Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 30

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

           Зөрчилд холбогдогч: В.Т /онлайнаар/

           Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/58 дугаар шүүгчийн захирамжтай, зөрчилд холбогдогч В.Тт холбогдох зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Зөрчилд холбогдогч В.Т нь О.Пид холбогдох эрүүгийн хэргийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутанд зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр прокуророор оролцохоос татгалзсан зөрчилд  холбогджээ.

Өмнөговь аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор  В.Тыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. 

Зөрчилд холбогдогч В.Т давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:”...Хяналтын прокурор В.Т би, эрүүгийн 1929001370057 дугаартай яллагдагч О.Пид холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг Өмнөговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч өөрийн санаачлагчаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хянан хэлэлцэж, 2020/ШЗ/58 дугаартай захирамжаар надад торгох шийтгэл оногдуулах шийдвэр гаргажээ.

Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан "...урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн.

Тус шүүхийн шүүгчийн туслах надад 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхдээ урьдчилсан хэлэлцүүлэг бус шүүгдэгчийг цагдан хорих хугацаа сунгах шүүх хурал гэж хэлсэн.

Миний бие энэ талаар дээд шатны прокурорт танилцуулахад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт намайг онлайнаар оролцуулах тухай албан бичиг бичиж өгсөн бөгөөд уг шүүх хуралд оролцохоор 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хурлын танхимд хүрэлцэн ирсэн болно.

Гэтэл Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслах А: "манай шүүхэд аймгийн шүүхээс мэдэгдэхдээ урьдчилсан хэлэлцүүлэг гэж хэлээгүй, цагдан хорих хугацаа сунгах шүүх хурал гэж хэлсэн. Манай шүүх дээр байгаа Б.Б, П.Ж нарын хэргийн нэг шүүгдэгч нь оргосон байсан юм. Тэр оргосон хүн нь баригдаад урьд шөнө ирсэн байна. Шүүх хурлыг нь яаралтай 9 цаг 30 минутад хийхээр зарласан. Та энэ хэрэгт орох уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би албан бичгээ үзүүлээд энэ хуралд орохоор ирсэн гэдгээ хэлэхэд “би аймгийн шүүх рүү яриад асуугаад мэдээдэхье” гэж хэлээд Өмнөговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахтай яриад надад "урьдчилсан хэлэлцүүлэг биш гэж байна” гэж хэлээд утсаа өгч шүүгчийн туслахтай яриулсан.

Тэгэхэд аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах: “урьдчилсан хэлэлцүүлэг бишээ, би танай даргатай урьдчилсан хэлэлцүүлэг гэж яриагүй, энэ хурал цагдан хорих хугацаа сунгах хурал” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би "энд шүүх хурал давхардсан байна. Тэгвэл би цагдан хорих хугацаа сунгах хуралд орохгүйгээр энэ оргосон хүний анхан шатны шүүх хуралд орохоор болсон тухайгаа албан ёсоор мэдэгдэж байна” гэдгээ утсаар хэлээд Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралд улсын яллагчаар оролцсон.

Ингээд шүүх хуралд орохоос хэдхэн секундийн өмнө буюу шүүгч шүүх хуралдааны танхимд орж ирэх гэж байхад Өмнөговь аймгийн Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах дахин залгаж “энэ хурал урьдчилсан хэлэлцүүлэг байсан байна" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “энэ хуралд орох болсон тухайгаа албан ёсоор чамд мэдэгдсэн шүү дээ" гэж хэлтэл шүүх хуралдааны журам сахиулагч шүүгч шүүх хуралдааны танхимд орж ирж байгааг зарлаж би "шүүгч ирлээ' гэж хэлээд утсаа тасалсан.

Газар нутгийн алслагдмал байдлаас хамаарч бидний ихэнх ажил утсаар, цахим хаягаар болон онлайн хэлбэрээр явагдаж, харилцан ойлголцож төрийн ажлыг гүйцэтгэдэг гэдгийг бид бүгд мэддэг билээ.

Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг зөрчиж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлын товоо утсаар мэдэгдсэн бөгөөд цагдан хорих хугацаа сунгах шүүх хурал гэж прокурорт мэдэгдсэн хуралтай нь Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн анхан шатны шүүх хурал давхардсан талаар албан ёсоор утсаар мэдэгдсээр байхад огт үндэслэлгүйгээр торгох шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Тухайн өдөр болсон шүүх хуралд миний зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй. Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан” зүйл огт байхгүй бөгөөд Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Д.Г ээлжийн амралтаа авсан, эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд надаас өөр оролцох прокурор байхгүй тул шүүхийн шатнаас оргосон  шүүгдэгчийн, гэнэт давхардаж зарлагдсан шүүх хуралд оролцсон.

Иймд Өмнөговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/58 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор В.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Тухайн үедээ Д.Ганчимэг прокурор ээлжийн амралтаа авчихсан байсан. Энэ үед О.Пид холбогдох хэргийн шүүх хуралдаанд би оролцох гээд ирсэн байхад шөнө баригдаж ирсэн оргосон хүний шүүх хуралдаан дээр таарсан. Ганцаараа байгаад аль нэг нь орох хэрэгтэй болсон аргагүй нөхцөл байдал тухайн үед үүссэн. Тухайн үедээ би  албан бичгээр томилогдсон энэ хуралдаа оръё гээд байж байтал оргоод ирсэн хүний шүүх хурал давхардсан учраас хурдан яаралтай шийдэхгүй бол орой оргоод алга болчихно цагдан хорих байр, түр саатуулах байр байхгүй болохоор гэж хэлсэн. Тэгээд би П.Ж, Б.Б хоёрын хуралд орсон. Гэтэл шүүхээс надад Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт  заасан зөрчлийн арга хэмжээ авч ял оногдуулсан. Өнөөдөр би шүүх хуралдаанд саад учруулчихсан юм бол байхгүй. Шүүх хуралдаанд орох уу л гэсэн. Шүүх хуралд орох гэж ирээд байгаа нөхцөл байдалтай зохицоод  ажилласан. Ингээд зүгээр ажлаа хийж явж байгаад торгуулчхаж байгаа юм. Тэгээд би  гомдол гаргаж байгаа юм. Надад торгуулийн ял оногдуулсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна”гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхдээ зөрчилд холбогдогч В.Тын бичсэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

Прокурор В.Т нь Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/58 дугаар захирамжийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.  

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Пид холбогдох 1929001370057 тоот эрүүгийн хэргийг өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/57 дугаартай захирамжаар шийдвэрлэжээ. /2 хх-60, 61/

Энэ захирамжийн дагуу зарласан хэлэлцүүлгийн товыг прокурор, оролцогч нарт мэдэгдсэн байдлыг судалж үзвэл, 10 цаг 00 минутад болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг өөр орон нутагт байгаа прокурорт өмнөх өдрийн 16 цаг 50 минутад мэдэгдсэн болох нь шүүгчийн туслах Б.О үйлдсэн “О.П холбогдох эрүүгийн хэрэгт ...прокурор В.Т та..тус шүүхийн 104 тоот өрөөнд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад хүрэлцэн ирэхийг...” 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  “Баримт-6: ... дугаартай утаснаас 2020 оны 02 дугаар сарын 20-ны 16 цаг 50 минутад...” мэдэгдсэн, шүүхэд дуудагдсан хүний өгсөн хариу хэсэгт “....утсанд хурлын тов мэдэгдэхэд шүүх хурал давхацсан байна, энэ хэрэг шүүхэд шилжиж очсон, цагдан хорионы асуудал шүүхийн эрх хэмжээний асуудал гэв” ,  2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Баримт-6: ...мөн өдрийн 09 цаг 40 минутад” мэдэгдсэн, шүүхэд дуудагдсан хүний өгсөн хариу хэсэгт “......утсанд хурлын товыг хэлэхэд 09 цаг 30 минутад орох хурлын шүүгч нь ороод ирлээ, хуралдаа орлоо гээд утсаа тасалсан болно” гэж тэмдэглэсэн хоёр тэмдэглэлээр нотлогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурорт мэдэгдсэн хугацаа нь “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан заалттай нийцээгүй.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс шүүх хуралдаанд яллагдагч ирсэн, прокуророос өөр  бусад оролцогч, өмгөөлөгчийг хэлэлцүүлэгт дуудаагүй нь, тухайн хэлэлцүүлэг товлосон 10 цагтаа эхэлсэн нь тогтоогдож байхаас гадна “прокурор ирээгүйтэй холбоотой санал байна уу” гэсэн хуралдаан даргалагчийн асуултад яллагдагч “байхгүй” гэсэн хариулт өгсөн үйл явц тэмдэглэгджээ.  /2хх-69/

Шүүгчийн туслах Б.О тэмдэглэлээр тогтоогдож буй прокурор В.Т тухайн хэлэлцүүлэгт онлайнаар оролцохоор 30 минутын өмнө дуудсан газар  ирсэн боловч 10 цагаас өмнө өөр хуралд яаралтай оролцох болсон зэрэг шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй байгаа үндэслэл нь шүүгчийн захирамжаас харагдахгүй байна.  /2хх-63, 64/

Түүнчлэн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт шүүгчийн туслах Б.О тэмдэглэлүүдэд тусгагдаагүй “...прокурор заавал оролцох шаардлагагүй, ..орохгүй” гэх мэдээлэл бичигдсэн байх тул шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

Шүүх прокурорыг онлайнаар оролцох боломжийг хангасан гэсэн боловч энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын “прокурор Төгсбаярыг онлайнаар оролцох тул бэлтгэл хангаж өгнө үү” гэсэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/88 дугаартай албан бичгийг шүүх 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 14 минутад хүлээн авсан тэмдэглэгээ хийсэн байна.  /2хх-67/

Прокурорт урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хууль, холбогдох журамд заасныг дагуу мэдэгдсэн байх, шүүхэд дуудсан шалтгаан тодорхой байх нь дуудсан хугацаанд шүүхэд ирээгүйгээс гарах үр дагаврыг хариуцуулах үндэслэл болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн “хэлэлцүүлгийн товыг удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урьдчилан хэлэлцүүлэгт орохоос татгалзсан ба хүндэтгэн үзэх шалтгаантай гэх нотолгооны баримтыг шүүхэд ирүүлээгүй”  гэх  шүүхийн дүгнэлтийг тухайн бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Өмнөговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/58 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай зөрчилд холбогдогч В.Тын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгчийн туслах нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.10-т заасан “хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг” –ийн хүрээнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалыг баримтлах үүрэгтэй.

Шүүгчийн туслах Б.О нь энэ аргачлалын 4.2.1-т заасан “Шүүгчийн туслах шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, оролцогчид танилцуулсан бол Баримт №10-д гарын үсэг зуруулна, мэдэгдсэн бол Баримт №10-д тэмдэглэж, хэрэгт хавсаргана.” гэсэн заалтыг биелүүлэх боломжгүй, өөрөөр хэлбэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэн талаар тайлбарлаагүй атлаа шүүгчийн захирамжид гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн талаар “оролцогч гэдэгт ...хэлэх ба прокурор оролцогчид хамаарахгүй, ...урьдчилан хэлэлцүүлэг хийж таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэдэг ...” зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсгийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх талаар тайлбарлажээ. Иймд шүүгчийн туслах Б.О энэ үйл ажиллагаа хуульд нийцсэн гэхэд учир дутагдалтайг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/58 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ