Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 493

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

хохирогч Ц.Цнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Д-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ______________ тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________ дугаарын регистртэй, Б.Д-.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жонон сургуулийн орчимд иргэн С.Быг “ална шүү, гар утсаа гаргаад ир” гэж цээж тус газар нь цохиж эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж Нокиа Е71 маркийн гар утсыг нь авч 41.800 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40 дүгээр байрны 01 дүгээр давхарт иргэн Ц.Ц-ийн араас амыг нь дарж, биед нь цохиж, газарт унаган хүч хэрэглэн довтолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Айфоне-6 маркийн гар утсыг нь авч 285.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо 26 дугаар байрны гадна иргэн М.Эийн араас нь түлхэж унагаан хүч хэрэглэн довтолж Самсунг А-8 маркийн гар утсыг нь авч 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо 93 дугаар цэцэрлэгийн хажууд иргэн Ц.Нийн араас хоолойг нь боож газарт унаган, цохиж хүч хэрэглэн довтолж, Хуавэй Пи-9 маркийн гар утсыг нь авч, 364.700 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Доктор авто засварын газрын орчим Орхоны гудамжинд иргэн А.М-ийн араас амыг нь дарж, хоолойг нь боон хүч хэрэглэн довтолж Хуавэй Пи-9 Лайт маркийн гар утсыг нь авч 230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Цмэдүүлэхдээ:

“...2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчим гэр рүүгээ орж явсан. Чипээр хаалгаа нээхэд эхний удаа болоогүй. Тэгээд энэ хүнийг оршин суугч гэж бодоод хаалга нээчих болов уу гэж бодтол нээгээгүй. Намайг 2 давхарт гарахад ам дараад цохиж унагаасан. Би доошоо харж унасан учраас царайг нь хараагүй. Тэгээд миний баруун гартаа барьсан гар утсыг булаацалдаад байсан. Би өвдөлт мэдрэхгүй байсан ба гар утсыг маань авчихаад намайг өшиглөөд, цохиод гараад явсан. Манай хөршүүд гарч ирээд цагдаа дуудсан. Бичлэг үзэхэд миний хэлсэн хувцас байсан. Бичлэг үзээд бас 2 хоногийн дараа баривчилгаа явагдах үед очиж мэдсэн. Гар утсыг маань олж өгөөгүй. Би хохирлоо барагдуулмаар байна. Гар утсаа л авмаар байна. би хэд хоног толгойгоо бариулсан боловч нэхэмжлээгүй. Гар утасны үнэлгээ гарсан ба үнэлгээгээр тогтоосон дүнг авах хүсэлтэй байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Дийн өгсөн:

“...Би 2018 оны 12 сарын сүүлээр Барс захаас юм авч яваад хуучны танил П гэж ах дайралдаад тэр ахтай нэг шил Хараа 0.5 литрийн архи хувааж уугаад тэгээд байрны гадна сууж байсан чинь П ах дахиад нэг шил архи уумаар байна гээд байхаар нь би мөнгө байхгүй дараа болъё гэж хэлээд байж байсан чинь салж өгөхгүй байсан тэгсэн нэг жаахан хүүхэд хажуугаар гар утсаар яриад явж байхаар нь би нөгөө хүүхдийн араас нь дагаад цэцэрлэгийн буланд нөгөө хүүхдийг гүйцэж очоод нэг удаа гэдэс рүү нь цохиод гар утсыг нь дээрэмдэж авсан.

Би 2019 оны 03 дугаар сарын 24-ний 3, 4 дүгээр хорооллын шөлөндөө хоолны газар хоноод 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 12.00 цагийн үед хорооллын шөлөндөө хоолны газраас гараад Баянгол дүүргийн 17 дугаар хороо модны 2 руу алхаж байхад нэг эгч 40-р байр руу утсаар яриад тортой юм барьсан орж байхаар нь араас нь ороод 1 дүгээр давхарт цайвар өнгийн айпоне 6 маркийн гар утсыг булаагаад түлхэж унагаагаад зугтааж гүйж гараад Тэди худалдааны төв руу алхаад явсан.

2019 оны 01 дүгээр сарын 11-ний 12 цаг өнгөрч байхад Хорооллын эцсээс далангаар уруудаад явж байгаад Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр 10-р хорооллын арын далангийн байрны урд хүүхдээ тэвэрсэн 25-30 орчим насны эмэгтэй гартаа гар утсаа барьсан байхаар нь хүн харж байгаад араас нь очиж гар утсыг нь булааж зугатаагаад Теди гар утас худалдааны төвийн гадаа зогсож байсан ченжид 80.000 төгрөгөөр зарсан. Миний булааж авсан гар утас Самсунг А-8 маркийн хар өнгөтэй байсан.

Би 2019 оны 01 дугаар сарын 05-ны 13 цагийн орчим БГД-ийн 8-р хороо Дүүхээ худалдааны төвийн зүүн талаар доош уруудаад 93-р цэцэрлэгийн хажууд явж байсан. ЗО орчим насны эмэгтэй урд гарандаа гар утсаа барьчихсан явж байсан. Тэгэхээр нь хойноос гүйж очоод гарнаас нь гар утсыг нь булаасан нөгөө эмэгтэй гар утсаа өгөхгүй гэж нилээн ноцолдсон. Тэгээд гар утсыг нь аваад урагшаагаа зам дагаад гүйсэн. Тэгээд авсан гар утсаа Хар хорин худалдааны төвийн хойно байрлах гадуур гар утас авна гээд зогсож байсан 30 орчим насны залууд 100.000 төгрөгөөр зарсан. Миний булааж авсан гар утас huabei маркийн саарал ч билүү өнгийг нь сайн санахгүй байна гар утас байсан. Тухайн эмэгтэйг гар утсыг нь булаахдаа цохиж зодоогүй ноцолдож байгаад гар утсыг нь булааж авсан. Гар утсыг нь булааж зугатахад ойр орчим хүн байгаагүй.

Тухайн өдөр ТБД андуудын автобусны буудал дээр буугаад дээшээ Модны 2-ын замаар Гандангаар өгсөөд явж байсан. Гандангийн Доктор авто засвартай гудамжаар ороод явж байхад миний урд нэг эмэгтэй хүн ганцаараа алхаад явж байсан. Тэр эмэгтэй гар утсаа гартаа барьсан яриад явж байсан. Тэгээд би шууд гүйгээд хохирогчийн гарт байсан гар утсыг шүүрээд зугтаах гэтэл эмэгтэй эсэргүүцэл үзүүлээд би хохирогчийг татаад бид хоёр хамт газар унасан. Тэгээд би гар утсыг нь авч зугтаагаад Монтел худалдааны төв дээр аваачиж борлуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36, 47-48, 94-95, 103-104, 126-127, 160-161, 193-199/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Г.Бийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хичээлээ тараад өвөө Г.Бийн гэр лүү явж байсан юм. Манай сургууль Сүхбаатар дүүргийн 5-р хороо тээврийн товчооны замын зүүн талд байдаг юм. Ингээд зам гараад замын баруун талд явж байсан бөгөөд Жонон сургууль дөнгөж өнгөрөөд граж эргээд явж байхад үл таних цагаан өнгийн куртик, хөх өнгийн жинсэн өмд, цагаан хар өнгийн пүүзтэй, 23-25 орчим насны эрэгтэй ирээд ална шүү гар утсаа гаргаад ир гэж хэлээд миний элгэнд цохиод, дагз уруу алгадаж миний халаасыг нэгжиж байгаад өмдний баруун талын халаасанд байсан миний гар утсыг аваад явсан. Тэр үед би эсэргүүцэл үзүүлээгүй, тэр ах надаас том биетэй байсан учраас би тэр хүнээс айсан. Ингээд би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Тэр хүн миний утсыг аваад урд зүгт зугтаагаад яваад өгсөн. Миний гар утас Нокиа Е71 маркийн гар утас байсан. Тэр утсыг манай өвөө 2006 оны үед тухайн үеийн ханшаар 800.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 25/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ц-ийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд би Баянгол дүүргийн 17-р хороо 4-р хороолол 40-р байрны үүдний хаалгаар гэр рүүгээ орох гээд үүдний хаалган дээр чип уншуулж орсон. Миний дэргэд үл таних эрэгтэй хүн ирж зогсоод надтай хамт хаалгаар орсон. Тэгэхэд би утсаар дуудлага хийгээд явж байсан. Манай гэр байрны 3 дугаар давхарт байдаг учраас лифт явдаггүй юм. Тиймээс дээшээ шатаар гараад явсан. Харин надтай хамт явж байсан үл таних эрэгтэй лифт чиглээд яваад өгсөн. Ингээд намайг хоёр давхрын шатан дээр явж байхад араас үл таних эрэгтэй хүний гар ам дараад гараараа хэд хэдэн удаа цохисон бөгөөд тухайн үед надад ямар нэгэн өвдөлт мэдрэгдээгүй. Ингээд би газар унасан бөгөөд тухайн үед би гар утсаа баруун гартаа барьсан байсан. Тэр залуу намайг өөр рүүгээ харуулаагүй бөгөөд аргагүй эрхэнд гартаа барьсан байсан гар утсаа тавихад тэр залуу миний гар утсыг аваад, толгойн ард талын хэсэгт хэд хэдэн удаа цохьчихоод яваад өгсөн. Тухайн үед би доошоо хараад хэвтсэн байсан учраас нүүр рүүгээ огт цохиулаагүй. Би өвдөглөж унахдаа бага зэрэг өвдгөө хөхрүүлсэн, ташаан толгой дээр хөхөрсөн, хуйх хавантай байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 80-81/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Эийн өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 12:50 цагт Баянгол дүүргийн 6 дугаар хороо Эко 26-р байрны 1-р орцны гадаа охиноо салхилуулаад явж байтал үл таних 20-25 орчим насны хар бараан хувцастай хүн араас түлхэж унагаад миний Самсунг А-8 маркийн гар утсыг булаагаад ертөнцийн зүгээр баруун урагшаа гүйгээд явсан. Араас нь харахад хөл муутай хурдан гүйж чадахгүй хүн байсан. 2018 оны 02 сард Скайтел төв дотроос 1.270.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 117-120/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Нийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 8-р хороо Нарлаг тауны баруун хойд талд алхаж байтал араас боогоод газар унагаад гараараа цохиж гар утсаа гаргаж өг гээд миний гар утсыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 148-149/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.М-ийн өгсөн:

“...Би өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Би тэр өдөр Алтжин Бөмбөгөр худалдааны төв орж хүнсний юм цуглуулаад тэгээд тэндээсээ дээшээ өгсөөд Гандангийн гудамжаар нэвт гараад Докторын гудамжаар ороод утсаар яриад явж байсан чинь миний араас нэг эрэгтэй явж байсан би хажуу тийшээ болоод зам тавьж өгсөн чинь нөгөө залуу миний араас гэнэт дайрч миний амыг дараад малгайгаар хоолой боосон. Тэгээд миний гарт байсан гар утсыг гарнаас аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-н 181-182/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот:

 1. Ц.Ц-ийн биед тархи доргилт, зүүн ташааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 83/, 

 

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-13/,

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 21-22/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-н 31-32, 90-92, 121-122, 155-156, 187-189/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 74-78/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 111-112, 145/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-н 55/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жонон сургуулийн орчимд иргэн С.Быг “ална шүү, гар утсаа гаргаад ир” гэж цээж тус газар нь цохиж эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж Нокиа Е71 маркийн гар утсыг нь авч 41.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

шүүгдэгч Б.Дийн “...Би 2018 оны 12 сарын сүүлээр ... цэцэрлэгийн буланд нөгөө хүүхдийг гүйцэж очоод нэг удаа гэдэс рүү нь цохиод гар утсыг нь дээрэмдэж авсан.”,

насанд хүрээгүй хохирогч Г.Бийн “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ... 23-25 орчим насны эрэгтзй ирээд ална шүү гар утсаа гаргаад ир гэж хэлээд миний элгэнд цохиод, дагз уруу алгадаж миний халаасыг нэгжиж байгаад өмдний баруун талын халаасанд байсан миний гар утсыг аваад явсан...” гэх мэдүүлгээр,

2. Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40 дүгээр байрны 01 дүгээр давхарт иргэн Ц.Ц-ийн араас амыг нь дарж, биед нь цохиж, газарт унаган хүч хэрэглэн довтолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Айфоне-6 маркийн гар утсыг нь авч 285.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

шүүгдэгч Б.Дийн “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 12.00 цагийн үед хорооллын шөлөндөө хоолны газраас гараад Баянгол дүүргийн 17 дугаар хороо модны 2 луу алхаж байхад нэг эгч 40-р байр луу утсаар яриад тортой юм барьсан орж байхаар нь араас нь ороод 1 дүгээр давхарт цайвар өнгийн айпоне 6 маркийн гар утсыг булаагаад түлхэж унагаагаад зугтааж гүйж гараад Тэди худалдааны төв руу алхаад явсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Ц-ийн “...2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ... үл таних эрэгтэй хүний ам дараад гараараа хэд хэдэн удаа цохисон бөгөөд ... гар утсаа тавихад тэр залуу миний гар утсыг аваад, толгойн ард талын хэсэгт хэд хэдэн удаа цохьчихоод яваад өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

3. Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо 26 дугаар байрны гадна иргэн М.Эийн араас нь түлхэж унагаан хүч хэрэглэн довтолж Самсунг А-8 маркийн гар утсыг нь авч 840.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

 

шүүгдэгч Б.Дийн “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний 12 цаг ... Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр 10-р хорооллын арын далангийн байрны урд хүүхдээ тэвэрсэн 25-30 орчим насны эмэгтэй гартаа гар утсаа барьсан байхаар нь хүн харж байгаад араас нь очиж гар утсыг нь булааж зугатаасан...” гэх мэдүүлгээр,

хохирогч М.Эийн “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 12:50 цагт Баянгол дүүргийн 6 дугаар хороо эко 26-р байрны 1-р орцны гадаа охиноо салхилуулаад явж байтал үл таних үл таних 20-25 орчим насны хар бараан хувцастай хүн араас түлхэж унагаад миний Самсунг А-8 маркийн гар утсыг булаагаад ертөнцийн зүгээр баруун урагшаа гүйгээд явсан...” гэх мэдүүлгээр,

 

4. Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо 93 дугаар цэцэрлэгийн хажууд иргэн Ц.Нийн араас хоолойг нь боож газарт унаган, цохиж хүч хэрэглэн довтолж, Хуавэй Пи-9 маркийн гар утсыг нь авч, 364.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

 

шүүгдэгч Б.Дийн “...2019 оны 01 дугаар сарын 05-ны 13 цагийн орчим БГД-ийн 8-р хороо Дүүхээ худалдааны төвийн зүүн талаар доош уруудаад 93-р цэцэрлэгийн хажууд явж байсан. З0 орчим насны эмэгтэй урд гарандаа гар утсаа барьчихсан явж байсан. Тэгэхээр нь хойноос гүйж очоод гарнаас нь гар утсыг нь булаасан...” гэх мэдүүлгээр,

 

 хохирогч Ц.Нийн “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 8-р хороо Нарлаг тауны баруун хойд талд алхаж байтал араас боогоод газар унагаад гараараа цохиж гар утсаа гаргаж өг гээд миний гар утсыг аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

5. Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Доктор авто засварын газрын орчим Орхоны гудамжинд иргэн А.М-ийн араас амыг нь дарж, хоолойг нь боон хүч хэрэглэн довтолж Хуавэй Пи-9 Лайт маркийн гар утсыг нь авч 230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Дийн “...Тухайн өдөр ТБД андуудын автобусны буудал дээр буугаад дээшээ Модны 2-ын замаар гандангаар өгсөөд явж байсан. Гандангийн доктор авто засвартай гудамжаар ороод явж байхад миний урд нэг эмэгтэй хүн ганцаараа алхаад явж байсан. Тэр эмэгтэй гар утсаа гартаа барьсан яриад явж байсан. Тэгээд би шууд гүйгээд хохирогчийн гарт байсан гар утсыг шүүрээд зугтаах гэтэл эмэгтэй эсэргүүцэл үзүүлээд би хохирогчийг татаад бид хоёр хамт газарт унасан. Тэгээд би гар утсыг нь авч зугтаагаад монтел худалдааны төв дээр аваачиж борлуулсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч А.М-ийн “...Гандангийн гудамжаар нэвт гараад Докторын гудамжаар ороод утсаар яриад явж байсан чинь миний араас нэг эрэгтэй явж байсан би хажуу тийшээ болоод зам тавьж өгсөн чинь нөгөө залуу миний араас гэнэт дайр миний амыг дараад малгайгаар хоолой боосон. Тэгээд миний гарт байсан гар утсыг гарнаас аваад зугтаасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Дад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Б.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Ц.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсоноор 59.800 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бид, 298.000 төгрөгийг хохирогч Ц.Ц-т, 382.700 төгрөгийг Ц.Нт, 840.000 төгрөгийг  М.Эт, 235.000 төгрөгийг А.М-т тус тус олгож, хохирогч Ц.Цнь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын баримт хавтаст хэрэгт баримт гаргаж өгөөгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 60 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр нэмж нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 60 хоногоор тогтоох саналыг гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдэл бүхий дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж хохирогч  Ц.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нь нийгэмд аюултай гэж үзээд хорих ял оногдуулж шүүгдэгч нь цаашид засарч хүмүүжих талаар мэдүүлж байх тул засарч хүмүүжих боломж олгож шүүгдэгч Б.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Дад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 60 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 60 /жар/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Дийн үйлдэлд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дийн цагдан хоригдсон 68 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сидийг хэрэгт хадгалж үлдээж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Дад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 60 /жар/ хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 60 /жар/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Дад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дийн цагдан хоригдсон 68 хоногийг хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Даас 1.815.500 төгрөгийг гаргуулж, 59.800 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бид, 298.000 төгрөгийг хохирогч Ц.Ц-т, 382.700 төгрөгийг Ц.Нт, 840.000 төгрөгийг М.Эт, 235.000 төгрөгийг А.М-т тус тус олгосугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Б.Дад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ