Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ХШТ/08

 

                                  Б.Д, Т.Ч, “Б” ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгч Т.Ч, “Б” ХХК-ний өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч О.Санчирбал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаар магадлалтай, Б.Д, Т.Ч, “Б” ХХК нарт холбогдох эрүүгийн _______ дугаартай хэргийг шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг, шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 176 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлж байсан Б овогт Б-ын Д,

2.Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Б” ХХК-ийн захирал ажилтай, ял шийтгэлгүй М овогт Т-ын Ч,

3.Монгол Улсын хуулийн этгээд, 2008 онд үүсгэн байгуулагдсан, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх худалдаа, хоол үйлдвэрлэл, гадаад худалдаа, ерөнхий боловсролын О сургууль, Шатахуун түгээх станц зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг, Т.Ч нь энгийн 100 хувийн хувьцааг дангаараа эзэмшдэг, Өвөрхангай аймагт байршилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй “Б” ХХК.

Б.Д нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдон, албан тушаалын тодорхойлолтод заасан “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Өвөрхангай аймгийн цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн “М” цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийг сонгон шалгаруулсны хариуд тус компаниас гүйцэтгэх захирал Т.Ч-ийн шийдвэрээр 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.Д-ийн Хаан банкин дахь харилцах ________ дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Т.Ч нь өөрийн 100 хувь энгийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Б” ХХК-ийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн “М” цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны дарга, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан тус компанийг төлөөлөн эд зүйл өгөх шийдвэр гарган улмаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус иргэн Д.Д-ийн Хаан банкин дахь харилцах __________дугаарын дансаар шилжүүлэн өгсөн,

2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр О.О-ийг “виски өгсөнгүй” гэдэг шалтгаанаар баруун гарыг мушгин унагаж, хүзүүний ар тус газар нь 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

“Б” ХХК нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн “М” цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс “Б” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Т.Ч нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны дарга, "Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус Д.Д-ийн Хаан банкин дахь харилцах __________ дугаарын дансаар шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чт Өвөрхангай аймгийн прокуророос хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

Б.Дг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан,

Т.Чийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

“Б” ХХК-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Д-г нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр,

мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-ийг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр,

“Б” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх буюу төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх худалдаа, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Д-д оногдуулсан 8,000,000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд, Т.Ч-т оногдуулсан 3,500,000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд, “Б” ХХК-д оногдуулсан 120,000,000 төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хэргийг Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж 60 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Т.Ч, “Б” ХХК-ийн өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгожээ. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч О.Санчирбал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж шатны шүүхээс Б.Д-г Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн “М” цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах тендерт оролцож байгаа “Б” ХХК-ийн захирал Т.Ч-оос Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.Д-ийн Хаан банкин дахь харилцах _______ дугаар дансаар шилжүүлэн авсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд... хахууль авсан бол” гэж,

Т.Ч-ийг буруутгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “...Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан эд зүйл өгсөн...” гэх шинжүүдийг заажээ.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Мөн зүйлийн 2-д Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус заасан байна.

Мөн эрүүгийн эрх зүйн онолд үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршгийн хоорондох шалтгаант холбоог харгалзаж үзээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэм буруутайд тооцсон” нь Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь Т.Ч нь өөрийн 100 хувийн эзэмшлийн “Б” ХХК-иар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Зардал хуваарилах тухай” захирамжийн дагуу тендерт оролцож, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үнэлгээний хорооны 5 гишүүний саналаар тендерт шалгарч өөрийн ажлыг хийхээр гэрээ байгуулсан нөхцөл тогтоогдсон байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх нь/ хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хахууль өгөх”, “Хахууль авах” гэмт хэргүүд нь хоорондоо шалтгаант холбоотой бөгөөд дээрх гэмт хэргүүдийн үндсэн шинжүүд нь “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс”, “...өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор” хэмээн тус тус заасан нь хахууль авагч этгээд өөрийн албаны чиг үүрэгтэйгээ холбоотойгоор эд зүйлс авсан байхыг шаардсан байна.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 15 болон 20-ны өдрүүдэд мөнгө авсан гэх үйлдэл нь “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах” албан чиг үүрэгтэй нь хамааралгүй нөхцөл байдал байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргээс ялгагдах онцлог буюу залилах гэмт хэргээс ялгагдах шинж буюу “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгох” гэх гэмт хэргийн үндсэн шинжээс ялгахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх тул гомдол гаргасан.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан өмгөөлөгчийн Эрүүгийн хуульд заасан үндсэн шинжийн хууль хэрэглээний талаар няцаан үгүйсгэсэн үндэслэлийг дурдаагүй болно гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Ч-ийн өмгөөлөгч Т.Оюунчимэг гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхээс Т.Ч болон “Б” ХХК-ийг гэм буруутай гэж үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Т.Ч-ийг буруутгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан эд зүйл өгсөн” гэх шинжүүдийг заасан байдаг.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Мөн зүйлийн 2-т энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус заасан. Хохирол, хор уршгийн хоорондох шалтгаант холбоог харгалзан үзээгүй нь Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Т.Ч нь өөрийн 100 хувийн эзэмшлийн “Б” ХХК-иар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Зардал хуваарилах тухай” захирамжийн дагуу тендерт оролцож улмаар 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үнэлгээний хорооны 5 гишүүний саналаар тендерт шалгарч гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д зааснаар Үнэлгээний хорооноос гарсан шийдвэр нь /үнэлгээний дүгнэлт/ хурлын тэмдэглэл байх бөгөөд тус хорооны гишүүд бүгд дэмжиж гаргасан шийдвэр холбогдох бүх мэдээллийг агуулсан байна гэсний дагуу бүх баримт хэрэгт хавсаргасан байдаг. Энэ талаар ч хуульчилсан.

Хэргийг хянан шийдвэрлэхдээ “Б” ХХК-нд ямар давуу байдал бий болгосон байна гэдгийг нотолж тогтоох ёстой атал энэ талаар нотолж тогтоогоогүй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргээс ялгагдах онцлог буюу залилах гэмт хэргээс ялгагдах шинж буюу “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориуд бий болгох” гэмт хэргийн үндсэн шинжээс ялгагдахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь тухай хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх тул гомдлыг гаргав.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Ч гаргасан гомдолдоо: “... Миний бие болон өөрийн 100 хувь хувьцаа эзэмшигчтэй “Б” ХХК нь авлигал өгсөн хэргээр Өвөрхангай аймгийн прокурорын газраас яллагдагчаар татагдан шүүхийн байгууллагад шилжиж, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс нэг, нэг удаа мөрдөн байцаалтад буцаагдан шалгагдсан. Улмаар шийтгэх тогтоол, магадлалаар тус тус гэм буруутай гэж үзсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэл байна. Үүнд:

Энэ хэргийн талаарх анхан шатны мэдүүлгүүдийг өмгөөлөх эрхээр хангахгүйгээр хөтөлж, тулган, камерыг компьютерын удирдлагаас асааж, унтраан, зориулалтын бус өрөөнд мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар болон бусад байгууллагад мэдэгдсэн болно. Мөн шат шатны шүүх хурал дээр тайлбарласан болно.

Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь заалт энэ оны шинэчилсэн найруулгаар хүчингүй болсон. Мөн энэ талаар прокурорын газар, Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Б манай аймагт ажиллаж компанийг чөлөөлж, иргэн миний биеэр яллагдагчаар татсан, дараа нь компанийг дахин яллагдагчаар татаж удаа дараа эргэлзээт байдлыг бий болгосон нь Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02, 1250 дугаартай Төрийн мэдээлэл сэтгүүлд Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3-т заасан зүйл, ангийг хассан байсан. Тухайн үед шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлээгүй.

Т.Ч миний бие (нэг сая төгрөг) болон өөрийн 100 хувь хувьцаа эзэмшигчтэй “Б” ХХК нь (хоёр сая төгрөг) авлигал өгсөн гэх хэргээр яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн хэргийн материалд “Г” ХХК, “Г” ХХК болон өөр бусад иргэн хуулийн этгээдийг энэ хэрэгтэй яг ижил нөхцөл байдалтай гэж нэгэн зэрэг дурдсан боловч зөвхөн Т.Ч, “Б” ХХК-ийг яллагдагчаар удаа дараа татан хэрэгт оруулсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн хэлэлцүүлэг, мэтгэлцээний үеэр ажиглагдсан гол асуудал нь компани, хуулийн этгээд, тендер сонгон шалгаруулдаг процедур, зохион байгуулалтын талаар орон нутгийн хуулийн байгууллагын ажилтнууд ойлголт, мэдлэг ур чадвар муу байна. Мөн энэхүү хэрэгтэй төсөөтэй хэрэг дээр ажиллаж байсан туршлага нэг ч байхгүй байгаа нь дээд шүүхэд хандах шалтгаан юм.

Дээрх хэрэгт холбогдох тендерийн үйл ажиллагаа 2020 онд зохион байгуулагдсан бөгөөд Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас “Б” ХХК-ийг холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд хэргийн материалд хавсаргасан. Үүнд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар хяналт, шалгалт хийгдсэн болно. Энэхүү дүгнэлтээр мөн эргэлзээт байдал бий болохоор байна. Сангийн яамнаас шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч хүлээн зөвшөөрөөгүй нь шүүхээс үнэн, бодит байдалд нийцсэн шийдвэр гаргаагүй гэж үзэхээр байна. Мөн нотолгооны стандарт бүрдээгүй байна.      

Өөрөөр хэлбэл шат, шатны шүүгчид Төрийн аудитын газрын шинжээчийн дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасан байна.

Авлигалд өгсөн гэх нийт 3,000,000 төгрөгний эх үүсвэр нь хувийн данснаас компаний данс, өөрийн дансанд түр байршуулсан мөнгө байсан.

Аймгийн төвд цөөхөн хэдэн хүн амьдардаг бөгөөд бизнес хийдэг хүмүүс нь ч бүр цөөн бараг бүх хүн нэгнээ мэддэг. Надад банзны хэрэгцээ шаардлага байсан талаарх нотлох баримтыг хэргийн материалд байгаа болно. Мөн мэдүүлэг болгонд тайлбарласан. Бусад компаниуд ч мөн адил өөр өөрсдийн онцлогийн хүрээнд хэрэгцээ байсан байх. Хавар бүх хүмүүсийн ажил зэрэгцээд шахуу эхэлдэг шүү дээ.

Гэм буруутай гэж үзэн хилс хэрэгт оруулсан Т.Ч миний бие болон “Б” ХХК-ийн үйлдсэн гэх хэргийн цаана надаас өөр ашиг сонирхолтой иргэн, хуулийн этгээд байхгүй нь хэнд ч ойлгомжтой өөрөөр хэлбэл олон гишүүнт компани биш гэдэг нь тогтоогдсон. Энэ үйлдэл нь зөвхөн миний биед 2 хэрэг зэрэг тохож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Shuukh.mn цахим сайтаас төсөөтэй, ижил төрлийн хэргүүдийг судлан шүүж үзэхэд ихэнх хэргүүдийн цаана компани, хуулийн этгээд байгаа боловч Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 гэсэн зүйл ангиар шийтгэгдсэн тохиолдол байхгүй байна. Төрийн хууль иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой. Тендерт хуулиараа хуулийн этгээд, компани л оролцохоос иргэн оролцох боломжгүй шүү дээ. Энэ нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой юм.

Рациональ байдлын дүн шинжилгээ хийгдээгүй. Үүнд:

Төрийн аудитын газрын дүгнэлтийг нотлох баримт гэж үзээгүй. /Ч-ийн хавтас хэрэгт байгаа/

Сангийн яамнаас шинжээч томилуулахыг зөвшөөрөөгүй. /Д-ийн хавтас хэрэгт байгаа/

Биеийн байдал, сэтгэцийн үйл ажиллагаа тогтворгүй эсэхийг харгалзаагүй. /Ч-ийн хавтас хэрэгт байгаа/

Гэрч оролцуулахыг зөвшөөрөөгүй /Д-ийн хавтас хэрэгт байгаа/

 “Б” ХХК тухайн тендерт шаардлага хангасан эсэх болон тендерийн баримт бичигт тусгагдсан өгөгдлийн хүснэгттэй нийцүүлэн шалгаагүй. Өөрөөр хэлбэл ямар бичиг баримт дутуу байсан талаар, шалгарахгүй байх үндэслэлүүдийн тухай огт тайлбарлаагүй.

Миний биед 3,500,000 төгрөг + Улсын орлогын 3,000,000 төгрөг + өөрийн эзэмшлийн компанид 120,000,000 төгрөг = 126,500,000 төгрөгөөр дээрх үндэслэлүүдээр торгоно гэдэг бол хуульд нийцэхгүй асуудал юм.

Манай компани өөрийн гэсэн ажилтан бүтэц байхгүй өөрөөр хэлбэл дампуурч байгаа хуулийн этгээд юм. Татварын өр, 1 хүний нийгмийн даатгалыг арай гэж төлдөг. Сарын зээл төлөлт болох 12,000,000 төгрөгийн өрнөөс өрний хооронд төлдөг компани болно. Зээлийн гэрээтэй танилцаж болно. Захирал Т.Ч гэсэн нэг захирал, ажилтантай. Өнөөдрийн байдлаар Компанийн зээлийн үлдэгдэл 334,122,033 төгрөг, өөрийн нэр дээрх зээлийн үлдэгдэл 270,000,000 төгрөг нийт 604,122,033 төгрөгний өр төлбөртэй байна. Зөвхөн хоол үйлдвэрлэл, төлбөр болон гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг жижиг сегментэд хамаарах компани юм. Шүүхийн тогтоол дээр маш олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг том компани мэтээр буруу бичсээр байна.

Дээрх хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд хэргүүдийг үнэн бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд “Б” ХХК-ийг төлөөлж захирал Т.Ч гаргасан гомдолдоо: Миний бие болон өөрийн 100 хувь хувьцаа эзэмшигчтэй “Б” ХХК нь авлигал өгсөн хэргээр Өвөрхангай аймгийн прокурорын газраас яллагдагчаар татагдан шүүхийн байгууллагад шилжиж, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс нэг, нэг удаа мөрдөн байцаалтад буцаагдан шалгагдсан. Улмаар шийтгэх тогтоол, магадлалаар тус тус гэм буруутай гэж үзсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэл байна. Үүнд:

Энэ хэргийн талаарх анхан шатны мэдүүлгүүдийг өмгөөлөх эрхээр хангахгүйгээр хөтөлж, тулган, камерыг компьютерын удирдлагаас асааж, унтраан, зориулалтын бус өрөөнд мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар болон бусад байгууллагад мэдэгдсэн болно. Мөн шат шатны шүүх хурал дээр тайлбарласан болно.

Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь заалт энэ оны шинэчилсэн найруулгаар хүчингүй болсон. Мөн энэ талаар прокурорын газар, Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Батмөнх манай аймагт ажиллаж компанийг чөлөөлж, иргэн миний биеэр яллагдагчаар татсан, дараа нь компанийг дахин яллагдагчаар татаж удаа дараа эргэлзээт байдлыг бий болгосон нь Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02, 1250 дугаартай Төрийн мэдээлэл сэтгүүлд Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3-т заасан зүйл, ангийг хассан байсан. Тухайн үед шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлээгүй.

Т.Ч миний бие (нэг сая төгрөг) болон өөрийн 100 хувь хувьцаа эзэмшигчтэй “Б” ХХК нь (хоёр сая төгрөг) авлигал өгсөн гэх хэргээр яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн хэргийн материалд “Г” ХХК, “Г” ХХК болон өөр бусад иргэн хуулийн этгээдийг энэ хэрэгтэй яг ижил нөхцөл байдалтай гэж нэгэн зэрэг дурдсан боловч зөвхөн Т.Ч, “Б” ХХК-ийг яллагдагчаар удаа дараа татан хэрэгт оруулсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн хэлэлцүүлэг, мэтгэлцээний үеэр ажиглагдсан гол асуудал нь компани, хуулийн этгээд, тендер сонгон шалгаруулдаг процедур, зохион байгуулалтын талаар орон нутгийн хуулийн байгууллагын ажилтнууд ойлголт, мэдлэг ур чадвар муу байна. Мөн энэхүү хэрэгтэй төсөөтэй хэрэг дээр ажиллаж байсан туршлага нэг ч байхгүй байгаа нь дээд шүүхэд хандах шалтгаан юм.

Дээрх хэрэгт холбогдох тендерийн үйл ажиллагаа 2020 онд зохион байгуулагдсан бөгөөд Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газраас “Б” ХХК-ийг холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд хэргийн материалд хавсаргасан. Үүнд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар хяналт, шалгалт хийгдсэн болно. Энэхүү дүгнэлтээр мөн эргэлзээт байдал бий болохоор байна. Сангийн яамнаас шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч хүлээн зөвшөөрөөгүй нь шүүхээс үнэн, бодит байдалд нийцсэн шийдвэр гаргаагүй гэж үзэхээр байна. Мөн нотолгооны стандарт бүрдээгүй байна.     

Өөрөөр хэлбэл шат, шатны шүүгчид Төрийн аудитын газрын шинжээчийн дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасан байна.

Авлигалд өгсөн гэх нийт 3,000,000 төгрөгний эх үүсвэр нь хувийн данснаас компаний данс, өөрийн дансанд түр байршуулсан мөнгө байсан.

Аймгийн төвд цөөхөн хэдэн хүн амьдардаг бөгөөд бизнес хийдэг хүмүүс нь ч бүр цөөн бараг бүх хүн нэгнээ мэддэг. Надад банзны хэрэгцээ шаардлага байсан талаарх нотлох баримт хэргийн материалд байгаа болно. Мөн мэдүүлэг болгонд тайлбарласан. Бусад компаниуд ч мөн адил өөр өөрсдийн онцлогийн хүрээнд хэрэгцээ байсан байх. Хавар бүх хүмүүсийн ажил зэрэгцээд шахуу эхэлдэг шүү дээ.

Гэм буруутай гэж үзэн хилс хэрэгт оруулсан Т.Ч миний бие болон “Б” ХХК-ийн үйлдсэн гэх хэргийн цаана надаас өөр ашиг сонирхолтой иргэн, хуулийн этгээд байхгүй нь хэнд ч ойлгомжтой өөрөөр хэлбэл олон гишүүнт компани биш гэдэг нь тогтоогдсон. Энэ үйлдэл нь зөвхөн миний биед 2 хэрэг зэрэг тохож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Shuukh.mn цахим сайтаас төсөөтэй, ижил төрлийн хэргүүдийг судлан шүүж үзэхэд ихэнх хэргүүдийн цаана компани, хуулийн этгээд байгаа боловч Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 гэсэн зүйл ангиар шийтгэгдсэн тохиолдол байхгүй байна. Төрийн хууль иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой. Тендерт хуулиараа хуулийн этгээд, компани л оролцохоос иргэн оролцох боломжгүй шүү дээ. Энэ нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой юм.

Рациональ байдлын дүн шинжилгээ хийгдээгүй. Үүнд:

Төрийн аудитын газрын дүгнэлтийг нотлох баримт гэж үзээгүй. /Ч-ийн хавтас хэрэгт байгаа/

Сангийн яамнаас шинжээч томилуулахыг зөвшөөрөөгүй. /Д-ийн хавтас хэрэгт байгаа/

Биеийн байдал, сэтгэцийн үйл ажиллагаа тогтворгүй эсэхийг харгалзаагүй. /Ч-ийн хавтас хэрэгт байгаа/

Гэрч оролцуулахыг зөвшөөрөөгүй /Д-ийн хавтас хэрэгт байгаа/

“Б” ХХК тухайн тендерт шаардлага хангасан эсэх болон тендерийн баримт бичигт тусгагдсан өгөгдлийн хүснэгттэй нийцүүлэн шалгаагүй. Өөрөөр хэлбэл ямар бичиг баримт дутуу байсан талаар, шалгарахгүй байх үндэслэлүүдийн тухай огт тайлбарлаагүй.

Миний биед 3,500,000 төгрөг + Улсын орлогын 3,000,000 төгрөг + өөрийн эзэмшлийн компанид 120,000,000 төгрөг =126,500,000 төгрөгөөр дээрх үндэслэлүүдээр торгоно гэдэг бол хуульд нийцэхгүй асуудал юм.

Манай компани өөрийн гэсэн ажилтан бүтэц байхгүй өөрөөр хэлбэл дампуурч байгаа хуулийн этгээд юм. Татварын өр, 1 хүний нийгмийн даатгалыг арай гэж төлдөг. Сарын зээл төлөлт болох 12,000,000 төгрөгийн өрнөөс өрний хооронд төлдөг компани болно. Зээлийн гэрээтэй танилцаж болно. Захирал Т.Ч гэсэн нэг захирал, ажилтантай. Өнөөдрийн байдлаар Компанийн зээлийн үлдэгдэл 334,122,033 төгрөг, өөрийн нэр дээрх зээлийн үлдэгдэл 270,000,000 төгрөг нийт 604,122,033 төгрөгний өр төлбөртэй байна. Зөвхөн хоол үйлдвэрлэл, төлбөр болон гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг жижиг сегментэд хамаарах компани юм. Шүүхийн тогтоол дээр маш олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг том компани мэтээр буруу бичсээр байна.

Дээрх хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд хэргүүдийг үнэн бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Б.Билгүүн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д “1.1.шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” мөн хэсгийн 1.4-д “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна. Тодруулбал,

Анхан болон давж заалдах шатны шүүхийг байгаа хуулийн зохицуулалтаас хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зэргээр хууль хэрэглээний зөрүү гаргаж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 болон 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлэх нь хууль хэрэглээний зарчмын ач холбогдолтой гэж гомдол гаргав.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс “...Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт “...Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна...”, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “...Компаний төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтаас харахад шүүгдэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байх бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд өөрийн компанийн эрх ашгийн төлөө хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, прокуророос дээрх үйлдэлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон...” гэж дүгнэн Т.Ч болон “Б” ХХК-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна.

Ийнхүү Т.Ч болон “Б” ХХК-д шийтгэл оногдуулахдаа байгаа зохицуулалтаас хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, байх ёстой хуулийн зохицуулалтыг Эрүүгийн хуульд заасан үндэслэл, зарчмын дагуу тайлбарлаж хэрэглээгүй зэргээр хууль хэрэглээний зөрүү гаргаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Тухайлбал, хуулийн этгээдийн ашиг сонирхол, хуулийн этгээдийн хуулийн үйлчлэх хуулийн хүрээ хязгаарыг тодорхойлохдоо дан ганц Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь заалт, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтаар тодорхойлж, энэхүү харилцаанд хамаарах бусад хуулийг хэрэглэлгүйгээр, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц хуулийн зохицуулалтыг орхигдуулжээ.

Ашиг сонирхол гэдгийг монгол хэлний тайлбар толинд тайлбарлахдаа “Хүсэл зорилго, эрх ашиг”2 гэх байдлаар тайлбарлажээ. Энэхүү тайлбарын агуулгаас үзвэл хуулийн этгээдийн зорилго, эрх ашиг нь хэний эрх ашигт хамааралтай вэ гэдгийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэрэгт анхаарах үзэх шаардлагатай.

Хуулийн этгээдэд хамаарах хуулийн зохицуулалтуудыг судалж үзвэл дан ганц Компаний тухай хуулиар бус Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэргээр хуулийн этгээдийн ашиг сонирхлыг тодорхойлж болохоор байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “эцсийн өмчлөгч” гэж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч гэдгийг а-д “харилцагч нь хуулийн этгээд бол тухай хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл хамтран өмчилж байгаа, эсхүл тухай хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухай хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг, б-д “харилцагч нь хувь хүн бол тухай хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэл байгаа хүнийг, в-д “хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухай хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг” гэж тус тус тодорхойлсон байна.

Товчоор хэлбэл хуулийн этгээдийн үр шим, шиг орлогыг хүртэж байгаа хүнийг түүний эцсийн өмчлөгч гэж тодорхойлохоор байна. Энэхүү тодорхойлолтоос дүгнэвэл хуулийн этгээдийн үндсэн ашиг сонирхол нь ашиг олох буюу эцсийн өмлөгчид үр шим, ашиг орлогыг хүртээхэд чиглэгдэж байна.

Хэргийн нөхцөл байдалд “Б” ХХК-ийн эцсийн өмчлөгч Т.Ч нь өөрийн хүсэл зоригийн үүднээс хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэнд “Б” ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Өөрөөр хэлбэл “Б” ХХК нь Т.Ч-оос хараат бусаар ашиг сонирхол гаргах боломжгүй бөгөөд тус компанийн ашиг, алдагдал зэрэг нь эцсийн өмчлөгч Т.Ч-той 100 хувь хамааралтай юм.

Компанийн эцсийн өмчлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн боловч түүнээс хараат бусаар компанийг ашиг сонирхол гаргах боломжтой, бие даасан субъект мэтээр компанийг авч үзэж, Т.Ч болон “Б” ХХК-ийн харилцан хамааралд хууль тогтоомжийн хүрээнд дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүхээс холбогдох хууль зүйн хүрээнд бүрэн хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.” гэж заасан боловч төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь компаний эцсийн өмчлөгч байвал, хуулийн этгээдийн ашиг сонирхол дангаар бий болох эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

Тухайн хэрэгт “Б” ХХК-ийн ашиг сонирхол бий болоогүй, харин эцсийн өмчлөгч буюу Т.Ч-ийн ашиг сонирхолд хуулийн этгээдийн ашиг сонирхол захирагдсан байх тул Т.Ч-ийн үйлдэлд дангаар хариуцлага хүлээлгэхээс гадна түүний ашиг сонирхлын төлөө ажилладаг компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны ба шударга ёсны зарчим нийцэхгүй юм.

Мөн тус маргааныг Монгол Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлэх нь хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн үйлдсэн гэмт хэрэгт хуулийн зохицуулалтыг зөрчих эсэх, энэ талаарх маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлэхэд хууль хэрэглээний ач холбогдолтой гэж үзлээ.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн ашиг сонирхол, хуулийн этгээдийн ашиг сонирхол нь хуулийн зохицуулалтуудаар давхцаж байх бөгөөд хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн хүсэл зоргоос гадуур эрх ашиг сонирхол гаргах боломжгүй байгааг анхаарч үзнэ үү.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч болон “Б” ХХК-ийн захирал Т.Ч шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний бие өмгөөлөгчгүй байцаалт өгч байсан. Иргэний хувьд өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ хэрэгт авагдсан. Харин хуулийн этгээддээ өмгөөлөгч сонгож байгаагүй. Авлигын гэх энэхүү хэргийн бодит байдлыг тогтоож өгөхийг хүсье. Миний зүгээс өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна. Т.Ч намайг яллагдагчаар татахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан дүрэм, журмыг зөрчсөн. Үүнд хөтөлж, тулгах, дарамтлах байдлаар байцаалт авсан талаар Цагдаагийн ерөнхий газар болон Хүний эрхийн үндэсний комисст мэдэгдсэн. Анхан шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Анх зөвхөн намайг яллагдагчаар татсан бөгөөд шүүх хуралдааны явцад компанийг татан оролцуулсан. Оны өмнөхөн Авлигатай тэмцэх газрын мөрдөгч ирээд хуулийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг байхгүй болсон үндэслэлээр компанийг чөлөөлсөн баримт хэрэгт авагдсан. Дараа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 нэмэгдсэн гэх агуулгаар компанийг татан оролцуулж намайг нэлээд төөрөгдүүлсэн. Мэдүүлэг авах өрөө байсаар байтал надаас өөр өрөөнд мэдүүлэг авсан нь дарамтлах гэсэн санаанд тулгуурласан байх. Түүнчлэн маш яаруу яваа гэх байдлаар хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй. Мөн компанид ямар зөрчил, дутагдал байгаа болох нь тодорхойгүй. Тендерийн баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж тендерт шалгарсан учир хүнд мөнгө өгөх шаардлага байгаагүй. Үнэлгээний хорооны гишүүд ч хуулийн дагуу тендерт шалгарсан талаар мэдүүлэг өгсөн нь хэрэгт байгаа. Өвөрхангай аймгийн аудитын газраас 2020 онд манай компанид шалгалт хийж зөрчил, дутагдалгүй гэсэн дүгнэлт гаргасныг хэрэгт гаргаж өгсөн. Ч.Д-д өгсөн мөнгөний хувьд банзны төлбөр, тооцоо байсан гэдгийг мэдүүлсээр ирсэн ба компанийн төлөвлөгөөг мөн хэрэгт хавсаргасан гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Ч-ийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах, хахууль өгөх гэсэн 2 гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Т.Ч-ийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэнтэй санал нэг тул тайлбар байхгүй. Харин бусад шүүгдэгчийн хувьд дараах дүгнэлтийг гарган оролцож байна. “Б” ХХК нь 2008 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд "ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, ...гэх мэтээр тодорхойлсон нь “Б” ХХК-нд хамаарч байна. Энэ ч үүднээсээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан дагуу Өвөрхангай аймагт зарлагдсан 19 багц тендер шалгаруулах ажиллагааны 2 багцад “Б” ХХК ашиг олох зорилгоор компаний ашиг сонирхлын төлөө оролцож, шалгарсан байдаг.

Т.Ч нь тус компаний 100 хувь энгийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг бөгөөд “Б” ХХК сонгон шалгаруулалт оролцож, нийтийн албан тушаалтан болох Б.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө компаний дансаар 1 сая, өөрийн хувь хүний дансаар 2 сая, нийт 3 сая төгрөгийн хахууль өгсөн, Б.Д нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус копманиас хахууль авсан үйл баримт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Ч-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Б” ХХК тендерт оролцож, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Б.Д-д хахууль өгөх шийдвэр гаргасан юм. Энэ талаар 2 шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв.  

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглах байдлаар илрэн гардаг билээ.

Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж болно.

Харин мөн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь дээр дурдсан нийтлэг шинжээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн ба эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй хийгээд хөнгөлөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох зорилготой, шунахай эсхүл хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой.

Прокурорын яллах дүгнэлтэд тусгасан Б.Д, Т.Ч, “Б” ХХК-д тус тус холбогдох авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах явцад хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүднээс хуульд заасан шаардлагатай бүх арга хэмжээг авч, уг асуудалд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудыг хоёр шатны шүүх харьцуулан шинжилж, харилцан хамаарал, уялдаа холбоогоор нь үнэлсний эцэст шүүгдэгч Б.Д нь албаны чиг үүргээ  хэрэгжүүлсний хариуд өөрийн төрсөн эгчийн Хаан банкин дахь харилцах дансыг халхавч болгон ашиглаж 2020 оны 04 дүгээр сарын 15, 20-ны өдрүүдэд 3,000,000 төгрөгийг хахуульд авсан, шүүгдэгч Т.Ч нь дээрх хугацаанд, уг мөнгийг өөрийн хувийн болон хувьцааг нь 100 хувь эзэмшдэг “Б” ХХК-ийн харилцах данснаас Б.Д-ийн төрсөн эгчийн данс руу шилжүүлэх замаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө түүнд 3,000,000 төгрөгийг хахуульд өгсөн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Хэргийн үйл баримтыг ийнхүү тогтоосноор хоёр шатны шүүхээс тэдгээрийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан хахууль авах, өгөх гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа, шүүгдэгч нарын гэм буруу, Эрүүгийн аль хуулийг хэрэглэх болон хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээ, хэдэн төгрөгийн орлогыг хэнээс албадан гаргуулах талаар хийсэн хууль зүйн дүгнэлт, гаргасан шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчим, оногдуулах ялын төрлийн талаар Эрүүгийн хуулийн 9 дүгээр бүлэгт тодорхой заасан байна.

Тухайлбал, дээрх хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж тодорхойлжээ.

Хуулийн уг зохицуулалтаас үзэхэд хувь хүний үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байвал түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хийсэн гэмт үйлдлийн өмнөөс хуулийн этгээд төлөөлөн хариуцлага хүлээх ба уг үйлдэл (эс үйлдэхүй) нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх шаардлагатай юм.

Тодруулбал, эрх бүхий этгээд хуулийн этгээдийн өмнөөс төлөөлөн гэмт үйлдэл (эс үйлдэхүй) гүйцэтгэвэл тэр нь хуулийн этгээдийн үйлдэлд тооцогдож, давхар хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4-т “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийг ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, 9.1 дүгээр зүйлийн 3-т “...хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ... хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаас тодорхой байх бөгөөд энэ нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасантай зөрчилдөхгүй болно.

Шүүгдэгч Т.Ч нь Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийн хувьцааг 100 хувь ганцаараа эзэмшиж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу компаний удирдлагыг дангаараа хэрэгжүүлдэг болох “Б” ХХК-ийн ашгийн төлөө уг хуулийн этгээдийг 71,500,000 төгрөгийн тавилга, тоног төхөөрөмжийг нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсны хариуд уг ажиллагааны үнэлгээний хорооны даргаар томилогдон ажилласан Б.Д-д 3,000,000 төгрөгийг хахуульд өгсөн тул шүүх уг хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4, 9.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдийг үндэслэн мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу эрүүгийн хариуцлагыг давхар хүлээлгэсэн нь хуульд нийцсэн байна.

Гэм буруу нь нэг талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог бол нөгөө талаас “нотлогдоогүй бол гэм буруугүй” гэсэн зарчмыг хэрэглэх гол нөхцөл нь тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхой заажээ.

Тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж заасан байна.

Энэ зорилгыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчлан тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагдах юм.

2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Т.Ч нь өөрийн эхнэр О.О-т хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийн талаар эргэлзээ үүссэн тул шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дахин шинжилгээ хийлгэсэн байна.

Харилцан зөрүүтэй гарсан хоёр дүгнэлтийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан сүүлийн дүгнэлтийг шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны эцэст үндэслэлтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Т.Ч-т холбогдох дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Учир нь дээрх хуулийн мөн зүйл, хэсэгт заасан “шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэрэг гарсан байдлаас гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үздэг болно.

Тиймээс хохирогчийн биед учирсан гэх хөнгөн зэргийн гэмтэл бодитой эсэх талаар анхан шатны шүүх дахин шинжилгээ хийлгэж, сүүлийн дүгнэлтийг эргэлзээгүй хэмээн хүлээн зөвшөөрч, үүнийхээ үндэслэлийг тодорхой зааж, холбогдох шийдвэрийг гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Харин ийнхүү шийдвэрлэхдээ анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж буйг бичилгүй орхигдуулсныг залруулах боломжтой гэж үзнэ.

Хоёр шатны шүүх Б.Д, Т.Ч, “Б” ХХК нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийснээс гадна Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг, шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...учруулсан” гэсний дараа “буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...” гэсэн нэмэлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг, шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                           Ч.ХОСБАЯР