Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0243

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 915 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 915 дугаар шийдвэрээр: “...Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 47 дугаар зүйлийн 47.1.6, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Тусгай хамгаалалттай газазр нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч” шүүхэд гаргасан гомдолдоо: “...Тусгай хамгаалалттай Дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/340 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд 10 га талбай газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 1, 5, дахь заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байдаг

Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгохыг хориглосон байхад хуулийг буруу хэрэглэн байгалийн цогцолборт газрын дэглэмд холбогдох зориулалтыг дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин анх олгосон сайдын тушаалын хүчингүй болгосон.

Гэтэл анхан шатны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээс хуулийг зөрчиж, буруу хэрэглэн аялал жуулчлалын зориулалтаар олгосныг дэмжсэнээр нийтэд илэрхий тодорхой харагдах Тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулсын бүсэд 9-15 давхар түүнээс дээш өндөртэй орон сууц, зочид буудал, үйлчилгээний барилга байгууламж ихээр баригдаж байгалийн унаган төрх байдал, дэглэм алдагдаж, сөрөг нөлөөлөл үзүүлж, нийслэлийн бусад иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг дэмжсэн шийдвэр юм.

Засгийн гарын бодлого шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуучлалын сайдын зүгээс тодорхой арга хэмжээ авч, алдааг засаж хуульд нийцүүлэн захиргааны акт гаргахад, анхан шатны шүүх нь дээрх хуулийн тодорхой заалт, илэрхий харагдах баримтыг үнэлээгүй, анх олгосон тушаал хуульд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийхгүйгээр хуулийн гажуудлыг нэгэнт хуулиар зөрчөөд яваад ирсэн бусад газарт ашиглагчийг адил хүчингүй болгох ёстой гэх ойлгомжгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Иймд хуулийг үндэслээгүй, нотлох баримтыг үнэлээгүй, мөн шүүгч Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж, зөвхөн хуулийг үндэслэж, захирагдах үндсэн зарчмаасаа ухарсан шийдвэр гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “К” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тодорхойлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгөх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тухайн тушаал нь илт хууль бус захиргааны акт мөн эсэхийг тогтооход шүүхийн хяналтын цар хүрээ хязгаарлагдах бөгөөд энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон хавсралтад дурдсан 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн бөгөөд уг тушаалд нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 дүгээр тушаал багтжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол тухайн захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцох ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тусгай хамгаалалттай газарт иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр, тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэгтэй тул захиргааны байгууллагыг нэхэмжлэгчийн “эрхэд халдах үндэслэл байгаагүй” гэж үзэхгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн маргаж буй “...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг зөрчиж сонсох ажиллагаа явуулаагүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй, гомдол гаргах этгээд болон хугацааг заагаагүй” гэх үндэслэл нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах болохоос илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарахгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компанид Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-340 дүгээр тушаалаар Улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газар болох “Түргэний ам”-д 10 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон, улмаар Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны А/121 дүгээр тушаалаар “2 жил буюу түүнээс дээш хугацаанд тухайн газраа ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байх бөгөөд уг үндэслэлийн хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх хянаж, дээрх тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, энэ нь одоогийн маргаан бүхий 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалтай хамааралгүй байхад анхан шатны шүүх “...шүүхийн шийдвэрийг биелүүлж тус компанийн газар ашиглах эрхийг сэргээж, ийнхүү сэргэснээс хойш 20 хоногийн дараа газар ашиглах эрх олгосон тушаалаа хүчингүй болгож, “газар ашиглах эрх сэргээсэн” шийдвэрээ үгүйсгэсэн байна” гэсэн дүгнэлт хийж, уг агуулгаараа “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх илт хууль бусад актын үндэслэлд хамааруулсан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж байгууллагад тодорхой зориулалт, хугацаа болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасны дагуу хариуцагчаас Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчиж олгосон тушаалаа хүчингүй болгосон нь хуулийг зөрчөөгүй, захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцсэн байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх шинжийг тодорхойлсон бөгөөд баталсан байгууллага тодорхойгүй, эрх хэмжээгүй этгээд гаргасан, гүйцэтгэх этгээд нь тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэсэнтэй адилтгах хэмжээний буюу илэрхий алдаатай, мөн бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөлийг үүсгэсэн тохиолдолд “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж ойлгох бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийг илт хууль бус тушаал гаргасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн, уг зохицуулалт нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгохдоо зөвхөн дээрх зохицуулалтын дагуу түр буудаллах орон байрыг ашиглах эрхтэй байх агуулгатай байх бөгөөд уг хуулийн 12 дугаар зүйлийн 5-д зааснаар “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” үйл ажиллагаа явуулахыг хориглосон зэргээс үзэхэд анхнаасаа уг газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах боломжгүй байжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр маргаж буй Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй тул илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-аас Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан “2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                         ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

                         ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ