Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/01318

 

Б.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01127 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1397 дугаар магадлалтай,

Б.Б нэхэмжлэлтэй,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох,

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнхийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Б.Б, Б.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, Ц.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Төв аймгийн Автотээврийн төвд үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай, бүрэн гүйцэтгэдэг байсан. Гэтэл тус төвийн захирлын 2016 оны 12 сарын 21-ний өдрийн Б/788 дугаартай тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн үйлчлэгчийн ажлаас халж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ийнхүү ажлаас халсны улмаас амьжиргаа залгуулах орлогогүй болсон бөгөөд Б/788 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж байгаа. Иймд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 сарын 21-ний өдрийн Б/788 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг Төв аймгийн Автотээврийн төвийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 9 сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаарыг тогтоож өгсөн. Тус үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 3 сарын 31-ний өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын аймгийн автотээврийн төвүүдийн ажил албан тушаалын жагсаалт батлах тухай А/89 дүгээр тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн орон тоог 15 байхаар тогтоож үйлчлэгч 1 байхаар баталсан. 2016 оны 10 сарын 28-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн орон тоог 10 байхаар баталж менежер-1, Тасалбар түгээгч-3, үйлчлэгч-1 гэсэн орон тоог байхгүй болгож 5 орон тоог цөөрүүлсэн болно. Иймд Б.Б нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01127 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Бг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн Автотээврийн үндэсний төв ТӨААТҮГ-ын Төв аймгийн авто тээврийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.042.975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨААТҮГ-ын төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨААТҮГ-т даалгаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 47 637 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1397 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Б хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1397 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/788 дугаартай тушаалаар ажилтан Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрөөр цуцалсан.

Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ХтХ-ийн 40.1.1-т заасныг үндэслэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутаг дах Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтаар үйлчлэгчийн ажлын байрны орон тоо байхгүй болсон гэх боловч тус ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг ажил олгогчийн хөдөлмөрийн бүтцээс байхгүй болоогүй байна.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутаг дах Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтаар өмнө байсан үйлчлэгчийн ажлын байрны 1 орон тоог хассанаар Төв аймгийн Автотээврийн Төвийн нийт 15 албан тушаалыг 10 болгож цөөрүүлсэн боловч үйлчлэгчийн ажлын байрны орон тоог ямар үндэслэлээр хассан нь тодорхойгүй байна. Учир нь Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн орон тооны дээд хязгаарыг 751-ээр тогтоосноос бус ажлын байрны орон тоог хасах эсвэл цөөрүүлэхээр шийдвэрлээгүй бөгөөд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-д дүрмээр болон Авто тээврийн тухай хуулиар үүрэг болгосон хөдөө, орон нутагт автотээврийн салбарын үйлчилгээг зохион байгуулах чиг үүрэг хэвээр хадгалагдаж буй тул хөдөө, орон нутагт байрлах нэгжийн үйл ажиллагаанд туслах үйлчилгээний ажил, үүргийн хэрэгцээ бодитой хэвээр байна. Үйлчлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 7.10, 9.2-т зааснаар ангилагдах албан тушаал болохын хувьд тус хуулийн 7.1, 7.1.107-т заасныг төсөөтэй хэрэглэвэл захиргааны албан тушаал мөн тул түүнийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 55 дугаартай тогтоолын 3 дугаартай хавсралтаар батлагдах захиргааны апбан тушаалд үл хамааруулах үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасан салбаргүй тул 55 дугаартай тогтоолын 3 дугаартай хавсралтаар баталсан захиргааны албан тушаалын жагсаалт “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын аппаратын бүх нэгжид хамаарах учир Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан жагсаалтыг үндэслэж ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48.1.3-т заасан ажил, албан тушаалын жагсаалтыг батлах үүрэгтэй. Гэтэл Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 55 дугаартай тогтоолын угаар хавсралтаар батлагдсан захиргааны албан тушаалын жагсаалтаар үйлчлэгчийн байрны орон тоог хасаагүй байтал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4 дэх хэсэгг заасан үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох” гэсний дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг тогтоогоогүй хэрнээ тухайн үндэслэлээр ажлын байрны орон тоог хасч шийдвэрлэсэн захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаартай тушаал, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр А/49 дугаартай тушаал нь хууль буруу хэрэглэсэн тул үндэслэлгүй.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 55 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан захиргааны албан тушаалын жагсаалтыг зөрчиж, эрх хэмжээ хэтрүүлэн, ажлын байрны орон тоо хасч батлаагүй байтал үйлчлэгчийн ажлын байрны орон тоог хасч, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус. Тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн зорилтын чиг үүрэг болох цэвэрлэгээ, үйлчилгээ хийх ажил, үүргийг бусад албан тушаалтнуудаар гүйцэтгүүлж буйгаас үзвэл “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хөдөлмөрийн зохион байгуулалтын бүтцээс үйлчлэгчийн ажлын байрыг хасаагүй гэж үзэх үндэслэлтэй. Гэвч бодит хэрэгцээ шаардлагын үндэслэлийг хариуцагч нотлоогүй тул ажил, албан тушаалын орон тоог хасах эсвэл цөөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэх бөгөөд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаартай тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн ажлын байрны орон тоог цөөрүүлсэн нь үндэслэлгүй, хууль бус байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.  

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б/788 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчийг Төв аймгийн Автотээврийн төвийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон байна /хэргийн 4 дүгээр тал/.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/89 дүгээр  тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийг 15 орон тоотой үүнд үйлчлэгч 1 байхаар тогтоосон бол 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн А/275 дугаар тушаалаар дарга, ахлах нягтлан бодогч, тээвэр бүртгэлийн мэргэжилтэн, техникийн хяналтын үзлэгийн инженер, техникч, нярав бичиг хэрэг тус бүр 1, тээвэр зохицуулагч 4,  нийт 10 орон тоотой байхаар тогтоожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бол ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг орон тоо цөөрүүлэх гэнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...үйлчлэгчийн орон тоог байхгүй болгож, 5 орон тоог цөөрүүлсэн” гэсэн тайлбар гаргасан боловч үйлчлэгчийн орон тоог хасах болсон шалтгаан, үндэслэл тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, Төв аймгийн Автотээврийн төв үйл ажиллагаагаа хаана явуулдаг болох, тухайн байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээг хэн хэрхэн гүйцэтгэхээр зохицуулсан, үйлчлэгчийн ажлын байрыг цөөрүүлэхдээ ямар шалгуур үзүүлэлтийг үндэслэл болгосон нь тодорхойгүй байна.

Дээр дурдсанаар хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01127 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1397 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ