| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0134/Э |
| Дугаар | 000071 |
| Огноо | 2017-06-14 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 000071
Ю.Амарсайхан, Х.Баяндүүрэн, М.Хосбаяр,
М.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 142/2017/0134/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Х.Баяндүүрэн, М.Гантулга, М.Хосбаяр
Шүүгдэгч нарын хууль ёсны
төлөөлөгч П.Мөнхцэцэг, О.Хишигсүрэн,
Т.Энхжаргал, Б.Мөнхсүлд
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг, Р.Бямбажав
Р.Цэрэнханд
Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолтой Ю.Амарсайхан, Х.Баяндүүрэн, М.Хосбаяр, М.Гантулга нарт холбогдох, 201714000114 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Булган аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, “Эрдэм” ахлах сургуулийн 11з бүлэгт суралцдаг, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг Манханы 8 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, ГЖ 00261618 регистрийн дугаартай, Хард овгийн Мөнхцэцэгийн Гантулга,
Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 дугаар дамжаанд сурдаг, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундрагийн 22 дугаар гудажны 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ФБ 99081111 регистрийн дугаартай, Хольдог овгийн Юмжаагийн Амарсайхан,
Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрдэм” ахлах сургуулийн 11м бүлэгт сурдаг, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 39 дүгээр гудамжны 9а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ФД 01222212 регистрийн дугаартай, Шар нохойт овгийн Хишигсүрэнгийн Баяндүүрэн,
Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрдэм” ахлах сургуулийн 11м бүлэгт сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 55 дугаар гудамжны 1а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ФД 01221419 регистрийн дугаартай, Бэсүүд овгийн Мөнхсүлдийн Хосбаяр.
Шүүгдэгч М.Гантулга, Ю.Амарсайхан, Х.Баяндүүрэн, М.Хосбаяр нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Т.Цагаандоржийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж ”Iphone-4s” /Айпоне/ загварын гар утсыг дээрэмдэж 110.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Хард овгийн Мөнхцэцэгийн Гантулга, Боржигон овгийн Гансүхийн Мөнхтулга, Хольдог овгийн Юмжаагийн Амарсайхан, Шар нохойт овгийн Хишигсүрэнгийн Баяндүүрэн, Бэсүүд овгийн Мөнхсүлдийн Хосбаяр нарыг бүлэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар шүүгдэгч М.Гантулга, Ю.Амарсайхан, Х.Баяндүүрэн, М.Хосбаяр нарын эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүрийг 3 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8.д зааснаар шүүгдэгч М.Гантулга, Ю.Амарсайхан, Х.Баяндүүрэн, М.Хосбаяр нарт оногдуулсан тус бүрийн 3 жил 5 сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх,
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1., 62.2.т зааснаар шүүгдэгч М.Гантулга, Ю.Амарсайхан, Х.Баяндүүрэн, М.Хосбаяр нарт тус бүр 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус 1 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх хяналт тавихыг Орхон аймгийн цагдаагийн газарт даалгаж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг тэдний хууль ёсны төлөөлөгч П.Мөнхцэцэг, Т.Энхжаргал, О.Хишигсүрэн, Б.Мөнхсүлд нарт хариуцуулж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гантулга, Ю.Амарсайхан, Х.Баяндүүрэн, М.Хосбаяр нарт авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Улсын яллагч эсэргүүцэлдээ:
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Үндэслэл нь:
Насанд хүрээгүй шүүгдэгч нарт хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамласан нь үндэслэлгүй, насанд хүрээгүй шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621дүгээр зүйлийн 621.1-д заасныг журамлан ял оногдуулах хуулийн зохицуулалттай. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.3.д заасныг зөрчсөн.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д “Боржигон овгийн Гансүхийн Мөнхтулга”-ыг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн байцаан. шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэснийг зөрчиж гэмт хэрэгт оролцоогүй буюу гэм буруутай эсэхийг тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн хэргийн хэр хэмжээнээс хальсан, огт хамааралгүй хүнийг гэм буруутайд тооцсон байна.
Шийтгэх тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих шүүхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд” гэж нэрийг буруу дурдаж буюу шүүх байгуулах тухай хуульд байхгүй шүүхийн нэрийг бичсэн байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Гантулга, Ю.Амарсанаа, Х.Баяндүүрэн, М.Хосбаяр нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Цагаандоржийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, “iphone 4s” загварын гар утсыг нь дээрэмдэж 110. 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч Т.Цагаандоржийн мэдүүлэг хх-ийн 18-19 хуудас, насанд хүрээгүй шүүгдэгч нарын мэдүүлгүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 131- 132 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хх-ийн 133- 134 хуудас/, иргэний нэхэмжлэгч П.Шоовдорт хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 137-138 хуудас/, гар утсанд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 36- 38 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх насанд хүрээгүй шүүгдэгч нарт хорих ял оногдуулаад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан хугацаагаар хойшлуулсан нь хууль зөрчөөгүй боловч хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь буруу ойлгож хэрэглэсэн, мөн эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчжээ.Үүнд:
- насанд хүрээгүй шүүгдэгч нарт хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1.д заасныг журамлан ял оногдуулах байтал Эрүүгийн хуулийн 55 1 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан хорих ял оногдуулсан,
- Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар ...шүүгдэгч нарыг бүлэглэн, амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд... тооцохдоо гэмт хэрэгт оролцоогүй, яллах дүгнэлтэнд дурдагдаагүй “Боржигон овгийн Гансүхийн Мөнхтулгыг” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон,
-Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт давж заалдах гомдол гаргах шүүхийн нэрийг “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх” гэж хуульд байхгүй шүүхийн нэрийг бичсэн алдаа гаргасан байна.
Гэвч энэ алдааг хэргийг анхан шатны шүүхэд буцаахгүйгээр давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан засах боломжтой байна.
Энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “Боржигон овгийн Гансүхийн Мөнхтулга” гэснийг хасч, тогтоох хэсгийн 2., 3., 5., 7 дугаар заалтыг :
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар шүүгдэгч М.Гантулга, Ю.Амарсайхан, Х.Баяндүүрэн, М.Хосбаяр нарын эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүрийг 2 жил 7 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй гэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8.д зааснаар шүүгдэгч М.Гантулга, Ю.Амарсайхан, Х.Баяндүүрэн, М.Хосбаяр нар тус бүрт оногдуулсан 2 жил 7 сар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй гэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1., 62.2.т зааснаар шүүгдэгч М.Гантулга, Ю.Амарсайхан, Х.Баяндүүрэн, М.Хосбаяр нарт тус бүр 2 жил 7 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус 1 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх хяналт тавихыг Орхон аймгийн цагдаагийн газарт даалгаж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг тэдний хууль ёсны төлөөлөгч П.Мөнхцэцэг, Т.Энхжаргал, О.Хишигсүрэн, Б.Мөнхсүлд нарт хариуцуулсугай гэж,
- Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
С.ЦЭЦЭГМАА