Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1072

 

 Д.М-д  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Болор-Эрдэнэ,

хохирогч Ч.Э-н өмгөөлөгч Б.Дима,   

шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Д.Барсүрэн,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 632 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Дима, шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Д.Барсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.М-д  холбогдох эрүүгийн 1908 01812 0591 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-н М, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “......” ХХК-д гагнуурчнаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;

Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М-д  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогч Ч.Э-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Э тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хохирогч Ч.Э миний бие 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Д.М гэх хүнд зодуулж, хамар хугарч, толгойдоо хүнд гэмтэл авсан. Үүний улмаас хамар битүүрч, толгой эргэж, байнга өвддөг болсон. Эмчид үзүүлэхэд эмч хамрын хагалгаа хийлгэх, мэдрэлийн эмнэлэгт яаралтай хэвтэж эмчлүүл гэсэн боловч Д.М нь эмчилгээний мөнгө гаргаж өгөөгүй. Нэг ч удаа залгаж миний эрүүл мэндийн байдлын талаар асуугаагүй. Мөн шүүх хуралдааны үед ч хохирлыг үгүйсгэж, эмчилгээний мөнгө гаргаж өгөөгүй. Би өөрөө эмчилгээ хийлгэе гэж бодсон боловч цалин, хашаа байшин, машины зээлтэй болохоор эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Би барилгын ажил хийдэг ба энэ зун өвчний улмаас ажлаа хийж чадахгүй байна. Би Д.М-с мөнгө нэхэж дарамталсан зүйл байхгүй. Эмчилгээний зардлаа нэхэж залгахад уурлаж, утсаа таслан, үл тоож ярьдаг. Д.М нь хохирол барагдуулна гэсэн боловч өмгөөлөгч Д.Барсүрэн нь хохирлын мөнгийг гаргуулж өгөхгүй, эмчилгээ хийлгэсэн үнэн зөв баримтыг үгүйсгэж, худал баримт гаргуулсан мэтээр үгүйсгэсээр өнөөдрийг хүрлээ. Өмгөөлөгч хүн хүний эрхийг хамгаалж, хүн бүрийн төлөө байх атал хэтэрхий нэг талыг барьж байна. ... Баримт нотолгоог буруу, тамга тэмдэг нь дээр үеийнх гэх мэтээр үгүйсгэж, илт буруутгаж байна. Миний бие хүндээр цохиулж гэмтэл аваагүй байсан бол эрүүл байх байсан. Өвчний улмаас шүүх рүү 5-6 удаа явж, хорооны цагдаа, гэмтлийн эмнэлэг, дүүргийн цагдаагийн хэлтэс рүү удаа дараа олон удаа явж хийж, зарлага гаргасан байтал огноо таарахгүй байна гэж үгүйсгэсэн. Би энэ хүнд зодуулж, эрүүл мэндээрээ хохироогүй байсан бол өмгөөлөгч авч энэ их зардал мөнгийг гаргахгүй байсан. Иймд миний эмчилгээний зардал болон өмгөөллийн хөлсийг гаргуулж өгнө үү ...” гэжээ. 

Хохирогч Ч.Э-н өмгөөлөгч Б.Дима давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.М-д  зодуулсны улмаас Ч.Э-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Энэ гэмтлийн улмаас хамар үргэлж битүүрч, байнгын толгой өвдөх, нүд бүрэлзэх зэрэг үргэлжийн зовиуртай байх болсон. Олон төрлийн эм тариа өвчин намдаагч хэрэглэсэн боловч намдаагүй. Яаралтай хэвтэж, хамрын хагалгаанд орох, мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. Ч.Э нь эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг хувиараа такси үйлчилгээ эрхэлж амьдралаа авч явдаг. Хамрын хагалгаа болон бусад эмнэлгийн үйлчилгээ авах эдийн засгийн боломжгүй байгаа. Эхнэр нь цалингийн зээлтэй, хувийн орон сууц болон газар, амьдрал залгуулдаг машинаа хүртэл зээлээр авсан байдаг. Энэ бүх байдлаа нотолсон баримтуудаа шүүхэд гарган өгч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хохирол нэхэмжилсэн боловч хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нэхэмжилсэн хохирлыг гаргуулж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Д.Барсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Д.М-д  320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь ялын бодлого оновчтой шударга бус, үндэслэлгүй буруу шийдвэр гарлаа гэж хуульчийн хувьд үзэж байгаа учраас дээд шатны шүүхэд гомдлоо гаргахад хүрч байгааг анхааралдаа авна уу.

Давж заалдах шатны шүүх доорх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Д.М-д  оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү.

Д.М нь эрүүгийн хэрэгт холбогдоод гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр сайн дураараа нөхөн төлсөн, цаашид ямар нэгэн хохирол гарвал нөхөн төлөхөө илэрхийлсэн, “........” ХХК-д гагнуурчнаар ажилладаг, тус компанийн хамгийн шилдэг гагнуурчин. Эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол цалинтай, торгууль төлөх боломжтой, чадвартай ийм хүнд торгуулийг ялыг оногдуулж өгнө үү ...” гэв.

Прокурор Т.Болор-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн шатанд тодорхой арга хэмжээ аваагүй. Хохирогчид учирсан хохирол бүрэн арилаагүй. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс хохирогчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг үнэлж, нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй. Иймд оролцогч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч  Ч.Э-н “... Цэнхэр дэлгүүрийн тойрог дээр эргэж байхад машиныг нэг хүн цохисон. Би бууж ирэхэд “чи дайрлаа хөөе” гэхээр нь “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь шууд миний хамар луу нэг удаа цохиод хамар хугалсан. ... Би “миний хамрын цус тогтохгүй байна” гэж хэлсэн чинь миний толгой руу цохисон. ...” /хх 31/,

гэрч Э.Э-н “... Танихгүй залуу миний автомашины хойд тал руу гараараа цохиод авсан. Тэгээд машинаа зогсооход найз Ч.Э буугаад тэр залууд “яаж байгаа юм бэ” гэхэд Э-г цохиод авсан. Би машинаас буугаад “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь тэр залуу намайг “цаашаа бай” гээд түлхээд байсан. ...” /хх 72-73/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ч.Э-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 3814 дугаартай дүгнэлт /хх 36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... Шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3814 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ч.Э-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн 603 дугаартай дүгнэлт /хх 74-75/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, энэ зүйл хэсэгт заасан хэд хэдэн ялын төрлөөс 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгосон нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна Д.М-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

            Хохирогч Ч.Э-с “... Миний эмчилгээний зардал болон өмгөөллийн хөлсийг шүүгдэгч Д.М-с гаргуулж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Б.Димагаас “... Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Д.М-с хохирол нэхэмжилсэн боловч хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс, шатахууны зардал, зарим нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн, шүүхээс хохирогчийн гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.  

            Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Д.Барсүрэнгээс “... Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр сайн дураараа нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.  

            Учир нь, шүүгдэгч нь хохирогчтой хохирол төлөх талаар харилцан тохиролцоогүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг бүрэн гүйцэт арилгаагүй, хохирогч гомдолтой байгаа зэрэг нөхцөл байдлаас үзэхэд түүнд шүүхээс оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял шийтгэл оногдуулах хууль зүйн боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Дима, шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Д.Барсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.