Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ХШТ/13

 

   Э.Ч, Д.Ё нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Э.Ч-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, Ж.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дугаар сарын сарын 14-ний өдрийн 604 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1108 дугаар магадлалтай, Э.Ч, Д.Ё нарт холбогдох 2202005820087 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Ч-гийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1988 оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамт амьдардаг, *** оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А овогт Э-ны Ч,

2.Монгол Улсын иргэн, 1988 оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт *** оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн Ё.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ч нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг болон шөнийн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “Tuul one” хотхоны ** дүгээр байрны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Конвенцын жагсаалтад багтсан метамфетаминь агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Ё-д 400.000 төгрөгөөр худалдсан, мөн өөрийн биедээ 0.7280 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч Д.Ё нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг болон шөнийн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо “Tuul one” хотхоны ** дүгээр байрны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Конвенцын жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, мөн өөрийн биедээ 0.1263 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 604 дүгээр шийтгэх тогтоолоор А овогт Э-ны Чг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, бусдад худалдсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Д-ийн Ё-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ё-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ч-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Ё-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Э.Ч, Д.Ё нарт авсан хувийн баталгаа гаргаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаас шүүгдэгч Э.Ч-гаас гэмт хэрэг үйлдэж олсон 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримт хадгалах уут гэсэн бичиглэлтэй зиплок түгжээтэй 786 гэсэн дугаартай, ХТТГ, Хими гэсэн бичиглэлтэй ууттай 1 гэж дугаарласан Эд мөрийн баримт хадгалах уут гэсэн бичиглэлтэй уутны хамт 1.1136 грамм жинтэй мөс мэт талстлаг зүйл, тунгалаг өнгийн улаан зиплок түгжээтэй аскорбины хүчил гэсэн бичиглэлтэй 2 ширхэг шилэн сав, цагаан өнгийн соруул мэт зүйл 1 ширхэг, эд мөрийн баримт хадгалах уут гэсэн бичиглэлтэй зиплок түгжээтэй, 789 гэсэн дугаартай ХТТГ, Хими гэсэн бичиглэлтэй ууттай 1 гэж дугаарласан эд мөрийн баримт хадгалах уут гэсэн бичиглэлтэй уутны хамт 0.8966 грамм жинтэй мөс мэт талстлаг зүйл, хажуу талдаа соруултай цэнхэр өнгийн хуванцар сав 1 ширхэг цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн мушгиа хэлбэртэй зүйл 1 ширхэг, хар өнгийн хуванцар соруул 1 ширхэг зэрэг зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Э.Ч-гийн насанд хүрээгүй хүүхэд болох 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн Т.Э-ыг Э.Ч-гийн эх Б.О-ийн асран хамгаалалтад үлдээж, шүүгдэгч Э.Ч, Д.Ё нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1108 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/604 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Ж.Гантулга, шүүгдэгч Д.Ё, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч, Д.Ё нарын 2023 оны 09 дүгээр сарын 14-нөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл тус бүр 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Э.Ч-гийн өмгөөлөгч Ж.Гантулга хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: Нэг. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтэд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийг баримтлан, шүүгдэгчийн гэм буруугийн байдал, түүний хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учруулсан хохирол, хор уршиг шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн зохицуулалттай. Шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Э.Ч-гийн 73 настай Альцгеймр өвчний оноштой бусдын асрамжид байдаг эх Б.О-ийн асран хамгаалалтад өсвөр насны 16 настай охин Т.Э-ыг үлдээсэн. Өвчтэй эмээгийн хамт амьдардаг Т.Э сургуулиас түр гарч сургууль завсардсан сурч боловсрох эрх нь хязгаарлагдсан байдалтай өнөөдөр амьдарч байна. Шүүгдэгч Э.Ч-гийн хувийн байдлын хувь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай эх, 16 настай өсвөр насны охины хамт ам бүл 3, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 86-8 тоотод амьдардаг. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ч-д Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, энэ хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтаасан байх хууль ёсны байх зарчмыг хангах, оногдуулж байгаа ялын төрлийг зөв сонгон хэрэглэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэж ял оногдуулсан үйл баримтад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй магадлал гаргасанд гомдолтой байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ДШМ/1108 дугаар магадлалыг шүүхээс оногдуулсан ялын хөнгөрүүлэх үндэслэлээр гомдол гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгч Э.Ч-гийн өмгөөлөгч Ж.Гантулга хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүхээс ялтан Э.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглээгүй буюу хувийн байдлын хувьд 73 настай, мартах санах өвчтэй эх Б.О, 16 настай охин Т.Э нарын хамт амьдардаг, анх удаагаа гэмт хэрэг холбогдож, гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг харгалзаагүй байна” гэв.

Шүүгдэгч Э.Чгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Өмгөөлөгч Ж.Гантулгатай санал нэг байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, дүгнэлтийг хэрхэн үгүйсгэсэн байдлыг тогтоолдоо заагаагүй. Өөрөөр хэлбэл, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхгүй байх ямар үндэслэл байсан болохыг шүүхийн шийдвэрт тусгах ёстой. Гэтэл шүүх хэрэглэх боломжтой хуулийн заалтыг хэрэглэлгүй орхигдуулсан. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдлийн шинжийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байсан гэж үздэг. Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр хяналтын гомдол гаргасныг дэмжиж байна” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Тус хэрэгт хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Сэтгэцэд нөлөөт бодисыг анагаахын шинжлэх ухаанд хүний биед үзүүлэх хор нөлөөллөөр сэргээгч, тайвшруулагч, хий харуулагч гэсэн 3 төрөлд ангилан авч үздэг. Шүүгдэгч нарын хэрэглэсэн метамфетаминь нь сэргээгч төрлийн бодист хамаардаг ба энэ нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, улмаар сэтгэцийг өөрчилдөг, хүний нүдний хэсгээс цээж хүртэл мэдрэмжгүй болгон бие махбодын мэдрэмжийг алдагдуулдаг аюултай бодис юм. Тийм учраас Эрүүгийн хуулиар тухайн бодисыг хэрэглэхийг хориглосон байна. Шүүгдэгч Э.Ч-гийн үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “худалдаалах зорилгоор хадгалсан, бусдад худалсан” гэсэн гэмт хэргийн хэд хэдэн шинжийг хангасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүний хувийн байдал, үйлдэл бүрийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, тухайн бодисын хор хөнөөл, нийгмийн аюулын шинж чанар, хүний эрүүл мэндэд учруулах хор уршгийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тусгай ангид заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Э.Ч-гийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн Э.Ч, Д.Ё нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд дараахь дүгнэлт, тайлбарыг хийж байна.

2.Шүүгдэгч Э.Ч-гийн өмгөөлөгч Ж.Гантулга хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Э.Ч-гийн 73 настай Альцгеймр өвчний оноштой бусдын асрамжид байдаг эх Б.О-ийн асран хамгаалалтад өсвөр насны 16 настай охин Т.Э-ыг үлдээсэн.Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ч-д Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, энэ хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтаасан байх хууль ёсны байх зарчмыг хангах, оногдуулж байгаа ялын төрлийг зөв сонгон хэрэглэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэж ял оногдуулсан үйл баримтад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй магадлал гаргасанд гомдолтой байна” гэжээ.

2.1.Шүүгдэгч Э.Ч нь өөрийн гэр бүлийн гишүүн болох эх Б.Оюунчимэг болон 16 нас 8 сартай охин Т.Э нарын хамт амьдардаг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог ба анхан шатны шүүхээс 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Т.Э-ыг Э.-Чгийн эх Б.О-ийн асран хамгаалалтад үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Гэр бүлийн хуулийн 63 дугаар зүйлд “Асран хамгаалалтад байх хүн”, мөн тус хуулийн 64 дүгээр зүйлд “Харгалзан дэмжвэл зохих хүн” гэж тус тусгайлан заасан бөгөөд 64 дүгээр зүйлийн 64.1.3-т “эцэг эх нь хоёулаа ... хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд” гэж тодорхой хуульчилжээ.

Үүнээс үзвэл 14-өөс 18 хүртэлх насны хүүхдэд харгалзан дэмжигч тогтоох ёстой байтал анхан шатны шүүхээс асран хамгаалалт тогтоосон нь буруу тул үүнийг хяналтын шатны шүүхээс зөвтгөж байна.

Шүүгдэгчийн эх болох Б.О нь Гэр бүлийн тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан “Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоож болохгүй хүн” гэдэгт хамаарахгүй хэдий ч “Dementia” гэсэн өвчний оноштой, ар гэрийн хяналтад байх шаардлагатай талаарх баримт /2 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал/ хавтаст хэрэгт авагдсан байх ба “Dementia” нь хүний тархины үйл ажиллагааг доройтуулж, ихэнх тохиолдолд танин мэдэхүйн чадварыг аажмаар, эргэлт буцалтгүй бууруулснаар санах ойгоо алдаж, өөрийгөө хянах чадваргүй болдог (хамгийн түгээмэл хэлбэрүүд нь альцхеймерийн өвчин, паркинсоны өвчин, хантингтоны өвчин зэрэг) нь насанд хүрээгүй хүүхэд буюу 16 настай Т.Э-ыг тодорхой төрлийн сэтгэцийн өвчний оноштой, өөрөө ар гэрийн хараа хяналтад байх шаардлагатай Б.О-ийн харгалзан дэмжлэгт удаан хугацаанд үлдээж байгаа нь хүүхдийн анхаарал халамжид байх эрхийг зөрчигдөхөд хүргэх үр дагавартай.

Учир нь Хүүхдийн эрхийн тухай Конвенцын 1 дүгээр зүйлд “... 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд уг Конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх буюу тодорхой тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид гол хариуцлагыг хүлээнэ. Хүүхдийн дээд ашиг сонирхол нь тэдний анхаарал чиглэх гол зүйл мөн”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна” гэж тус тус заасныг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт ”Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ”, мөн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх ... эрхтэй” хэмээн бататган хуульчилжээ.

2.2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм. 

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэдэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй; хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн; хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг ойлгох бөгөөд харин хэрэглэж болох хуулийн зүйл, заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглээгүй нь үүнд хамаарахгүй болно.

Гэсэн хэдий ч шүүгдэгч Э.Ч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /2 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/ байх ба түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, ар гэрийн нөхцөл байдал болон хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 1 жил 6 сар болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.3.Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ч нь өөрийн эх Б.О-ийг 62 настай гэж мэдүүлсэн /2 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал/, мөн “Ару мед” эмнэлгийн эмчийн үзлэгийн тодорхойлолтод Б.О-ийг ЧЙ62010903 регистрийн дугаартай гэж тэмдэглэсэн /2 дугаар хавтаст хэргийн 93 дахь тал/ байхад шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо Э.Ч-гийн эх Б.О-ийг 73 настай гэж дурдсан байна.

Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор түүнийг төлөөлж өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг хэдий ч мэргэжлийн үйл ажиллагаагаа чанартай, хариуцлагатай явуулахдаа хуульчийн мөрдлөг болгох нийтлэг ёс зүйн хэм хэмжээ, зарчмаа ямагт баримтлах үүрэгтэй. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль зүйн  мэдлэг, ур чадвартай байж, хариуцлагатай ажиллана” гэж заасан тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо үйлчлүүлэгчийн талаар бодит байдлаас ташаа мэдээлэл тусгах зэргээр хариуцлагагүй байдал гаргахгүй байхад цаашид анхаарвал зохино.

3.Шүүгдэгч Э.Ч нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг болон шөнийн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “Tuul one” хотхоны ** дүгээр байрны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Конвенцын жагсаалтад багтсан метамфетаминь агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Ё-д 400.000 төгрөгөөр худалдсан, мөн өөрийн биедээ 0.7280 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан,

шүүгдэгч Д.Ё нь 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг болон шөнийн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо “Tuul one” хотхоны ** дүгээр байрны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Конвенцын жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, мөн өөрийн биедээ 0.1263 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

5.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

6.Мөн шүүх шүүгдэгч Д.Ё-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирчээ.

7.Иймд шийтгэх тогтоол, магадлалд ял хөнгөрүүлсэн дээрх өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ч-гийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  09 дугаар сарын сарын 14-ний өдрийн 604 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1108 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Ч-д мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                      Б.АМАРБАЯСГАЛАН

С.БАТДЭЛГЭР

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН