Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01545

 

Т.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01563 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1718 дугаар магадлалтай,

Т.Эгийн нэхэмжлэлтэй

СБД-ийн ЗДТГт холбогдох

2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5 511 611 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрмаа нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.Э нь СБД-ийн ЗДТГ-ын2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, уг тушаалыг хүчингүй болгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргаж, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж дээрх тушаалыг хангаж хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 163 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Мөн хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 149 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно. Т.Э нь дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх тухай өргөдлийг СБД-ийн ЗДТГт гаргаж, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/198 дугаар тушаалаар ажилдаа томилогдон ажиллаж байгаа. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны 5 511 611 төгрөгийн цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Т.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг дараах байдлаар хэтрүүлсэн байна. Т.Э нь тус дүүргийн 4 дүгээр хорооны зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үүрэгт ажлаас халагдсан ба тэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж нэхэмжлэл гарган Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу дүүргийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Б/198 дугаар тушаалаар Т.Эд цалингийн нөхөн олговорт 6 966 755 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, 4 дүгээр хорооны Зохион байгуулагчаар 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажил хүлээлцүүлж, үүрэгт ажилд нь томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт тус хуулийн 69 дүгээр зүйлд ажлаас буруу, үндэслэлгүй халсан шийдвэртэй холбоотой нөхөн олгох цалингийн талаар шүүхэд гомдол гаргахад тухайн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллага эсхүл шүүхэд гомдол гаргах эрхтэйг хуульчилсан. Харин нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажлаа хүлээж аваад өнөөдрийг хүртэл ямар нэгэн гомдол санал гаргаагүй бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны дотор энэ асуудлаар гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Хариуцагчийн хувьд нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь эгүүлэн томилж, холбогдох тооцоог хийж дуусгасан ба харин нэхэмжлэгч нь тухайн асуудлаар гомдол гаргах тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01563 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар СБД-ийн ЗДТГт холбогдуулан гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5 511 611 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн Т.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Эгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 140 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1718 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Э болон түүнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрмаа нар хяналтын гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/1563 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1718 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч Т.Э миний бие СБД-ийн ЗДТГ 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар ажлаас халагдсан бөгөөд уг тушаалыг хүчингүй болгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл Захиргааны хэргийн анхан шатны 20 дагаар шүүхэд гарган 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг биелүүлэхгүй байсан тул миний бие Сүхбаатар дүүргийн Тамгын газарт шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэх тухай өргөдөл гаргаж 2015 оны 08 дугаар сарын 24-ний Б/98 дагаар тушаалаар би ажилдаа томилогдсон билээ. Миний бие 2017 оны 05 дугаар сард тэтгэвэрт гарах болсон бөгөөд энэ талаар 2017 оны 02 дугаар сард хөөцөлдөхөд нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл бичилт хийгдээгүйг мэдэж энэ хэсэгт нөхөн бичилт хийлгэхгүй бол сүүлийн 5 жилийн дунджаар тооцож тэтгэвэр тогтоох боломжгүйг мэдсэн. Ингээд би өмгөөлөгчөөс зөвлөгөө авч дахин иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар олж мэдэн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би анх 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар ажлаас халагдаж, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай Төрийн албаны зөвлөлийн “хөдөлмөрийн маргаан таслах комисс”-т хандаж Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаа хамааралтай гэж үзэж байгаа болно. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхиж, магадлалын тогтоох хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай” гэжээ. Гэтэл миний бие анх төлүүлсэн бөгөөд давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээн авалгүй тэмдэгтийн хураамж төл гэсний дагуу төлсөн гэтэл магадлалын тогтоох хэсэгтээ төлөөгүй гэсэнд би маш их гомдолтой байна. Би насаараа улсын байгууллагад ажилласан бөгөөд хууль бус шийдвэрийн улмаас ажлаас халагдаж тухайн шийдвэрийг 3 шатны шүүх хуулийн дагуу шийдвэрлэж ажилдаа томилогдсон ч тэтгэвэрт гарах болоход Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болж, хэн нэгэн этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас ажилласан жил дундаа тасалдаж, тэтгэвэр тогтоолгоход дундаа тасалдсан гэж миний тэтгэвэр бага тогтоогдох нөхцөл бий болж шударга ёсны зарчимд нийцээгүй байдал үүсэж, маш их хохиролтой болоод байгааг минь харгалзан үзнэ үү. ...1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ. “Ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хуртэлх хугацаа мөн хамааралтай болно. Иймээс энэ хугацааны цалинг нэхэмжлэгчид олгох нь ажил олгогчийн үүрэг байсан. Гэвч хариуцагч үүргээ биелүүлээгүй бөгөөд Нийслэлийн давж заалдах болон хяналтын шатанд гомдол гаргаж нэхэмжлэгчийг хохироосон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах болон хяналтын шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломжгүй байсан. Иймээс нэхэмжлэгч иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2. Шүүх хэргийг шийдэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасныг баримталсан нь буруу юм. Учир нь мөн хуулийн 129.2-т “Ажилтан ажлаас халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 163 дугаартай магадлал, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 149 дүгээр тогтоолууд гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Энд ХТХ-ийн 129.1-т заасан хугацаа хамааралгүй, Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заасны нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна. Мөн хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна. Гэтэл шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг. Гэтэл анх нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамж төлөхгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахгүй байсан тул шүүхэд нэхэмжлэлээ өгөхийн тулд УТХ төлсөн бөгөөд энэ нь хууль зөрчиж байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1718 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2-т Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр УТХ-д 103 136 төгрөгийг төлсөн болно. УТХ төлсөн байтал шүүх чөлөөлөгддөг гэж заасан нь анхан шатны шүүх шийдвэрээ буруу гаргасан, хуулиа мэддэггүй, илт хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэдгийг нотолж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01563 дугаартай шүүхийн шийдвэр, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1718 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч СБД-ийн ЗДТГт холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 511 611 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр Т.Эг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 10 сар 15 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянагдаж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Т.Эг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилсон, ажилгүй байсан хугацааны олговрыг мөн оны 9 сард олгожээ.

Харин Т.Эгийн хөдөлмөрлөх эрх сэргээгдсэн боловч анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд авах байсан цалин хөлсөөр хохирсон гэж үзэж, энэ талаарх нэхэмжлэлийг шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гаргасан, хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сард тэтгэвэр тогтоолгохдоо нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгээгүйг мэдэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан ба анхан шатны шүүх хуралдаан дээр зохигчид нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх боломжтой эсэх талаар тайлбар гаргасан, энэ асуудлаар мэтгэлцсэн байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй болсон байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараас үзвэл “...зохих бичилтийг хийсэн бол эрхээ зөрчигдөөгүй гэж үзэх...” агуулга байж болохоор, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор авах зорилготой эсвэл ажил олгогчоор зохих бичилт хийлгэснээр эрх зөрчигдөхгүй гэж үзсэн эсэхийг тодруулж, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох шаардлагатай байжээ.

Тэрээр хэргийн 37 дугаар хуудсанд СБД-ийн ЗДТГ нягтлан бодогч А.Оюундарь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хугацааны буюу 2015 оны 01 дүгээр сарын 15-наас 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх цалин хөлсийг тодорхойлсон баримт авагдсан ба уг баримтыг шүүх тодруулаагүй, хэргийн бусад баримттай харьцуулан дүгнээгүй нь учир дутагдалтай болжээ.

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01563 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1718 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 136 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                              П.ЗОЛЗАЯА