Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 35

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Д.Сүрэнхор       

                    Нарийн бичгийн дарга                        Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Б.т холбогдох 201706000176 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн, шүүгдэгч Ж.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Ж.Б.    

  

Ж.Б нь 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 03 дугаар саруудад Булган аймгийн ... “А” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 129 м3 /88396м3+40,6м3=128996м3 шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 21.802.713.6 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор:

 

 Шүүгдэгч Ж.Б-г хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ж.Б.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б.с 65.408.142 /жаран таван сая дөрвөн зуун найман мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт олгож,

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 53 ширхэг мод, малын саравчтай хашаа, дутуу барьсан хөх өнгийн дээвэртэй 7*5м хэмжээтэй дүнзэн байшин 1 ширхэг, гадуураа улаан өнгийн тоосгоор өнгөлсөн хөх өнгийн дээвэртэй байшин 1 ширхэг, мод бэлтгэхдээ ашигласан цагаан өнгийн трактор нэг ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн дружба хөрөө 1 ширхэгийн үнийг шүүгдэгч Ж.Б.с тус тус албадан гаргуулж, хохирол төлбөрт тооцуулж, хохирлоос илүү гарсан хөрөнгө орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хятад улсад үйлдвэрлэсэн дружба хөрөө 1 ширхэг, цагаан өнгийн тракторыг эзэмшигчид нь тус тус буцаан олгож,

       . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Б.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн, шүүгдэгч Ж.Б нар нь давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай Шийтгэх тогтоолд гаргасан гомдолд дараах байдлаар тодруулга хийж байна. Үүнд: Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Шүүхийн шийдвэрийн удирдтгал хэсгийн холбогдсон хэргийн галаар гэсэн хэсэгт "…"А” гэх газраас”.... гэмт хэрэгт холбогджээ" гэж 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5/55а дугаартай яллах дүгнэлтэд зааснаас өөр газрыг нэрлэн бичсэн нь яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй алдаа гаргаж шүүх "А’" гэх зөвшөөрөл бичсэн газраас мод бэлтгэсэн байх бодит байдлыг эхнээсээ тодорхойлж чадаагүй гэж үзэх. "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 36.7 дугаар зүйлийн Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тус зүйлийн 2.2-т заасан "гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”-ыг тусгана гэж заасан. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /5-6 р хуудас/ “2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 03 дугаар саруудад Булган аймгийн ... "А" гэх хууль бусаар 129 м3....мод бэлтгэсэн хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна" гэжээ. Шүүгдэгчийн хувьд гоожин зөвшөөрөлд заагдсан “А” гэх газраас мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч. бэлтгэсэн модны хэмжээн дээр маргадаггүй. Гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримтаар “А” гэдэг газраас мод бэлтгэсэн гэдэг нь тогтоогдож байхад “А”-аас мод бэлтгэсэн гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн …эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд… цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон байна" гэж дүгнэсэн нь мөн л бодит байдалтай нийцээгүй өөрөөр хэлбэл мод бэлтгэсэн цаг хугацаа, хаанаас бэлтгэсэн хэмжээ нь тодорхой бөгөөд харин гэмт хэргийн сэдэлт. зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлд хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан. Гэтэл ямар шалтгаанаар мод бэлтгэсэн, санаа зорилго, гэмт хэргийн шинжтэй эсэх асуудалд дүгнэлт хийгээгүй нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь зохих зөвшөөрлийг хуулийн дагуу байгаль хамгаалагч нараас авсан, гоожин болон нөхөн сэргээлтийн төлбөрийг төлсөн. Гоожинд заагдсан “А” гэх газраас мод бэлтгэсэн. Гэтэл яагаад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болов гэдэг асуултад шүүх хариулт өгөөгүй гэж үзэж байна. Анхандаа гоожинд зааснаас өөр газраас бэлдсэн учир хууль бусаар мод бэлтгэсэн гэж дараа нь тусгаарлагдсан талбайгаас мод бэлтгээгүй гэдэг үндэслэл дэвшүүлсэн. Шүүх энэ хоёр шалтгааны аль алиныг үндэслэлгүйгээр зүгээр л дотоод итгэлээр мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул гэсэн нь бодит байдалд нийцээгүйгээс гадна “Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр үйлдлийг ойлгох бөгөөд” гэсэн нь ямар хууль тогтоомжийг үндэслэн ийм ойлголт бий болгосон нь ойлгомжгүй бөгөөд “Ойн тухай” хуулийн 34 дүгээр зүйлд “мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох” зохицуулалтын 34.1-д “...сум. дүүргийн эрх бүхий албан тушаалтан иргэн, ойн нөхөрлөлд.... мод бэлтгэх эрхийн бичиг.... олгоно” гэсэн нь иргэнд мод бэлтгэх эрх олгох зохицуулалтын дагуу эрхийн бичиг өгч, хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” , 35.4.1-д “гэрээ. зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга. технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-т “Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн". 35.4.3-т "засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” гэж хуульчилснаар үгүйсгэгдэж байна. Мөн шинжээчийн дүгнэлт нь зөвхөн экологи эдийн засгийн үнэлгээ хийх зорилготой байхад “уг модыг зохих хууль, дүрэм журмын дагуу бэлтгээгүй байна” гэснийг нотлох баримтаар үнэлсэн нь бодит байдалтай нийцээгүй байгаа зэрэг нь шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т зааснаар тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэнтэй зөрчилдөж байна. Иймд шийтгэх тогтоолын гол хэсэг болох тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоож чадаагүй, хэргийн талаархи нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй учраас зүйлчлэл, гэм буруу, гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байдал нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. 2. Эрүүгийн хууль бусад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Шүүгдэгч Ж.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай тусгай ангийн 24.6 дугаар зүйлээр зүйлчилсэн нь хууль хэрэглээний алдаатай зүйлчлэл юм. Мод бэлтгэх зөвшөөрөл хууль журмын дагуу эрх бүхий албан тушаалтнаас авсан байтал зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж шүүхээс гэм буруутай гэж тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай зөрчилдөж байна. Гэм буруугүйд тооцоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуулийн 1.15 дугаар эүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шуүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн. мөн хуулинд хэргийн бодит байдлыг тогтоох 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч. прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг гогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах. ял хүндрүүлэх. хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг зөрчиж эргэлзээтэй буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй болон мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал нотлогдохгүй байхад гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.07-ний өдрийн 2019/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолын гэм буруутай тооцсон болон хохирол төлбөртэй холбоотой хэсгийг хүчингүй болгож болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Сүрэнхор дүгнэлтэндээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Б.т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

 

 Шүүгдэгч Ж.Б нь 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 03 дугаар саруудад Булган аймгийн ... “А” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 129 м3 /88396м3+40,6м3=128996м3 шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 21.802.713,6 төгрөгийн хохирол учруулсан болох нь модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-23 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-ийн 24-27 дугаар хуудас/, мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ /1хх-ийн 45-48 дугаар хуудас/, мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар /1хх-ийн 52-54 дүгээр хуудас/, Тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 71-84 дүгээр хуудас/, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ж.Б.н зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

Мөн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн хууль бусаар бэлтгэсэн 53 ширхэг мод, малын саравчтай хашаа, дутуу барьсан хөх өнгийн дээвэртэй 7*5м хэмжээтэй дүнзэн байшин 1 ширхэг, гадуураа улаан өнгийн тоосгоор өнгөлсөн хөх өнгийн дээвэртэй байшин 1 ширхэг, мод бэлтгэхдээ ашигласан цагаан өнгийн трактор нэг ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн дружба хөрөө 1 ширхэгийн үнийг шүүгдэгч Ж.Б.с тус тус албадан гаргуулж, хохирол төлбөрт тооцуулж, хохирлоос илүү гарсан хөрөнгө орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хятад улсад үйлдвэрлэсэн дружба хөрөө 1 ширхэг, цагаан өнгийн тракторыг эзэмшигчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “...шийтгэх тогтоолын гэм буруутай тооцсон болон хохирол төлбөртэй холбоотой хэсгийг хүчингүй болгож болгож өгнө үү...” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна

Шүүгдэгч Ж.Б нь зохих зөвшөөрөлтэйгээр, тогтоосон төлбөр хураамжийг төлж  м од  бэлтгэсэн  гэх  боловч   мод бэлтгэх   зөвшөөрөл   өгсөн     буюу

талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас мод бэлтгэсэн нь хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн, шүүгдэгч Ж.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ХҮРЭЛБААТАР

                                                  ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА   

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН