| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 2234000000576 |
| Дугаар | 2024/ХШТ/19 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ХШТ/19
Ш.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 83 дугаар магадлалтай, Ш.Б-д холбогдох эрүүгийн __________ дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй М овогт Ш-ын Б.
Ш.Б нь 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат __ дугаар баг Гандангийн __ тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б-тай маргалдаж, улмаар зүүн эгэм хэсэг рүү нэг удаа хутгалж, түүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Б-ийг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 83 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Шүүгдэгч Ш.Б-ийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нар хамтран гаргасан гомдолдоо: “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заахдаа “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” шүүх хорих ялыг хөнгөрүүлж болно гэж заасан.
Гэтэл Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бусдыг санаатай алж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй Ш.Б-ийг “Санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж” гэх, мөн “Гэмт хэрэг гаргахад хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан” гэсэн хуульд байхгүй үндэслэл зааж шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн, хуульд оногдуулахаар заасан ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулсныг бид зөвшөөрөөгүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар Ш.Б-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарахад хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэсэн гэх хуульд заагаагүй үндэслэлийг дурдсан, түүний хувийн байдал гэж амь хохирогчийн хувийн байдлыг харгалзсан мэт ойлгомжгүй дүгнэлт хийжээ” гэсэн дүгнэлт гаргасан мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Ш.Б-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж дүгнээд “Шүүгдэгч М овогт Ш-ын Б-ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн өөрчлөлт оруулаад тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч бидний гомдлыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүх Ш.Б-д ял шийтгэл оногдуулахдаа түүнийг Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтад хамаарах ямар нэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүйгээр ял шийтгэл оногдуулсныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, тэр тусмаа анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулах гол үндэслэл болох “Гэм буруутайд тооцох” тухай хуулийн заалтыг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлж байгаа нь хуульд заагаагүй, хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Ш.Б нь талийгаач Х.Б-ыг тодорхойгүй шалтгаанаар, зориуд санаатайгаар хутгалж, амь насыг хохироосон бөгөөд өөрийн үйлдсэн хэргийн талаар нэг ч удаа сайн дураар мэдүүлээгүй, хохирогчид анхны тусламж үзүүлэх, амь насыг аврах ямар ч оролдлого хийгээгүй, хэргийн газраас зугтаж явж, хохирогчийн үхлийн талаар огт өөр зүйл бусдад яриад явж байсан зэргээс ”Ш.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт огт үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заахдаа “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” шүүх хорих ялыг хөнгөрүүлж болно гэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх “Санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж” гэх, “Дээрх гэмт хэрэг гаргахад хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан” гэсэн хуульд байхгүй үндэслэл зааж шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн, хуульд оногдуулахаар заасан ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүх бусдыг алах гэмт хэрэг үйлдсэн Ш.Б-д ял шийтгэл оногдуулахдаа хуульд байхгүй, хэрэгт нотлогдон тогтоогдоогүй үндэслэл зааж, хэргийн бодит байдлаас өөр, зөрүүтэй дүгнэлт хийж, “Хорих ялыг хөнгөрүүлэх” тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг зөрчин, Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуульд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчиж байна.
Ш.Б нь 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаал цайдам сумын Асгат __ дугаар баг, Гандангийн __ тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Б-ын эгэм хэсэг рүү нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлээд байгаа юм. Анхан шатны шүүх Ш.Б-д ял шийтгэл оногдуулахдаа “Ш.Б-ийн хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураараа төлсөн, дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов” гэж дүгнэсэн байдаг.
Гэтэл Ш.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй, хохирогчийн биеэс их хэмжээний цус гарч, хэдхэн хормын дотор нас барсан нь нэгэнт тодорхой байхад эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, хохирогчийг гэрт нь орхиж явж, өөрийн хаяг дээр ч очоогүй, маргааш өдөр нь 14 цаг болж байхад айлд архи ууж, хохирогчийг зүрхний клапан нь хаагдаж нас барсан гэнэ гэх мэтээр яриад сууж байсан байдаг.
Хэрэг болох үед хамт байсан Х.Б, Ш.Б-ийн анх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээс талийгаач Х.Б мах чанана гэж хутга авсан, Ш.Б хутгыг авах гэж булаацалдах үед Х.Б арагш унаж, энэ үед нь Ш.Б түүний зүүн талын эгэм хэсэгт хутгалсан байдал тогтоогдсон. Харин Ш.Б нь хохирогчийн мах чанана гэж хутга барьсан, хутгыг булааж авах гэж өөрөө ноцолдсон, энэ үед хохирогч арагш унасан байдлыг далимдуулан бусдыг санаатай хутгалж алсан хэргээ санамсар болгоомжгүйгээр үйлдсэн болгох, хохирогчийн буруутай үйлдлээс болсон болгох гэсэн хандлага нь өөрийн үйлдсэн хэргийг булзааруулах гэсэн зорилготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал гэж үзэх үндэстэй байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Н.Т-ийн тайлбар мэдүүлгээр Х.Б-ын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн, эгэмний артер венийн судас тасарсан гэмтэл үүсч, дотуур цус алдалтын улмаас нас барсан болох нь тогтоогдсон, уг гэмтэл нь дээрээс доош чиглэлтэй, давхралдаж унахад үүсэхгүй, өөр зулгаралт байгаагүй тул шууд нэг л удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл болох нь мөн тогтоогдсон ба хохирогч тодорхой богино хугацаанд амьд байх боломжтой, удаан хугацаанд амьд байх боломжгүй, эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй болох нь нотлогдсон.
Эдгээр байдлаас үзэхэд Ш.Б нь талийгаач Х.Б-ыг тодорхойгүй шалтгаанаар, зориуд санаатайгаар хутгалж, амь насыг хохироосон байх бөгөөд өөрийн үйлдсэн хэргийн талаар нэг ч удаа сайн дураар мэдүүлээгүй, хохирогчид анхны тусламж үзүүлэх, амь насыг аврах ямар ч оролдлого хийгээгүй, хэргийн газраас зугтаж явж, хохирогчийн үхлийн талаар огт өөр зүйл бусдад яриад явж байсан зэргээс Ш.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа өөрийн үйлчлүүлэгч Ш.Б-ийг бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг огт зөвшөөрөөгүй, 400 мл цус алдсан явдал нь хохирогчийн нойр булчирхайн үрэвсэлд нөлөөлнө, хохирогчийн цусанд илэрсэн 7.1 хувийн этилийн спирт түүний үхэлд нөлөөлнө, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэх мэтээр удаа дараа маргаж, шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаж оролцсон нь Ш.Б өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлээгүйг баталж байгаа бөгөөд Ш.Б гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэх шүүхийн дүгнэлттэй зөрж байгаа юм.
Шүүгдэгч Ш.Б нь тухайн хэрэг болохоос сар гаруйн өмнө хохирогч Х.Б-ын толгой руу эмээлийн дөрөөгөөр цохиж хагалж байсан, хэрэг болсон 2022 оны 12 дугаар сарын 07-ны өглөө гэрт нь маргалдаж, гэдэс хавьдаа хутгаар хатгуулсан гэх асуудал яригддаг, эдгээр байдлуудаас Ш.Б хохирогчийг тодорхой сэдлээр зориуд санаатайгаар хутгалж алсан байх үндэстэй байна. Харин анхан шатны шүүхийн тогтоолд заасан хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэсэн асуудал Ш.Б-ийн бусдыг алах гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн нөлөөлсөн болох нь тодорхойгүй, энэ талаар нотлогдож тогтоогдсон зүйл байхгүй, түүнчлэн Ш.Б-д ял шийтгэл оногдуулахад хохирогчийн хувийн байдал хэрхэн ямар үндэслэлээр нөлөөлж байгаа нь тодорхойгүй бөгөөд огт ойлгомжгүй байна.
Шүүгдэгч Ш.Б хохирогчийн нэхэмжилсэн 32 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн боловч, оршуулгын зардалд зарцуулсан мөнгийг төлж барагдуулснаар түүний санаатай үйлдсэн гэмт хэргийн улмаас эргээд амьдарч чадахгүй хорвоог орхисон хүний амь насны хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх учиргүй юм. Хүний амь нас хохирохоос хүнд хохирол, хор уршиг байхгүй нь хэнд ч тодорхой бөгөөд оршуулгын зардалд зарцуулсан мөнгө нь хүний амь насыг хохироосны төлөөс огт биш гэж үзэж байна. Хэрэг шалгах ажиллагааны явцад хохирогчийн буруутай үйлдэл огт тогтоогдоогүй, хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэсэн асуудал ч энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдал байхгүй юм.
Анхан шатны шүүх бусдыг алах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг зааж “Гэм буруутайд тооцоогүй”, давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхдээ хуульд заагаагүй үндэслэлийг дурдсан зэрэг анхан шатны шүүхийн “Хууль зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн” зөрчлийг тогтоосон боловч өөрийн эрх хэмжээнд байхгүй бусдыг “гэм буруутайд тооцсон” шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Ш.Б нь 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв айм Угтаал цайдам сумын Асгат __ дугаар баг, Гандангийн __ тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Б-ын эгэм хэсэг рүү нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлсэн. Анхан шатны шүүх Ш.Б-д ял шийтгэл оногдуулахдаа “Ш.Б-ийн хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураараа төлсөн, дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов” гэж дүгнэсэн. Гэтэл Ш.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй, хохирогчийн биеэс их хэмжээний цус гарч, хэдхэн хормын дотор нас барсан нь нэгэнт тодорхой байхад эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, хохирогчийг гэрт нь орхиж явж: өөрийн хаяг дээр ч очоогүй, маргааш өдөр нь 14 цаг болж байхад айлд архи ууж, хохирогчийг зүрхний клапан нь хаагдаж нас барсан гэнэ гэх мэтээр яриад сууж байсан байдаг.
Хэрэг болох үед хамт байсан Х.Б, шүүгдэгч Ш.Б-ийн анх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээс талийгаач Х.Б мах чанана гэж хутга авсан, Ш.Б хутгыг авах гэж булаацалдах үед Х.Б арагш унаж, энэ үед нь Ш.Б түүний зүүн талын эгэм хэсэгт хутгалсан байдал тогтоогдсон. Харин Ш.Б нь хохирогчийн мах чанана гэж хутга барьсан, хутгыг булааж авах гэж өөрөө ноцолдсон, энэ үед хохирогч арагш унасан байдлыг далимдуулан бусдыг санаатай хутгалж алсан хэргээ санамсар болгоомжгүйгээр үйлдсэн болгох, хохирогчийн буруутай үйлдлээс болсон болгох гэсэн хандлага ажиллагдаж байгаа. Энэ нь өөрийн үйлдсэн хэргийг булзааруулах гэсэн зорилготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал гэж үзэх үндэстэй байна. Гэтэл анхан шатны шүүх санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нэг ч удаа өөрөө сайн дураараа мэдүүлээгүй байхад “сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэнээ гэмшиж” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн архи дарс хэтрүүлэн хэрэглэсэн байдал болон түүний хувийн байдал нөлөөлсөн байна гэж үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулахдаа хууль заагаагүй эдгээр үндэслэлийг заасан нь үндэслэлгүй гэж үзсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарахад хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэсэн гэх хуульд заагаагүй үндэслэлийг дурдсан, түүний хувийн байдал гэж амь хохирогчийн хувийн байдлыг харгалзсан мэт ойлгомжгүй дүгнэлт хийжээ” гэсэн дүгнэлт гаргасан. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж дүгнээд “шүүгдэгч Ш.Б-ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн өөрчлөлт оруулаад тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч бидний гомдлыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Энэ нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд байхгүй байгаа асуудал буюу анхан шатны шүүх бусдыг гэм буруутайд тооцоогүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэм буруутайд тооцно гэсэн заалтыг орхигдуулсан байхад түүнийг засаж залруулсан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх бусдыг алах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа үндэслэлгүй дүгнэлт хийсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй, хуульд заагаагүй үндэслэлүүдийг дурдаж ял шийтгэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн. Давж заалдах шатны шүүх мөн анхан шатны шүүхийн хууль зөрчсөн үндэслэлүүдийг хянаж шийдвэртээ заасан атлаа түүнийг залруулаагүй. Харин анхан шатны шүүх бусдыг гэм буруутайд тооцоогүй байгаа энэ хууль зөрчсөн асуудлыг залруулаагаа хийж залруулан, давж заалдах шатны шүүхийн магадлалаар бусдыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Тиймээс Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 83 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгчийн хэлсэн тайлбартай санал нэг байна. Тусгайлан гаргах санал байхгүй гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ш.Б нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны шөнө амь хохирогч Х.Б-тай “мах чанах, чанахгүй” гэсэн асуудлаар марган амь хохирогч Х.Б-ын эгэм тус газар хутгалсны улмаас зүүн эгэмний артер, венийн судас тасарч, цээжний хөндийд цус алдаж нас барсан болох нь гэрч Х.Б, шинжээч эмч И.Г, Н.Т нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлт, Ш.Б-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. Шүүгдэгч Ш.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “хутгыг нь авах гээд булаацалдаж байгаад өнхрөөд ойчиход санамсаргүйгээр зүүн эгэм рүү нь хутгалчихсан” гэж үйл баримтын талаар дэлгэрэнгүй мэдүүлжээ. Шүүх шинжилгээний шинжээч нарын дүгнэлтээр амь хохирогч Х.Б-ын цусанд 7.1 промилл спиртийн агууламж илэрсэн, энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-т “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” бол зүйлчлэлийг хүндрүүлэхээр хуульчилсан. Дээрх шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд амь хохирогч нь хүчтэй согтуурсны улмаас бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, гэмт халдлагын эсрэг идэвхтэй эсэргүүцэх чадваргүй байсан байна. Иймд хэргийн зүйлчлэл тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхээс гадна үүрэг юм.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал боловч уг зүйлийг хэрэглэх нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн (Шударга ёсны зарчим) 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн байвал зохино.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн (Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх) 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заажээ.
Уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна.
Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг түүнд хөнгөрүүлэн оногдуулж болох юм.
Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас (мөрдөн шалгах, прокурор, шүүх) хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог билээ.
Шүүгдэгч Ш.Б нь хэргийн үйл баримтын талаар сэжигтнээр байцаагдахдаа “...Би хутгыг гарнаас нь салгаж авах гэж булаацалдаж байгаад өнхөрөөд ойчиход санамсаргүйгээр зүүн эгэм рүү нь нэг удаа хутгалчихсан... Би хутгыг булааж авах гэж ноцолдож байгаад давхраараа ойчиж унахдаа хутгалчихсан” (хэргийн 1 дэх хавтас, 42-43 дахь тал), яллагдагчаар байцаагдахдаа “Би болсон хэргийн талаар сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан болохоор нэмж хэлэх зүйл алга байна. Би согтуудаа Х.Б ахын гараас хутга авах гэж байгаад ийм байдалд орчихлоо” (хэргийн 1 дэх хавтас, 104-105 дахь тал), анхан шатны шүүх хуралдаанд “...хутгыг нь булаацалдаж байгаад унах явцдаа дүрсэн байсан ...хутгатай гарыг нь бариад арагшаа ойчсон. Би алья гээд санаатай хутга зоож алаагүй” (хэргийн 2 дахь хавтас, 73, 75 дахь тал) гэж тус тус мэдүүлсэн байна.
Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...ноцолдож байгаад Б ах хойшоо хөл алдаад унасан, тэгээд ухасхийгээд босоод ирэх хооронд хар М хутгаар Б ахын зүүн эгэм хэсэг рүү хатгачих шиг болсон” (хэргийн 1 дэх хавтас, 27-28 дахь тал), шинжээч Н.Т анхан шатны шүүх хуралдаанд амь хохирогчийн биед үүссэн шархны чиглэл, уг гэмтэл нь хутганы хэдэн удаагийн үйлчлэлээр болон хоёр хүн давхарлаж унах үед үүсгэгдэх эсэх, хэрэв дарж унах үед үүссэн бол ямар шинж тэмдэг илрэх талаар тайлбарлан мэдүүлсэн (хэргийн 2 дахь хавтас, 79-80 дахь тал)-ээр хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгчийн дээр дурдсан мэдүүлэг үгүйсгэгджээ.
Түүнчлэн гэм буруугийн хэлбэрийн талаар шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Би яг санаатай алья гэж алаагүй, дайрч очиж алаагүй. Санаатай алаагүй, санамсаргүй алсан л гэж үзэж байгаа” (хэргийн 2 дахь хавтас, 81, 84 дэх тал) гэж мэдүүлсэн байна.
Эдгээрээс үзэхэд шүүгдэгч Ш.Б нь хэргийн үйл баримт, гэм буруугийн хэлбэрийн талаар маргаж байхад хоёр шатны шүүх түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэмээн дүгнэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн нь буруу бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдалд хамаарч байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэхээр хяналтын шатны шүүхээс тогтоов.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд Ш.Б-өөс өөр шүүгдэгчийн биеийн байцаалтыг тусгасан (хэргийн 2 дахь хавтас, 71 дэх тал), мөн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг 2 өдрөөр дутуу тооцсон зэргийг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 83 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүнийг өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг хангасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
М.ПҮРЭВСҮРЭН