагатай албыг хашиж байгаа, хэд хэдэн албан тушаалтнуудыг хариуцан ажиллуулж байгаа төсвийн шууд захирагч юм. Тийм учраас үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг албан ёсоор хүргүүлэх ёстой бөгөөд албан ёсоор хүргүүлээгүй байж надтай ярилцлага хийгээгүй, гэрээг дүгнэх талаарх журмыг зөрчсөн гэж өргөдөл бичиж байгаа нь өрөөсгөл асуудал байна. Үр дүнгийн гэрээний биелэлтийн талаарх илтгэх хуудсыг Засаг даргад хүргүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Ш.Маратыг томилох эрх бүхий этгээдийн хувьд түүнийг хэдийд ч гэсэн дуудах, ажил үүргийг шалгах, үр дүнгийн гэрээний биелэлтийн талаар ярилцлага хийх бүрэн эрхтэй. 2017 оны 01 дүгээр сард Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар асуудлыг авч хэлэлцсэн нь тухайн байгууллагын ажилд өгч байгаа дүгнэлт юм. Аймгийн Засаг даргын зүгээс үр дүнгийн гэрээ нь хангалтгүй гэж амаар мэдэгдсэн нь Ш.Маратын 2016 онд хийж гүйцэтгэсэн ажилд үнэлэлт, дүгнэлт өгч байгаа нэг хэлбэр гэж үзэж байгаа. Нөгөө талаар тухайн байгууллагын үйл ажиллагаа, ажил төрөл нь ямар хэмжээнд байгаа гэдгийг газар дээр нь очиж шалгасан ажлын хэсэг харж дүгнэлт өгсөн байгаа. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт 66 хувьтай гарсан байгаа. Энэ нь мэдээж Ш.Мараттай салшгүй холбоотой ажил юм. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд аймгийн Засаг дарга Ш.Маратад албан тушаал бууруулах арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч тус шүүхэд анх Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаар Ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн боловч уг ихэсгэсэн нэхэмжлэлийншаардлагаа багасгасан тул шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд дэмжсэн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэсэн болно.

Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаар захирамжаар[1]Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг үндэслэн 2016 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Маратад албан тушаал бууруулах арга хэмжээ авч, газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, 23.1.2-т үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болохоор, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ, 19.2-т төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн ...албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь үр дүнгийн гэрээний биелэлтээр тогтоогдсон нөхцөлд тухайн албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах эрх зүйн боломжийг эрх бүхий этгээдэд олгосон байна.

Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг ...аймгийн төсөвт байгууллагуудын 2016 оны жилийн ажлын тайлан авах хуваарийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Засаг даргын зөвлөлийн гишүүд бүрэлдэхүүнээрээ сууж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Маратын тайланг сонссоны дараа зөвлөлийн гишүүд тайлантай холбоотой асуулт асууж, хариулт авч,тайланг дүгнэж хангалтгүй гэж үнэлгээ өгсөн гэж тайлбарласан.

Энэхүү аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан хурлаар аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, хангалтгүй гэж дүгнэсэн болох нь тухайн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож[2] байгаа боловч уг хангалтгүй гэсэн үнэлгээг төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг даргын төсвийн шууд захирагч болох Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Мараттай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь дээр дурдсанчлан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу үнэлж дүгнэхээр зохицуулсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 1.6-д ...төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийнтүвшингийн үнэлгээ болно, 6.1-д гэрээний биелэлтийг дүгнэж,үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч,төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ, 6.2-т Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэхдээ дор дурдсан мэдээллийг үндэслэнэ, 6.2.2-т гэрээний биелэлтийн талаар тухайн төсвийн шууд захирагчийн хагас, бүтэн жилээр ирүүлсэн тайлан, гэрээнийбиелэлтийн явц, үр дүнг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээлэл, 6.4-т Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтэд 6.4.1-6.4.5-д заасан /90-100 оноо авсан бол А буюу Машсайн; 80-90 хүртэл оноо авсан бол В буюу Сайн;70-80 хүртэл оноо авсан бол С буюу Хангалттай; 60-70 хүртэл оноо авсан бол D буюу Дутагдалтай; 0-60 хүртэл оноо авсан бол F буюу Хангалтгүй/ үнэлгээний альнэгийг өгнө, 6.5-д Төсвийн шууд захирагч нь төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч түрүүчийн өгсөн үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн Илтгэх хуудас-нд тайлбарыг хавсарган төрийн жинхэнэ алба хаагчийн хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно, 6.7-д Гэрээний биелэлтийг дүгнэх Илтгэх хуудас-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаарүнэлгээ хүчин төгөлдөр болно гэж тус тус зохицуулсан.

Мөн дээрх журмын 1.8-д Гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхэд энэхүү журам болон түүний хавсралт Үлгэрчилсэн загвар, аргачлалыг баримтална гэж заасны дагуу баталсан Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал-ын 1.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч нь Загварын 1.1-ийн нийт арга хэмжээ тус бүрийн хэрэгжилтийг Загварын хавсралт маягт (Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан)-аар гаргах бөгөөд арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-ийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан дүгнэх үндсэн дээр уг маягтын харгалзах 3 дахь баганад нийт арга хэмжээ бүрийн биелэлтэд 0-30онооны үнэлгээ өгч, дундаж оноог гаргана,1.2-т Төсвийн ерөнхийлөн захирагч нь Загварын 1.2-ын тусгай арга хэмжээ тус бүрийн хэрэгжилтийг Загварын 1.1-ийн нийт арга хэмжээний хэрэгжилтийг үнэлсэн аргачлалаар дүгнэнэ.Загварын хавсралт маягт (Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан)-ын харгалзах 3 дахь баганад тусгай арга хэмжээ бүрийн биелэлтэд 0-40 онооны үнэлгээ өгч, дундаж оноог гаргана, 3.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч нь Загварын 1.1, 1.2, 1.3-т өгсөн үнэлгээг нэгтгэн ...нийт оноог гаргана,3.2-т Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд өгсөнүнэлгээний нийт оноог үндэслэн гэрээний биелэлтэд журмын 6.4.1-6.4.5-д заасан үнэлгээний аль нэгийг өгнө гэж тус тус заажээ.

Гэтэл хариуцагч аймгийн Засаг дарга нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Маратын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дээрх журам, аргачлалын дагуу үнэлж дүгнээгүй,өөрөөр хэлбэл үр дүнгийн гэрээний биелэлтийн талаар тухайн төсвийн шууд захирагчийн ирүүлсэн тайланг үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагч,төсвийн шууд захирагчтай ярилцлага хийх, мөн төсвийн шууд захирагчийн 2016 оны үр дүнгийн гэрээнд тусгагдсан нийт арга хэмжээ, тусгай арга хэмжээ бүрийн биелэлтэдтодорхой оноо өгч, дундаж оноог гаргах, эдгээр үнэлгээг нэгтгэн нийт оноог гаргах, нийт оноог үндэслэн гэрээний биелэлтэд үнэлгээөгөх, үнэлгээг танилцуулах, үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд тайлбар гаргах, гэрээний биелэлтийн үнэлгээг баталгаажуулах зэрэг үйл ажиллагаа явагдаагүй байх тул нэхэмжлэгч Ш.Мараттай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг буюу төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу үнэлж дүгнээгүй байна гэж үзлээ.

Хариуцагчаас ...Ш.Марат нь тухайн үед тайлангаа хамт олноороо ирж ...Засаг даргын зөвлөлийн гишүүдэд тайлагнасан ба үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудсаар албан ёсоор бичмэл хэлбэрээр аймгийн Засаг даргад ирүүлээгүй гэсэн тайлбар гаргасан.

Төсвийн шууд захирагч хуульд заасан хугацаанд үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлангаа ирүүлээгүй тохиолдолд ямар журмаар хэрхэн, шийдвэрлэхийг Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 2.2-т төсвийн ерөнхийлөн захирагч тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавьж хэрэгжилтийг хангуулах эрхтэй, 2.3-т Төсвийн ерөнхийлөн захирагч нь ...төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээбайгуулах үүрэгтэй, 8.1-д төсвийн ерөнхийлөн захирагч гэрээ байгуулах болон дүгнэхээс татгалзсан,эсхүл төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд гэрээний биелэлтээ тайлагнаагүй, гэрээний төслөө хүргүүлээгүй тохиолдолд холбогдох тал Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлд харъяаллын дагуу гомдол гаргаж болно. Холбогдох зөвлөл ирүүлсэн гомдлын дагуу шалтгааныг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна. Шаардлагатай тохиолдолд буруутай албан тушаалтанд шаардлага хүргүүлэх,сахилгын шийтгэл хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд санал гаргаж болно гэж тус тус заасан. Төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Ш.Маратад 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг ирүүлэх талаар шаардлага тавиагүй, мөн журамд заасан дээрх арга хэмжээг аваагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[3] тогтоогдсноос гадна маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлангаа ирүүлээгүй гэдэг үндэслэлээр албан тушаал бууруулаагүйг дурьдах нь зүйтэй.

Хариуцагч талаас нэхэмжлэгч Ш.Маратыг албан хаагч нарыг доромжилдог, ажлын цагаар архи уудаг, удаа дараа ажил тасалж сахилгын зөрчил давтан гаргасан гэж маргасан боловч энэхүү нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан албан тушаал бууруулах үндэслэлд хамаарахгүйгээс гадна маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй байна.

Мөн тус аймгийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдтай 2016 онд байгуулсан гэрээний биелэлтийн үнэлгээгээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамгийн сүүлийн байранд орсон нь тухайн байгууллагыг удирдаж байсан Ш.Маратаас шууд шалтгаалсан гэсэн тайлбар хариуцагч тал гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4]Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын хооронд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх талаар 2016 онд гэрээ байгуулсан, уг гэрээний үүргийн биелэлтэд 80,6 хувь гэсэн үнэлгээ өгсөн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.Маратыг албан тушаалаас нь буруулах шийдвэр гаргах үед тухайн гэрээний биелэлт дээрх байдлаар үнэлэгдсэн байснаас гадна аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын аймгийн Засаг даргатай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлттэй холбогдуулан нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан буюу сайд болон аймгийн Засаг даргын хооронд байгуулсан дээрх гэрээний биелэлтийн үнэлгээний асуудал нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй байна.

Иймд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, хангалтгүй гэж дүгнэсэн үнэлгээ нь тус байгууллагын даргын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ биш, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээг эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу үнэлж дүгнээгүй байх тул түүний 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах үндэслэл тогтоогдохгүй байгаа тул дээрх үнэлгээг үндэслэн нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1,19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1,23.1.2-т заасантай нийцээгүй, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчсөн хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, аймгийн Засаг даргын 2017 оны Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Маратыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1,19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1,23.1.2,40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Маратыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 6-р хуудас

[2] Хэргийн 124-128-р хуудас

[3] Хэргийн 154-155-р хуудас

[4] Хэргийн 196-207-р хуудас