Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 632

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал хөтлөн,

улсын яллагч С.М,

хохирогч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Дима /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2213/,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0147/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Дгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0181 20591 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Дгийн М нь Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-нд гагнуурчнаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Эг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ:

2019 оны 3 дугаар сарын 22-нд 21 цагийн орчим манай эхнэр эмнэлэгт хэвтэх гээд автобусны буудал руу хүргэж өгчихөөд явж байсан. Тэгсэн автобус ирээд хөдлөөд явахад “Соната” маркийн машин их ойрхон миний хөл дээр гарах шахам өнгөрөхөд нь би машины араас цохисон. Гэтэл машинаас хохирогч залуу гарч ирээд “яасан бэ хөгшөөн” гээд асуухад нь би “хөл дээгүүр гарлаа шүү дээ” гэж хэлсэн чинь “дайрчаагүй бол болоо юм биш үү” гэж хэлсэн. Хохирогч залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би ч гэсэн нэг лааз пиво уусан байсан. Эхлээд гар далайхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод хаах гэж байгаад хамарт нь хүрсэн. Бид хоёр ганц нэг цохилцоод өнгөрсөн. Хамт явсан залуу нь намайг жийж унагаасан. Хоёулаа над руу дайраад байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа ирээд намайг Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэхэд хонуулсан. Хохирогчийг эмнэлэг яв гээд явуулсан. Хохирогчтой уулзаад томографийн зураг авахуулж өгсөн. Маргааш нь “Эм Жи Жи” эмнэлэгт үзүүлсэн, мэдрэлийн эмч, дотрын эмчид үзүүлье гэхээр нь үзүүлж өгсөн. Хохирогч 550.000 төгрөгөөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ гэхээр нь мөнгийг нь хайсан. Байцаагч бид хоёрыг дуудаад хоорондоо тохирч болохгүй юм уу гэхээр нь ах, дүү нараасаа 1.500.000 төгрөг авч хохиролд нь санал болгосон. Тэгсэн 5.000.000  төгрөг авна гэхээр нь арга мухардсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Э мэдүүлэхдээ:

2019 оны 3 дугаар сарын 22-нд 20 цагийн үед Нарангийн голын эцэст Энэбиш гэдэг найзтайгаа пиво хувааж уусан. Найзаараа гэртээ хүргүүлэх гээд машинтай нь явсан. Цэнхэр дэлгүүрийн нүүрс зардаг цэгийн хажуу гудамжаар өгсөөд гудамж руу орох хооронд М машины ард тал руу цохисон. Би буугаад “яаж байна аа” гэсэн чинь миний хамар руу шууд цохисон. Хамраас цус гараад тогтохгүй байсан. Манай найз бууж ирээд яагаад хүн цохиж байгаа юм бэ, цус нь тогтохгүй байна гэж орилсон, харин огт гар хүрээгүй. Би “цагдаа дуудчих битгий зодолдоорой” гэж хэлсэн. Мд намайг яагаад цохиж байгаа юм бэ гэсэн чинь толгой руу 2-3 удаа цохиж, цээж рүү өшиглөсөн. Би  Мд гар хүрээгүй. М хурдан алхаад явсан. Би араас нь ямар их хүн цохидог юм бэ, дахиад нэг цохичих гэж хэлээд алхаж байсан чинь доороос цагдаагийн эргүүлийн машин ирсэн. Бид хоёрыг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Мыг эрүүлжүүлэхэд хононо, намайг гэмтэл явж зургаа авахуул гэж хэлсэн. М эмчийн үзлэгт 50.000, 30.000 төгрөг төлсөн. Өвчин намдаах эм 27.000 төгрөгөөр авч өгсөн. Одоо байнгын толгой өвдөж, хамар битүүрч хүндрэлтэй байна. Иймд “Эмжж” эмнэлэгт хагалгаанд орох зардал 2.380.000 төгрөг, толгой, мэдрэлийн эмчилгээ хийлгэхээр “Баяр” эмнэлэгт хэвтэхэд 580.000 төгрөг, эм тарианы зардал 346.300 төгрөг, шатахууны зардал 151.600 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, нийт 4.347.900 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс Мын эмчийн үзлэг, эм тарианд төлсөн 202.000 төгрөгийг хасаж, үлдэх 4.145.900 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0181 20591 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 3 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим би найз Энэбишээр гэртээ хүргүүлэх гээд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Цэнхэр дэлгүүр гэх газрын хажуугаар гараад гудам руу өгсөж байсан чинь нэг танихгүй залуу манай найз Энэбишийн автомашиныг цохиод байсан. Би машинаас буугаад яаж байна гэж хэлсэн чинь шууд миний хамар руу цохисон. Би “чи яаж байгаа юм бэ, миний хамрын цус тогтохгүй байна” гэж хэлсэн чинь дахиад миний толгой руу цохисон. Манай найз Энэбиш “чи яаж байгаа юм” гэж хэлээд тэр залуутай маргалдаад байсан. Тэр залуу манай найз Энэбишийг цохиод авсан. Манай найз Энэбиш тэр залууг цааш нь түлхсэн. Тэгсэн тэр залуу нааш цааш зугтаасан. Би хойноос нь гүйгээд “чи зогсож бай, одоо намайг дахиад цохиотох” гэж хэлсэн. Тэр залуу намайг цохиогүй. Тэгсэн араас цагдаагийн машин ирсэн. Би М гэх залууг танихгүй. Цагдаа дээр ирээд нэрийг нь мэддэг болсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Найз Лхагватай гэрт нь 2.5 литрийн нэг ширхэг пиво уусан. Намайг гараараа нэг удаа хамар руу, толгой руу 2-3 удаа цохисон. Манай найз Энэбиш намайг зодсон гэх залууг цохиогүй. Цаашаа бай гээд нэг түлхсэн. Намайг зодсон гэх залуу манай найз Энэбишийг гараараа 2 удаа нүүр рүү нь цохисон. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Намайг эмч яаралтай чих, хамар, мэдрэл, нүд, доторт үзүүлж эмнэлэгт хэвтэн эмчлүүл гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

2. Гэрч Э.Энэбишийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 3 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим найз Э бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Нарангийн голын эцэс гэх газраас гараад Эг гэрт нь хүргэж өгөх гээд Цэнхэр дэлгүүр гэх газар явж байгаад хажуу талын гудамж руу салаад орох гэтэл нэг танихгүй залуу миний автомашины хойд тал руу гараараа цохисон. Тэгээд би зогссон чинь манай найз Э автомашинаас буугаад тэр залууг “яаж байгаа юм бэ” гэсэн чинь тэр залуу Эг цохиод авсан. Би автомашинаасаа буугаад “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь тэр залуу намайг шууд “цаашаа бай” гээд түлхээд байсан. Би цааш яваад автомашинаа хөдөлгөх гээд зогсож байтал тар залуу Эг дахиад цохисон. Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эг тэр танихгүй залуу толгой хэсэг рүү нь гараараа 2 удаа, мөн цээжинд нь цохиод байсан. Э тэр залуутай маргалдаж байхад хажууд нь надаас өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дугаар тал),

3. Шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 3 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Цэнхэр дэлгүүрийн хойд талын автобусны буудал дээр эхнэр Мөнхжаргалыг автобусанд суулгаж өгчихөөд ганцаараа зогсож байсан чинь 72-00 гэсэн улсын дугаартай автомашин хажуу талаар явахдаа их хурдтай гарсан юм. Тэгэхээр нь би машины хойд тал руу нь гараараа нэг удаа цохиод “хүн дайрлаа” гэж хэлсэн чинь тэр машинаас нэг залуу бууж ирээд “яасан бэ хөгшөөн” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “жолоочтой нь уулзмаар байна” гэж хэлсэн чинь тэр залуу намайг хэл амаар доромжлоод гараараа цохих гээд байхаар нь би гарыг нь барьж авах гэж байгаад хамар хэсэгт нь цохисон. Тэгсэн Э “чи намайг цохисон шүү” гэсэн. Тэр машиныг бариад явж байсан залуу намайг өшиглөөд унагасан. Тэгсэн тэр хоёр цагдаа дуудсан. Би Э гэх залууг танихгүй. Цагдаа дээр ирээд нэрийг нь мэддэг болсон. Би ганцаараа нэг шил жижиг пиво уусан байсан. Бид хоёрыг маргалдаж байхад хажууд Этай хамт явж байсан нэг залуу байсан. Би Эгийн хамар хэсэгт нь нэг удаа, толгой хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Намайг Э гараараа нэг удаа баруун шанаанд, мөн дух руу гараараа нэг удаа, хамт явж байсан залуу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3814 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Хамрын баруун нүхэнд чихээс хийгдсэн, шингэн хүрэн өнгийн цус гарна.

2019 оны 3 дугаар сарын 22-ны Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмчийн үзлэг онош: Хамар ясны хугарал, тархи доргилт гэжээ.

IT эмнэлгийн толгойн компьютерийн шинжилгээний хариунд: хамрын хянга яс 2 талдаа зөрүү багатай хугаралттай. Эргэн тойрны эдэд цус хуралттай. Хамрын таславч урд хэсгээрээ зүүн тийш мурийлттай гэжээ.

ДҮГНЭЛТ:

-“...Ч.Эгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /шинжээч эмч .Даваасүрэн/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36 дугаар тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шинжилгээний 603 дугаартай дүгнэлтэд:

-Шинжээчийн 2019 оны 3814 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ч.Эгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгджээ. ..." /шинжээч эмч Ж.Ганцэнгэл, М.Золжаргал, Т.Номинцэцэг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 74-75 дугаар тал),

6. Хохирогч Ч.Эгийн нэхэмжлэл, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн баримтууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хавтаст хэргийн 14-21 дүгээр тал),

7. Шүүгдэгч Д.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 59 дүгээр тал), гэрлэлтийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар тал), нэр дээр нь тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр тал), банкны дансны хуулга (хавтаст хэргийн 155-157 дугаар тал), “...” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгээс хохирогч Ч.Эгийн хохирол нэхэмжилсэн баримтууд, нэхэмжлэх зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэх үндэслэлээр нотлох баримтаас хасуулах саналыг гаргасан ба, бусад оролцогч нараас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Эг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг;

Хохирогчийн өмгөөлөгч Б.Димагаас “...гэмтлийн зэргийн хувьд маргахгүй байна. Гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгээс “Шүүгдэгч Д.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн, шүүгдэгч Д.М нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Мын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машинаараа дайрлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, бусдын машин руу цохих зэрэг үйлдэл хийж, улмаар иргэн Ч.Эг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-Хохирогч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...2019 оны 3 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим найз Энэбишээр гэртээ хүргүүлэх гээд ...гудамж руу өгсөж байсан чинь танихгүй залуу манай найз Энэбишийн автомашиныг цохиод байсан. Би машинаас буугаад яаж байна гэж хэлсэн чинь шууд миний хамар руу цохисон. Би “чи яаж байгаа юм бэ, миний хамрын цус тогтохгүй байна” гэж хэлсэн чинь дахиад миний толгой руу цохисон. ...Намайг гараараа нэг удаа хамар руу, ...толгой руу 2-3 удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал), мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Гэрч Э.Энэбишийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...Эг гэрт нь хүргэж өгөх гээд “Цэнхэр” дэлгүүр гэх газар явж байгаад хажуу талын гудамж руу салаад орох гэтэл танихгүй залуу миний автомашины хойд тал руу гараараа цохисон. Тэгээд би зогссон. ...Э автомашинаас буугаад тэр залууг “яаж байгаа юм бэ” гэсэн чинь тэр залуу Эг цохиод авсан.  ...Эг тэр танихгүй залуу толгой хэсэг рүү нь гараараа 2 удаа, мөн цээжинд нь цохиод байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дугаар тал),

-Шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн:

“...эхнэр Мөнхжаргалыг автобусанд суулгаж өгөөд ганцаараа зогсож байсан чинь 72-00 гэсэн дугаартай автомашин хажуу талаар явахдаа их хурдтай гарсан. ...би машины хойд тал руу нь гараараа нэг удаа цохиод “хүн дайрлаа” гэж хэлсэн чинь тэр машинаас нэг залуу бууж ирээд “яасан бэ хөгшөөн” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “жолоочтой нь уулзмаар байна” гэж хэлсэн чинь тэр залуу намайг хэл амаар доромжлоод гараараа цохих гээд байхаар нь би гарыг нь барьж авах гэж байгаад хамар хэсэгт нь цохисон. ...Эгийн хамар хэсэгт нь нэг удаа, толгой хэсэгт нь гараараа нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 3814, 603  дугаартай дүгнэлтүүд (хавтаст хэргийн 36, 74-75 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хохирогч Ч.Эгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Д.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Мыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Улсын яллагч хохирлын талаар гаргасан саналдаа:

“...Хохирогч Ч.Э эмчилгээ, өмгөөллийн зардалтай холбоотой 4.145.900 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 202.000 төгрөг төлсөн байх ба, хохирогчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахгүй байх үндэслэлтэй. Тухайлбал шатахууны зардлыг гаргуулах үндэслэлгүй, учир нь хэдий хугацаанд хаанаас хаашаа явсан, машины дугаар байхгүй зэргээр шаардлага хангахгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд өмгөөллийн зардал ордог боловч хохирогч өмгөөлөгч авах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал тул өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. “Баяр” эмнэлэг, “Эмжж” эмнэлэгт эмчлүүлэх төлбөрийг нэхэмжилж байна. Тухайн эмнэлэгүүдэд  эмчилгээ хийлгээгүй гэх боловч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг яригдаж байна. Хохирогчийн хэрэгт өгсөн зээлийн баримт хэрэгт ач холбогдолгүй гэж харагдах боловч зээлтэй байгаа тул хохирогч бэлэн мөнгө гаргаж эрүүл мэндэдээ мөнгө зарцуулах боломжгүй байгааг харуулах баримт байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирлын талаар маргаж байх боловч шүүгдэгч нь хохирлыг төлнө гэж өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн. Иймд 3.194.300 төгрөгийн хохирлыг гаргуулах гэсэн саналыг;  

Хохирогчийн өмгөөлөгч Б.Димагаас “...Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хохирогч нь “Баяр” эмнэлэгт эмчлүүлэх, “Эмжж “эмнэлэгт хамрын хагалгааны төлбөрийг нэхэмжилсэн. Хохирогч 4 төрлийн зээлтэй, эхнэр нь цалингийн зээлтэй, хашаа байшингаа зээлд тавьсан учраас эмнэлэгт хэвтэж чадахгүй байгаа, иймээс зээлийн баримтыг гаргаж өгсөн. Гэмт хэргийн улмаас эм тариа, өвчин намдаагч, хамрын цацлага гэх зэрэгт 346.300 төгрөгийн хохирол учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилсэн. Хохирогч Ч.Э хамрын ясны хугарлын улмаас толгой нь эргэж, өвддөг тул дүүгээ гуйж шатахууны зардал гаргаж эмнэлгээр явсан. Эмнэлэгт өвчний түүхээ үзүүлэхэд эмнэлэг баримт хийж өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 40 дугаар зүйлд заасан үндэслээр өмгөөллийн хөлс гаргадаг зардалд хамаарна. Амбулаторын картанд мэдрэлийн эмч, нүдний эмч, дотрын эмч, мэс заслын эмчийн зөвлөгөө зайлшгүй авах шаардлагатай гэсэн байдаг тул энэ гэмтлийн улмаас дахин эмчилгээ хийлгэх, хагалгаанд ороход төлөгдөх хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, нийт 4.145.900 төгрөгийг гаргуулах гэсэн саналыг;  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгээс “...шүүгдэгч Д.М хохирлыг бололцооны хэрээр төлсөн, цаашид гарах зардлыг үл маргах журмаар төлөхөө батлан илэрхийлсэн. Гэхдээ хавтас хэрэгт авагдсан хүчин төгөлдөр бус баримтаар хохирол нөхөн төлөхгүй. Тухайлбал хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан нэхэмжлэлд дурдсан төлбөрийг гаргуулах үндэслэлгүй. Тухайн мөнгө төлөгдөөд ирсэн тохиолдолд гаргуулах боломжтой. Мөн “Эмжж” эмнэлгийн нэхэмжлэх байх боловч эмчлүүлээд төлбөрөө төлсний дараа хохирлыг төлнө. Улсын яллагчтай шатахууны талаарх баримттай санал нэг байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгчийн хөлсийг гаргах үндэсгүй, өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалсны төлөө хүнээр төлбөрөө төлүүлэх үндэсгүй. Эмчийн жор байхгүй. Ямар эм, хэдэн төгрөгөөр авснаа мэдэхгүй байна. Мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай бол тангараг өргөсөн эмч төлбөрөө төлбөл эмчилнэ, төлөхгүй бол эмчлэхгүй гэдэг зүйл байхгүй. Шаардлагагүй учраас өдий болтол эмчилгээ хийлгээгүй байна. Хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.  

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Эгийн бие махбодид хөнгөн хохирол учирсан байх ба, хохиролд 4.347.900 төгрөг нэхэмжилж, үүнээс шүүгдэгчийн нөхөн төлсөн 202.000 төгрөгийг хасч, үлдэх 4.145.900 төгрөгийг нэхэмжилж, хэрэгт эмчилгээ, шатахуун өмгөөлөгчийн хөлс зэрэгт 1.290.900 төгрөгийн баримтыг, түүнчлэн “Баяр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардалд 580.000 төгрөгийн, “Эмжж” эмнэлэгт хамрын мэс ажилбарт орох зардалд 2.380.000 төгрөг гарах тухай нэхэмжлэхүүд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, баримт зэргийг тус тус ирүүлсэн байна.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг судалж үзээд тамхи, ундаа гэх зардлыг гаргах шаардлагагүй гэж үзсэн. Мөн хохирогч дүүгээ гуйж машинаар нь эмнэлэгт үзүүлэхээр явсан гэж тайлбарлан, шатахууны зардал нэхэмжилж, 2019 оны 3 дугаар сарын 21, 23, 27, 2019 оны 4 дүгээр сарын 02, 03, 05, 13, 16, 18-ний өдрүүдэд шатахуун авсан гэх зардлын баримтуудыг ирүүлсэн байх боловч хохирогчийн амбулаториар эмчлүүлэгсэдийн картанд эдгээр өдөрт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн, эсхүл эмнэлэгт үзлэгийн цаг авсан гэх баримтууд байхгүй зэргээр тухайн шатахууны зардал гэх баримтууд нь хохирогчид өөрт нь зарцуулагдсан эсэх нь тодорхой бус, эргэлзээ бүхий баримтууд байна.

Түүнчлэн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хохирогч ... өмгөөлөгчөө өөрөө сонгоно”,

-8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхтэй талаар тус тус заасан.

Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан.

Хохирогч Ч.Э нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн хөлсийг гаргах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар заасан, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “өмгөөлөгчид төлөх зардал”-ыг заасан байгаа боловч уг зардал нь Засгийн газрын тогтоолоор баталсан журмаар тусгайлан заасан этгээдэд хамаарах зардлыг ойлгоно. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.6.6 дахь хэсэгт “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор заасан. Тодруулбал эрх нь зөрчигдсөн насанд хүрээгүй, бага насны хохирогчийн хууль ёсны эрх ашигийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг зардалд тооцох ба, бусад хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг гаргах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүх өмгөөлөгчийн хөлс, шатахууны зардал, зарим шаардлага хангахгүй зэрэг баримтын хүрээнд хохирогчийн 1.022.100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 268.800 төгрөгийг шүүгдэгч Д.Мас гаргаж, хохирогч Ч.Эд олгохоор шийдвэрлэсэн.

Харин хохирогч Ч.Эгийн нэхэмжлэлээс “Баяр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, мэдрэлийн эмчилгээ хийлгэнэ гэх эмнэлгийн төлбөрт төлөх 580.000 төгрөг, “Эмжж” эмнэлэгт хамрын мэс ажилбар хийлгэхэд төлөх 2.380.000 төгрөгийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй, тухайн зардал гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэсэн заалтыг үндэслэн нэхэмжилж байгаа гэж мэтгэлцэх боловч шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан ба, мэдрэлийн эмчийн зөвлөгөө авах талаар тэмдэглэсэн, харин эмнэлэгт хэвтэж зайлшгүй тархи, мэдрэлийн эмчилгээ хийлгэх шаардлага бүхий талаар эмчийн онош, дүгнэлт байхгүй, мөн хамар ясны хугарал бүхий мэс ажилбарын зардал урьдчилан гаргах зайлшгүй зардалд хамаарахгүй, өөрөөр хэлбэл хохирогчид учирсан дээрх гэмтлээс удаан хугацаагаар ажлаа хийх боломжгүй болох, хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл буурсан, уг гэмтлийн улмаас орлогын эх үүсвэр хаагдсан, эхсүл хязгаарлагдсан, эдийн засгийн ашиг орлогоо алдсан гэх зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймээс хохирогч нь эдгээр зардлыг тухайн бүр нь нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах, шаардах эрх нь хуулиар олгогдсон байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч Д.М нь хохирогч Ч.Эд 268.800 төгрөгийг нөхөн төлсөн тул энэ тогтоолоор шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг боловч хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа байдал нь хангалтгүй байна. Хор уршиг одоо ч гэсэн арилаагүй. Иймд шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Димагаас “хохирогчийн хохирол арилаагүй. Хохирол төлөгдөөгүй ” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгээс “Шүүгдэгч Д.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн. “Эко констракшин” ХХК-нд ажилладаг, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оногдуулахгүй, ялаас чөлөөлөх бүрэн үндэслэл байгаа тул түүнд ял оногдуулахгүйгээр, ялаас чөлөөлж өгнө үү “гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүгдэгч Д.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар буюу хохиргчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, шүүгдэгч Д.Мыг ялаас чөлөөлж өгнө үү гэж мэтгэлцэх боловч дээрх зүйл, заалт нь хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх хуулийн зохицуулалт бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг ялыг сонгон оногдуулахаар хуульчилсан, хорих ялын төрлийн зохицуулалт байхгүй болно. Иймд шүүгдэгч Д.Мыг хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй ба, өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан санал хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.М нь эрхэлсэн тодорхой ажилтай хэдий боловч тус гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хор уршгийг бүрэн арилгаагүйг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогч Ч.Эд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар хохирогч Ч.Эгийн нэхэмжлэлээс 1.022.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Баяр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх 580.000 төгрөг, “Эмжж” эмнэлэгт хамрын мэс ажилбар хийлгэх 2.380.000 төгрөгийг болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч улсын яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА