Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2020/0322

 

 

 

 

 

 

                                  С.М-ыннэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч С.Мягмартогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, гуравдагч этгээд Ф.С нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй, С.М-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” тогтоол мөн *** дугаартай “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О давж заалдах гомдолдоо: “…  Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.3-д заасныг Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөрчсөн гэжээ. Төлөөлөгч Т.Ө-ын сумын ИТХ-д хурлын даргыг огцруулах тухай гаргасан бичгийн 1 дэх асуудал нь Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг үндэслэж нэхэмжлэгч Шаамар сумын иргэн Д.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Шаамар сумын ИТХ-ын дарга С. М нарт холбогдох 300 га газрыг зориулалтын бусаар ашигласан атар газар хагалсан зэрэг зөрчил илэрч Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл төлөөлөгч Т.Ө нь огцруулах 1 дэх үндэслэлдээ Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 39 дүгээр шийдвэрийг үндэслэж асуудлаа оруулж байхад тооцоо судалгаа байхгүй гэж үзсэн нь шүүх өөрийн шийдвэрийг тооцоо судалгаагүй гэж үзсэн нь илт хууль бус юм.

Төлөөлөгч Т.Ө-ын “санал оруулах, саналаасаа татгалзах” эрхийг зөрчсөн гэдэгт тухай үед хэлэлцэх асуудлыг нэг бүрчлэн танилцуулж санал шүүмжлэл байна уу гэхэд төлөөлөгчдийн зүгээс нэг ч төлөөлөгч санал хэлээгүй бүх асуудлаа баталсан байдаг. Баталснаас хойш МАН-ын бүлгийн зүгээс Т.Ө-ыг илт дарамталж, халагдсан ажлын байранд чинь эргүүлж авна, ажилдаа эргэж ор саналаа тат зэрэг дайралт ирэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхи дургүйцэж саналын татуулахдаа ажлын байр амлаж болохгүй баталсан саналыг хасахаар бол санал хураалтаар шийднэ гээд олонхоороо хэлэлцүүлэхээр оруулсан байдаг. ИТХ нь хамтын зарчмаар олонхын саналаар аливаа асуудлыг шийднэ гэсэн зарчмыг шүүх харгалзан үзээгүй. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1б заалтыг зөрчсөн. Хурлын зохион байгуулалтын асуудал бол төлөөлөгчийн онцгой бүрэн эрхэд хамаардаг.

Шаамар сумын иргэд болон сумын хурлын төлөөлөгчдийн зүгээс сумын ИХТ-ын баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс илүү газрыг Шаамар сумын Засаг дарга олгож байхад ИТХ-ын зүгээс ямарч хяналт тавиагүй гэдэг шалтгаанаар огцруулах саналыг оруулсан байхад Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатын шүүх энэ асуудлыг огт хөндөөгүй энэ талаар сумын Засаг даргын газар олгосон захирамжийг ИТХ-ын тогтоолтой тулгаж үзээгүй, анхан шатны шалгалт үзлэг хийлгүй асуудлыг үндэслэлгүй гэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Т.Ө болон сумын ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн сумын ИТХ-ын ээлжит *** дугаар хуралдаанаар хурлын дарга С.М-ыг дээр дурдсан асуудлаар огцруулж хариуцлага тооцож төлөөлөгч Т.Өлзийжаргалыг хурлын даргаар сонгосон боловч сумын ИТХ-ын дарга С.М болон аймгийн ИТХ-ын ажлын албаны зүгээс хууль бус шаардлага тавьж сумын ИТХ-ын *** дугаар хуралдааныг хууль бус гэж үзсэн байдаг. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн сумын ИТХ-ын хуралдааны хэлэлцэх асуудлыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхдээ хурлын даргыг огцруулах асуудал 2 удаа яригдсан байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх Т.Ө-ын сумын ИТХ-ын даргыг огцруулах тухай саналын 3 дахь асуудлыг огт шалгаагүй, анхан шатны видео бичлэг үзээгүй байж үндэслэлгүй гэснийг эсэргүүцэж байна.

ИТХ нь хамтын шийдвэр гаргаж хамтын хариуцлага хүлээдэг төлөөллийн байгууллага билээ. ИТХ-ын шийдвэрийг иргэдийн эрх ашигт нийцсэн, хэрэгжих үндэслэлтэй байлгах нь гол зарчим юм. ИТХ бол төлөөллөөс гадна өөрийн гаргасан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй. Энэ хүрээнд хяналт тавьж ажиллаж чадаагүй гэдэг шалтгаанаар сумын ИТХ-ын дарга С.М-д удаа дараа төлөөлөгчдийн зүгээс албан шаардлага өгч байсан. “Сэлэнгэ үндэс” ХХК 300 га газрын асуудал хууль зөрчсөн гэдгийг Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 39 дүгээр шийдвэр, мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 166 дугаар магадлалд хууль зөрчсөн буруутай этгээдүүдийн талаар дурдсан нь сумын ИТХ болон хурлын дарга тогтоолын хэрэгжилтэд хяналт тавиагүй нь тогтоогдсон байна.

Иймд дээрх асуудлыг шалгаж хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны *** дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын “б”, тооллогын комиссын 02 тоот тогтоолыг тус тус үндэслэн ... Ф.С-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож, мөн өдрийн *** дугаар  тогтоолоор дээрх хуулийн заалтууд болон санал, хураалтын дүнг үндэслэн ... С.Мягмартогтохыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “хурлын 16 дугаар хуралдаанд төлөөлөгч Т.Ө-аас “хурлын даргыг огцруулах” нэг хуудас бүхий саналыг хурлын нарийн бичгийн даргад хүргүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1, 24.2-т заасныг зөрчсөн, төлөөлөгчийн оруулсан саналыг танилцуулаагүй, баталгаажуулаагүй, хуралдааныг дэгийг баталсан, хэлэлцэх асуудлын жагсаалтад батлуулаагүй, мөн огцруулах саналаа татсан” гэж, хариуцагчаас “ ... Т.Ө оруулсан саналаа татсан, гэвч тухайн огцруулах асуудалд санал хураахад олонхийн саналаар дэмжиж хурал үргэлжилсэн, өөрийн гаргасан тогтоолын дагуу төлөвлөсөн газраас илүү газар олгосонд хяналт тавиагүй” гэж тус тус маргасан байх бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцэх 9 асуудлын төлөвлөгөөнд “хурлын даргыг огцруулах, шинээр даргыг сонгож томилох” талаар ороогүй, мөн хурлын төлөөлөгч Т.Өлзийжаргал бичгээр “С.М-ыг огцруулах” хүсэлт[1] гаргасан боловч уг саналд холбогдох огцруулах үндэслэлтэй холбоотой баримтыг хавсаргаж, хуралдаан болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгч нарт тараагаагүй, мөн саналаа тухайн хуралдааны үеэр дэмжилгүй татан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэтэл хурлын төлөөлөгч нар огцруулах үндэслэлтэй холбоотой баримт, материалтай танилцаагүй атлаа шууд санал хурааж, С.М-ыг Хурлын даргын албан тушаалаас огцруулж, шинээр даргыг томилохоор шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Хариуцагчийн давж заалдах гомдолд “... төлөөлөгч Т.Ө нь огцруулах үндэслэлдээ Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг үндэслэж асуудлаа оруулсан байхад шүүх өөрийнхөө шийдвэрийг тооцоо судалгаагүй гэж үзсэн нь илт хууль бус, ... тухайн шийдвэрээр шийдсэн иргэдийн зүгээс газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс илүү газрыг Засаг дарга олгосон байхад Хурлын дарга хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэдэг асуудлыг огцруулах үндэслэлээ болгосон байхад шүүх энэ асуудлыг ог хөндөөгүй, тогтоолтой тулгаж үзээгүй, анхан шатны шалгалт үзлэг хийлгүй асуудлыг үндэслэлгүй гэсэн нь хэт нэг талыг барьсан” гэжээ.

Хурлын төлөөлөгч Т.Ө-ын Хурлын даргыг огцруулах саналд уг шүүхийн шийдвэр болон түүнд хамаарах баримтууд, тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон[2] эсэх талаарх баримтуудыг хавсаргаагүйгээс Хурлын төлөөлөгч нар энэ талаар танилцаж, Хурлын даргыг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар хэлэлцэж шийдвэрлээгүй, дээрх байдлаар  хуульд заасан журмыг зөрчсөн байх тул огцруулах саналд хавсаргаагүй, хуралдаанаар хэлэлцээгүй баримтуудыг анхан шатны шүүх цуглуулж, үнэлж дүгнэх шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.  

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

 


[1] Хэргийн 26 дахь тал

[2] Тухайн хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал 2020.03.04-ний өдөр гарсан