Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 183/2016/01928/И |
Дугаар | 001/ХТ2017/01325 |
Огноо | 2017-11-02 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2017/01325
М.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00773 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1403 дугаар магадлалтай,
М.А-гийн нэхэмжлэлтэй,
Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны олговорт 3.273.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч М.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газартай 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөвсгөл аймгийн Нисэх буудлын даргаар ажиллаж байсан. Гэтэл тус газар 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2015/06429 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн магадлалаар ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байсаар 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Б/23 тоот тушаалаар ажилдаа эргэж орсон. Иймд шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа орох хүртэл буюу 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 3 сарын цалинг нэг сарын 1.091.100 төгрөгөөр тооцон 3.273.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.А- нь тус газрын Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын даргаар ажиллаж байгаад Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. Анхан шатны шүүхээс түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүний дараа нэхэмжлэгч М.А- нь тус байгууллагад 2016 оны 01 дүгээр 22-ны өдөр ажилдаа эргэн орьё, гэхдээ шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны олговрыг авахгүй гэдгээ илэрхийлсэн өргөдөл ирүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар ажилд эргүүлэн томилсон. Зам тээврийн яамны сайдын 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нисэх буудлын ажлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж шалгалт хийж ажлын хэсгийн дүгнэлтийг нэхэмжлэгчид танилцуулахад ажлаас халахгүйгээр хүсэлтээрээ чөлөөлөгдье гэсэн өргөдлийг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр захиргаанд ирүүлсэн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа 2016 оны 3 дугаар сард шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны олговроо авъя гэсэн өргөдлийг ирүүлсэн. Нэхэмжлэгч М.А-гаас ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэхгүй гэсэн хүсэл зоригоо бичгээр илэрхийлж өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00773дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.273.300 /хоёр сая хоёр зуун далан гурван мянга гурван зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.А-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2.678 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 67.322 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6дугаар сарын 19-ний өдрийн 1403 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.273.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6дугаар сарын 19-ний өдрийн 1403 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.273.300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч М.А- нь хариуцагч ИНЕГ-аас 3.273.300 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны олговор гэж тодорхойлжээ.
ИНЕГ-ын даргын 2016 оны 1 дүгээр сарын 22-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар М.А-г Хөвсгөл аймгийн нисэх буудлын даргын ажилд эгүүлэн томилохдоо Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6429 дүгээр шийдвэрийг үндэслэл болгожээ /хэргийн 10 дугаар тал/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй ба нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 5-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарахгүй байх тул магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1403 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ