Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1802

 

    Н.Баярмаагийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01501 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Баярмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал” ТӨААТҮГазарт холбогдох      

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Баярмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Чингис хаан” ОУНБ-ын Санхүү нягтлан бодох бүртгэлтийн хэлтэст 2013 оноос Бүртгэлийн нягтлан бодогчоор хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллахдаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Оны эцэс болж тайлан баланс гаргаж байсан үе буюу 2017 оны 01 дүгээр сарын 16-ны орой би найз нартайгаа уулзахаар товлосон байсан. Ингээд ажил ихтэй дэлгүүр гарч, хүнс цуглуулж чадаагүй учраас 16.00 цагийн үед ерөнхий нягтлан бодогч Ц.Цацралыг манай өрөөнд орж ирэхэд 24 будвайзер, 12 жүүс, 2 вино агуулахаас авч болох уу, мөнгийг нь тушаая гэж асуухад Ц.Цацрал нягтлан бодогч зөвшөөрөл өгсний дагуу нярав Сүхээд хэлээд агуулахаас гаргахдаа ачигч дуудаад гаргаад өгөөч гэж хэлсэн. Сүхээ ачигчийг бараа аваад гарч байх үед нисэх буудлын захирал Д.Мөнхбаатартай тааралдаж тухайн бараа материалыг хараад цагдаа дуудсан. Би амаар тохирсоны дагуу ерөнхий нягтлан бодогчоор шаардахаа цохиулаад өөр лүүгээ авлага үүсгэн бичиж падаан гаргаад уг бараа материалын төлбөр 78 600 төгрөгийг байгууллагын дансанд тэр өдрийн 19 цаг 25 минутад төлсөн. Үүнээс хойш нисэхийн цагдаа болон нярав н.Сүхээ, захиргааны менежер н.Энхбаатар нарыг дуудаж Цагдаагийн хэлтсээс бичиг ирсэн гээд уншуулсан. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн үед захиргааны бичиг хэрэг н.Пүрэвдулам утсаар дуудаж халагдах тушаалаа ав гэж хэлсэн. Тушаалыг харахад 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болсон явдалтай холбоотой гарсан байсан. Ингээд тушаалаа авалгүйгээр захирал Д.Мөнхбаатарт өргөдөл гаргасан боловч 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хариу өгөөгүй тул халагдах тушаалаа бичиг хэргээс 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурж хүлээн авсан. Иймд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/162 дугаар захирлын тушаал үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Мөн ажлаас халагдсан тушаал гарсан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр буудлын захирлын Б/171 дүгээр тушаалаар намайг Аж ахуй хангамжийн тасагт аэродромын няраваар 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс томилсон бөгөөд миний бие уг ажлыг хүлээж аваагүй. Ээлжийн амралтаа аваад эргээд иртэл мөн захирлын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/256 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр гэж ажлаас чөлөөлсөн. Иймд уг тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн боловч одоо “Чингис хаан” ОУНБ-ын захирлын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/256 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна. Мөн уг зөрчлийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан байхад 2 сарын дараа арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснийг анхаарч үзнэ үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Н.Баярмаа 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой 19 цагийн үед нисэх буудлын хүндэт зочдын танхим, Бизнес танхим, ресторан зэрэг газруудаар худалдан борлуулах бараанаас 24 будвайзер, 12 жүүс, 2 виног агуулахаас ачигчаар гаргуулж явах үедээ нисэх буудлын захирал Д.Мөнхбаатартай тааралдаж баригдсан байдаг. Гэтэл энэ үйлдэл нь ажлын цаг дууссан хойно өөрийн албан тушаалаа ашиглан агуулахаас гаргуулж хувьдаа байгууллагын эд хөрөнгийг завшисан үйлдэл бөгөөд энэ нь ажилтантай байгуулсан тус буудлын Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.з-д “Ажилтан ёс зүйн ноцтой зөрчил гаргаж байгууллагыг болон ажилтныг хуурч мэхлэх үйлдэл хийсэн нь нотлогдсон бол”, 4.2.3.с-д “Ажилтан бусад байгууллага, хувь хүнтэй хамтран хуйвалдааны журмаар байгууллагын өмч хөрөнгийг ашигласан, эсвэл ашиглах боломж олгосон бол”, хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.22-д “Ажилтан байгууллагын мөнгө, хөрөнгөд албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн, урвуулан ашиглаж хохирол учруулсан нь нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд”, 4.2.3.ч-д заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил болох нь тогтоодсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажлаас чөлөөлсөн. Иймд захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/162 дугаар тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан тул энэ шаардлагад тайлбар байхгүй. Харин зөрчил гаргаснаас хойш тушаал 2 сарын дараа гарсан нь үнэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрөөгүй тул арга хэмжээ авсан тушаал үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд илрүүлснээс хойш 1 сар гэсэн нь хамааралгүй юм гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Баярмаагийн хариуцагч “Чингис хаан” ОУНБ-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, “Чингис хаан” ОУНБ-ын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  

          Нэхэмжлэгч Н.Баярмаа нь Чингис хаан ОУНБ-д холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-ын захирлын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/256 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн албан мэдэгдэлд үндэслэн Буянт ухaa дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/162 тоот тушаалаар Н.Баярмааг ажлаас чөлөөлсөн байдаг. Дээрхи мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр захирал Д.Мөнхбаатарт өгсөн бөгөөд ийнхүү мэдэгдэп хүлээн авснаас 1 cap 20 гаруй хоногийн дараа Н.Баярмааг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан "Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 cap, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасныг зөрчсөн. Шүүх энэ үндэслэлд зөв дүгнэлт хийгээгүй. Н.Баярмааг Хөдөлмөрийн гэрээний 4.2.3с /Ажилтан бусад байгууллага, хувь хүний хамтран хуйвалдааны журмаар байгууллагын өмч хөрөнгийг ашигласан, эсвэл ашиглах боломж олгосон бол/-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Үүнийг “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Аж ахуй хангамжийн тасгийн Хангамжийн нярав ажилтай Д.Сүхээтэй холбон тайлбарладаг боловч Д.Сүхээг дээрхи үндэслэлээр ажлаас халаагүй гэдгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр хэлдэг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар Д.Сүхээг ажлаас чөлөөлсөн тушаалыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал энэ баримтыг өөрөө олж авах боломжгүй гэдгээ нотлоогүй гэх үндэслэл зааж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Д.Сүхээг ажлаас чөлөөлсөн тушаал Н.Баярмаад хамааралтай баримт биш тул өөрөө олж авах боломжгүй гэдэг илэрхий бөгөөд үүнийг нотлох шаардлага үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, нотлох баримт гаргуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, эрх тэгш мэтгэлцэх нөхцөл боломжоор хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Н.Баярмаа хариуцагч “Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал” ТӨААТҮГазарт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ, хэрэгт нотлох баримтаар авагдсан Сиди бичлэгийг шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт заасан журмын дагуу уг цахим мэдээллийг бэхжүүлээгүй, дуу болон дүрс бичлэгт  үзлэг хийх  хуулиар тогтоосон журмыг зөрчсөн  болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, нотлох чадвараа алдсан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэх үндэслэлтэй. 

Давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01501 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ  

                                                  ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД                       

                                                                                                            Д.БАЙГАЛМАА