Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

Шүүгдэгч: О.П /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Отгонцэцэгийн Пид холбогдох 1929001370057 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар агуулга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч О.П нь 2019 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг Шандын хар чулуу гэх газарт нутаглах иргэн Б.Батбаярын бууцан дахь гэр, граж, амбаарт хууль бусаар нэвтэрч 12 цагаантай мөнгөн ээмэг, хулсан ташуур, 2 ширхэг мөнгөн хазаар, хурган дээл 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг гэх мэт олон тооны эд зүйл хулгайлж бусдад 22.625.890 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.П мэдүүлэхдээ: “...Айлд ороод юм авсан нь үнэн. Зарим юмыг нь машинд орхисон. Мэдүүлэгт яриад байгаа ээмэг бөгжний тухай би огт мэдэхгүй. Мөн үхрийн борц би аваагүй. Хураагдсан хаягдсан зарим зүйлсийн үнэлгээ дутуу хийгдсэн байна...“гэв.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12-р хуудас/ 

Эд зүйл түр хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 13-28-р хуудас/

Хохирогч Б.Батбаярын өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед өөрийн өвөлжөөн дээрээ түлэх түлш авах гээд манай гэрт мал алах гэж ирсэн 2 хүнтэй хамт бууцан дээрээ очиж түлш аваад буцаад гэрлүүгээ явж байх үед цасан шуурга шуурч гэрээ олохгүй хөдөө хоноод маргааш өглөө гэртээ харьсан. Манайд мал алах гэж ирсэн 2 хүн хамт машинд хоносон. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мал алах гэж ирсэн 2 хүнийг Цогтцэций сумруу хүргэж өгөөд шөнө хөдөө гэртээ ирсэн тэгээд маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед эхнэр 2 хүүхэдтэйгээ хамт бууцан дээрээ очиход бууцан дээр байсан гэр, амбаар, гражын цоож эвдэж эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

Гэрч Т.Ариунгэрэлийн өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед Жаргалант багийн нутаг шандын хар чулуу гэх өөрийн бууцан дээрээ очиж түлэх түлээ, хувцас авах гээд нөхөр хоёр хүүхдийн хамт очсон. Тэгсэн чинь гэрийн хойд талын амбаарын цоожнууд эвдэрсэн гэрийн үүдний амбаарын цоож эвдэрчихсэн байсан тэгээд гэрийн хамгийн хойд талын амбаарын хамгийн зүүн талын амбаарт орж үзэхэд дотор нь байсан зүйлүүдийг бушнайчихсан цүнхтэй хувцаснуудыг сэгсэрч бутарган газар асгасан байсан. Тэгээд амбаарын баруун хойд талын буланд 12 цагаантай хээтэй эмээл, ташууртай хамт боодолтой байсан тэр боодолтойгоо байхгүй байсан мөнгөн хазаар нь цаасан хайрцганд тусдаа байсан цаасан хайрцагнаас 1 ширхэг мөнгөн хазаар байхгүй байсан. Дараа нь гэрт орж эд зүйлээ бүртгэхэд гэрийн хойд талд байдаг 2 зэрэгцээ авдарны баруун талын авдарнаас Бүжинлхам нэртэй шармал өнгийн мөнгөн гуйлтай шармал бурхан байсан тэр алга болсон байсан. Энэ бурхан манай дээдсээс өвлөж үлдээсэн бурхан байсан зурагтын тавиурын доод талын шургуулганд байсан 10 лангийн мөнгөн аяганы суурь, ёроол 1 ширхэг, зурагтын тавиурын дээд талд байсан 2 ширхэг хөөрөг, дайлантайгаа байсан цэнхэр, улаан өнгийн 2 дайлантайгаа байхгүй байсан. Хоолны шкафанд байсан 2 ширхэг дунд гар, бага гарын мөнгөн аяга алдагдсан, бурхны авдар дотор байсан бэлэн 80.000 төгрөг, цагаан өнгийн зэс аяга байхгүй байсан. Миний ээмэг бөгжний хайрцаг тэр чигээрээ байхгүй дотор нь ээмэг, бөгж, бугуйвч, гинж гээд олон төрлийн зүүлтүүд байхгүй. Одоо би тоо ширхэгээр нь хэлж мэдэхгүй байна тэр хайрцганд дүүрэн ээмэг бөгж байсан. Баруун талын амбаараас 3 ширхэг эрдэнэт үйлдвэрийн хуулиастай хивснүүд, 2x3 хэмжээтэй 1 хивс, оронд дэвсдэг 1x2 хэмжээтэй 2 ширхэг хивс, хурган дээл 2 ширхэг, нэг нь хар өнгийн эмэгтэй хурган дээл, нөгөө нь бор өнгийн үйтэн хурган материалтай луу хээтэй том мөнгөн товчтой эрэгтэй хурган дээл, 4 ууттай үхрийн борц, 2 хос эрэгтэй, эмэгтэй түрийтэй өвлийн гутал, баруун талын гражнаас том цахилгааны мотор, улаан шар өнгийн хятад мотор алдагдсан байсан. Тэгээд гэрийн баруун урд талд машины мөр ирж зогссон байсан. Мөн нэг хүний пүүзний мөр байсан тэр мөр нь дугуй тойрог хэлбэртэй мөртэй пүүзний мөр байсан өөр хүний мөр байгаагүй. Гэр дотор хөргөгчинд 1 шил ерөөл архи байсан тэр байхгүй байсан. Бас гэрийн баруун талын орны хойд талд байсан идэж уух зүйл хайрцагтай пичен, талх, боорцог, 2 ууттай чихэр бүгдийг нь хайрцагтай нь авсан байсан. Амбаарт байсан хувцас хийсэн байсан 4 ширхэг том цүнхнүүдийн хувцаснуудыг нь сэгсэрч газарт асгаад цүнхнүүдийг нь авсан. Хөх цүнх 1 ширхэг, ногоон эрээн цүнх 1 ширхэг, цэнхэр өнгийн цүнх 1 ширхэг, баруун талын амбаараас ямар цүнх авсныг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/

Гэрч О.Нарандаваагийн өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 11-ны өдөр байх өдрийг санахгүй байна. П надтай Налайх дүүргийн ордны өмнө таараад “Өмнөговь аймаг руу мал маллаж байсан айлаас хувцас хунараа аваад ирье” гэж хэлсэн би “хариуд нь юу өгөх юм гэсэн чинь” П “очоод мөнгийг чинь өгье” гэсэн тэгээд Би Птой хамт Налайх дүүргээс миний эзэмшлийн 64-22 УБИ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Өмнөговь аймаг руу явсан. Налайх дүүргээс гараад урагшаа мянганы замаар явсан тэгээд бид хоёр Өмнөговь аймгийн Цогтцэций суман дээр орой 19 цагийн үед очсон Цогтцэций сумаас машиндаа бензин хийгээд дахиад цаашаа зүүн урагшаа явж байгаад бид хоёр замдаа цасанд суусан. Тэндээ бид хоёр машиндаа хоноод өглөө нь цаснаасаа гараад буцаад Цогтцэций сумруу ирж, зүүн урагшаа явдаг замаа олоод дахиад зүүн урагшаа явсан. Тэгээд тойроод явсаар байгаад хөдөө айлын өвөлжөөн дээр орой 21 цагийн үед олоод очсон. П машинаас буулгаад тэр Өвөлжөөн дээр нэг гэр байсан тэр гэрт орсон гэрт орж удаж байгаад гэрээс хоёр гурван тортой зүйл бариад гараад ирсэн тэр зүйлээ миний машинд тавиад буцаад гэрийн баруун талаар нь тойроод явсан. Тэгээд удаж байгаад нэг шуудаатай зүйл, хар цүнхтэй зүйл, 3 ширхэг хуйлсан хивс барьсан байсан. Энэ бүгдийг миний машины хажууд тавьсан. Бас нэг урт хулдаас авсан байсан. Тэгээд П буцаад цаашаа эргээд яваад бас удаж байгаад нэг зүйл чирээд ирсэн тэгээд “үүнийг өргөөд өг” гэж хэлсэн би тэр зүйлийг нь өргөх гээд очиход тог гаргадаг улаан өнгийн том мотор байсан тэр моторыг машиныхаа арын багажинд хийсэн дараа нь машины хажууд байсан зүйлүүдийг машинд хийж ачсан тэгээд машиндаа суугаад зүүн урагшаа машин замаар гарч явсан шөнө явж байгаад дэрс буттай газарт машин шаварт суугаад тэндээ хоноод өглөө шавраас гараад 8 цагийн үед гарсан. Тэгээд машин суусан газраас хойгуур нь тойроод буцаад явж байсан замруугаа ороод зүүн тийшээ явж байгаад нэрийг нь мэдэхгүй суман дээр ирсэн тэр сумаар дайраад хойшоо чиглэлтэй сайжруулсан шороон замаар явсан. Бид хоёр явсаар байгаад Дундговь аймгийн засмал замд нийлээд Налайх дүүрэгрүү манай гэрт хамт шөнө 03 цагийн үед ирсэн. Тэгээд маргааш өглөө нь П бид хоёр машинд ачсан зүйлүүдийг тэр чигээр нь машинтайгаа Нарантуул зах руу авч яваад Нарантуул зах дээр очсон. Намайг машинтайгаа Нарантуулын нэрлэдгээр харанхуй ам гэж нэртэй газарт зогсоогоод П машинаас буугаад Нарантуул захруу орсон нэлээн удаж байгаад буцаж ирээд шуудаатай зүйлээ аваад явсан тэгээд нэлээн удаж байгаад буцаж ирээд дахиад нэг шуудаатай зүйл машинаас аваад явсан. Бас нилээн удаж байгаад нэг залуу дагуулаад ирсэн. Тэгээд машины арын суудал дээр нэг тортой зүйл ухаж байгаад 2 ширхэг мөнгөн аяга гаргаж ирээд машины ард гадаа наймаа хийгээд тэр дагуулж ирсэн залууд мөнгөн аягаа зарсан. Тэгээд дараа нь машинд суугаад “явъя” гэсэн би ”миний юмыг яах гэж байна” гэсэн чинь П “2 ширхэг орны хивс, нэг гэрийн хулдаас моторыг зараад мөнгийг нь ав” гэж хэлсэн тэгээд би “мөнгийг нь өгөхгүй юм уу гэсэн чинь мөнгө байхгүй” гэж хэлсэн тэгээд бид хоёр Баянзүрх дүүргийн 13-н автобусны буудал дээр П хуйлчихсан хивс барьсан гар цүнхтэй буусан. Би машинтайгаа Налайх руу гэрлүүгээ явах замдаа Нарантуул захын урд зам дээр эмгэн өвгөн хоёртой таараад “мотор, хивс гэрийн хулдаас байна хүнээс өрөндөө авсан юм авах уу” гэсэн чинь тэр эмгэн өвгөн  хоёр “хулгайн эд зүйл биш биздээ” гэхэд нь бишээ танидаг хүнээс авсан гэж хэлсэн эмгэн орны хивсыг задалж үзээд хулдаас хивсийг 400.000 төгрөгөөр зарсан. Машинаас мотор, хивс, хулдаас буулгаж байсан чинь арын суудлыг босгосон чинь шалан дээр цагаан тортой зүйл байсан түүнийг машиныхаа багажинд хийсэн тэгээд Налайхад гэртээ ирээд цагаан тортой зүйлийг задалсан чинь дотроос нь дайлантай жижиг хөөрөг, савтай бурхан, эмэгтэй хүний гоёлын хайрцаг, шаазан олон хүний зурагтай барьмал шиг зүйл байсан. Тэр нь манай гэрт байгаа. Тэгээд жижиг бурханг гэртээ байлгахаас айгаад Налайх дүүргийн гандангийн хашаан дотор модны хайсан дотор газар тавьж үлдээсэн түүнээс хойш Пийг ярих болов уу гэсэн чинь яриагүй. Тэгээд би өчигдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хотруу цайз захруу очиж банз худалдаж аваад гэрлүүгээ явж байсан чинь Налайхын цагдаа яриад “чи хаана байна, ирээд уулзаадах” гэсэн. Тэгээд постон дээр ирээд цагдаа руу залгасан, цагдаа ирсэн, цагдааг дагаад цагдаа дээр ирсэн. Замдаа худалдаж авсан банзаа дүүгийнхээ хашаанд буулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Дамдиндоржийн өгсөн: “ ...Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны өглөө Нарантуул зах дээр хөөрөгний наймаа хийх гээд 10 цагийн үед очсон. Тэгээд лангуун дээрээ сууж байтал нэг танихгүй залуу “хөөрөг авах уу” гээд ирсэн. “Үзье” гээд хөөргийг нь үзсэн чинь Батхүүгийн алдсан хөөрөн мөн байсан. Урьд өдөр нь буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Батхүү надруу утсаар залгаад “хөөрөг алдчихсан шүү” гээд содон шинж тэмдгүүдийг нь бүгдийг хэлсэн. Тэгээд тэр алдсан хөөргийг нь хүн бариад ирсэн. Тэгээд би “авья” гээд тэр залуутай  уулзсан чинь 500.000 төгрөгөөр ав гэсэн. Би “250.000 төгрөгөөр авья” гэсэн чинь тэр залуу өгөхгүй гээд шууд цаашаа эргээд явхаар нь би тэр хөөргийг алдаж болохгүй гэж бодоод шууд 300.000 төгрөг бэлэн тоолж өгөөд хөөрөг өгсөн дараа нь дайлан нь энэ гээд дайлангийн хамт өгсөн. Би тэр дор нь “хөөрөг чинь ирэхээр нь би авчихлаа” гэж хэлсэн. Тэгсэн Батхүү “одоо сумаас гарлаа” гэж хэлээд ирээд хөөргөө үзээд аваад явсан байсан. Өнөөдөр хамт авч ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Н.Бямбасүрэнгийн өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хурганы арьс зардаг лангуун дээрээ зогсож байсан чинь 11 цагийн үед танихгүй дээлтэй жанжин малгайтай залуу ирээд дээл авах уу гэсэн би “авья, үзье ямар учиртай дээл юм гээд, барьж явсан цүнхнээсээ гаргаж ирсэн. Тэгээд энэ хоёр дээлээ 800.000-д өгнө гэхээр нь хуучин дээл байна доошоо авая гэсэн чинь ав ав гээд дээлээ өгсөн. Тэгээд бэлэн 200.000 төгрөг тоолоод өгсөн. Тэгээд тэр залуу явсан ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч С.Цэндхүүгийн өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 15, 16-ны үед өдрийг нь сайн санахгүй байна. Нарантуул худалдааны төв дээр бараан дээрээ наймаагаа хийгээд зогсож байсан чинь өдөр танихгүй залуу орж ирээд “эмээл авах уу” гэж хэлсэн. Тэгээд би “үзэж байж болно, хаана байгаа юм, ойрхон байгаа юм уу” гэхэд “гадаа машинд байгаа” гэж хэлсэн. Тэгээд эмээлээ энэ ногоон алах цүнхтэй, дотор нь эрээн өнгийн даавуунд ороосон эмээл аваад ирсэн. Тэгээд эмээлийг үзэж хараад үнэ хөлсөө тохироод “энэ эмээл буруу гарын хулгайн эд зүйл биш биз дээ” гэхэд “бишээ тийм зүйл байхгүй Дорноговь аймгийн Отгонбаяр” гэж хэлсэн. Тэгээд 1 сая төгрөг дутаад “дансруу чинь хийчихэе” гэхэд “надад карт байхгүй бэлнээр авна, машин авах гэж байгаа, бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би дүүгээсээ нэмж 1 сая төгрөг аваад нийт 4.200.000 төгрөг бэлэн өгөөд эмээлээ авч үлдсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/40 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/

Яллагдагч О.Пийн мэдүүлэг /хх-ийн 163-164-р хуудас/ гэв.

Шүүгдэгч О.Пийн хувийн байдлын талаар

Шүүгдэгч О.Пийн арилжааны банкуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 134-137-р хуудас/

Шүүгдэгч О.Пийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88-р хуудас/

Шүүгдэгч О.Пийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Шүүгдэгч О.П нь 2019 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг Шандын хар чулуу гэх газарт нутаглах иргэн Б.Батбаярын бууцан дахь гэр, граж, амбаарт хууль бусаар нэвтэрч 12 цагаантай мөнгөн ээмэг, хулсан ташуур, 2 ширхэг мөнгөн хазаар, хурган дээл 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг гэх мэт олон тооны эд зүйл хулгайлж бусдад 22.625.890 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12-р хуудас/, Эд зүйл түр хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд   /хх-ийн 13-28-р хуудас/, Хохирогч Б.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, Гэрч Т.Ариунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/, Гэрч О.Нарандаваагийн мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/,  Иргэний нэхэмжлэгч Ц.Дамдиндоржийн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Н.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч С.Цэндхүүгийн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/40 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/,  Яллагдагч О.Пийн мэдүүлэг /хх-ийн 163-164-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

О.Пийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч Б.Батбаярын эд хөрөнгөд хохирол учирсан ба шүүгдэгч О.П  нь нийт бусдад төлөх 9.080.500 төгрөгийн хохирол төлбөртэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Пид урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Отгонцэцэгийн Пийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пид оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О.Пийн цагдан хоригдсон 32 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулж тоолсугай.

5. Шүүгдэгч О.Поос 9.080.500  төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батбаяр, иргэний нэхэмжлэгч С.Цэндхүү, Н.Бямбасүрэн нарт олгосугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, О.Пийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Пид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА