Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 943

 

 

“Мөнх орших капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00312 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Мөнх орших капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Туяа, Ж.Сэнгээ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 38 801 920 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Амармэнд, Г.Амартүвшин нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай,

Хариуцагч Ч.Туяа,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Амармэнд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага иргэн Ч.Туяа, Ж.Сэнгээ нарын хүсэлтийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ2016/43 дугаар бүхий зээлийн гэрээг байгуулан 30 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай буюу 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн энэхүү гэрээний дагуу БГ2016/32 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 1-60 дугаар байрны 22 тоот хаягт байрлах 37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан. Зээлийн гэрээний хавсралт А буюу зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2016 оны 2, 3, 4 дүгээр саруудад зөвхөн зээлийн хүүг төлөх, 2016 оны 5 дугаар сараас хойш үлдсэн саруудад хүү зээлээ хамтад нь төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл зээлдэгч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 29 450 000 төгрөг, хүүгийн төлбөрт 3 435 834 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 687 166 төгрөг, нийт төлвөл зохих 33 537 000 төгрөгийн төлбөртэй байсан. Манай байгууллагаас зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэхийг удаа дараа сануулсан боловч ийнхүү хугацаа хэтрүүлсэн тул ЗГ2016/43 дугаартай зээлийн гэрээний 7.1.1-д заасныг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/42 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, дээр дурдсан төлбөрийг 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг болон хэрэв энэхүү хугацаанд зохих ёсоор тооцоо хийгээгүй тохиолдолд шүүхийн байгууллагад шилжүүлэх болсноо мэдэгдсэн. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч өнөөдрийн байдлаар төлбөрөө хийгээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний 7.1.13-7.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 29 450 000 төгрөгийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 2 сар 3 хоногийн хүүгийн төлбөр 3 092 249 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 618 449 төгрөг, нийт 3 710 698 төгрөгийг нэмж төлөх үүргийг хүлээлгэх үндэслэл болох юм. Иймээс хариуцагч нараас нийт 38 815 098 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний тооцоолол, зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр нотлогдож байгаа. Барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах шаардлага гаргасныг дэмжиж байна. Хариуцагч нар манай байгууллагатай хийсэн зээлийн гэрээний дагуу энэ төлбөрийг хугацаандаа төлсөн бол 4 хувиар бодох байсан боловч хугацаа хэтрүүлсэн тул 5 хувиар бодож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу тохирсон хүү болон нэмэгдүүлсэн хүүг зээлийн үлдэгдлийг төлж дуусах хүртэл хугацаагаар нэхэмжилнэ гэж заасны дагуу гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24.3, 30.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг тооцвол үндсэн зээлийн төлбөр 29 440 000 төгрөг, хүү 7 800 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 560 320 төгрөг, нийт 38 801 920 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Туяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагаас 30 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд дараах байдлаар төлсөн байна. 2015 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 1 240 000 төгрөг, 3 дугаар сарын 19-ний өдөр 1 120 000 төгрөг, 4 дүгээр сарын 19-ний өдөр 1 240 000 төгрөг, 5 дугаар сарын 21-ний өдөр 1 555 000 төгрөг, 6 дугаар сарын 26-ны өдөр 1 670 000 төгрөг, 6 дугаар сарын 29-ний өдөр 295 000 төгрөг, 7 дугаар сарын 19-ний өдөр 1 200 000 төгрөг, 8 дугаар сарын 19-ний өдөр 1 240 000 төгрөг, 8 дугаар сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулсан. 9 дүгээр сарын 19-ний өдөр 1 033 400 төгрөг, 10 дугаар сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг гэх зэргээр төлж байгаад зээлийн гэрээ дуусгавар болж, дахин зээлийн гэрээнд сунгалт хийхдээ дахин мөнгө зээлж авсан мэтээр гэрээ байгуулсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь өмнөх гэрээний үргэлжлэл байсан юм. Ингээд гэрээгээ сунгаснаас хойш дараах байдлаар дахин төлсөн. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 800 000 төгрөг, 2 дугаар сарын 12-ны өдөр 1 240 000 төгрөг, 3 дугаар сарын 12-ны өдөр 1 160 000 төгрөг, 4 дүгээр сарын 12-ны өдөр 1 240 000 төгрөг, 5 дугаар сарын 12-ны өдөр 2 100 000 төгрөг төлсөн байна. Миний бие зээл, зээлийн хүүг хугацаанд нь хариуцлагатайгаар төлж байсан боловч банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү хэт өндөр байгаа тул сүүлийн үед төлж чадахаа байсан. Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Сүүлд байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд анх байгуулсан зээлийн гэрээний дагуу би үүргээ гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Анх би 30 000 000 төгрөг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан 1 сарын хүү 1 200 000х6 сар=7 200 000 төгрөг, үндсэн зээл 30 000 000 төгрөг, нийт 37 200 000 төгрөг төлөх ёстойгоос 25 133 400 төгрөг төлсөн бөгөөд үүнийг хасвал 12 066 600 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЧД71022463 регистртэй Сэрээтэр овогт Чимэдрэгзэнгийн Туяа, хариуцагч ЧД57111075 регистртэй Жамъяндагва овогт Жамъяндагвын Сэнгээ нараас 38 801 920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мөнх орших капитал ББСБ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 1-60 байрны 22 тоотод байрлах 000340591 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2205014757 тоот улсын бүртгэлийн дугаартай, 37 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403 175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 351 960 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Амармэнд, Г.Амартүвшин нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон. Хариуцагчийн зүгээс "Мөнх орших капитал ББСБ” ХХК болон Ч.Туяа, Ж.Сэнгээ нарын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж хариу тайлбар гаргасан, энэхүү зээлийн гэрээгээр хариуцагч нь 30 сая төгрөгийг бодитоор хүлээн аваагүй ба өмнөх буюу 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгохтой холбогдуулан ББСБ-аас дарамт шахалтаар дахин мөнгө зээлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулсан, энэ нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдсон. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр 30 сая төгрөгийг хариуцагчид бодитоор шилжүүлж өгөөгүй ба өмнөх зээлийн гэрээг дуусгавар болгохын тулд хариуцагчид дарамт шахалт үзүүлж, улмаар тухайн ББСБ-ын ажилтан Т.Мөнхмандах нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 25 сая төгрөгийг өөрийн кассанд орлого хийхдээ хариуцагч Ч.Туяаг тушаасан болгож гарын үсэг зурсан байдаг. Энэ нь гэрчээр оролцсон түүний мэдүүлгээр нотлогддог. Мөн зээлийн гэрээний үлдэгдэл 25 сая төгрөгийг зээлдэгч Ч.Туяа буцаан төлсөн болгон харагдуулсны дараа бодит байдал дээр 25 сая төгрөгөө 30 сая төгрөг болгон дахин 1 жилийн хугацаатай гэрээг хариуцагчтай байгуулсан. Ингэхдээ 30 сая төгрөгийг зээлдэгчид олгоогүй. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний 3.2.1-д заасныг ноцтой зөрчсөн.

Хариуцагчийн зүгээс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 30 сая төгрөгийг хүлээж аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс дээрх хуулийн дагуу зээлийн мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн болохоо нотлох ёстой байсан. Гэтэл шүүх "Ч.Туяа гэрээний дагуу 30 сая төгрөгийг бэлнээр хүлээн аваагүй гэж маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлыг баримтаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй, мөн зээлийн гэрээ байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн "кассын зарлагын ордер"-т 30 сая төгрөгийг хүлээн авсан болохоо баталгаажуулан гарын үсэг зурсан" гэсэн дүгнэлт хийсэн байдаг. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 30 сая төгрөгийг хариуцагч бодитоор аваагүй тул үүнийг хариуцагч нотлох шаардлагагүй, харин нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд хуульд заасны дагуу шилжүүлсэн болохоо нотлох ёстой байхад энэ байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Мөн шүүхийн хийсэн дээрх дүгнэлт дараах байдлаар няцаагдана. Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулахдаа нэхэмжлэгчээс 29 500 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хаан банкны дансы хуулга хэрэгт авагдсан. Энэ нь холбогдох хуулийг зөрчөөгүй. Харин 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 30 сая төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн болохоо нэхэмжлэгч нотолж чадаагүй нь холбогдох хууль зөрчиж хариуцагчид дарамт шахалт үзүүлж хийсвэр гэрээ байгуулсныг нотлож байгаагаас гадна, зээл олгоогүй атлаа үндэслэлгүйгээр мөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн, мөн олгоогүй зээлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байдаг. Иргэний хуулийн 282.4-т зааснаар "мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог" ба 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ нь энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй тул уг зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй байсан. Гэтэл шүүх хүчин төгөлдөр бус гэрээний харилцаанд эрх зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээнд хангасан нь хариуцагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хууль бус шийдвэр болсон. Мөн шүүх 25 сая төгрөгийн зээл хаасан баримтад эрх зүйн дүгнэлт хийснээс үзэхэд 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг ББСБ-аас өөрийн дураар хаасныг шүүх нотолж дүгнэсэн атлаа 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид дансаар мөнгө шилжүүлээгүй байхад бэлнээр авсан мэтээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хийсвэр дүгнэлт хийсэн нь эрх зүйн үндэслэлгүй юм. 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг эцэслэн дүгнэвэл уг зээлийн гэрээний дагуу 25 000 000 төгрөгийн үндсэн зээлийг төлөх нь хуульд нийцэх ба үүнээс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 800 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 1 240 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 1 160 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1 240 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2 100 000 төгрөг, нийт 6 540 000 төгрөг төлсөн тул /25.000.000-6.540.000/ 18 640 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр хариуцагч нарт үлдсэн. Гэхдээ энэ төлбөр бол 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй зээлийн гэрээ тул энэхүү гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм.

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т.Баярдалай нь нэхэмжлэлийн шаардлагыг 3 710 698 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Итгэмжлэлийн агуулгаас харахад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхийг "Мөнх орших капитал ББСБ” ХХК-иас төлөөлөгчид олгоогүй байхад шүүх уг нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлүүдэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхийг хуульчлан тогтоогоогүй, мөн тухайн хуулийн этгээдээс төлөөлөгчид эдлүүлэх эрхийг тухайлан зааж итгэмжлэл олгохдоо нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхийг итгэмжлэлд тухайлан заагаагүй. Иймээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг "Мөнх орших капитал ББСБ” ХХК-иас гаргасан гэх эрх зүйн үндэслэлгүй тул холбогдох 3 710 698 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй тул 25 сая төгрөгийн баримтад шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзах талаар санал тавьсан ба хариуцагчийн зүгээс уг хүсэлтээсээ татгалзсан боловч нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэх тохиролцооноосоо буцсан тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг шүүх хангаагүй боловч гэрчээр оролцсон Т.Мөнхмандах нь хариуцагч Ч.Туяаг гарын үсэг зураагүй болохыг нотолж гэрчилсэн боловч н.Чинбат гэх хүнээр дамжуулан зээлээ хаалгуулсан мэтээр үндэслэлгүйгээр худал мэдүүлэг өгсөн байдаг. Зээлийн барьцаанд бариулсан орон сууцыг дарамт шахалт үзүүлсний улмаас худалдах-худалдан авах гэрээг тухайн ББСБ-ын ажилтан гэрчээр оролцсон Т.Мөнхмандахтай байгуулсан. Харин хэн нэгэн зээл хаадаг этгээдээр би зээлээ хаалгуулаагүй, зээл хаадаг н.Чинбат гэх хүнтэй орон сууц худалдах- худалдан авах гэрээг байгуулаагүй болно.

Шүүх хуралдаан болох товыг Ч.Туяа хүлээн авсан боловч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагаас болох ёстой хурлыг 11 цагаас гэж ташаа ойлгосон. Шүүгчийн туслах тухайн үед над руу хурал болох гэж байгаа талаар утсаар ярьсан ба би 10:30 минутын үед өмгөөлөгч нарын хамт яаравчлан очиход шүүх хуралдаан хэдий нь болоод завсарласан байсан. Би тухайн өдөр өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргах, шүүх хуралдаанд орж мэтгэлцэх зорилго байсан боловч дээрх шалтгааны улмаас хуралдаанд оролцож чадаагүй. Нэхэмжлэгчийн хэлсэнчлэн хугацаа хожих, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 18 640 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 20 161 920 төгрөгийг үндэслэлгүйгээр гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний эрх, үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Мөнх орших капитал ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Туяа, Ж.Сэнгээ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35 104 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 38 815 098 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдааны явцад багасгаж 38 801 920 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Мөнх орших капитал ББСБ” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ2015/02 тоот зээлийн гэрээгээр Ч.Туяа, С.Түвшинтөгс нарт 30 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар, бизнесийн зориулалтаар, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ2016/43 тоот зээлийн гэрээгээр хариуцагч Ч.Туяа, Ж.Сэнгээ нарт 30 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаагаар тус тус зээлдүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2016/32 тоот барьцааны гэрээгээр Ж.Сэнгээ, С.Түвшинтөгс, Ж.Туяа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205014757 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол 1-60 байр, 22 тоот, 37 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь хэргийн 11-15, 26-28 дугаар талд авагдсан зээл хүссэн өргөдөл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Дээрх зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээнүүдийн дагуу 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваариас үзвэл талууд зээл эргэн төлөлтийн хуваарийг баталсан ба талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.4-т зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд  гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна.

 

Хариуцагч Ч.Туяа, Ж.Сэнгээ нар нь гэрээний 2.2-т заасан үндсэн зээл, зээлийн хүүг энэхүү гэрээний хавсралт №1 заасны дагуу төлөх, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээний 4.1.3-т заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч “Мөнх орших капитал ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 29 440 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7 801 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 560 320 төгрөг, нийт 38 801 920 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хэргийн 71 дүгээр талд итгэмжлэл авагдсан байх бөгөөд уг итгэмжлэлд иргэн Ж.Сэнгээ, С.Түвшинтөгс, Ч.Туяа нарын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг “Мөнх орших капитал ББСБ” ХХК-ийн 2 удаа өгсөн нийт 60 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавих, барьцаалбар бүртгүүлэх, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, түрээслэх, худалдах-худалдан авах гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хийх эдгээртэй холбоотой бусад бүрэн эрхийг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаатайгаар Ч.Туяад Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу олгожээ.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 1-60 байрны 22 тоотод байрлах Ү-2205014757 тоот улсын бүртгэлийн дугаартай, 37 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хэргийн 77 дугаар талд авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн кассын зарлагын ордероор хариуцагч Ч.Туяа нь 30 000 000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн эргэн төлөлт хийсэн баримтуудаас үзэхэд талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 3 710 698 төгрөгөөр нэмэгдүүлсэн ба нэхэмжлэгч “Мөнх орших капитал ББСБ” ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Т.Баярдалайд итгэмжлэл олгохдоо үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхийг болон иргэний хэргийг шүүхээр /анхан шат, давж заалдах шат, хяналтын шат/ хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгчийн эдэлдэг бүх эрхийг эдэлж, нэхэмжлэлийн зарим хэсгээс буюу эсхүл бүхэлд нь татгалзах, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, эвлэрэх, шүүхийн шийдвэрт гомдол гаргах гүйцэтгэх хуудсыг бичүүлж авах зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаагаар олгожээ.                                                           

 

Хэргийн 59 дүгээр талд авагдсан итгэмжлэлээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгчийн эдэлдэг бүх эрхийг итгэмжлэлээр олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхийг “Мөнх орших капитал ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Бат-Ирээдүйгээс олгосон гэж үзнэ. Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Ч.Туяа нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Ч.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 760 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ