Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1563

 

 

 

 

 

 

 

 

  2017 оны 5 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2017/01563

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтай 15-462 тоотод оршин суух, Боржигон овогт Түмэнжаргалын Э /РД: ЧЕ62042803/-гийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

            2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5.511.611,20 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Т.Э нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, уг тушаалыг хүчингүй болгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргаж, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж дээрх тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

            Гэтэл хариуцагч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 163 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

            Мөн хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 149 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.

            Т.Э нь дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх тухай өргөдлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргаж, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/198 дугаар тушаалаар ажилдаа томилогдон ажиллаж байгаа.

            Иймд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны 5.511.611,20 төгрөгийн цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

             Нэхэмжлэгч Т.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг дараах байдлаар хэтрүүлсэн байна. Т.Э тус дүүргийн 4 дүгээр хорооны Зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үүрэгт ажлаас халагдсан ба тэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж нэхэмжлэл гарган Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн.

           Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу дүүргийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Б/198 дугаар тушаалаар Т.Эд цалингийн нөхөн олговорт 6966755 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, 4 дүгээр хорооны Зохион байгуулагчаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажил хүлээлцүүлж, үүрэгт ажилд нь томилсон.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт тус хуулийн 69 дүгээр зүйлд ажлаас буруу, үндэслэлгүй халсан шийдвэртэй холбоотой нөхөн олгох цалингийн талаар шүүхэд гомдол гаргахад тухайн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллага, эсхүл шүүхэд гомдол гаргах эрхтэйг хуульчилсан.

            Харин нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажлаа хүлээж аваад өнөөдрийг хүртэл ямар нэгэн гомдол санал гаргаагүй бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны дотор энэ асуудлаар гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.

            Хариуцагчийн хувьд нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь эгүүлэн томилж холбогдох тооцоог хийж дуусгасан ба харин нээхмжлэгч нь тухайн асуудлаар гомдол гаргах тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

             Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

            Шүүх зохигч талуудаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5.511.611,20 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

             Хариуцагч нь нэхэмжлэгч Т.Эг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Хэргийн баримтаас үзвэл Г.Э нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Зохион байгуулагчаар ажиллаж байгаад тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар ажлаасаа халагдаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэрийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа эргэн оржээ.

            Шүүхийн шийдвэрээр Т.Эгийн ажилгүй байсан 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 6.966.755 төгрөгийг хариуцагчаас гаргуулсныг хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж олгосон тухайд зохигч маргаагүй байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харъяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх байна.

 

            Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

            Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 163 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 149 дүгээр тогтоолууд гарснаас хойш шүүхийн шийдвэр биелэгдэж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/198 тоот тушаалаар Т.Эг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах Т.Эгийн нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Т.Э нь нэхэмжлэлээ 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд гаргасан байна.

 

            Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхыг зохицуулжээ.

 

            Хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааны талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зохицуулсан байдаг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан гэж үзнэ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан ба бусад хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн ганцаарчилсан маргааны талаархи гомдлоо дээр дурдснаар гурван сарын дотор харъяаллын дагуу маргаан таслах комисс эсхүл шүүхэд гаргах учиртай юм.

 

            Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэжээ.

 

            Т.Эгийн ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардах эрх анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоосон үе буюу 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилсэн ба уг хугацаанаас хойш тэрээр гурван сарын дотор нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

            Хэрэгт авагдсан баримтаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх хуульд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

 

            Иймд, дээр дурдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны цалин 5.511.611,20 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн Т.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

            ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5.511.611,20 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн Т.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.140 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ТҮМЭНЦЭЦЭГ