Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 826

 

Б.Дт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Баясгалан,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 493 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1905000930339 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

............., 1991 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 123 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, ................,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 716 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Б.Д нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жонон” сургуулийн орчимд иргэн С.Басбаярыг “ална шүү, гар утсаа гаргаад ир” гэж цээжин тус газар нь цохиж, эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж “Нокиа Е71” маркийн гар утсыг нь авч, 41.800 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40 дүгээр байрны 01 дүгээр давхарт иргэн Ц.Цэцэгдэлгэрийн араас амыг нь дарж, биед нь цохиж, газарт унаган хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, “Айфоне 6” маркийн гар утсыг нь авч, 285.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны гадна иргэн М.Энхчимэгийн араас нь түлхэж унагаан хүч хэрэглэн довтолж, “Самсунг А-8” маркийн гар утсыг нь авч, 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 93 дугаар цэцэрлэгийн хажууд иргэн Ц.Наранцэцэгийн араас хоолойг нь боож, газарт унаган цохиж, хүч хэрэглэн довтолж, “Хуавэй Пи-9” маркийн гар утсыг нь авч, 364.700 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Доктор” авто засварын газрын орчим Орхоны гудамжинд иргэн А.Майцэцэгийн араас амыг нь дарж, хоолойг нь боон хүч хэрэглэн довтолж, “Хуавэй Пи-9 Лайт” маркийн гар утсыг нь авч, 230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

               Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ....................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Дт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 60 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 60 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Дт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дийн цагдан хоригдсон 68 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Даас 1.815.500 төгрөгийг гаргуулж, 59.800 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбадоржид, 298.000 төгрөгийг хохирогч Ц.Цэцэгдэлгэрт, 382.700 төгрөгийг Ц.Наранцэцэгт, 840.000 төгрөгийг М.Энхчимэгт, 235.000 төгрөгийг А.Майцэцэгт тус тус олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2018 оны 12 дугаар сарын эхээр сав баглаа боодлын үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа муу нөхдүүдтэй саваагүйтэн нийлж, 2019 оны 3 дугаар сарын 27-нд гэмт хэрэгт холбогдон баригдаж, цагдан хоригдож, байцаагч болон прокурорын ажилд саад учруулалгүй, үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлэг өгч, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшин, хохирогч талдаа уучлалт гуйн хохирлоо бүрэн барагдуулна гэдгээ хэлсэн. Миний бие эмээ, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээсээ ганц ажил хийдэг нь би билээ. Намайг хоригдсоноос хойш миний ар гэр болон гэр бүл маань үнэхээр хэцүү байгаа бөгөөд эмээ Намжилмаа 70 гаруй настай, тэтгэвэрт гарсан хөгшин, эхнэр Эрдэнэтуяа 8 сартай жирэмсэн, ажилгүй, том хүү 8 настай, дунд охин 3 настай, бага охин ой гарантай ийм хүмүүс байдаг. Иймд гэр бүл маань надаас өөр ажил хийж амьдралаа залгуулдаг хүнгүй, эмээ минь бие нь тааруу, эхнэр маань хэзээ мөдгүй төрнө, гурван хүүхэд маань жоохон нялхаараа, энэ хэдэд маань тусалж, дэмжих хүмүүс байхгүй ажил хийдэг нь би л байсан. Миний бие дахин ийм хэрэг хийхгүй, засарч хүмүүжиж, үр хүүхдүүддээ сайн эцэг хүний үүргээ гүйцэтгэж, дахин цагдаа, шүүхийн хаалга татахгүй гэдгээ амлаж, чин сэтгэлээсээ ойлгож, ухамсарлан гэмшиж байгаагаа илэрхийлж, хурдан гарч гэр бүлдээ тус дэм болохыг хүсэж байна. Иймд миний гэр бүлийн минь байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан 4 жил 60 хоногийн ял шийтгэлээс хөнгөрүүлж өгнө үү. Дахиж гэмт хэрэг хийхгүй, чин сэтгэлээсээ ухамсарласнаа илэрхийлж, засарч хүмүүжин гэр бүлдээ болон сайн эцэг байх сэтгэлийг минь ойлгон ял шийтгэлээс хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд таарсан, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Мөн шүүгдэгч Б.Д нь гэр бүлээ тэжээн тэтгэдэг зүйл байхгүй ба ажил хийж гэр бүлээ авч явдаг талаар хавтас хэрэгт нотлох баримт байдаггүй. Харин өөрөө гадуур архидан согтуурч, хулгай хийж явдаг нь нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Б.Д нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жонон” сургуулийн орчимд иргэн С.Басбаярыг “ална шүү, гар утсаа гаргаад ир” гэж цээжин тус газар нь цохиж, эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж “Нокиа Е71” маркийн гар утсыг нь авч, 41.800 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40 дүгээр байрны 01 дүгээр давхарт иргэн Ц.Цэцэгдэлгэрийн араас амыг нь дарж, биед нь цохиж, газарт унаган хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, “Айфоне 6” маркийн гар утсыг нь авч, 285.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны гадна иргэн М.Энхчимэгийн араас нь түлхэж унагаан хүч хэрэглэн довтолж, “Самсунг А-8” маркийн гар утсыг нь авч, 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 93 дугаар цэцэрлэгийн хажууд иргэн Ц.Наранцэцэгийн араас хоолойг нь боож, газарт унаган цохиж, хүч хэрэглэн довтолж, “Хуавэй Пи-9” маркийн гар утсыг нь авч, 364.700 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Доктор” авто засварын газрын орчим Орхоны гудамжинд иргэн А.Майцэцэгийн араас амыг нь дарж, хоолойг нь боон хүч хэрэглэн довтолж, “Хуавэй Пи-9 Лайт” маркийн гар утсыг нь авч, 230.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч С.Басбаярын “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хичээлээ тараад өвөө Г.Бямбадоржийн гэр рүү явж байсан юм. Манай сургууль Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, тээврийн товчооны замын зүүн талд байдаг юм. Ингээд зам гараад замын баруун талд явж байсан бөгөөд “Жонон” сургууль дөнгөж өнгөрөөд граж эргээд явж байхад үл таних цагаан өнгийн куртик, хөх өнгийн жинсэн өмд цагаан хар өнгийн пүүзтэй 23-25 орчим насны эрэгтэй ирээд “ална шүү гар утсаа гаргаад ир” гэж хэлээд миний элгэнд цохиод, дагз руу алгадаж миний халаасыг нэгжиж байгаад өмдний баруун талын халаасанд байсан гар утсыг аваад явсан. Тэр үед би эсэргүүцэл үзүүлээгүй. Тэр ах надаас том биетэй байсан учраас би тэр хүнээс айсан. Ингээд би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Тэр хүн миний утсыг аваад урд зүгт зугтаагаад яваад өгсөн. Миний гар утас “Нокиа Е71” маркийн гар утас байсан. ...” /1хх 25/,

 

хохирогч Ц.Цэцэгдэлгэрийн “...2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед би Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 40С байрны үүдний хаалгаар гэр рүүгээ орох гээд үүдний хаалган дээр чип уншуулж орсон. Тэгэхэд миний дэргэд үл таних эрэгтэй хүн ирж зогсоод надтай хамт хаалгаар орсон. Тэгэхэд би утсаар дуудлага хийгээд явж байсан. Манай гэр байрны 3 дугаар давхарт байдаг учраас лифт явдаггүй учраас дээшээ шатаар гараад явсан. Харин надтай хамт явж байсан үл таних эрэгтэй лифт чиглээд яваад өгсөн. Ингээд намайг хоёр давхрын шатан дээр явж байхад араас үл таних эрэгтэй хүний гар ам дараад гараараа хэд хэдэн удаа цохисон бөгөөд тухайн үед надад ямар нэгэн өвдөлт мэдрэгдээгүй. Ингээд би газар унасан бөгөөд тухайн үед би гар утсаа баруун гартаа барьсан байсан. Тэр залуу намайг өөр рүүгээ харуулаагүй бөгөөд аргагүйн эрхэнд гартаа барьсан байсан гар утсаа тавихад тэр залуу миний гар утсыг аваад толгойн ард талын хэсэгт хэд хэдэн удаа цохичихоод яваад өгсөн. ...” /1хх 80/,

 

хохирогч М.Энхчимэгийн “...12 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Эко 26 дугаар байрны 1 дүгээр орцны гадаа охиноо салхилуулаад явж байтал үл таних 20-25 орчим насны хар бараан хувцастай хүн араас түлхэж унагаад миний “Самсунг А-8” маркийн гар утсыг булаагаад ертөнцийн зүгээр баруун урагшаа гүйгээд явсан. ...” /1хх 117/,

 

хохирогч Ц.Наранцэцэгийн “...2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Нарлаг тауны баруун хойд талд алхаж байтал араас боогоод газар унагаад гараараа цохиод “гар утсаа гаргаж өг” гээд халааснаас миний гар утсыг аваад зугтаасан. Миний гар утас “Хуавэй” маркийн өнгөгүй гэртэй, шаргал өнгийн утас байсан. ...” /1хх 149/,

 

хохирогч А.Майцэцэгийн “...Гандангийн гудамжаар нэвт гараад Докторын гудамжаар ороод утсаар яриад явж байсан чинь миний араас нэг эрэгтэй явж байсан. Би хажуу тийшээ болоод зам тавьж өгсөн чинь нөгөө залуу миний араас гэнэт дайрч миний амыг дараад малгайгаар хоолой боосон. Тэгээд миний гарт байсан гар утсыг гарнаас аваад зугтаасан. Тэгээд би араас нь харахад цэнхэр өнгийн куртиктэй залуу цаашаа зугтааж байсан. ...” /1хх 182/ гэх мэдүүлгүүд,

 

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 7-8/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 18-19/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 21-22/, эд зүйлийн үнэлгээ /1хх 31-32, 90-92, 121-122, 155-156, 187-189/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 74-78/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3872 дугаартай дүгнэлт /1хх 83/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Дийг иргэн С.Басбаярыг цээжин тус газар нь цохиж, “Нокиа Е71” маркийн гар утсыг нь авч, 41.800 төгрөгийн хохирол, иргэн Ц.Цэцэгдэлгэрийг газарт унаган хүч хэрэглэн довтолж, “Айфоне 6” маркийн гар утсыг нь авч, 285.000 төгрөгийн хохирол, иргэн М.Энхчимэгийг түлхэж унагаан хүч хэрэглэн довтолж, “Самсунг А-8” маркийн гар утсыг нь авч, 840.000 төгрөгийн хохирол, иргэн Ц.Наранцэцэгийг газарт унаган цохиж, хүч хэрэглэн довтолж, “Хуавэй Пи-9” маркийн гар утсыг нь авч, 364.700 төгрөгийн хохирол, иргэн А.Майцэцэгийг хоолойг нь боон хүч хэрэглэн довтолж, “Хуавэй Пи-9 Лайт” маркийн гар утсыг нь авч, 230.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

иргэн Ц.Цэцэгдэлгэрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Дт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 60 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 60 хоногийн хугацаагаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...гэр бүлийн минь байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан 4 жил 60 хоногийн ял шийтгэлээс хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн шүүгдэгч Б.Дийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 493 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтад шүүгдэгч Б.Даас хохирогч нарт хохирол төлбөрийг гаргуулахаар заасан атлаа 7 дахь заалтад “бусдад төлөх төлбөргүй” гэсэн нь агуулгын зөрчилтэй байх тул цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 493 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.АЛДАР

 

 ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ