Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 542

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

  шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805010740923 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, __ дугаарын регистртэй, Мангал овогт А.С.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.С нь 2018 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89А дугаар байрны 5 тоот дахь иргэн Н.А-ийн уламжлалт эмчилгээний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч алкопрост эм 36 ширхэг, натуроник эм 10 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.136.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Сын өгсөн:

“...Би 2018 оны 02-р сард Улаанбаатар хотод байсан. Тухайн үед би “Түмэндэлгэр Далай” ХХК-д орон тооны бус барилгын туслах ажилтнаар түр ажиллаж байсан ба “Хүннү” хотхоны барилгын ажил дээр ажиллаж байсан. Би тэр үед өөрийн хамаатны ах Цагаанаа буюу Бямбажавтай хамт ажилладаг байсан. Харин 2018 оны 02-р сарын 10-ны орой 18:00 цагийн үед би ажлаа тараад тухайн үед хамт ажиллаж байсан Ууганаа гэх залуутай /Ууганаагийн бүтэн овог нэр болон утасны дугаар, гэрийг нь мэдэхгүй ээ/ хамт ажлаасаа гараад Сансарт байдаг Венус нэртэй караокед очиж нэг хүний 0.5 литрийн 3-4 шил пиво уусан. Тухайн үед Ууганаа бид хоёр хоёулахнаа л пиво уусан. Тэгээд би Венус караокеноос гараад Ууганаагаас салаад ганцаараа явсан. Тэгээд би ганцаараа таксидаад Баянгол дүүргийн 3-р хороонд байрлах Нарны хорооллын 18-р байранд Цагаанаа ахын гэрт очсон. Тэгээд би ах Цагаанаа буюу Бямбажаваас таксины мөнгө нэхэж байснаа муухан санаад байгаа юм. Харин ахынхаасаа гараад хаашаа явснаа санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө Хүннү хотхонд ажлынхаа хувцас солих өрөөнд сэрсэн. Би хэдэн цагийн үед ажил дээрээ очсноо санахгүй байна. Би маш амархан согтоод тасарчихдаг болохоор үнэхээр юу ч санахгүй байна. Би Баянгол дүүргийн 17-р хорооны 89А байранд өмнө нь огт очиж байгаагүй. Надад уг байранд таньдаг хамаатан садан байхгүй. Энэ байрыг хаана байдгийг ч мэдэхгүй.

Би 2018 оны 02-р сарын 11-ний өдөр “Хүннү” хорооллын тэнд барилгын ажилд туслахаар ажиллаж байсан. Тэгээд би орой 19:00 цагийн үед ажлаа тараад шууд 21-р хороололд Цэвэлмаа эгчийн гэрт очоод тэндээ хоносон. Би 2018 оны 12-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гадуур гараагүй...” гэх мэдүүлэг /хх-н 93-95, 136-137/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.А-ын өгсөн:

            “...Би 2018 оны 02 дугаар сарын 11-ний орой 15 цагийн үед Баянгол дүүргийн 17 хороонд байрлах өөрийн ажлын байр болох 80а-05 тоотын гаднаас нь сайтар түгжээд явсан юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг 40 минутын үед хуучин над дээр эмчилгээ хийлгэдэг хоёр хүн эмчилгээг хийлгэх гээд ирэхэд хулгай орсон байдалтай байна гээд надруу залгасан. Тэгэхээр нь би өөрийн ажил дээр ирээд үзсэн чинь хулгай орчихсон цагдаа нар ирчихсэн байсан. Вакум цонхоор орсон байсан. Манай газраас 86 ширхэг алкопрост нэртэй эм, 10 ширхэг натуроник, 2 ширхэг цэнхэр өнгийн залгуур болон эм тариа алдагдсан байна. Бүгдийг нь тодорхой хэлж чадахгүй байгаа. Би 36 ширхэг алкопрост нэртэй эм, 10 ширхэг натуроник эмийг ОХУ-аас захиалж авсан юм. Тэгээд 1 ширхэг алкопростийн үнэ 90.000 төгрөг, харин натуроник нь 40.000 төгрөг байдаг юм. Би нийт 33.700.000 төгрөгөөр бүгдийг нь авч байсан юм...” гэх  мэдүүлэг /хх-н 22-23/, 

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Г-ийн өгсөн:

            “...Манай ээж Нямхүүгийн А нь Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах 89А байрны 1 дүгээр давхрын 05 тоотод хүмүүст уламжлалт эмчилгээ түр хийж байсан юм. Уг байр нь манай ээжийн танилын байр юм байна лээ. Тэгээд ээж ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулалгүйгээр тохиролцоод түр байрлаж эмчилгээ явуулсан юм. Манай ээж А нь Оросын Холбооны улсын Санкт Петербург хотод ажиллаж амьдардаг юм. Монголдоо жилдээ ганц удаа л ирдэг болохоор намайг энэ хэрэгтээ хохирогчоор оролцоорой гээд итгэмжлэл үлдээгээд явсан. Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манай ээж А нь 2018 оны 02-р сарын 11-ний өдөр ажлаа тараад гэртээ ирэхдээ уламжлалт эмчилгээ хийж байсан газар болох 89А байрны 05 тоотод нь хулгай орж Алкопрост нэртэй эм 36 ширхэг, Натуронк эм 10 ширхэг тус тус алдагдсан талаар ярьсан. Эд зүйлийн үнэлгээгээр Алкопрост эм 1 ширхэг нь 81.000 төгрөгөөр, Натуроник эм 1 ширхэг нь 22.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй санал нэг байна. Би гэм буруутай хүнээс эм эмнүүдийнхээ 3.136.000 төгрөг, эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн 80.000 төгрөгөө тус тус нэхэмжилж байна. Би шүүх хуралд оролцох хүсэлтгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 26-27, 187-188/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Б-ын өгсөн:

            “...2018 оны 02-р сарын 10-ны орой би гэртээ гэрийнхэнтэйгээ унтах гээд байж байтал нилээн орой 23 цагаас хойшоо санагдаж байж ямар ч байсан нилээн орой болсон байхад миний хамаатны дүү С согтуу орж ирээд таксины мөнгө өгчих гэхээр нь би таксины мөнгө өгөөгүй хөөгөөд гаргасан. Тэгээд маргааш өглөө нь би 08 цагийн үед ажил дээрээ очсон чинь С ажил дээрээ ирчихсэн эрүүл болчихсон урд шөнө хаана хоносон гэж асуусан чинь ажил дээр ирээд хувцас сольдог өрөөнд унтсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яах гэж манайд өчигдөр орой очсон юм гэсэн чинь дуугарахгүй байхаар нь би ажлынхаа хүнээр асуулгасан чинь манайд очсоноо санахгүй байна гэж хэлсэн байсан.

            Хаана хоносон талаар асуухад хувцас сольдог өрөөндөө хоносон гэж хэлсэн. Түмэндэлгэр далай компаний хувцас солих өрөө болон гал тогоо нь Хүннү хорооллын 117-р блокын гражид байдаг байсан. С тэр гражид хувцас сольдог өрөөндөө хоносон учраас хашааны харуул мэдээгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 33-35, 127-128/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч Б.Түвшинбаатарын өгсөн:

            “...2018 оны 02-р сарын 16-ны өдөр 01/132 дугаартай шинжээчийн дүгнэлт миний гаргасан дүгнэлт мөн байна. Уг байр нь 89А байр байсан. Би энэ хэрэгт хулгай орсон гэх цонхны дотор талын рамнаас гэрэл зургийн аргаар 4 ширхэг гарын мөр, тунгалаг өнгийн наалдамхай туузаар 3 ширхэг гарын мөр бэхжүүлж авсан. Гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 4ш гарын мөрнөөс 1ш гарын мөр нь А- Санжмявавын гарын мөртэй шинжилгээгээр тохирсон. Уг “8” гэж дугаарласан вакум цонхны дотор талаас бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөр нь А.Саас өөр хүний гарын мөр байх боломжгүй. Учир нь миний гаргасан дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт дээр гарын хээний ерөнхий шинж тэмдэг болох зүүн гогцоо, хувийн онцлог шинж тэмдэг болох 1 гэж тэмдэглэсэн салаалалт, 2 гэж тэмдэглэсэн нийлэлт, 3 гэж тэмдэглэсэн нийлэлт, 4 гэж тэмдэглэсэн нийлэлт, 5 гэж тэмдэглэсэн нийлэлт, 6 гэж тэмдэглэсэн салаалалт, 7 гэж тэмдэглэсэн салаалалт, 8 гэж тэмдэглэсэн нийлэлт гэсэн шинж тэмдгүүд нь дахин давтагдашгүй байдаг юм. Гарын мөрний шинэ хуучин эсэхийг, мөн цаг хугацааг тогтоох боломжгүй.

Миний гаргасан шинжээчийн дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтэнд П-9 гэсэн тэмдэглэгээ байгаа. Уг тэмдэглэгээ нь зүүн гарын ядам хурууны тэмдэглэгээ байгаа юм. Тэгэхээр Сын зүүн гарын ядам хурууны хээ тохирсон гэсэн үг. Уг ядам хурууны хээ нь нийт 8 шинж тэмдгээр тохирсон...” гэх мэдүүлэг /хх-н 52-53, 135/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Батцэнгэлийн өгсөн:

            “...2018 оны 02 дугаар сарын 10-ны үеэр нэг өглөө 08:00 цагийн үед би Хүннү хорооллын 117-р блокийн гражид байдаг ажилчдын хувцас солих өрөөнд ажилдаа иртэл С хувцас солих өрөөнд байдаг орон дээр хэвтэж байхаар нь хөөе чи ямар эрт ирсэн юм бэ гэж асуутал би эхний автобусанд суугаад ирсэн юм гэж хэлсэн. С надад ажил дээрээ хоносон гэж хэлээгүй. Би Стай нэг л удаа ажил дээр тэгэж эрт таарсан болохоор Сын хэлснийг сайн санаад байгаа юм. Тухайн үед “ТДТ” нэртэй харуул хамгаалалтын албаны харуул үүрэг гүйцэтгэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 124-126/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч С.Болдын өгсөн:

            “...Би 2018 оны 02-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүннү” хорооллын байрнууд болон граж мөн “Хурд” компаний аж ахуйн хашааг хариуцсан харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн шөнө би 24 цагаар харуулын үүрэг гүйцэтгсэн ба өглөө 09 цагаас маргаашийн 09 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. “Түмэндэлгэр Далай” компаний ажилчдын хувцас солих өрөө нь “Хүннү” хорооллын 117-р блокын доор байрлах гражид байрладаг. Би 2018 оны 02-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө “Хүннү” хороололд харуулын үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа “Түмэндэлгэр Далай” компаний ажилчдын байранд С ирж хоносон эсэхийг мэдэхгүй байна. Учир нь ажилчдын хувцас солих өрөөний тэр хавьд машин байрлуулдаггүй болохоор тэр хэсгийг харуулууд эргэж тойроод байдаггүй юм. Нэг ёсондоо ажилчдын хувцас солих өрөөний тэнд хараад байх эд зүйл байдаггүй юм. Ямар ч байсан тэр шөнө С болон “Түмэндэлгэр Далай” компаний бусад ажилчдаас нэг ч хүн харагдаагүй ээ. Тухайн өдөр С хэдэн цагт ажил дээрээ ирснийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 130-131/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.А-ийн өгсөн:

            “...Би 2018 оны 02-р сарын 12-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэр өдөр өглөө 09:30 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах 89А байрны 01 дүгээр давхрын 05 тоот өрөөнд вакум цонх түлхэж хулгай орсон байна гэсэн дуудлага ирсэн. Миний бие уг дуудлаганд криминалистикийн шинжээч Түвшинбаатарын хамт очиж хэргийн газрын үзлэг хийсэн. Хэрэг гарсан 05 тоот өрөө нь тус байрны 1 давхрын 1 дүгээр орцны хажуу талд цонхтой байсан. Уг байр нь дотроо нийт 2 өрөөтэй байсан ба 1 өрөөнд нь эмчилгээний орнууд, харин нөгөө өрөөнд нь эм эмнэлгийн хэрэгслүүд болон бусад эд хогшлууд байсан. Тус байранд хэргийн газрын үзлэг хийхэд байрны хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байсан. Харин эмчилгээний орнууд байсан ертөнцийн зүгээр зүүн талын өрөөний хойд зүг харсан цонхны зүүн талын порчик онгорхой байсан бөгөөд уг цонхны порчикоор хулгай орсон шинжтэй байсан. Хэргийн газрын үзлэгээр  криминалистикийн шинжээч Түвшинбаатар вакум цонхны рамны дотор талын гадаргуугаас 3 ширхэг гарын мөр, мөн тухайн өрөөнд байсан эм байсан гэх цаасан хайрцагны гадна гадаргуугаас 2 ширхэг гарын мөр тус тус бэхжүүлж авч хэргийн газрын үзлэгт тусгасан. ..” гэх мэдүүлэг /хх-н 134/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.З-ын өгсөн:

            “...Би cap өдрийг нь санахгүй байна Баянгол дүүргийн 17-р хороо Модны хоёрт байрлах 89А байрны 1 дүгээр давхарт А эмч дээр хүзүүний бариа засал хийлгүүлж байсан юм. Тэгтэл cap өдрийг нь санахгүй байна ямар ч байсан 2018 оны өвөл өглөө эрт 09:00-10:00 цагийн үед уг 89А байрны 5 тоотод А эмчид бариулах гээд иртэл уг бариа хийдэг 5 тоот байрны орцруу харсан вакум цонх нь онгорхой байдалтай, хулгай орсон байсан. Надаас гадна бас нэг эмэгтэй бариулах гээд ирсэн байсан. Тэгээд тухайн үедээ би А руу утсаар залгаад энэ тухай хэлтэл нэг их удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 138/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ш.Цэвэлмаагийн өгсөн:

            “...А.С нь миний төрсөн дүү Цэндсүрэнгийн гурав дахь хүхүэд байгаа юм. 2018 оны хавар /3, 4 дүгээр сар хүртэл/ манай гэрт байдаг байсан. Манайд байх хугацаандаа Бямбажав ахынхаа компанид ажилладаг байсан. С манайд байхдаа өглөө 07:00 цагийн үед ажилдаа яваад орой 21:00-22:00 цагийн үед гэртээ ирдэг байсан. Надад мэдэгдэхээр архи дарс ууж байсан тохиолдол байдаггүй. Би 2018 оны 02-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гэртээ байсан. Тэр шөнө С гэртээ ирж хоноогүй. Би тэр үед чи хаана хонов гэж Саас асуутал ажил дээрээ хонолоо гэж хэлэх шиг болсон. Харин уг шөнө гэртээ ирж хоносон үгүйг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 194-195/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 01/132 тоот:

            1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,6 гэж дугаарласан 5 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн 8 гэж дугаарласан вакум цонхны дотор рамнаас илрүүлж бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөр нь санд MN004510004218 дугаараар бүртгэгдсэн Амгалан овогтой Сын гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

            3. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,6 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас, эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт /хх-н 45-51/,
 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 01/303 тоот:

            1. 2018.02.16-ны өдөр криминалистикийн шинжээч Б.Түвшинбаатарын гаргасан 01/132 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар хариулах боломжгүй.

            2. Шинжилгээнд тэнцэх 3 гэж дугаарласан гарын мөр нь Рэгзээ овогтой Элдэв-Очирын баруун гарын эрхий хурууны дардастай, 6 гэж дугаарласан гарын мөр нь Амгалан овогтой Сын зүүн гарын ядам хурууны дардастай, 2018-107-БГД гэсэн дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь А.Сын гарын хээний дардастай тус тус тохирч байна.

            3. Хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөр шинэ хуучин аль нь болохыг тогтоох боломжтой эсэх талаар хариулах боломжгүй гэх дүгнэлт /хх-н 200-201/,

 

           - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-13/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 76, 98/

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 78/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд болон гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргийг шалгаж үзэхэд хэрэг нь 2018 оны 2 дугаар сарын 11-12-д шилжих шөнө үйлдэгдсэн байдаг гэтэл шүүгдэгчийн тухайн шөнө шүүгдэгч А.С нь “...Би 2018 оны 02-р сарын 11-ний өдөр “Хүннү” хорооллын тэнд барилгын ажилд туслахаар ажиллаж байсан. Тэгээд би орой 19:00 цагийн үед ажлаа тараад шууд 21-р хороололд Цэвэлмаа эгчийн гэрт очоод тэндээ хоносон. Би 2018 оны 12-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гадуур гараагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Цэвэлмаагийн “...2018 оны 2-р сарын 11-12-нд шилжих шөнө гэртээ ирж хоносон эсэхийг нь сайн санахгүй байна. Гэхдээ А.С дарааллаад 2-3 хоног гадуур хонодоггүй байсан..” гэх мэдүүлэг зэрэг нь шүүгдэгч 2018 оны 12-р сарын 10-11-нд шилжих шөнө архи ууж гадуур хоносон боловч  2018 оны 12-р сарын 11-12-нд шилжих шөнө шүүгдэгч нь ажил тараад гэрч Ш.Цэвэлмаагийн гэрт хоносон гэх шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгээгүй харин “...Гэхдээ А.С дарааллаад 2-3 хоног гадуур хонодоггүй байсан...” гэх мэдүүлгээрээ шүүгдэгч А.Сын мэдүүлгийг бататгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн талаар тодруулахад улсын яллагч болон хохирогч гэх Б.Г- нар нь 2018 оны 2 дугаар сарын 11-12-д шилжих шөнө үйлдэгдсэн гэж мэдүүлдэг боловч ба хохирогч Б.Г- нь 2018 оны 10-р сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ “...2018 оны 02-р сарын 11 өдөр ажлаа тараад гэртээ ирэхдээ уламжлалт эмчилгээ хийж байсан газар болох 89А байрны 05 тоотод хулгай орж... эм алдагдсан талаар ярьсан...” гэж зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Мөн шүүгдэгч А.Сыг 2018 оны 12-р сарын 10-11-нд шилжих шөнө архи ууж гадуур хоносон гэдгээр шалтаглан гэрчүүдээс мэдүүлэг авсан нь 2018 оны 2 дугаар сарын 11-12-д шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэрэгтэй цаг хугацааны хувьд зөрүүтэй ямар нэгэн уялдаа холбоогүй шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.

 

Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 01/303 тоот дүгнэлт нь дангаараа шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгахад хангалтгүй, өөр бусад шууд нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруу нь давхар нотлогдох бус гэрч Ш.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 2-р сарын 11-12-нд шилжих шөнө гэртээ ирж хоносон эсэхийг нь сайн санахгүй байна. Гэхдээ А.С дарааллаад 2-3 хоног гадуур хонодоггүй байсан..” гэх мэдүүлэг, түүнчлэн 2018 оны 12-р сарын 11-ний өглөө А.С нь ажил дээрээ ажлаа хийж байсан талаар гэрчүүдийн мэдүүлэг авагдсан зэргээс үзэхэд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгч А.Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас А.Сад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 1 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ