Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/01582

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01501 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2017/01802 дугаар магадлалтай,

Н.Бгийн нэхэмжлэлтэй

Ч Х ОУ Н БТӨААТҮГ-т холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай, хариуцагчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чингис хаан ОУНБ-ын Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэст 2013 оноос Бүртгэлийн нягтлан бодогчоор хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллахдаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Оны эцэс болж тайлан бланс гаргаж байсан үе буюу 2017 оны 1 сарын 16-ны орой би найз нартайгаа уулзахаар товлосон байсан. Ингээд ажил ихтэй дэлгүүр гарч, хүнс цуглуулж чадаагүй учраас 16.00 цагийн үед ерөнхий нябо Ц.Цацралыг манай өрөөнд орж ирэхэд 24 будвайзер, 12 жүүс, 2 вино агуулахаас авч болох уу, мөнгийг нь тушаая гэж асуухад Ц.Цацрал нябо зөвшөөрөл өгсний дагуу Сүхээ няравт хэлээд агуулахаас гаргахдаа ачигч дуудаад гаргаад өгөөч гэж хэлсэн. Сүхээ ачигчийг барааг аваад гарч байх үед нисэх буудлын захирал Д.Мөнхбаатартай тааралдаж тухайн бараа материалыг хараад цагдаа дуудсан. Би амаар тохирсны дагуу ерөнхий нябогоор шаардахаа цохуулаад өөр лүүгээ авлага үүсгэн бичиж падаан гаргаад уг бараа материалын төлбөр болох 78 600 төгрөгийг тус байгууллагын дансанд тэр өдрийн 19 цаг 25 минутад төлсөн. Үүнээс хойш нисэхийн цагдаа болон нярав Сүхээ, захиргааны менежер Энхбаатар нарыг дуудаж Цагдаагийн хэлтсээс бичиг ирсэн гээд уншуулсан. 2017 оны 3 сарын 20-ны 17 цагийн үед захиргааны бичиг хэрэг Пүрэвдулам утсаар дуудаж халагдах тушаалаа ав гэж хэлсэн. Тушаалыг харахад 2017 оны 1 сарын 16-ны өдөр болсон явдалтай холбоотойгоор гарсан байсан. Ингээд тушаалаа авалгүйгээр захирал Д.Мөнхбаатарт өргөдөл гаргасан боловч уг өргөдлийн хариуг 2017 оны 3 сарын 30-ны өдөр хүртэл өгөөгүй байна. Хариу өгөөгүй тул халагдах тушаалаа бичиг хэргээс 2017 оны 3 сарын 29-ний өдөр гарын үсэг зурж хүлээн авсан. Иймд 2017 оны 3 сарын 20-ны өдрийн Б/162 дугаар захирлын тушаал үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан, энэ шаардлагаа дэмжиж байна. Мөн ажлаас халагдсан тушаал гарсан өдрөө буюу 2017 оны 3 сарын 22-ны өдөр буудлын захирлын Б/171 дугаар тушаалаар Н.Б намайг Аж ахуй хангамжийн тасагт аэродромын няраваар 2017 оны 3 сарын 23-ны өдрөөс томилсон бөгөөд миний бие уг ажлыг хүлээж аваагүй. Ээлжийн амралтаа аваад эргээд иртэл мөн захирлын 2017 оны 5 сарын 3-ны өдрийн Б/256 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр гэж ажлаас чөлөөлсөн байсан. Иймд уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн билээ. Гэвч одоо Чингис хаан ОУНБ-ын захирлын 2017 оны 5 сарын 3-ны өдрийн Б/256 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна. Мөн уг зөрчлийг 2017 оны 1 сарын 16-ны өдөр гаргасан байхад 2 сарын дараа арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т заасан илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрснийг анхаарч үзнэ үү гэжээ.

Хариуцагч Ч Х ОУ Н Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Б нь 2017 оны 01 сарын 16-ны орой 19 цагийн үед нисэх буудлын хүндэт зочдын танхим, Бизнес танхим, ресторан зэрэг газруудаар худалдан борлуулах бараанаас 24 будвайзер, 12 жүүс, 2 виног агуулахаас ачигчаар гаргуулж явах үедээ нисэх буудлын захирал Д.Мөнхбаатартай тааралдаж баригдсан байдаг. Гэтэл энэ үйлдэл нь ажлын цаг дууссан хойно өөрийн албан тушаалын байдлаа ашиглан агуулахаас нь гаргуулж хувьдаа байгууллагын эд хөрөнгийг завшисан үйлдэл бөгөөд энэ нь ажилтантай байгуулсан тус буудлын Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.з-д “Ажилтан ёс зүйн ноцтой зөрчил гаргаж байгууллагыг болон ажилтныг хуурч мэхлэх үйлдэл хийсэн нь нотлогдсон бол”, 4.2.3.с-д “Ажилтан бусад байгууллага, хувь хүнтэй хамтран хуйвалдааны журмаар байгууллагын өмч хөрөнгийг ашигласан, эсвэл ашиглах боломж олгосон бол”,хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.22 “Ажилтан байгууллагын мөнгө, хөрөнгөд албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн, урвуулан ашиглаж хохирол учруулсан нь нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд”, 4.2.3.ч-д заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил болох нь тогтоодсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлсөн. Иймд захирлын 2017 оны 3 сарын 20-ны өдрийн Б/162 дугаар захирлын тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан тул энэ шаардлагад тайлбар байхгүй. Харин зөрчил гаргаснаас хойш тушаал 2 сарын дараа гарсан нь үнэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрөөгүй тул арга хэмжээ авсан тушаал үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд илрүүлснээс хойш 1 сар гэсэн нь хамааралгүй юм гэв

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01501 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Бгийн хариуцагч Чингис хаан ОУНБ-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, Чингис хаан ОУНБ-ын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Н.Б нь Чингис хаан ОУНБ-д холбогдуулан Чингис хаан ОУНБ-ын захирлын 2017 оны 5 сарын 3-ны өдрийн Б/256 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2017/01802 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01501 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал хяналтын гомдолдоо: Миний бие Ш.Самал нь Н.Бгийн нэхэмжлэлтэй, "Буянт Ухаа" дахь Чингис Хаан олон улсын нисэх буудал" ТӨААТҮГ-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Н.Бгийн 2017 оны 09 сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 2017 оны 08 сарын 11-ний өдрийн 210/МА2017/01802 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдол гаргаж байна. 1.Шүүх тухайн магадлалын хянавал хэсэгт "... хэрэгт нотлох баримтаар авагдсан сиди бичлэгийг шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хэдий ч ИХШХШТХ-ийн 45 дугаар зүйлийн 45.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасныг үндэслэн уг цахим мэдээллийг бэхжүүлээгүй, дуу болон дүрс бичлэгт үзлэг хийх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна" гээд хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн байна. ИХШХШТХуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т тухай эд мөрийн баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй тохиолдолд байгаа газарт нь үзлэг хийх, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1т хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийнэ, 51 дүгээр зүйлийн 51.2-т үзлэг хийж тэмдэглэл хөтөлнө гэж заасан байна. Гэтэл дээрх дүрс бичлэгийг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд үүнийг заавал хэргийн газарт очиж үзлэг хийж бэхжүүлэх шаардлага байгаагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. 2. Ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 03 сарын 20-ны өдрийн Б/162 дугаар тушаалд үндэслэл болгоод буй ноцтой зөрчлүүдийн хувьд бүрэн, бодитойгоор тогтоогдсон гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл ажлаас халах тушаалд дурдсан үгсэн хуйвалдсан, мэдэгдэлгүйгээр бараа материал авсан, байгууллагыг хохироосон зүйл байхгүй юм. 3. Түүнчлэн хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т "Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасан. Хууль нь салаа утгагүй бөгөөд бүх хүн уншиж ойлгох боломжтой байдлаар бичигдсэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалт нь 2 утгыг агуулж байгаа гэж үзэж байна. Үүнд: зөрчил гарсан боловч үүнийг илрүүлж чадаагүй байсан тохиолдолд 6 сарын дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусах бөгөөд харин тухайн зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан зохицуулалт гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд зөрчлийг 2017 оны 01 сарын 27-ны өдөр илрүүлсэн бөгөөд арга хэмжээг 2017 оны 03 сарын 20-ны өдөр авсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай хяналтын гомдолдоо: Хариуцагчийн зүгээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 сарын 11-ний өдрийн 210/МА2017/01802 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ, хэрэгт нотлох баримтаар авагдсан сиди бичлэгийг шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт заасан журмын дагуу уг цахим мэдээллийг бэхжүүлээгүй, дуу болон дүрс бичлэгт үзлэг хийх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, нотлох чадвараа алдсан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа ач холбогдолтой зарим нөхцөл байдлыг тодруулах, шаардлагатай гэж үзсэн нотлох баримтыг мөрдөн шалгах зарчмыг үндэслэн цуглуулах, нягтлан үзэх, харьцуулан судлах бүрэн эрхтэй байдаг. Гэвч шүүх талуудаас гаргаж өгсөн, шүүх хуралдааны мэтгэлцээний явцад талуудын маргаагүй нотлох баримтад үзлэг хийлгэх шаардлагагүй юм. Мөн 2017 оны 01 сарын 16-ний өдрийн камерийн сиди бичлэг нь дан ганцаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг нотлоогүй өөр бусад байдлаар тогтоогдсон. Үүнд:

1.Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн албан мэдэгдэл-2017.01.26, №01

2.Ц.Цацралын 2017.03.06-ны өдрийн “Хэвлэл мэдээлэл хуулийн хэлтэст” гаргасан тайлбар

3. Зарлагын падаан-2017.01.16, №1/16

4. Бараа материалын шаардах хуудас-2017.01.16

Ийнхүү давж заалдах шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан сиди бичлэгийг бэхжүүлээгүй, дуу болон дүрс бичлэгт үзлэг хийх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “ноцтой” зөрчил биш юм. Улмаар энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй, хэргийн оролцогчийн эрхийг хөндөөгүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болдоггүй. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 сарын 11-ний өдрийн 210/МА2017/01802 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч “Чингис хаан олон улсын нисэх буудал” ТӨААТҮГазарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл хөдөлмөрийн гэрээний 4.2.3.с-д заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, ажил олгогч зөрчлийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр илрүүлсэн боловч арга хэмжээг мөн оны 3 дугаар сарын 20-ны өдөр авсан нь хууль зөрчсөн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэн гомдлыг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн гомдлыг тус тус гаргажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан аль нэг үндэслэлд нийцээгүй тул хүчингүй болгоно.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн сиди бичлэгийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 45 дугаар зүйлийн 45.2, 51 дүгээр зүйлийн 51.2-т заасан журмын дагуу бэхжүүлээгүй нь буруу боловч уг бичлэг дэх үйл баримт буюу нэхэмжлэгч ажлын байрнаас байгууллагын эд зүйлийг авч гаргасан талаар зохигчид маргаагүйгээс гадна хариуцагчийн зүгээс энэ талаарх бичмэл баримтуудыг шүүхэд өгч, гэрч Ц.Цацралын мэдүүлгийг шүүхээр бүрдүүлсэн, дахин нотлох шаардлагагүй байхад сиди-г бэхжүүлэх нь ач холбогдолгүй байжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдол үндэслэлтэй байна.

Ажил олгогчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/162 дугаар тушаалд  Н.Бг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь халжээ. Тухайн өдөр нэхэмжлэгч нь зохих зөвшөөрөлгүйгээр бизнес танхим, ресторан зэрэг газруудаар худалдан борлуулдаг бараанаас согтууруулах ундааны зүйл, жүүс зэргийг авч явсан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 4.2.3.с-д заасан “ажилтан бусад байгууллага, хувь хүнтэй хамтран хуйвалдааны журмаар байгууллагын өмч хөрөнгийг ашигласан...” ноцтой зөрчил болох тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчөөгүй байна. 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөх үндэслэлтэй. Ажилтан аливаа зөрчил гаргасан бол ажил олгогч нь 6 сарын дотор илрүүлэх, хэрэв зөрчлийг илрүүлсэн бол илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авах ёстой байна.

Ажилтныг эд зүйл авч байхыг ажил олгогч мэдэж өөрийн харъяаллын Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр /хх-33/ зөрчил гарсныг мэдээлсэн ба ажил олгогч өөрөө зөрчлийг шалгаж, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зөрчлийг тогтоож, илрүүлсэн гэжээ. Зөрчлийг илрүүлэх гэдгийг олж харсан үеэс биш зөрчил мөн эсэхийг шалгаснаар илрүүлсэн гэх ажил олгогчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр илрүүлж, ийнхүү илрүүлснээс хойш 1 сарын дотор буюу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй болно. Иймд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2017/01802 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.УНДРАХ

                              ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА