Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 5098

 

2016 оны 09 сарын 13 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05098

                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Дан 12 дугаар гудамж, 03 тоотод оршин суух, ЧК61011608 регистртэй, Боржигин овогт Яринпилын Нарантуяагийн,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Я.Нарантуяа, гэрч Н.Энхнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.Нарантуяа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс Барилгын Техник Мэргэжлийн 3 дугаар дунд сургуульд химийн багшаар ажилласан. Улсын архиваар ажилд орсон, ажлаас гарсан тушаалаа шүүлгэхэд миний ажиллаж байсан Барилгын техник Мэргэжлийн 3 дугаар дунд сургуулийн баримт шинэчлэгдэж ирээгүй тул холбогдох баримтыг шүүж үзэх, лавлагаа гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. Манай сургуулийн архивт гал гарсны улмаас материалуудыг шилжүүлээгүй байх. Сургуулийн тэр үед ажиллаж байсан багш нар одоо тэтгэвэрт гарах болохоор хөдөлмөрийн дэвтрээс өөр зүйл олдохгүй ийм байдалтай болчихоод байна. Иймд намайг Барилгын техник Мэргэжлийн 3 дугаар сургуульд 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Я.Нарантуяа нь Барилгын техник Мэргэжлийн 3 дугаар сургуульд 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Я.Нарантуяа нь 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн АБ яамны 1983 оны 57 тоот томилолтыг үндэслэн химийн багшаар ажиллаж 1991 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн болох нь түүний 026093 лугаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байна. /хх 4/

Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр, Барилгын техник мэргэжлийн 3 дугаар сургуульд Монгол хэл, Уран зохиолын багшаар ажиллаж байсан Н.Энхнасан болон тус сургуульд хүний нөөц, захирлын туслахаар ажиллаж байсан Боролзой овогт Сэнгээгийн Баярхүү нарын Я.Нарантуяаг тус сургуульд Химийн багшаар ажиллаж байсан талаар гаргасан тодорхойлолт /хх 7-9/, Н.Энхнасан болон С.Баярхүү нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогогдож байх тул Яринпил овогтой Нарантуяаг Барилгын техник Мэргэжлийн 3 дугаар дунд сургуульд 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Химийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, ЧК61011608 регистртэй,  Боржигин овогт Яринпилын Нарантуяаг Барилгын техник Мэргэжлийн 3 дугаар дунд сургуульд 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Я.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА