Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 00494

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт оршин суух, Жонон овогт Доржравдангийн Баярсайхан /РД:ГГ65053111/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаан банкны Булган аймаг дахь салбарт холбогдох

Дансанд үндэслэлгүйгээр барилт хийсэн үйлдлийг зогсоож, захиран зарцуулах эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00420/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1964 онд Баянхонгор аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, өмгөөлөгч ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 11 дүгээр байрны, 1-6 тоотод оршин суух, Сартуул овогт, Дарамжавын Дарьбазар /РД:ВФ64091013/, хариуцагч байгууллагын төлөөлөгч 1984 онд Булган аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, 2Б-18-5 тоотод оршин суух, Хаан банкны Булган аймаг дахь салбарт зээлийн бодлогын мэргэжилтэн ажилтай, Боржигон овогт Дашдэлэгийн Болдхүү /РД:ГЮ85012710/, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Гурванбулаг сумын Хаан банкны эрхлэгч Л.Дүүрэнжаргалд 2015 оны 08 дугаар сард 15000000 төгрөг зээлдүүлээд мөн оны 11 дүгээр сард буцааж авсан. Гэтэл Хаан банк миний мөнгийг хууль бус мөнгөөр Дүүрэнжаргал төлсөн байна дансан дахь 527516929-6 тоот хадгаламжийн данс, харилцах дансыг хаасан. 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/62 тоот Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний харилцагчийн дансыг битүүмжлэх тухай тогтоол болон хавсралтанд таны нэр байхгүй гэсэн хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь Хаан банкны хууль бус үйлдлийг зогсоож иргэн миний дансыг чөлөөлүүлж өгнө үү. Данс хааснаас болж хэрэглээний мөнгөөр дутаж маш их хохирч байгаа бөгөөд иргэн миний эрх зөрчигдөж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дарьбазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гурванбулаг сумын иргэн Д.Баярсайхан нь ХААН банканд хадгаламж эзэмшдэг бөгөөд түүний хадгаламжийн дансанд 20366300 төгрөг байсан бөгөөд 15 сая төгрөгийг тус сумын ХААН банкны тооцооны төвийн эрхлэгч Л.Дүүрэнжаргалд зээлдүүлсэн. Уг зээлийн асуудал 2015 оны 8 дугаар сард болсон бөгөөд 1 сарын дараа мөнгөө өгөхийг шаардсан боловч Л.Дүүрэнжаргал хойшлуулж өгөхийг гуйсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Л.Дүүрэнжаргал зээлсэн мөнгөө хадгаламжийн дансруу нь хийсэн байсан. 71 000 төгрөг дутуу төлсөн байсан учир уг мөнгийг Баярсайхан төлөөд хадгаламжийн дэвтрээ авсан. ХААН банкны Булган аймаг дахь салбараас тус сумын тооцооны төвд шалгалт хийж Баярсайханы хадгаламжийн зээлийг банкнаас хууль бусаар авсан мөнгөөр хаасан байна гэх үндэслэлээр дансанд барилт хийсэн байсан. Хадгаламжийн дансан дахь бүх мөнгийг захиран зарцуулах эрхгүйгээр хаасан. Уг дансыг хаахдаа ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр барилт хийсэн байгаа. Хууль зөрчсөн асуудал гарч байгаа тул дансанд барилт хийсэн үйлдлийг зогсоож, захиран зарцуулах эрхийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Болдхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай банкны Гурванбулаг тооцооны төвд ажиллаж байсан Л.Дүүрэнжаргал нь Д.Баярсайханаас зээлдсэн мөнгөө банкны мөнгөөр төлсөн асуудал гарсан. Банк Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу өөртөө туслах зорилгоор Д.Баярсайханы дансанд барилт хийсэн. Мөн ХААН банкны Булган аймаг дахь салбар нь хуулийн этгээдийн эрхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хуулийн этгээдийг оршин суугаа газрын шүүхэд хэргийг шилжүүлж өгнө үү гэсэн тайлбарыг тус тус ирүүлсэн байгаа. ХААН банкны зүгээс Гурванбулаг тооцооны төвд шалгалт хийж зөрчил илэрсэн учраас Д.Баярсайханы дансанд барилт хийсэн. Төв ХААН банкнаас өгсөн үүргийн дагуу дансанд барилт хийсэн байгаа. Иймд төв ХААН банкыг хариуцагчаар татаж хэргийг харъяалалын дагуу шилжүүлж өгнө үү. Банкны салбарын захирал томилогдох бүрт төв ХААН банкны гүйцэтгэх захирлаас итгэмжлэл олгогддог байсан боловч 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс өөрчлөлт орж хэрэг тус бүрт итгэмжлэл олгогддог болсон. Энэ талаар манай байгууллагад санамж бичиг ирсэн байгаа гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Баярсайхан нь Хаан банкны Булган аймаг дахь салбарт холбогдуулан дансны гүйлгээг үндэслэлгүйгээр хаасан үйлдлийг зогсоож, захиран зарцуулах эрх сэргээлгэх тухайнэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

ХААН банкны Булган аймаг дахь салбар нь нэхэмжлэгч Д.Баярсайханы эзэмшлийн тус банкан дахь5275169296 тоот дансыг хааж уг данснаас 20366300 төгрөгийг зарлагдан авах эрхийг хязгаарласан үйл баримт болжээ.

Нэхэмжлэгч Д.Баярсайхан нь ХААН банк хууль бусаар хүний хөрөнгөнд халдаж дансан дахь мөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарласанд гомдолтой байна гэж, хариуцагч нь Банкны салбарын захирал томилогдох бүрт төв ХААН банкны гүйцэтгэх захирлаас итгэмжлэл олгогддог байсан боловч 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс өөрчлөлт орж хэрэг тус бүрт итгэмжлэл олгогддог болсон. Манай салбарын захиралд шүүхэд төлөөлөх эрх олгогдоогүй тул хариуцах боломжгүй гэж тус тус маргажээ.

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д зааснаар салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11-д компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн салбар төлөөлөгчийн газрын удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ томилох бөгөөд тэдгээр нь компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна гэжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан ХААН банкны гүйцэтгэх захирлаас орон нутгийн банкны захирал Ж.Товуудоржид олгосон итгэмжлэл, ХААН банкны хууль, эрх зүйн газраас ирүүлсэн 29/40 дугаартай санамж бичиг зэргээс үзэхэд ХААН банкны Булган аймаг дахь салбарт шүүхэд төлөөлөн оролцох эрх олгогдоогүй, харин орон нутгийн банкны захиралд дээрх эрх олгогдсон гэж үзэхээр байна.

Хуулийн этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо төлөөлөгчөөрөө дамжуулж оролцох бөгөөд хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр тодорхойлох бөгөөд Хаан банкны Булган аймаг дахь салбарын хувьд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий итгэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл төв Хаан банкныг төлөөлөх төлөөлөл нь итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх ёстой атал Хаан банкны Булган аймаг дахь салбар нь хуулийн этгээдийн өмнөөс нэхэмжлэл гаргах бүрэн эрх олгогдсныг нотлох, иргэний хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан итгэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Д.Баярсайханы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ХААН банкны Булган аймаг дахь салбар хариуцах боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан ХААН банкны Булган аймаг дахь салбарт холбогдуулан дансанд барилт хийсэн үйлдлийг зогсоож, захиран зарцуулах эрх сэргээлгэх тухай нэхэмжлэгч Д.Баярсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН