Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 122/2019/0032/З |
Дугаар | 221/МА2020/0286 |
Огноо | 2020-04-29 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2020/0286
2020 оны 04 сарын 29 өдөр Дугаар 221/МА2020/0286 Улаанбаатар хот
Ч.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгч Ч.Э, хариуцагч Д.О нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Ч.Э-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.12.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103,1, 103.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/60 тоот, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/81 тоот актуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчид даалгаж шийдвэрлэж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргахгүй бол Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/60 тоот, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/81 тоот актууд хүчингүй болохыг мэдэгджээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийдвэрээр болон актаар тогтоосон төлбөр зөрүүтэй, аймгийн Засаг даргын Тамгын газраас зарцуулсан нөхөн төлбөр нь шүүхийн шийдвэрээс зөрүүтэй байгааг шинжээч томилуулан тогтоолгох хүсэлтийг шүүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 139 дүгээр захирамжаар “... шүүхийн шийдвэрээр тогтоосон нөхөн олговор, төлбөр тогтоосон акт зөрүүтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлах үед нотлох баримтыг харьцуулан судалснаар тогтоох боломжтой” гэж үзэж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хэрнээ шүүхээр хэргийг шийдвэрлэхдээ “... маргаан бүхий төлбөр тогтоосон акт, хариуцагчийн тайлбар, актын үндэслэл болсон санхүүгийн баримтуудад нэхэмжлэгчийн хууль бус шийдвэрийн улмаас албан хаагчдад ажил олгогчоо цалин хөлсний нөхөн олговорт нийт хэдэн төгрөг олгосон нь зөрүүтэй тогтоогдсон учраас шүүх маргааны үйл баримт, тооцоололд үндэслэлтэй зөв дүгнэлт хийх боломжгүй байна” гэсэн нь ойлгомжгүй, тухайн асуудалд гаргасан шүүхийн шийдвэрүүд нь хоорондоо зөрчилдөж байна.
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн А.Ч-ын нэхэмжлэлтэй хэргийн 2017 оны 12, Б.М-ын нэхэмжлэлтэй хэргийн 13, У.Б-ийн нэхэмжлэлтэй хэргийн 30, Д.А-ын нэхэмжлэлтэй хэргийн 32, Х.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй хэргийн 33, С.Б-ийн нэхэмжлэлтэй хэргийн 31, Д.У-ий нэхэмжлэлтэй хэргийн 2018 оны 507 дугаар захирамж, Ж.Батсуурийн нэхэмжлэлтэй хэргийн 17 дугаар захирамж, Сүхбаатар аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 428 дугаар шийдвэр болон 646, 605, 603, 536, 558, 604 дугаар захирамжууд буюу нийт 15 шийдвэр, захирамжаар тогтоосон төлбөрийг төлүүлэхээр Санхүүгийн хяналт, аудитын алба 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/60, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 тоот актыг тавьсан бөгөөд актаар тогтоосон төлбөр нь шүүхийн шийдвэр захирамжаар тогтоосон төлбөрөөс зөрүүтэй байдаг.
Мөн өмнө нь 2018 оны 31-03/54 дүгээр актаар 41,730,623 төгрөгийн акт тавигдаж нийт төлбөр 159,804,420 төгрөг болсноос энэхүү зөрүү тодорхой харагдана.
Үүнийг шүүх шийдвэртээ хүлээн зөвшөөрч “... төсөвт учирсан хохирлыг зөрүүтэй дүгнэсэн байна”, “... маргаан бүхий төлбөр тогтоосон акт, ... санхүүгийн баримтуудад ... албан хаагчдад ажил олгогчоос цалин хөлсний нөхөн олговорт нийт хэдэн төгрөг олгосон нь зөрүүтэй тогтоогдсон ...” гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд энэхүү зөрүүгээр нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байгаа тул захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй юм. Гэвч шүүх дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргаж “... төлбөр тогтоосон захиргааны актын хууль зүйн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийлгүй, хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэн маргаан бүхий захиргааны актуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тооцооллыг дахин хийж, шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Хэрэгт актын үндэслэл болсон шүүхийн бүх шийдвэр, захирамжууд, албан хаагчдын цалингийн тооцооны хүснэгт, санхүүгийн баримтууд, шүүхийн шийдвэрийн нэгтгэл, шалгалтын дүнгийн танилцуулга бусад нотлох баримтууд авагдсан бөгөөд шүүхийн энэхүү шийдвэрээр тогтоох шаардлагатай гэж үзсэн “тамгын газраас олгосон нөхөн олговор шүүхийн шийдвэрээр тогтоогдсон олговроос зөрүүтэй” болох нь шүүхийн шийдвэр, санхүүгийн баримтууд, гэрчийн мэдүүлэг, аудитын дүгнэлтээр, Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас шилжүүлсэн мөнгө актад хамаарч байгаа нь гэрч н.Э-ийн “... дээрх гүйлгээг аймгийн Засаг даргын Тамгын газраас хийгээгүй, яамнаас хийсэн гүйлгээ шүү гэж шалгалтын явцад хэлж байсан” гэх мэдүүлэг, “Пантер Мидланд Аудит” ХХК-ийн 09 тоот аудитын тайлангийн “... улсын тэмдэгтийн хураамж 227,464 төгрөг нь Ч.Э-т хамааралгүй, ... Хууль зүй, дотоод хэргийн яамнаас А.Ч-д олгосон 1,370,917 төгрөгийн, Б.М-д олгосон 375,017 төгрөгийн нийт 1,745,934 төгрөгийг дээрх 2 ажилтны цалингаас суутган авч Тамгын газрын төсөвт хэмнэлт болон үлдсэн тул Ч.Э-ээр төлүүлэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудад цалин тооцож олгосон хүснэгт бусад санхүүгийн баримтаар, хууль эрх зүйн хэлтсийн дарга У.Б-ийн оронд томилогдсон н.О нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Тамгын газрын даргын Б/10 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь цалингийн тооцооны хүснэгтээр, уг нөхөн олговрыг төлбөрт оруулан тооцсон болох нь шүүхийн шийдвэрийн нэгтгэл, 60, 81 дүгээр акт зэрэг нотлох баримтаар нотлогдоод байхад нотлох баримтад буруу дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 34 дүгээр зүйлийн 34.4-д хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн заалтыг зөрсөн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар захиргааны хэргийн шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрөө цуглуулах үүрэгтэй бөгөөд нотлох баримт хангалттай цугларсан гэж үзсэн учраас шүүх хуралдааны товыг тогтоосон. Шүүх хэргийг хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр захиргааны байгууллагаас гаргасан актын хууль зүйн үндэслэлд тайлбар дүгнэлт хийж шийдвэр гаргах үүрэгтэй. Түүнээс биш захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн алдааг засах, залруулах үүрэг хүлээхгүй. Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох захиргааны хэргийн анхан шатны шүүхээс огт гараагүй 2018 оны 507 дугаар шийдвэр гэдгийг актын үндэслэл болгосон, н.Улаанхүүхэнд шүүхийн шийдвэрээр 9,023,744 төгрөг олгохоор тогтоосон байхад 1,350,672 төгрөгийг ямар ч шийдвэргүйгээр олгосон, н.Одхүүгийн чөлөөлөгдсөн хугацааны цалин хэмнэгдсэн байхад уг 7,365,397 төгрөгийг давхардуулан олгосноор тооцсон, надад ямар ч хамааралгүй н.Эрдэнэтуяа, н.Төмөрхуяг нарт олгосон улсын тэмдэгтийн хураамжийн 227,464 төгрөгийг төлбөрт оруулан тооцсон зэрэг нь актаар тавигдсан төлбөрийн хэмжээ үндэслэлгүйгээр нэмэгдэхэд нөлөөлсөн, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас халагдаж ажилтныг томилох, чөлөөлөх хуулиар олгогдсон бүрэн эрх дуусгавар болсноос хойш хугацаанд “ажилд нь эгүүлэн томилоогүйгээс зардал гарсан” хэмээн төлбөрийн дүнг нэмэгдүүлсэн, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлж, Сангийн сайдын шийдвэрээр хүчингүй болсон 2019 оны 31/01-61, 31/01-62 дугаартай актын төлбөрийг шалгалт хийснээс хойш 3 сарын дараа дахин акт гарган, бусдад төлбөрийг шилжүүлэн хариуцуулж байгаа нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн, шүүхийн шийдвэрт цалин нөхөн олговрыг тогтоож, уг олговроос эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг тооцохоор тогтоосон байхад Тамгын газар нөхөн олговор дээр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж тооцох, цалинг бодохдоо дундаж цалин тодорхойлох журмыг зөрчсөн зэргээс зардлыг нэмэгдүүлсэн байхад зөрчлийг илрүүлээгүй, сонсох мэдэгдэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй зэрэг асуудал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байхад маргааны үндэслэлд дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн.
Мөн нэхэмжлэгч “шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсний нөхөн олговрыг үгүйсгээгүй, шүүхээс өөрчлөхийг шаардаагүй” байхад шүүх “... шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсний нөхөн олговрыг шүүхээс өөрчлөх, үгүйсгэх боломжгүй ...” гэж дүгнэсэн зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Ийнхүү шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул хэргийг хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг хүсч давж заалдах гомдол гаргав” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал болон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргаан бүхий актыг хянан шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Ч.Э-ээс “хяналт шалгалт хийсэн дүр эсгэж, урьдчилан бэлдсэн акт, дүгнэлтээ баталсан, ... шийдвэр гаргах, ажилтныг томилох эрх бүхий, ажилд нь томилоогүй албан тушаалтан хариуцах ёстой” гэсэн үндэслэлээр Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 31-01/60, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 дүгээр актуудыг хүчингүй болгуулахаар маргажээ.
Нэхэмжлэгч Ч.Э Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр захирамжаар уг ажлаас чөлөөлөгдсөн байна.
1. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 103.2-т зааснаар гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцахаар зохицуулжээ.
Нэхэмжлэгч Ч.Э-ийн хууль бус шийдвэрийн улмаас ажлаас үндэслэлгүй халагдсан албан хаагчдад Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас нөхөн олговор олгосны улмаас уг захиргааны байгууллагад учирсан хохирлыг түүгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий актууд болон албан хаагчдад нөхөн олговор олгохоор шүүхийн шийдвэрээр тогтоосон дүн зөрүүтэй гэсэн үндэслэлээр талууд маргажээ. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагад учруулсан хохирлыг хэрхэн тооцох талаар буюу Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан захиргааны байгууллагад учирсан хохирлыг тооцохдоо энэ тохиолдолд Ч.Э-ийн гэм бурууг хэрхэн тооцох талаар маргасан байна.
2. Нэхэмжлэгч Ч.Э-ийн шийдвэрээр төрийн албанаас халагдаж, ажилдаа эгүүлэн томилогдсон албан хаагчдад Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 118,073,800 төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна. Үүнээс 31-01/60 дугаар актаар дээрх нөхөн олговроос нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацаанд хамаарах 105,840,125 төгрөгийг Ч.Э-ээр төлүүлэхээр, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших хугацаанд хамаарах 12,233,672 төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан этгээдээр төлүүлэхээр 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 31-01/61, 31-01/62 дугаар актуудыг гаргасан боловч тус этгээдийн гомдлын дагуу дээрх актуудыг Сангийн сайд хүчингүй болгосны дагуу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд хамаарах 12,233,672 төгрөгийг Ч.Э-ээс төлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.Э 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байхад 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 31-01/81 дүгээр актаар төлбөр тогтоохдоо уг нөхцөлийг харгалзахгүйгээр түүнийг чөлөөлөгдсөнөөс хойш хугацаанаас томилогдох хүртэлх хугацаанд ногдох олговрыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тухайн албан хаагчдыг томилох эрхгүй, уг албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон байхад тэдгээр албан хаагчдыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилд томилогдох хүртэлх хугацааны нөхөн олговрыг Ч.Э-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул 31-01/81 дүгээр актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын уг акттай холбогдох хэсгийг хангах нь зүйтэй байжээ.
Нэхэмжлэгч Ч.Э-ийн шийдвэрээр төрийн албанаас хууль бусаар халагдсан Д.А, Ж.Б, С.Б, У.Б, Д.У, А.Ч, Х.Э нарт олгосон цалин хөлсний нөхөн олговор, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, улсын тэмдэгтийн хураамж зэргийг шүүхийн шийдвэрийг үндэслэн Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас төлснийг үндэслэн уг төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулаахар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч дээрх актаар тогтоосон төлбөрт нэхэмжлэгчид хамааралгүй, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д нийцээгүй зарим төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
а) Д.А-д Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,649,897 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг,
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 536 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16,461,893 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 120,129 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.
б) Ж.Б-д Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар захирамжаар Ж.Б-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг (ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх) бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу ажилгүй байсан хугацааны цалинд 4,041,509 төгрөг олгохоор[1] (хэрэгт авагдсан Ж.Батсуурийн цалингийн тооцооны хүснэгтэд уг дүн дээр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж тооцсон нь буруу) байна.
в) С.Б-д Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,706,014 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг олгохоор, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 604 дүгээр захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,845,760 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 123,590 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.
г) У.Б-д Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,832,263 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг,
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 603 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 13,980,119 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 113,926 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэжээ.
д) Б.М-д Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 375,017 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 605 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,492,049 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 35,412 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.
е) Д.У-д Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 507 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,023,744 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 159,329 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.
ё) А.Ч-д Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,370,917 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг,
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 428 дугаар шийдвэрээр Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 13,957,682 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 227,738 төгрөг,
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 646 дугаар захирамжаар 2018.07.19-ний өдрөөс 2018.10.22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,616,576 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 36,407 төгрөг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэжээ.
ж) Х.Э-т Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,621,586 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг,
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 558 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 13,361,040 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 112,378 төгрөг гаргуулахаар тус тус шийдвэрлэж, дээрх шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжуудаар эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрүүдээр нөхөн олговор 114,294,557 төгрөг мөн, Ж.Б-д шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн олговор 4,014,509 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,385,569 төгрөг, нийт 119,694,635 төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжуудад заасан уг дүнгээс эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон хасаж нөхөн олговрыг олгох ёстой байтал Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар болон хариуцагч маргаан бүхий актуудыг гаргахдаа шүүхийн шийдвэрээр тогтоосон дүнгээс бус ажлаас халагдаж эгүүлэн тогтоогдсон тухайн ажилтнуудын авах ёстой байсан цалин хөлснөөс уг шимтгэлүүдийг тооцсон нь буруу байна.
4. Маргаан бүхий актуудаар ажилтнуудад бодитоор олгогдсон нөхөн олговрыг буюу тухайн захиргааны байгууллагад учирсан хохиролд Б.Э, Т.Т нарын тэмдэгтийн хураамж 227,464 төгрөг, тухайн захиргааны байгууллагаас гараагүй хөрөнгө болох Хууль зүй, дотоод хэргийн яамнаас А.Ч-д олгосон 1,370,917 төгрөг, Б.М-д олгосон 375,017 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар тус газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажлаас чөлөөлөгдөж, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эгүүлэн томилогдсон У.Б-ийн эрхэлж байсан Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрийг түр орлон гүйцэтгэгч О.О-г 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн[2] байх тул уг өдрөөс нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн өдөр хүртэлх ажлын 96 өдөрт ногдох нөхөн олговрыг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 603 дугаар захирамжид дурдсан 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх нөхөн олговор 13,980,119 төгрөгөөс 4,676,276 төгрөгөөр тооцож маргаан бүхий 311-01/60 дугаар актаас хасах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иймд уг маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж заасны дагуу нийт 6,649,674 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/81 тоот актыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/60 дугаар актаар тогтоосон төлбөрийг 6,649,674 төгрөгөөр багасгасугай” гэж, 2 дахь заалтыг хасаж, “3” дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн нэхэмжлэгч Ч.Э-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 35-р тал (ар)
[2] Хэргийн 2 дугаар хавтас, 126-р тал