Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 520

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Ш.М, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

   гэрч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ш.Мт холбогдох эрүүгийн ... тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______ дугаарын регистртэй, Ш.М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайж” хүнсний дэлгүүрт нэвтэрч биет 1.700.000 төгрөг, 10 шил архи, мөнгөн эдлэлүүд болон бусад хүнсний зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М мэдүүлэхдээ:

“...Би бага наснаасаа эмээ өвөө дээрээ өссөн хулгай хийж үзээгүй, хулгай хийх сэдэл, зүрх зориг надад байхгүй. Хүний ширээн дээр байгаа 100 төгрөг ч би зөвшөөрөлгүй авч үзээгүй, эхнэр хүүхдээ тэжээгээд бор зүрхээрээ явж байгаа билээ. Тэр 0.5 шилтэй архины шилэн дээрээс миний хурууны хээ гарсан гэсэн байсан. Би тухайн дэлгүүрээр орж үйлчлүүлдэг байсан тул зүгээр унах гэж байсан архийг авж тавьсан эсхүл ямар нэг байдлаар санаандгүй хүрсэн байж болно. Үнэхээр би энэ хэргийг хийгээгүй хийсэн байсан бол би өмгөөлөгч аваад цаг зав, ажлаа алдаад ингэж явах шаардлага байхгүй эсрэгээрээ хохирлын барагдуулаад уучлалт гуйгаад хийсэн хэргээ хүлээх байсан. Үнэхээр энэ хэргийг би хийгээгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ш.Мын өгсөн:

“...Би ямар хэрэгт шалгагдаж байгаа мэдлээ. Би анх 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Тайж дэлгүүрийн хажуу талд залгаа байрладаг хоёр давхарт байрлах тахианы мах, 80 төгрөгийн тараг зардаг компаний борлуулалтын жолоочоор зарын дагуу очиж уулзан тэнд ажилд орсон юм. Тэгээд би тэнд ажилд ороод 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажлаас гараад дахин өөр ажил хайж эхэлсэн юм. Би yг компанид ажиллаж байх хугацаандаа өглөө эрт 09:00-10:00 цаг гэхэд бараагаа авахаар хүмүүстэй холбож ярьж байгаад түгээлт хийдэг байсан. Тэгээд надтай хамт уг компаний захирал Г ах болон Т нар нь түгээлтээр явж байгаад орой дээд тал нь 23:00 цаг хүртэл явж ажилладаг байсан юм. Би 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө 09:00 цагийн үед ирэхэд захирал ах Г нь доод дэлгүүрт хулгай орсон байна би бэлэн 900,000 төгрөг өгчихсөн тэр мөнгийг хулгайлаад аваад явчихсан байна одоо яаж бараагаа татах вэ гээд хэлж байсныг би санаж байна. Өөр болсон зүйл байхгүй. Би уг дэлгүүрт орж үйлчлүүлж байсан удаа бол байгаа. Би өөрийн мөнгөөр эд зүйл худалдаж авдаггүй Г ахын захиасаар би хоолны материал зэрэг эд зүйлс авдаг байсан. Тэгээд намайг гэхээсээ илүү ихэвчлэн Тг дэлгүүрлүү явуулдаг байсан юм. Харин өмнөх өдрүүдэд нь хааяа нэг орж үйлчлүүлдэг байсан. Өмнөх өдрүүдэд нь орж үйлчлүүлэхдээ Г ахын захиас буюу ус, мах, ундаа зэрэг зүйлс авдаг юм.

Би дотогш ороход баруун талд нь худалдагчийн касс байдаг юм. Мөн зүүн эргэхэд хөлдөөгч болон хүнсний эд зүйлүүд байсан. Тэр хөлдөөгчинд нь үлдэгдэл тахианы мах зэрэг эд зүйлс хийдэг байсан юм. Би архи согтууруулах ундаа гэж Г ахын захиасаар ганц хоёр лаазтай пиво л авч байсан, архи авч байгаагүй. Би хулгай орсон өдрийн өмнөх өдрүүдэд орж үйлчлүүлэхдээ архи согтууруулах ундааны зүйл авч байгаагүй. Би архи авах гэж оролдож байсан удаа байхгүй. Архи пивонуудыг нь цуг байдаг болохоор би архи авдаггүй пиво л аваад явдаг байсан. Гэхдээ хулгай орсноос хойш Г ах намайг уг дэлгүүрлүү оруулж 0,75 литрийн Монгол стандарт архи авхуулж байсан. Г ах өөрөө хоёр хүнээр ажил хийлгээд хөлсөнд нь архи өгсөн юм шиг байна лээ би тэрийг сайн санаж байна. Хулгай орохын өмнөх өдрүүдэд архи авч байгаагүй. Би уг дэлгүүр лүү орж эд зүйл хулгайлаагүй.

Би 2018 оны 03-р сарын 28-ний өдөр Тайж дэлгүүрийн хажуу талд залгаа байрладаг тахианы мах, өндөг, хөлдөөсөн тараг зардаг газарт борлуулалтын жолоочоор ажилд орсон. Тэнд Г гэдэг хүн захирал, Т гэдэг залуу борлуулагчаар ажилладаг байсан. Тэгээд өглөө 09 цагаас ажил эхлээд орой ихэвчлэн 21-22 цагийн хооронд тардаг байсан. Манай гэр хол байдаг болохоор би борлуулалтын Ниссан Ванетта маркийн машиныг гэртээ авч хариад өглөө нь авчирдаг байсан. Тэгээд 2018 оны 04-р сарын 14-ний өглөө ажил дээр очиход нэг хайрцаг тахианы мах үлдсэн байсан тэрийг борлуулчихаад чи буух юм уу гэж Г ах асуусан тэгэхээр нь би нэгхэн хайрцаг байгаа юм бол хөлдөөгчиндөө хийчихээд дараа нь бөөнд нь аваад явчихъя тэгээд өнөөдөр маргааш хоёр өдөр амарчихая гэсэн чинь Г ах тэг тэг гээд амраасан. Тэгээд 11:00 цагийн үед ажлаас гараад ээжтэй утсаар яриад 100 айлаас ээжийг түрээсийн байрнаас нь аваад ханын материал руу явж гэр авсан. Авсан гэрээ Хайлаастад хүний хашаанд аваачиж барьж байхад 16 цагийн үед Т залгаад би шатнаас унаад хөлөө хугалчихлаа чи ирээд намайг Гэмтэл хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би “би Хайлаастад гэр барьж байна жаахан байж байгаад очъё гэж хэлээд 19 цагийн үед ажил дээр ирэхэд Т хөлөө гипсдүүлчихсэн уруулан дээрээ оёдол тавиулаад маск зүүчихсэн байсан. Тэгэхээр нь би Гэмтэл явах хэрэггүй болчихсон гээд Т ажил дээр хонохоор үлдээд би Хайлааст руу ээж рүү явсан. Тэгээд Хайлаастад очоод үргэлжлүүлж барьж дуусгаад 22 цагийн үед 100 айл орж ээжийг түрээсийн байранд нь буулгаад 23 цагийн үед гэртээ харьсан. Маргааш нь буюу 2018 оны 04-р сарын 15-ний өдөр өглөө 10 цагийн үед гэрээс гараад 100 айлд ээжийн түрээсийн байранд ирээд ээжийг ачаа бараагаа баглаад байж бай би хойшоо зуслан руу явж шкаф, сандал зэрэг үлдээсэн юмнуудыг аваад ирье гээд ээжийн хамтран амьдрагч П ахтай хамт зуслан руу яваад тэндээс юмнуудаа ачаад Хайлаастад очиж буулгасан. Тэгээд 100 айл дээр ирээд ээжийг аваад юмнуудаа ачаад Хайлаастад очиж буулгасан. Хоёр удаа юм зөөж явсан. Тэгээд юмнуудаа буулгаад гэртээ оруулж тавьж байрлуулаад 20 цагийн үед Дэнжийн 1000-аас нэг хүнээс зуух авах гэж явсан. Тэгээд Дэнжийн 1000 руу яваад зуух аваад замдаа Дэнжийн 1000-н тэндээс худгаас ус авсан. Тэгээд Хайлааст руу явсан. Тэгээд 01 цагийн үед бүх юмаа дуусгаад гэртээ харьж амарсан. Тэгээд 2018 оны 04-р сарын 16-ний 1 дэх өдөр өглөө ажил дээрээ очиход Г ах доод дэлгүүрт би 900.000 төгрөгөө бэлнээр хадгалуулсан байсан чинь өчигдөр хулгай орчиж одоо яаж бараа татнаа гэж байгаад орой мөнгийг нь өгье гэж хэлээд зээлээр бараа авъя даа гээд надтай хамт явж бараа таталт хийсэн. Тэгээд ажлаа хийж байгаад 2018 оны 05-р сарын 20-оор дулаан орсон болохоор хөдөөгүүр борлуулалт хийж ажиллана гэхээр нь би жаахан хүүхэдтэй хөдөө явж чадахгүй гээд ажлаасаа гарсан. Тэгээд гэрийн хажуу талын авто засварт ажилд орсон.

 2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө би гэртээ байсан. Намайг гэртээ байсныг манай эхнэр батална. Цагдаа дээр Г ах, Т бид гурав мэдүүлэг өгөхөөр хүлээж байхад Г ах дэлгүүрийн Бээтэй хэрэлдээд чи өөрийнхөө дэлгүүрт хулгай хийгээ биздээ гэхэд нь Бээ би дэлгүүртээ хулгай хийсэн юм чамд хамаа байхгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 45-48, 59-60/,

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Б-ийн өгсөн:

            “...Би 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 14:00 цагийн үед өөрийн эхнэр Мөнхтуяа болон гурван хүүхдийн хамт эхнэрийн төрсөн эгч М-ыг нүүлгэх гээд Баянхошуу руу явцгаасан юм. Тэгээд тэр өдөртөө бид хэд эгчийн гэрийг нүүлгэх гээд их оройтож байхаар нь 21:00 цагийн үед дэлгүүр дээрээ ирээд хоол ундны юм дэлгүүрээсээ авчихаад буцаж эгчийндээ бид хэд ирсэн юм. Тэгээд тэндээ бид нар хоночихоод маргааш өглөө нь 09:00 цаг өнгөрч байхад өөрийн дэлгүүр дээрээ ирэхэд манай дэлгүүрийн хажуу талын цонх онгорхой, орцны жижүүр хажууд нь зогсчихсон танайд хулгай орчихсон байна, гар утасны дугаарыг чинь мэдэхгүй гэхээр нь би дэлгүүр рүү ортол манай дэлгүүрийн орлогоны мөнгө гэж ойролцоогоор 1.700.000 төгрөг, манай эхнэрийн жижиг савтай мөнгөн хослол 2 ширхэг, бөгж, ээмэгүүд, мөн миний зааны ясан гаанс, Самсунг галакси А-5 маркийн гар утас 1 ширхэг, 10 шил архи, жижиг хайрцагтай alpen gold шоколад буюу хайрцагандаа 20 ширхэг, боодол орбит бохь буюу 3 боодол дотороо 20 ширхэг, хөргөгчний доод талын 2 литрийн том пиво 5 ширхэг, Мерси шоколад 2 ширхэг, Том моя семяа нэртэй жүүс ундаа 2 ширхэг, хүүхдийн хичээлийн жижиг цүнх хулгайд алдагдсан байсан. Тэр шилтэй архинууд нь Соёрхол, Gold Чингис, Evok, Соёмбо, Болор, Тайга зэрэг архинууд алдсан байсан. Тэгээд жижиг шилтэй архинуудыг нь аваагүй арын эгнээнээс нь дандаа том литрийн архинууд авсан байсан. Жижиг шилтэй архи наана тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Мгийн өгсөн:

“...Би  2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Тайж” нэртэй дэлгүүрийг түгжээд эгч М-ынх Баянхошуу руу нүүнэ гэхээр нь дэлгүүрээ хаагаад очиж нүүлгэлцэж өгөөд орой 21 цагийн үед нөхрийнхөө хамтаар ирж дэлгүүрээ шалгаж үзэхэд дэлгүүр хэвийн байсан, тэгээд эгчийнхээ шинэ авсан байшинд нь очиж хоноод 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд ирэхэд манай орцны жижүүр эгч манай дэлгүүрийн үүдэнд зогсоод нөхөр бид хоёрыг дуудахад нь очиход манай дэлгүүрийн урд талын цонхны гадна талын хаалт төмрийг хөшин дотор нь байсан вакум цонхыг түлхэн орж дотор нь байсан 10 гаруй шил архи, бэлэн мөнгө 1,700,000 орчим төгрөг, кассанд байсан миний жижиг дөрвөлжин дээрээ Coca Colo гэсэн бичигтэй улаан өнгийн хайрцагтай ээмэг 3 ширхэг мөнгөн гинж, 4 ширхэг мөнгөн хос жижиг ээмэг, 2 ширхэг бөгж дандаа мөнгөн эдлэлүүд зэрэг байсныг аваад явсан, дээрхи эд зүйлийн содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй.

Манай нөхөр хэрэг гардаг шөнө надтай цуг Баянхошуунд манай эгч М-ын гэрт хамт хоносон. Тухайн хэрэг гарснаас хэд хоногийн дараа манай дэлгүүрт би, манай эгч М-, нөхөр Б, Г-тэй нийлж архи ууж байсан. Тэгэхэд Г манай нөхрийг чи өөрөө дэлгүүрээ ухчихсан юм биш үү гэж манай нөхөртэй маргалдсан. Тэгэхэд манай нөхөр чи өөрөө мөнгө хадгалуулснаараа манай дэлгүүрийг ухуулчихсан юм бишүү би өөрийн дэлгүүрээс юу гэж хулгай хийх юм гэж маргалдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16, 124-125/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Г-ийн өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө уг дэлгүүрт хулгай орсныг мэдсэн. Уг дэлгүүрийн эзэн Бишрээд 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 900.000 төгрөгийг хадгалж байгаач гээд тоолж өгсөн юм. Тэгээд хулгай орсон өдөр миний мөнгийг орлогын хамт алдчихлаа гээд хулгай орсон өдөр надад хэлэхээр нь би мөнгөө авна шүү гэхэд бид нар чиний мөнгийг увуулж цувуулаад өгнө гэхээр нь би гараад явчихсан. Манай ажлын байранд хоноглож байсан Т гэх ажлын маань залуу байсан. Надад хэлэхдээ Бишрээ ах доороо архи уугаад байх шиг дуу нь гараад байна гэхээр нь би Бишрээг худлаа өөрөө өөрийнхөө дэлгүүрийг ухсан гэж хардсан. Өглөө борлуулалтанд манай ажилтан М миний машиныг ганцаар унаж яваад орой 21:00 цагийн үед л миний машиныг гэрлүүгээ унаад явсан. Тэр үед Мын гэр нь Сансарт байдаг байсан болохоор миний машиныг ихэвчлэн унаж яваад өглөө нь ирэхдээ өөрийн хүүхдээ Баянбүрдэд хадамдаа өгдөг байсан юм. Тайж дэлгүүрт хулгай орсон өмнөх өдрүүдэд Мыг хоол хүнс авхуулахаар оруулдаг байсан. Би уг дэлгүүр лүү Мыг оруулах нь оруулна гэхдээ пиво л авхуулах гэж оруулдаг байсан. Архи дарс авхуулж байснаа би санахгүй байна.

Тайж дэлгүүрт хулгай орсноос хэд хоногийн дараа би шөнийн 02 цагийн үед гадуур явж байгаад гэрлүүгээ орох гээд явж байхад Тайж дэлгүүрийн гэрэл асаалттай байсан. Тэгэхээр нь очоод хаалгыг нь тогшиход Бээ хаалгаа тайлсан. Тэгээд дэлгүүр дотроо эхнэртэйгээ, эхнэрийнх нь эгч нь билүү дүү нь байсан. Тэгэхэд тэд нар архи ууж байсан. Тэгэхээр нь би тэд нартай хамт архи уугаад сууж байхад Бээ надад “чи намайг өөрөө өөрийнхөө дэлгүүрээс хулгай хийсэн гэлүү” гэхээр нь би “чи угаасаа өөрийнхөө дэлгүүрээс хулгай хийгээ биздээ” гэсэн чинь Бээ “тийм би өөрийнхөө дэлгүүрээс хулгайсан ч яадаг юм” гэж хэрүүлийн чанартай яриа болж байсан. Энэ талаар би Баянгол дүүргийн цагдаа дээр Мтай хамт Бат-Эрдэнэ байцаагчийг хүлээж сууж байхдаа хэлж байсан. Т хулгай гарсан шөнө Бээ ахын дуу гараад байх шиг байсан гэхээр нь чи доошоо буугаад хэлээч гэсэн чинь Т доошоо буугаад дэлгүүрт ороод өчигдөр шөнө Бээ ахын дуу гараад байсан даа гэсэн чинь юу яриад байгаа юм Бээ бид хоёр байхгүй гэж эхнэр нь уурласан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 18-19, 128-129/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Ш-ийн өгсөн:

“...Тэр хэрэг болсон гэх өдөр нь буюу 2018 оны 4-р сарын 14-ний өдөр би ханын материалаас гэр худалдаж авах гээд гэрээсээ гарах гэж байхад миний хүү М надруу утсаар яриад намайг хаана байгаа юм гэж асуухаар нь би ханын материалаас гэр авахаар явах гэж байгаа талаараа хэлэхэд би өнөөдөр амарч байгаа ажлын машин надад байна би яваад очъё гэхээр нь за тэгвэл хүрээд ир гээд намайг гэрээс ирж аваад ханын материал орж 5 ханатай гэр 450.000 төгрөгөөр худалдаж аваад гэрээ Мын ажлын машинд ачаад Хайлаастад айлын хашаанд буулгасан. Тэгээд гэрээ буулгачихаад буйраа засаад гэрээ барьж эхэлж байхад 17 цагийн үед Мын ажлын залуу нь залгаад хөлөө хугалчихсан эмнэлэг явах хэрэгтэй байна гээд М ажил руугаа яваад өгсөн. Тэгээд удалгүй 19 цаг өнгөрөөд М хүрээд ирсэн. Тэгээд хүрч ирээд гэр бариад 23 цагийн үед дуусгаад М намайг 100 айлд түрээсийн байр луу минь хүргэж өгсөн. Тэгээд М манайд хоол идээд 00 цагийн орчимд гэртээ харилаа гээд явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагт манайд ирээд миний хамтран амьдрагч Птай хамт Ар согоотын байрлалтай зун түрээслэж байсан зуслангаас үлдэгдэл тавилганууд авах гээд явсан. Тэгээд Ар согоотоос тавилгануудаа Хайлаастад байх гэрт оруулаад байж байхад 12 цагийн үед М руу ажлынх нь захирал нь залгаж дуудаад М яваад өгсөн. Тэгээд өдөр буцаад 14 цагийн үед М буцаж ирээд 100 айлд байх түрээсийн байрнаас тавилгануудаа Хайлааст руу 2 удаа зөөсөн. Тэгээд 23 цагт тавилгануудаа бүгдийг оруулж дуусгаад Дэнжийн 1000-аас би найзаасаа төслийн зуух очиж авсан. Тэгээд зуухаа авчихаад гэртээ очоод хоол хийж идээд 01 цагийн үед М гэртээ харилаа гээд явсан. Би Мыг гарсны дараа нэг их удаагүй 20-30 минутын дараа М руу утсаар яриад харьсан уу гэж асуухад М би гэртээ ирчихсэн байна гэж хэлсэн.

Манай хүү М гэр нүүлгэдэг өдөр цагаан зөөлөн ултай, хар өнгийн резинэн эмжээртэй даавуун маягтай пүүзтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23, 205/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Бгийн өгсөн:

“...2018 орны 4 дүгээр сарын 14-нөөс 15-ны өрдүүдэд би ажлаасаа 18 цагийн үед тараад Баянбүрд орж аавынхаа гэрээс охиноо аваад Дарь-Эхэд байх гэрлүүгээ харьсан. Тэгээд гэртээ охинтойгоо хоёулаа байсан. Шөнө 01 цагийн орчим Ш.М “ээжийн гэрийг нүүлгэчихээд ирлээ” гээд ирсэн. Тэгээд л бид гурав унтацгаасан. Маргааш өглөө нь М ажилдаа явсан...” гэх мэдүүлэг /хх-н 126-127/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Тгийн өгсөн:

“...2018 оны 4-р сарын 14-ний өглөө би ажлаасаа гарч яваад шатан дээр хальтарч унаад хөлөө хугалсан. Тэгээд би М луу залгаад би хөлөө хугалчихлаа ирээд намайг гэмтэл хүргээд өг гэсэн чинь М гэртээ амарч байхад битгий тоглоод бай гэсэн. Тэгсэн намайг бууз баншны цехэд ажилладаг ах найздаа хэлж өгөөд намайг найзаараа гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тэгээд би гэмтэл дээр хөлөө гипсдүүлээд урууландаа оёдол тавиулчихаад ажил дээрээ 16 цагийн үед ирсэн. Тухайн үед би эхнэртэйгээ муудалцчихаад ажил дээрээ 20-иод хоног хонож байсан юм. Тэгээд тухайн өдөр ажлаагүй амарч байсан. Тэгээд би бууз, баншны цехийн хэдийг өнөөдөр хамт хоол идчихээд хань болоод хоночихооч гэхэд тэд нар зөвшөөрөөд Г гэх залуу эхнэртэйгээ, Пүүжээ, эмэгтэй Г бид 5 хамт хонохоор болсон. Тэгээд 20 цагийн орчимд байх М ирээд хоол идчихээд тэгээд гэртээ харилаа гээд яваад өгсөн. Тэгээд бууз баншны цехийн хэд орж ирээд бид нар хоол хийж идчихээд шөнийн 01 цагийн орчимд бид нар хөзөр тоглоод сууж байхад манай хаалгыг хүн тогшсон тэгэхээр нь би манай эхнэр байж магадгүй бүгд чимээгүй болсон. Тэгээд бид нар заза унтацгаая гээд гэрлээ унтраагаад хэвтэцгээж байхад эрэгтэй Г доор хүмүүс дуугараад байна гэхээр нь би дэлгүурийн ах л найзуудтайгаа архи ууж байгаа биз гээд тоогоогүй. Тэгсэн 10-20 минутын дараа цонх хагарах чимээ сонсогдсон тэгэхэд бид босч хараагүй шууд унтацгаасан. Тэгээд өглөө унтаж байхад Г- ах доод дэлгүүрт хулгай орсон байна гээд орж ирсэн. Тэгээд намайг чи шөнө юм сонсоогүй юу гэхээр нь би шөнө хүн хаалга цохиод тэгээд доор хүмүүс чанга чанга яриад байхаар нь би Бээ ахыг байгаа юм болвуу гэж бодсон гэж хэлэхэд Г- ах чи тэгвэл доошоо ороод Бээг таны дуу гараад байхаар нь бид нар гарч хараагүй шүүдээ гээд хэлчихээд ороод ир гэхээр нь би хүнээр түшүүлээд доошоо дэлгүүр рүү ороод Бээ ахаа өчигдөр шөнө таны дуу гараад байхаар нь таныг найзуудтайгаа архи ууж байна гэж бодсон шүү дээ гэж хэлэхэд эхнэр нь хажуугаар нь орж ирээд чи яагаад хүн гүтгээд байгаа юм яасан гэж бид нар өөрсдөөсөө хулгай хийдэг юм гэхээр нь би гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 130-131/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Г.Эрдэнэцогтын өгсөн:

“...2018 оны 04-р сарын 15-ны өдрийн 01/250 дугаартай шинжээчийн дүгнэлт миний гаргасан дүгнэлт мөн байна. Би энэ хэрэгт хулгай орсон гэх цонхны урд талд байсан ногооны сетекний хүрээн дээрээс гарын мөр 2 ш, зайрмагны гэрэлтүүлэг самбар дээрээс гарын мөр 4 ш, ариун цэврийн өрөөний хаалганы гадна талын хүрээн дээрээс гарын мөр 2 ш, кассны шургуулган дээрээс гарын мөр 1 ш, хөдөлгөж тавьсан байсан гэсэн Соёрхол архины шилнээс гарны мөр 3 ш тус тус тунгалаг өнгийн наалтуузаар бэхжүүлж авсан. Гэрэл зургийн аргаар бэхжүүлж 3 ш гутлын мөр бэхжүүлж авсан. Соёрхол архины шилэн дээрээс авсан гарын мөрнөөс 1ш гарын мөр нь Ш.Мын гарын мөртэй таарсан. Уг “12” гэж дугаарласан Соёрхол архины шилэн дээрээс бэхжүүлж авсан 2 ширхэг гарын мөр нь Шүрэнцэцэгийн Маас өөр хүний гарын мөр байх боломжгүй. Учир нь Соёрхол архины шилэн дээр үүссэн гарын мөр нь Ш.Мын эрхий хуруу болон дунд хуруугаар үүсгэгдсэн нь гарын хээний ерөнхий болон папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байгаа юм. Дээрхи шинж тэмдэг нь дахин давтагдашгүй, адилтгалын өндөр ач холбогдолтой. Гарын мөрний шинэ хуучин эсэхийг, мөн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дүгнэлтээр зүүн гарын эрхий хуруу болон дунд хурууны тэмдэглэгээ байгаа юм. Тэгэхээр Ш.Мын зүүн гарын эрхий хуруу болон дунд хурууны хээгээр тохирсон гэсэн үг. Уг эрхий хуруу болон дунд хурууны хээ нь нийт 9 шинж тэмдгээр тохирсон. Дээрхи тохирсон шинж тэмдгүүдийг гэрэл зургийн үзүүлэлтэд улаан балаар холбож үзүүлсэн. Нийт 8 шинж тэмдгээр тохирсон тохиолдолд уг хүний гарын мөрийг тохирсон гэж үздэг. Зарим тохиолдолд 5-6 онцгой шинж тэмдгээр ч тохирсон тохиолдол байдаг. Уг гарын мөр нь өөр хүний гарын мөр байх боломжгүй. Гарын мөр нь дахин давтагдашгүй байдаг. Тухайн хэргийн газраас бэхжүүлж авсан 1 дугаартай хэсэгт бэхжүүлэгдсэн хэсгээс 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцсэн бөгөөд 1 дэх хэсэгт байх гарын мөр нь Г овогтой Б гэх хүний гарын дардастай, 2 дахь хэсэгт байх гарын мөр нь Баясгалангийн Төрбат гэх хүний гарын дардастай тус тус тохирсон. Хэргийн газраас бэхжүүлж авсан бусад гарын мөр нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас болон эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохироогүй...” гэх мэдүүлэг /хх-н 192-193/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 01/250 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1-13 гэж дугаарласан гарын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн шинжилгээнд тэнцэх “1” гэж дугаарласан хэсгээс бэхжүүлж авсан 1 дэх мөр нь хохирогч Г овогтой Бийн баруун гарын дунд хурууны дардастай, “1” гэж дугаарласан 2 дахь гарын мөр нь санд: MN000210020373, MN0000ӨРШ02383, MN000510003840, MN005210009566, MN000810000760, MN000710006156, MN000710001248, MN000310021447 гэх дугааруудаар санд байрласан Баясгалан овогтой Төрбатын баруун гарын дунд хурууны дардастай, “12” гэж дугаарласан гарын мөр нь санд MN000810006946 гэх дугаараар байрласан Шүрэнцэцэг овогтой Мын зүүн гарын эрхий, дунд хурууны дардастай гарын хээний ерөнхий болон папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалт гэх зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

3. Хэргийн газраас бэхжүүлж авсан шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт /хх-н 30-35/,

 

           - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-10/,

           - эд зүйлийн үнэлгээ /27-28/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 61/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ш.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд болон гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргийг шалгаж үзэхэд хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээс харахад /хх8-10/ Тайж хүнсний дэлгүүр нь өөртөө үйлчлэх дэлгүүр бөгөөд ямарч үйлчлүүлэгч лангуун дээр байрлуулсан бараа бүтээгдэхүүнийг сонгож үзэх, гар хүрч гарын хээг үлдээх боломжтой нь шүүгдэгчийн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй. Шүүгдэгч Ш.М нь өмнө нь Тайж дэлгүүрээр нэг бус удаа үйлчлүүлж байсан учир шүүгдэгчийн гарын мөр бараа бүтээгдэхүүн дээр үлдсэн байхыг үгүйсгэхгүй мөн гэрч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...хэргийн газарт буюу цонхны тавцан дээр хоёр хүний хөлийн мөр байсан...” гэж мэдүүлсэн, тухайн хөлийн мөр нь шинжилгээнд тэнцээгүй зэргээс үзэхэд гэмт хэргийг 2 хүн үйлдсэн байхыг  үгүйсгэхгүй.

Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 01/250 тоот дүгнэлт нь дангаараа шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгахад хангалтгүй, өөр бусад шууд нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруу нь давхар нотлогдох бус гэрч М.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд өдөр буцаад 14 цагийн үед М буцаж ирээд 100 айлд байх түрээсийн байрнаас тавилгануудаа Хайлааст руу 2 удаа зөөсөн. Тэгээд 23 цагт тавилгануудаа бүгдийг оруулж дуусгаад Дэнжийн 1000-аас би найзаасаа төслийн зуух очиж авсан. Тэгээд зуухаа авчихаад гэртээ очоод хоол хийж идээд 01 цагийн үед М гэртээ харилаа гээд явсан. Би Мыг гарсны дараа нэг их удаагүй 20-30 минутын дараа М луу утсаар яриад харьсан уу гэж асуухад М би гэртээ ирчихсэн байна гэж хэлсэн. Манай хүү М гэр нүүлгэдэг өдөр цагаан зөөлөн ултай, хар өнгийн резинэн эмжээртэй даавуун маягтай пүүзтэй байсан...” /хх-н 22-23, 205/...” гэх мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгч Ш.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газраас Ш.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Ш.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 1 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ