Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 158

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

Шүүгдэгч Л.Г, Ж.Ө  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1915001880149 дугаартай, 163/2019/0153/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Л овогт Л.Г . 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ж.Ө.   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Г, Ж.Ө  нар нь бүлэглэж /яллах дүгнэлтээр/ Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 9.82 м3 нойтон нарс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө **-** ОРА улсын дугаартай, Зил 131 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Гийн өгсөн: Булган аймгийн Сэлэнгэ сумын “Х” гэх газраас  2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр найз Ө ын хамт уулнаас бэлдсэн байсан модыг ачсан. Ачиж явах замдаа цагдаа нарт саатуулагдсан. Зөвшөөрөлгүй мод ачсан гэм буруугаа ойлгож байна. Уг модыг Зил 131 маркийн **-** ОРО улсын дугаартай машинаар ачиж явсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ө ын өгсөн: 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ байхад найз Г ирээд “хоёулаа мод ачаад ирье” гэхээр нь хамт явсан. Булган аймгийн Сэлэнгэ сумын “Х” гэдэг газраас нарс модыг Зил 131 маркийн машинаар ачиж ирсэн гэх мэдүүлэг,

Эрүүгийн 1915001880149 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч А.Г гийн өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын эхээр Г гэх хүн Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас нойтон нарс мод тээвэрлэж яваад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Байгаль экологид учирсан 1178400 төгрөгийн хохирлыг төлүүлнэ. 2019 онд хуурай нарс модыг аж ахуй нэгж болон албан ёсны нөхөрлөлүүд бэлтгэх хуваарь тавигдсан. Нойтон нарс мод бэлтгэх хуваарь манай сумын хэмжээнд байхгүй. Нойтон нарс мод бэлтгэх нь хориотой. ...” гэх мэдүүлэг /хх-42-43 тал/,

Гэрч Ш.Т ын өгсөн: “...Манайх Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг  “Х” гэдэг газар нутагладаг. Зундаа Хангал сумын 4 дүгээр баг “Ц” гэдэг газар зусдаг юм. Хялганат тосгонд байдаг Г гэж залуу мод, машин хоёроо цагдаагийн хашаанд журамлуулсан байна гэж А аас сонссон. Нарс мод бэлтгээд баригдсан гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-49 тал/,

Гэрч М.А ын өгсөн: “...Гэд машинаа зарахдаа ямар нэг гэрээ байгуулаагүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ Орхон аймаг дахь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн нэр дээр байдаг. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс тээврийн хэрэгслийн лавлагааг гаргуулж авахад Г  гэдэг хүний нэр дээр байгууллагаас актлагдаж гарсан машин байсан. Гээс машинтай холбоотой ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-54 тал/,

Гэрч Э.Ө ы өгсөн: “...Өчигдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 01-ний орой 21 цагийн орчимд өөрийн найз Ө ын хамтаар Зил 131 маркийн автомашинтай модонд явлаа гэж хэлээд гэрээсээ гарсан. Яг хаашаа модонд явсан талаар мэдэхгүй. Нөхрийн яриагаар бол мал харж яваад ууланд мод бэлтгэж тавьсан байхыг харлаа. “Өнөөдөр явчихаад ирье” гэж хэлээд гарсан. ...Манай нөхөр 2 жилийн өмнө хувь хүнээс Зил-131 маркийн автомашиныг худалдаж аваад унаагүй байж байгаад өчигдөр модонд явна гээд унаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-61 тал/,

Гэрч Л.М гийн өгсөн: “...Хүү минь надад хэлэхдээ “ээж би урд шөнө уулнаас нарс мод бэлтгэчихсэн байхаар нь өөрийн найзын хамт яваад Хялганат тосгон руу ачиж оруулж ирж байгаад цагдаагийн байгууллагын ажилтан нартай таараад машинаа модтой нь хамт хураалгачихлаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-64 тал/,

Булган аймгийн Булган суман дахь ойн ангийн инженер О.З ын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №7дугаартай:

1.Дээрхи модыг Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн “Д” гэх газраас Хангал сумын Хялганат тосгоны... оршин суух Л  овогтой Г нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн байна.

2.56 ширхэг нойтон 2 метр урттай нарс мод байна.

3.Тухайн мод бэлтгэсэн газарт 2018, 2019 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй болно.

4.Модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1178400 төгрөг болж байна гэх дүгнэлт /хх-68 тал/,  

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-07-12 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-13 тал/, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-26 тал/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-28 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-29-33/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-34-37 тал/, тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-72 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-120-121 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-122-123 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-86 тал/, хохирол төлсөн баримт /хх-119 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Г, Ж.Ө  нар нь бүлэглэж эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг, тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр нарс төрлийн, түлшний хуурай 9.82 м3 мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр “ZIL-131” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хууль зүйн факт буюу байгаль орчины эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Л.Г, Ж.Ө  нарын хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 1178400 төгрөгийн хохирол учирсан болох нь Булган сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. 

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас  аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Л.Г, Ж.Ө  нарын дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх төдийгүй гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тэдний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1178400 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 3535200 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нар нь хохирлыг бүрэн төлсөн ба энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Л.Г, Ж.Ө  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

        Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн бага насны олон хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Г, Ж.Ө  нарын хууль бусаар бэлтгэж 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн  56 ширхэг буюу 9.82 м3 нойтон нарс мод, түүнийг тээвэрлэсэн “ZIL-131” загварын **-**ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хөрөө зэргийг тус тус шүүгдэгч нараас албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Г, Ж.Ө  нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Л.Г, Б овогт Ж.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Г, Ж.Ө  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 4-т зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Л.Г, Ж.Ө  нарыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Г, Ж.Ө  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдсэн 56 ширхэг буюу 9.82 м3 нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдсан моторт цахилгаан хөрөө, “ZIL-131” загварын **-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг шүүгдэгч Л.Г, Ж.Ө  нараас тус тус хурааж, үнийг Улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г, Ж.Ө  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Г, Ж.Ө  нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД