Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ХШТ/17

 

Л.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 700 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1197 дугаар магадлалтай, Л.Б-т холбогдох 2310000000440 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн ...... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн ..... оны ..... дүгээр сарын ......-ны өдрийн .... дүгээр шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу эдлээгүй үлдсэн 2 жил 15 хоногийн хорих ялаас хоёр жилийг өршөөн хассан, Л.Б,

Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед согтуугаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота приус 30” загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчихдоо жолоочийн хажуугийн суудалд сууж явсан Б.Б-ийн хоолойг хутгаар хэрчиж алсан, мөн жолооч Б.Г-ыг хутгалж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Б-ыг хүнийг алахыг завдсан, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 12 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг бүх насаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 211 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-аас нийт 154,821,117 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-т 154,681,117 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Х-д 140,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-аас нийт 122,193,317 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-т 122,053,317 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Х-д 140,000 төгрөгийг тус тус олгосугай” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч Л.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүгдэгч Л.Б хяналтын шүүхэд гаргасан гомдолдоо: ... Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэг маргах зүйлгүй. Анхан шатны шүүх хүн алахыг завдсан үйлдэлд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй хэмээн тодорхой дүгнэлт гаргасан атлаа хамгийн хүнд ял болох бүх насаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Өмнөх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Эрдэнэт хүний амь насыг бусниулсандаа насан туршдаа харамсаж явах болно. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйя. Би учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Миний гурван хүүхэд 6-12 дугаар ангид сурдаг. Хэргээ хүлээн зөвшөөрснийг минь харгалзан хугацаатай хорих ялаар шийтгэж өгөхийг хүсье гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх тайлбаргүй гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, бодитой дүгнэлт хийжээ. Шүүгдэгчийн үйлдсэн хүнийг алах гэмт хэрэгт шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин хүнийг алахыг завдсан үйлдлийг буруу зүйлчилжээ. Өөрөөр хэлбэл нэг хүнийг алахыг завдсан байхад Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг алсан” гэж зүйлчилж алдаа гаргасан байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...тусгай ангид заасан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр оногдуулна” гэж заасан байхад 12 жил хорих ял шийтгэсэн. Шүүгдэгчийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт хугацаатай хорих ял оногдуулсан атал ялуудыг нэмж нэгтгэн бүх насаар хорих ял гэж заасан нь мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Л.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Toyota prius 30” загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчих үедээ жолоочийн хажуугийн суудалд сууж явсан Б.Б-ийн хоолойг хутгаар хэрчиж алсан, үүний дараа жолооч Б.Г-ыг мөн хутгалж алах зорилготой байсан боловч  хохирогч автомашинаас гарч зугтаан амь насаа хамгаалсан бөгөөд цагдаагийн алба хаагчид хутга барин хөөж явсан шүүгдэгчийн үйлдлийг таслан зогсоосноор тухайн гэмт хэрэг туйлдаа хүрэлгүй завдалтаар төгссөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3.Хэргийн үйл баримтыг үндэслэн хоёр шатны шүүхээс Л.Б-ын хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон, энэхүү шийдлийн хүрээнд шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны, үндэслэлтэй болсон байна.

4.Харин хүнийг алахыг завдсан хэргийн зүйлчлэл, хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн, сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр гаргуулсан зэрэг хууль зүйн асуудлыг шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх үзлээ.

5.Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хүнийг алахад чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг. Хүний амьд явах эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн боловч хохирогч нас бараагүй, эсхүл довтолгоон хийх явцад халдагч этгээдийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үйлдэл нь таслан зогсоогдсон буюу хүссэн үр дүнд хүрээгүй тохиолдолд хүнийг алахыг завдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д “Хүнийг алсан бол ...” гэж заасан тул хохирогчийн амь нас хохирсноор хүнийг алах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцох бөгөөд энэхүү бодит хохирол учирсан байдал нь хэргийн зүйлчлэлд ач холбогдолтой. Түүнчлэн гэмт этгээдийн сэдэлт, санаа зорилго, хамтран оролцоо, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн арга, хохирогчийн хувийн болон нас, биеийн онцлог, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг хууль зүйн шалгуураар тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлно.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр, түүнээс олон хүнийг алсан гэдэгт хоёр, түүнээс олон хүнийг алах гэсэн санаа зорилгоор нэг дор, эсхүл тодорхой хугацааны тасалдалтай хэрэгжүүлсэн, эсхүл өөр өөр сэдэлт, санаа зорилгоор тус тусдаа бие даасан цаг хугацаа, орон зайд үйлдэгдэж аль алинд нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тохиолдлыг хамааруулах ба завдсан үйлдэл нь мөн хоёр, түүнээс олон хүний амьд явах эрхэд халдсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч Л.Б-ын хувьд нэг хүнийг алсан, нөгөө хүнийг алахыг завдсан үйлдлийг хэрхэн зүйлчлэх талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна. Тэрээр хоёр хүний амьд явах эрхэд халдсан боловч энэ тооны хүний амь нас хохироогүй, хуульд заасан өөр хүндрүүлэх шинж тогтоогдоогүй тул төгссөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин хоёр дахь хүний амьд явах эрхэд халдаж довтолсон үйлдэл нь төгссөн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, энэ гэмт хэргийн хувьд хохирол, хор уршгийн шинж чанараас хамааран төгссөн болон төгсөөгүй гэмт хэргийг хамтад нь зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй тул завдсан үйлдлийг тусад нь зүйлчлэх нь зүйтэй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хүнийг алах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийн хуульд заасан нөхцөл, шаардлагыг тодорхойлолгүй хоёр хүний амьд явах эрхэд халдсан гэдгээр завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар зүйлчилж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

6.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ” гэж зааснаас үзвэл хорих ял нь тодорхой хугацаатай болон бүх насаар гэсэн төрөлтэй байхаар хуульчлагдсан байна.

Гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ” гэж хугацаатай хорих ялын дээд хэмжээг заажээ.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 3-т “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэдгийг хугацаатай хорих ялын хувьд хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т заасны дагуу ойлгох бөгөөд тухайн бүлэгт заасан тохиолдолд нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь хорин жилээс хэтэрч болохгүй.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 5-д “Энэ хуульд заасан тохиолдолд ... бүх насаар хорих ял эдлүүлнэ” гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар тусгайлан заасан ялыг гэж ойлгох тул хэд хэдэн гэмт хэргийн аль нэгэнд бүх насаар хорих ял шийтгээгүй тохиолдолд нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь бүх насаар хорих ял байх боломжгүй атал анхан шатны шүүх хугацаатай хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг бүх насаар хорих ялаар тогтоосон нь хуульд нийцээгүй байна.

7.Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан билээ. 

Шүүх шинжилгээний тухай хуулийн дээрх зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүгдэгч Л.Б-аас сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрт 82,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд үүний цаад зорилго нь нийгмийн харилцааны тогтвортой байдлыг хангахад чиглэдэг байна. Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү тааламжтай журмыг тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд эдгээрээс бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим үйлчилнэ.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна.  

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан хэдий ч тухайн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, тусгай нөхцөл заасан нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

Нэгэнт хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байхад хоёр шатны шүүх “... хуулийг буцааж хэрэглэхгүй” гэсэн зарчмыг зөрчиж гэм хорын асуудлыг шийдвэрлэжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Л.Б-т холбогдох хүнийг алахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, “... хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий түүний гомдлыг хүлээн авч гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 3 жил хорих ял шийтгэж,  сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсан тогтоол, магадлалын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 700 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1197 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Прокуророос Л.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Шүүгдэгч Л.Б-ыг нэг хүнийг алсан, нэг хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”,

Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 15 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.”,

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 18 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.”,

Магадлалын 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-аас 39,693,317 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-т 39,553,317 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Х-д 140,000 төгрөг тус тус олгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Л.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧИД                                                     Б.БАТЦЭРЭН

     М.ПҮРЭВСҮРЭН

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

     Б.ЦОГТ