Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 930

 

    А.Ст холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

цагаатгагдсан этгээд А.Сын өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 542 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэбаярын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай эсэргүүцлээр А.Ст холбогдох эрүүгийн 1805010740923 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

.:........................., 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Увс аймгийн Давст сум, 2 дугаар баг, Зүүн хөвөө 3 дугаар гудамжны 19 тоотод оршин суух бүртгэлтэй, /............................../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

А.С нь 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 89А байрны 5 тоот дахь иргэн Н.Алтанхуягийн уламжлалт эмчилгээний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, алкопрост эм 36 ширхэг, натуроник эм 10 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.136.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас А.Ст холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэргийг прокурорт буцааж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 1 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Эрдэнэбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Цагаатгасан тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд,

хохирогч Н.Алтанхундагын “...Би 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах өөрийн ажлын байр болох 89А-5 тоотыг гаднаас нь сайтар түгжээд явсан юм. Тэгээд 2018 оны 2 дугаар сарын 12-ны өглөө 8 цаг 40 минутын үед хуучин над дээр эмчилгээ хийлгэдэг хоёр хүн эмчилгээ хийлгэх гээд ирэхэд хулгай орсон байдалтай байна гээд над руу залгасан юм. Тэгэхээр нь би өөрийн ажил дээр ирээд үзсэн чинь хулгай орчихсон, цагдаа нар ирчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 22-23/, хохирогч Б.Гэрэлийн “...Манай ээж Н.Алтанхундагын түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах 89А байрны 5 тоотод 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хулгай орсон. Яагаад би ингэж сайн санаж байна гэхээр манай ээж хэрэг гарсны маргааш өглөө нь буюу 2 дугаар сарын 12-ны өглөө тус цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл гаргасан. Тэгэхээр 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хулгай орсон гэсэн үг. ...Ээж маань Оросын холбооны улсын Санктпетербург хотод амьдардаг бөгөөд тэндээсээ Польш улс руу түр ажлаар явсан байгаа. Жилдээ Монголд ганц удаа ирж амардаг. ...Рэгзээгийн Элдэв-Очир манай хойд аав байгаа юм. Манай ээж Алтанхундагын сүүлд суусан нөхөр байгаа юм. Р.Элдэв-Очир нь манай ээжийн ажил буюу 89А байрны 5 тоот ажил дээр нь байнга шахуу хамт байдаг байсан. Элдэв-Очир нь одоо Оросын холбооны улсад манай ээж Н.Алтанхундагтай хамт ажиллаж амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 187/, гэрч Ш.Цэвэлмаагийн “...Харин 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шинжих шөнө гэртээ ирж хоносон эсэхийг нь сайн санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх 195/, хэргийн газрын үзлэгийн “баруун талын салхивч цонх дотогш онгойсон байдалтай, цонхны салхивчны рам хэсгээс гарын мөр бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-13/, шинжээчийн №01/132 дугаартай “8 гэж дугаарласан вакум цонхны дотор рамнаас илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр нь санд дугаараар бүртгэгдсэн ........................ гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт /хх 45-49/, шинжээч Б.Түвшинбаатарын “...гарын хээний ерөнхий болон шинж тэмдэг болох зүүн гогцоо, хувийн онцлог шинж тэмдэг болох 1, 6, 7 гэж тэмдэглэсэн салаалалт, 2, 3, 4, 5, 8 гэж тэмдэглэсэн нийлэлт гэсэн шинж тэмдгүүд дахин давтагдашгүй байдаг юм. Уг 8 гэж дугаарласан вакум цонхны дотор рамнаас бэхжүүлж авсан гарын мөр нь Амгалангийн Санжмятаваас өөр хүний гарын мөр байх боломжгүй юм.” гэх мэдүүлэг /хх 52-53/, шинжээч Б.Түвшинбаатарын “...Миний гаргасан шинжээчийн дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтэнд П-9 гэсэн тэмдэглэгээ байгаа. Уг тэмдэглэгээ нь зүүн гарын ядам хурууны тэмдэглэгээ байгаа юм. Тэгэхээр Санжмятавын зүүн гарын ядам хурууны хээ тохирсон гэсэн үг. Уг ядам хурууны хээ нь нийт 8 шинж тэмдгээр тохирсон. Уг гарын мөр нь өөр хүний гарын мөр байх боломжгүй. Гарын мөр нь дахин давтагдашгүй байдаг.” гэх мэдүүлэг /хх 135/, шинжээчийн №01/303 дүгнэлт “2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр криминалистикийн шинжээч Б.Түвшинбаатарын гаргасан 01/132 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар хариулах боломжгүй. Шинжилгээнд тэнцэх 3 гэж дугаарласан гарын мөр нь Рэгзээ овогтой Элдэв-Очирын баруун гарын эрхий хурууны дардастай, 6 гэж дугаарласан гарын мөр нь Амгалан овогтой Санжмятавын зүүн гарын ядам хурууны дардастай, 2018-107 БГД гэсэн дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь А.Сын гарын хээний дардастай тус тус тохирч байна.” гэх дүгнэлт, гэрч Б.Алтангэрэлийн “...Би 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст жижүүрийн мөрдөнгийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэр өдөр өглөө 9 цаг 30 минут өнгөрч байхад Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах, 89А байрны 1 дүгээр давхрын 05 тоот өрөөнд вакум цонх түлхэж хулгай орсон байна гэсэн дуудлага ирсэн. ...Харин эмчилгээний орнууд байсан ертөнцийн зүгээр зүүн талын өрөөний хойд зүг харсан цонхны зүүн талын порчик онгорхой байсан бөгөөд уг цонхны порчикоор хулгай орсон шинжтэй байсан. Хэргийн газрын үзлэгээр криминалистикийн шинжээч Түвшинбаатар вакум цонхны рамны дотор талын гадаргуугаас 3 ширхэг гарын мөр, мөн тухайн өрөөнд байсан эм байсан гэх цагаан хайрцагны гадна гадаргуугаас 2 ширхэг гарын мөр тус тус бэхжүүлж авч хэргийн газрын үзлэгт тусгасан. ...” гэх мэдүүлэг /хх 134/, алдагдсан эд зүйлийг 3.136.000 төгрөгөөр тoгтoocoн эд хөрөнгийн үнэлгээ /хх 41-42/ зэрэг нотлох баримтуудаар А.Сын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нотлогдож байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж зааснаар А.С нь хийсэн хэргээ хүлээх үүрэггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн...” гэж заасан байна. Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл нь “гэрч Ш.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гэртээ ирж хоносон эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ А.С дараалаад 2, 3 хоног гадуур хонодоггүй байсан. ...” гэх мэдүүлэг нь эргэлзээ төрж байна. А.Сыг 11-нээс 12-нд шилжих шөнө гэртээ ирсэн ирээгүйг баттай хэлж чадахгүй байхад шүүх уг гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгон нотлох баримтаар үнэлсэн ба гэрч Ш.Цэвэлмаа нь яллагдагч А.Стай нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт ач холбогдол өгөөгүй гэж харагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой...” гэж, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар “...Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах...” гэж тус тус заасан байна. Гэтэл анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргасан атлаа “Тогтоох нь” хэсгийн 4-д “...шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, гаргах...” гэсэн нь ойлгомжгүй, хуулийн шаардлагад нийцээгүй. Мөн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан... хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж заажээ. Гэтэл цагаатгах тогтоолоор ямар нэгэн шийдвэр хүчингүй болгоогүй байна. Иймд А.Ст холбогдох Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 542 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд А.Сын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн хэргийн газраас бэхжүүлж авсан А.Сын хурууны хээ нь ердийн болон онцлог шинжээрээ тохирч байна гэх шинжээчийн дүгнэлтээр А.Сыг гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 542 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос А.Сыг 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 89А байрны 5 тоот дахь иргэн Н.Алтанхуягийн уламжлалт эмчилгээний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, алкопрост эм 36 ширхэг, натуроник эм 10 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.136.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд А.Ст холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/132 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 6, 8 гэж дугаарласан 5 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 8 гэж дугаарласан вакум цонхны дотор рамнаас илрүүлж бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөр нь санд MN004510004218 дугаараар бүртгэгдсэн Амгалан овогтой Санжмятавын гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. ...” /1хх 45/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/303 дугаартай “...6 гэж дугаарласан гарын мөр нь Амгалан овогтой Санжмятавын зүүн гарын ядам хурууны дардастай, 2018-107-БГД гэсэн дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь А.Сын гарын хээний дардастай тус тус тохирч байна. ...” /1хх 200-201/ гэх дүгнэлтүүд, шинжээч Б.Түвшинбаатарын “...хулгай орсон гэх цонхны дотор талын рамнаас гэрэл зургийн аргаар 4 ширхэг гарын мөр, тунгалаг өнгийн наалдамхай туузаар 3 ширхэг гарын мөр бэхжүүлж авсан. Гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 4 ширхэг гарын мөрнөөс 1 ширхэг гарын мөр нь Амгалангийн Санжмятавын гарын мөртэй шинжилгээгээр тохирсон. Уг 8 гэж дугаарласан вакум цонхны дотор талаас бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөр нь Амгалангийн Санжмятаваас өөр хүний гарын мөр байх боломжгүй. Учир нь, миний гаргасан дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт дээр гарын хээний ерөнхий шинж тэмдэг болох зүүн гогцоо, хувийн онцлог шинж тэмдэг болох 1, 6, 7 гэж тэмдэглэсэн салаалалт, 2, 3, 4, 5, 8 гэж тэмдэглэсэн нийлэлт гэсэн шинж тэмдгүүд нь дахин давтагдашгүй байдаг юм. ...Санжмятавын зүүн гарын ядам хурууны хээ тохирсон гэсэн үг. Уг ядам хурууны хээ нь нийт 8 шинж тэмдэгээр тохирсон. ...” гэх мэдүүлэг /1хх 52-53, 135/ зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байх бөгөөд А.Сыг цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 01/303 тоот дүгнэлт нь дангаараа шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгахад хангалтгүй, өөр бусад шууд нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруу нь давхар нотлогдох бус гэрч Ш.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гэртээ ирж хоносон эсэхийг нь сайн санахгүй байна. Гэхдээ А.С дараалаад 2, 3 хоног гадуур хонодоггүй байсан. ...” гэх мэдүүлэг, түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өглөө А.С нь ажил дээрээ ажлаа хийж байсан талаар гэрчүүдийн мэдүүлэг авагдсан зэргээс үзэхэд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн” гэжээ.

 

Анхан шатны шүүх, тухайн хулгайн гэмт хэргийг үйлдэхэд орон зайн хувьд ямар хугацаа зарцуулах, гэмт хэргийн газраас буюу цонхны рамнаас хурууны хээ илэрсэн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Иймд А.Сыг үндэслэлгүй цагаатгасан талаарх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 542 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 542 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, А.Ст холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл цагаатгагдсан этгээд А.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ