Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 110/ШШ2017/0060

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А сумын **** дүгээр багийн оршин суугч Ш.Шын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргад холбогдох,

А сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас халах тухай 28, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 71 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7.928.797 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан,хариуцагч А сумын Засаг дарга С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, гэрч Б.С, Т.С, А.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Шаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Шакенайн Ш миний бие Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багт эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг. Миний бие улсад тасралтгүй 26 жил ажилласан ба үүнээс аймгийн А сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 7 дахь жилдээ ажиллаж байсан. 1995 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаж байсан юм.

Гэтэл саяхан болж өнгөрсөн орон нутгийн ээлжит 2016 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон Засаг дарга намайг үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж намайг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өг гэх мэтээр янз бүрийн дарамт шахалт үзүүлсээр байгаад үндэслэлгүйгээр ар араас давхар шийтгэл ногдуулсаар байгаад ажлаас минь халсан үйл явдал боллоо. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга намайг ялимгүй зүйлийг далимдуулж буюу албаны өрөөнд хэрүүл маргаан үүсгэж ёс зүйн алдаа гаргасан гэсэн үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/23 дугаар захирамж гаргаж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулж цалинг 6 сарын 20 хувиар бууруулсан юм.

Тэгж байтал А сумын Засаг дарга яг адилхан асуудлаар буюу намайг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ёс зүйн зөрчил гаргаж байсан гэсэн үндэслэлээр 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ажлаас халах тухай 28 дугаар захирамж гаргаж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулж намайг ажлаас минь халчихлаа.

Ингэснээр А сумын Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, Монгол улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албаны хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 7 дахь заалтуудыг ноцтой зөрчиж миний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан юм.

Энэхүү зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулахаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангуулахын тулд Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч тэд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн бүртгэл хяналтын карт гэсэн бичгээр миний гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй болохыг илэрхийлж энэхүү төрийн албаны маргааныг хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж хариу өгсөн юм.

Иймд Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас халах тухай 28 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан А сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч Ш.Ш нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл А сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Хариуцагч тус сумын Засаг дарга С.Б нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б/23 дугаартай захирамж гаргаж, нэхэмжлэгч Ш.Шыг ажлын цагаар архи уусан гэх тус сум дахь хэсгийн төлөөлөгчийн 26 тоот мэдэгдэл, сумын ЗДТГ-ын аппаратын хурлын шийдвэрийг үндэслэн түүний сарын цалинг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулан Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын арга хэмжээ тооцсон.

Мөн өдрөөс хариуцагч Засаг даргын Б/23 тоот захирамж хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн ба 1 хувийг нь тус сумын ЗДТГ ын санхүүд хүргэгджээ. Үүнийг ЗДТГ-ын ня-бо М.Г гэрчилж байгаа ба түүний тодорхойлолт хавтаст хэргийн 145 дугаар талд авагдсан болно. Гэтэл Засаг дарга С.Б нь уг захирамж нь хүчин төгөлдөр байсаар байхад мөн урьдах зөрчлийг үндэслэн 3 дугаар сарын 02 ны өдөр 28 тоот хууль бус захирамж гаргаж түүнд дахин сахилгын арга хэмжээ тооцож түүнийг ажлаас нь бүрмөсөн халах арга хэмжээ авч түүний эрх ашгийг зөрчиж, олон сар хоног авах цалин хөлсөөр хохироосон байна. Энэхүү 28 тоот захирамжийг Ш.Ш эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэхээр аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хуулийн хугацаанд хандсан байгаа. Төрийн албаны салбар зөвлөл нь шалган шийдвэрлэх боломжгүй тул хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх талаар зөвлөж хариу өгсөн ба уг хариу бичиг хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан байгаа. Ингээд Ш.Ш нь мөн хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж тус 28 тоот захирамжийг хүчингүй болгож, А сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан үеийн нөхөн олговор цалин хөлсийг нь Алтан цөгц сумын ЗДТГ-аас гаргуулан, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын байгууллагад төлж барагдуулахыг Засаг дарга С.Бэд даалгаж шийдвэрлүүлэхээр шаардлага гаргасан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, мөн Засаг даргын 31 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан байсан. Энэ захирамжийн үйлчлэл нь 2017 оны 7 сарын 24-ий өдөр дуусгавар болж, түүний оронд А.Еыг ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 71 тоот захирамжийг гаргасан байх тул уг захирамжийг хүчингүй болгуулахаар шаардлагыг өөрчилсөн болно.

А сумын Засаг дарга С.Бийн 28 тоот захирамжийг хууль бус гэж үзээд зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдийн талаар тайлбарлая. Үүнд:

1. Нэг төрлийн зөрчилд дахин дахин давхар арга хэмжээ тооцсон байна. Засаг дарга С.Б нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/23 тоот захирамж хүчин төгөлдөр байсаар байтал түүний дараа 10 хоногийн дараа буюу 3 сарын 2-ны өдөр 28 тоот захирамжаар дахин арга хэмжээ тооцсон нь хууль бус байна. Энэ захирамж гаргах үед Захиргааны ерөнхий хуульд заасан сонгох, сонсгох, мэдэгдэх зарчмыг хэрэглээгүйгээс гадна ямар нэгэн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргаагүй байжээ. Зөвхөн өөрийн үзэмжээрээ захирамж гаргасан байна. Энэ талаар шүүхээс нотлох баримт шаардсан боловч хариуцагч ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй, дээрх хуулийг хэрэглэсэн үндэслэлийг нотолж чадаагүй. Б/23 тоот захирамж тухайн үед хүчин төгөлдөр байсан гэдгийг хариуцагч өөрөө нотлон түүнийг хүчингүй болгосон 2017 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн 1/132 тоот захирамжийг тус Захиргааны хэргийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

2. Ш.Шт арга хэмжээ тооцсон Б/23 тоот захирамж гаргасны дараа дахин зөрчил гаргасан бол үүнийг тогтоож, нотлох байсан. Харамсалтай нь тогтоож чадаагүй байна. Учир нь ажилтанд сахилгын арга хэмжээ тооцох бүрт гаргасан зөрчил нь тогтоогдсон байхыг шаарддаг тухай хуулиар зохицуулагдсан.

Хоёрдугаарт, хариуцагчийн шүүхэд янз бүрийн тайлбар илрүүлсэн ба түүний тайлбаруудын талаар тус тусдаа хариу тайлбар хэлье. Үүнд:

1. Хариуцагч С.Б Ш.Ш нь удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан гэсэн тайлбар ирүүлсэн ба тус сумын Засаг дарга асан Б.Пагвадоржийн 2013 оны сахилгын арга хэмжээ авсан гэх захирамжийг шүүхэд ирүүлэн ,түүнийг гэрчээр оролцуулсан байгаа юм байна. Хэдий 4 жил байтугай сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцох тухай хуулийн зохицуулалттай гэдгийг хариуцагч ухаарахгүй байгаа нь даанч харамсалтай байна. Эдгээр захирамжууд хууль бус гэж үзээд тухайн үед Төрийн албаны салбар зөвлөл, шүүх нь хүчингүй болгож байжээ.

2. Засаг дарга асан С.Нийн 2016 оны Ш.Шт арга хэмжээ тооцсон 75 тоот захирамжийг мөн нотлох баримтаар ирүүлэн тухайн үед өөрөө буруу хүчингүй болгосон мэтээр тайлбарлаж, харамссан байдалтай тайлбар ирүүлсэн байна. Уг 75 тоот захирамжийг хууль бус гэж үзээд өөрөө хүчингүй болгож, тухайн үеийн нэхэмжлэгч Ш.Шын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б өөрөө хүлээн зөвшөөрснийг шүүх баталж захирамж гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. Энэ талаар тухайн үед хэн ч маргаан гаргаж байгаагүй ба маргах эрх ч үгүй болохоор энэ талаар тайлбар хэлэх нь илүүц байна.

3. Ш.Ш дарга байхад өөрийн хамаатан садан хүнийг тус Тамгын газарт ажилд авч түр томилгоо хийж хууль зөрчсөн гэж буруутгажээ. Шын хууль бус гаргасан гэх тушаалын талаар хэн ч маргаагүй бөгөөд энэ асуудал нэхэмжлэлийн шаардлагад ямар ч холбогдолгүй байна. Харин хариуцагч С.Б хэрэв зөрчил гэж үзвэл тухайн үед тусад нь тогтоож шалгуулах шаардлагатай байсан. Ш.Шт арга хэмжээ авсан гэх захирамжуудад энэ талаар огт дурдагдаагүй байна.

4. Хариуцагч Ш.Шт арга хэмжээ тооцсон 2017 оны 02 сарын 21-ний өдрийн Б/23 тоот захирамжийг Цагдаагийн мэдэгдлийг 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээж авсан байдал, сумын ёс зүйн хорооны дүгнэлтийг мөн сүүлд хүлээж авсантай холбогдуулан уг захирамжийг 2017 оны 6 сарын 18-ний өдрөөс хүчингүйд тооцож, энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд мэдэгдэж, захирамжийн хувийг хүргүүлсүгэй гэж шийдвэр гаргасан байжээ. Цагдаагийн хэсгийн төлөөлөгч 2 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдлийг хүргүүлсэн тухай баталж, тодорхойлолт ирүүлсэн, шүүхээс нь гэрчээр асууж тодруулсан байгаа. Засаг дарга С.Б нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/23 тоот захирамжид уг мэдэгдлийг үндэслэсэн байх тул 23-ны өдөр хүлээж авсан гэдэг нь үндэслэлгүй байна. Ёс зүйн хорооны дүгнэлттэй холбоотой асуудлыг тодруулахаар бид хорооны гишүүдийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж шүүх хуралдаанд оролцуулж байна.

Гэрч нар үнэн зөвийг мэдүүлэх байх, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/23 тоот захирамжид аппаратын хурлын шийдвэрийг үндэслэсэн ба дараа нь Ш.Шыг ажлаас халах захирамжид хамт олны хурлаар хэлэлцсэн, зөрчлийг тогтоосон талаар огт дурдаагүй болохоор энэ захирамж С.Бийн хувийн ашиг сонирхлын үүднээс гарсан захирамж гэж үзэхээр байна. С.Бийн дээрх захирамжууд үнэнд нийцэхгүй байгаа учраас энэхүү тайлбарыг хийж байна.

Иймд хэрэгт авагдсан талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүгч дотоод итгэлээр үнэлэн, бодит байдалд нь хуулийн хүрээнд дүгнэлт хийж дээрх үндэслэлүүдийг харгалзан үзээд А сумын Засаг дарга С.Бийн хууль бус 28 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Шыг ЗДТГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,түүний ажилгүй байсан 2017 оны 03 сарын 02-ноос өнөөдөр хүртэлх 5 сар 17 хоногийн нөхөн олговор цалин хөлс болох нийт /1306277x5 сар/+/59375х17 хоног/=7540777 төгрөгийг сумын ЗДТГ-ын санхүүгээс гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын байгууллагад төлж өгөхийг Засаг дарга С.Бэд даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Засгийн газрын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу нэхэмжлэгчийн цалин хөлсийг тодорхойлсон байгаа. Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын талаар нэмж тайлбар хэлэхэд, Ш.Шыг ажлаас чөлөөлж, түүний оронд н.Асхарыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байсан бөгөөд уг захирамж хууль бус байсан учраас хүчингүй болох ёстой. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 71 тоот захирамж гаргаж, тус сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Аблайханы Ерханатыг томилсон ба энэ захирамж угаасаа хууль бус байсан. Учир нь, уг захирамжид хуулийн хэд хэдэн заалтыг буруу хэрэглэсэн ба Ш.Шыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогдсон тохиолдолд 71 тоот захирамж хүчингүй болох ёстой гэдэг үүднээс бид нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа гэв.

Хариуцагч А сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Ш.Ш нь өөрийгөө төрийн албанд олон жил тасралтгүй ажилласан, тангараг өргөсөн, мөн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон олон жил үүргээ хангалттай биелүүлсэн ямар нэгэн зөрчил гаргаагүй гэсэн байна.

Гэтэл Ш.Ш нь удаа дараа архи ууж согтуурсан, түүгээр ч үл барам төрийн албаны ёс зүйг ноцтой зөрчсөн, урьд өмнө олон дахин хариуцлага тооцуулж арга хэмжээ авахуулж байсан зөндөө баримтууд байдаг юм. Энэ хүн архи ууж танхайрч цагдаагийн байгууллагаар эрүүлжүүлэхэд саатуулагдаж байсан. Мөн архи уухаараа олон хоногоор ажил тасалж, эцэст нь ар гэр, ах дүү нарынхаа хараанд байж хордлого тайлах эмчилгээ хийлгэж байж дараа нь ирдэг ер нь бол архины эмчилгээг хэд хэд нийлгэж байсан архаг зөрчилтэйгээс гадна төрийн жинхэнэ албаны хаагч тангараг өргөсөн удирдах албан тушаалтан байтлаа төрийн алба ёс зүйг ноцтой зөрчин Тамгын газрын конторт гэр бүлээс гадуур хувийн харьцаа үүсгэн манай байгууллагын нэр хүндийг унагасан нь ард иргэд олон түмэнд тодорхой болсон юм.

Ш.Ш нь надаас өмнөх Засаг дарга Б.Пагвадорж, М.Нурахмет нараар төрийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцогдож ажлаас халагдан арга хэмжээ авахуулж байсан ба ажлыг нь хүлээн авахаар аймгаас комисс ирэхэд амиа хорлох хэмжээнд цаасны хутгаар хүзүүгээ хэрчин айлган сүрдүүлж буцааж байсан удаатай.

2016 оны сонгуулийн үр дүнд Засаг даргаар сонгогдож томилогдон ажиллаж байгаа намайг, түүнд ажил хийлгэхгүй дарамт шахалт үзүүлдэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхдаг мэтээр бичсэн ба харин эсрэгээр нь өөрөө намайг жинхэнээрээ гүтгэсэн байна. Үндэслэлгүйгээр давхар шийтгэл ногдуулсан ялимгүй зүйлийг далимдуулж гээд мөн яг адилхан асуудлаар намайг ажлаас халчихлаа гэсэн үндэслэл дурдсан байна. Түүний гомдол гаргах эрхийг ноцтой зөрчиж хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан юм гэжээ.

Миний бие Засаг даргын ажлыг 2016 оны 11 дүгээр сард хүлээж авсан бөгөөд тэр үед Ш.Ш нь 8 дугаар сард бүтэн ажил тасалж, чөлөө зөвшөөрөлгүйгээр хувийн ажлаар Хятад улс, мөн Улаанбаатар хотод явж ажлын байраа эзэнгүй орхисон. 9 дүгээр сард бүтэн 20 гаруй өдөр архидан согтуурч түүгээр ч үл барам 9 дүгээр сард ээлжит цэрэг татлага суманд явагдахад зарлан дуудах тараагаагүй, өөрөө согтуурч хайхад олдохгүй болохоор тухайн үеийн Засаг дарга М.Нурахмет нь албан өрөөнөөс нь эхнэр болох Сьезээр цэргийн бүртгэл жагсаалтыг гаргуулан авч байсан ба эдгээр ноцтой үйлдлүүдээр ажлаас халагдсан байсан. Харин би түүнийг алдаагаа засаж хамтран ажиллах байх гэж найдсан учраас түүнийг ажилд нь эгүүлэн томилсон ба М.Нурахметийн захирамжийг хүчингүй болгосон. Гэтэл захирамжийг хүчингүй болгосон миний үйлдэл хүний нөөцийн боловсон хүчинтэй холбоотой асуудал учир Дээд шүүхээс гаргасан хуулийн тайлбараар бол өөрөө буруу гэдгийг дараа нь мэдсэн.

Ингэж хууль зөрчин байж түүнийг эгүүлэн ажилд томилсон нь түүнийг үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж дарамталсан болно гэж үү, тиймээс би гүтгэлэг гэж үзэж байна. Ингэж миний захирамжаар дахин томилогдсон Ш.Ш хамтарч ажиллах бус эхнэр, хадам ах, зарим нөхөд нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч учир намайг хэн ч яаж ч чадахгүй хэмжээн улам даварч шинэ жилээс хойш хэд хэдэн удаа архидан согтуурч ажил цалгардуулсан учир эхлээд сахилгын шийтгэл оногдуулсан байсан.

Үүгээр асуудал намжаагүй ба харин улам бүр даварч албан ажлын байранд төрийн албаны ёс суртахуун байтугай хүний ёсноос гадуур хувийн харьцаа үүсгэсэн. Засаг дарга намайг эсэргүүцэн танхайрч өөрөө жинхэнэ төрийн цагдааг үл тоож танхайрсан үйлдлүүд Ш.Шын хувьд ялимгүй өчүүхэн зүйл болж байгаа нь гайхалтай бөгөөд өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрснийг нотолж байна.

2017 оны 04 дүгээр сарын 17-нд цэрэг татлага болоход Ш.Шаас болж мөн л цэргийн үүрэгтний жагсаалтыг хүртэл гаргаж чадаагүй, Ш.Ш нь төрийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагийн улмаас энэ суманд нотариатын үйлчилгээ тасалдаад бүтэн 2 сар болж байна. Удаа дараа алдаа гаргаснаа юман чинээ тоохгүй харин ч өөрийнх нь зөв, тэр маргах, заргах, хөдөлмөрлөх ёстой болж төрийн хууль журмаар эрх бүхий ямар ч албан тушаалтан түүнд хариуцлага тооцох эрхгүй болж таарах гээд байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Харин ч эдгээр хууль бус үйлдлийг таслан зогсоож шат шатны байгууллага шударгаар ажиллах байх гэж итгэж байна.

Ш.Шт ногдуулсан ажлаас халсан шийдвэр ямар ч хууль зөрчөөгүй бөгөөд түүний удаа дараа гаргасан зөрчил, дутагдал, алдаа нь хууль хяналтын байгууллагын өмнө нотлогдох учир тэрээр төрийн алба хаших эрх зүй, ёс зүйн үндэслэл байхгүй болно.

Ш.Ш өмнө нь сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхад нэг бус удаа ёс зүйн зөрчил гарган ажлаас халагдах болон өөр төрлийн сахилгын шийтгэл хүлээж байсан байна. Миний урьд А сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Нурахамет Ш.Шыг ажлаас халсан асуудалд би хүндэтгэлтэй хандаж, Ш.Шт эцсийн удаа сануулга, анхааруулга өгч түүнийг ажлаас халсан сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан юм.

Гэвч Ш.Ш нь 2017 он гараад ажлын газарт хэд хэдэн удаа архидан согтуурч, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй эсэргүүцэх, сумын Засаг дарга миний ажилд саад учруулахыг оролдох зэрэг төрийн жинхэнэ албан хаагчид байж боломжгүй ёс зүйн зөрчлүүдийг гаргасан юм. Би Ш.Шын энэхүү хууль асуудлыг тухай бүрд өөрт нь хэлж анхааруулж байсан юм. Гэтэл Ш.Ш нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр сумын ЗДТГ-ын ажлын албанд архидан согтуурч гаднаас ирсэн иргэдтэй маргалдах зүй бус үйлдэл гаргасныг иргэн С.Авдикадирын гаргасан гомдлоор тус сумын хэсгийн төлөөлөгч Д.Нурбол шалган, түүнд Захиргааны хариуцлагын тухайн хуулийн холбогдох заалтаар 15000 төгрөгийн торгууль оногдуулсан байна. А сумын хэсгийн төлөөлөгчөөс сумын Засаг даргад Ш.Шт арга хэмжээ тооцуулахаар мэдэгдэл ирүүлснийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор хүлээн авсан юм. Ингээд Ш.Ш төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчиж ажлын газарт архидан согтуурсан нь сумын хэсгийн төлөөлөгчөөс шалгасан зөрчлийн материалаар нотлогдсон тул түүнд 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох нөхцөлгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Одоо Ш.Шыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох ямар ч боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ш.Шын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд А.Еаас шүүхэд гаргасан тайлбартаа:

А сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Е би тус сумын 1 дүгээр багийн оршин суугч. Ш.Шын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ш.Ш нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа удаа дараа зөрчил гаргаж байсан юм. Иймд Ш.Шын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс А сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас халах тухай 28 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан ба үүнтэй холбогдуулан талууд өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан тус сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/23 дугаартай захирамжтай холбон тайлбарлаж байгаа.

Учир нь, ажил олгогч нэг төрлийн зөрчилд давхар арга хэмжээ авч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасныг зөрчсөн байна. Нэг төрлийн зөрчилд хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж ойлгож байгаа бөгөөд хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ёс зүйн хорооны мэдэгдлийг мөн оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээж авсан гэж мэдүүлдэг боловч бусад байдлаар түүний уг тайлбар нь үгүйсгэгдэж байна. Яагаад гэвэл хэсгийн төлөөлөгчийн 26 дугаартай мэдэгдлийг хариуцагч өөрөө нотлох баримтаар гаргаж өгсөн учраас түүнийг 23-ны өдөр авсан болгож бичиж өгөх боломжтой юм. Харин 02 дугаар сарын 21-ний өдөр гарсан мэдэгдлийг тухайн өдөрт Засаг даргад хүргүүлсэн гэдэг нь өнөөдрийн шүүх хуралдаанд асуугдсан 3 гэрчийн мэдүүлэг, цагдаагийн хэсгийн 2017 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн Б/23 тоот албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа.

Үүнээс гадна 2017 оны 02 дугаар сарын 21-ний тус сумын ЗДТГ-ын аппаратын хурал болсон гэдгийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байна. Ямар ч байсан 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ш.Шын гаргасан зөрчлийг хэлэлцсэн аппаратын хурал болсон нь талуудын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тухайн аппаратын хурлаар цагдаагийн 26 тоот мэдэгдэл, ёс зүйн хорооны дүгнэлтийн дагуу Ш.Шт хариуцлага тооцох эсэх асуудал яригдаж, цалин бууруулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон уг сахилгын шийтгэлийг миний үйлчлүүлэгч маргахгүй, хүлээн зөвшөөрч байна гэдгээ илэрхийлээд явсан байгаа. Харин 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас халах тухай 28 дугаартай захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Миний үйлчлүүлэгчийг ерөнхийд нь хоёр үндэслэлээр ажлаас нь халсан гэдэг нь тодорхой боллоо. Нэгдүгээрт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасныг баримталсан нь Ш.Ш өөрийн төрсөн дүү С.Бердимуратыг ажилд томилж, холбогдох хуулиудыг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Хоёрдугаарт, ажлын цагаар архидан согтуурч ёс зүйн зөрчил гаргасан гэж байна. 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 12 тоот тушаал гаргаж Сетерханы Бердимуратыг ажилд авсан нь үнэн гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэв үүнийг зөрчил гэж үзвэл 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 6 сар 14 хоногийн хугацаа өнгөрсөн байдаг. Тэгэхээр хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчиж үндэслэл муутай шийдвэр гаргасан гэдгийг хэлмээр байна. Гуравдугаарт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д ... хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно гэж заасан ба С.Бердимурат нэхэмжлэгч Ш.Ш нар нь ойрын хамаатан биш гэдгээ нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж хэллээ.

Тийм учраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээд биш гэдгийг хэлмээр байна. Дөрөвдүгээрт, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, мөн хуулийн 3.1.5-д төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг ойлгоно гэж тус тус заасан ба С.Бердимурат нь Ш.Шын төрсөн дүү гэж хариуцагч тал тайлбарлах боловч эдгээр хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэдгийг хэлье.

Тийм учраас С.Бердимуратыг ажилд авсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Архидан согтуурсан гэх асуудлын талаар би өмнөх тайлбартаа хэлсэн ба 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нэхэмжлэгч архи уусан гэдгийг шалган тогтоосон ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлогдохгүй байна. Хариуцагч талын нотлох баримт судлуулах шатанд судлуулсан шүүгчийн захирамж, хэсгийн төлөөлөгчийн мэдэгдэл нь энэ хэрэгт хамааралгүй, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан захирамж гаргахдаа үндэслэл болгоогүй юм.

А сумын Засаг даргын захирамж буюу маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцсэн байх ёстой боловч хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, маргаан бүхий захиргааны актын утга агуулга алдаатай, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан боловч Ажлаас халах тухай гэж гарчиглаад захирамжийн захирамжлах хэсэгт ажлаас халсугай гэж дурдсан нь мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан утга, агуулгаар дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргасан мэт ойлгогдохоор байна.

Төсвийн тухай хуулийг баримталсан асуудлын талаар тайлбар хэлэхэд, уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасан зохицуулалт нь төсвийн шууд захирагч буюу ЗДТГ-ын даргын эрх хэмжээнд хамаарах заалт юм. Нэхэмжлэгчийн зүгээс батлагдсан орон тоо, цалингийн сандаа багтаан С.Бердимуратыг ажиллуулсан гэдгийг хэлж байгаа бөгөөд үүнийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа. Тийм учраас сумын Засаг дарга захирамжид Төсвийн тухай хуулийг баримталсан нь үндэслэлгүй байна гэдгийг хэлмээр байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд, хариуцагч 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4, 26.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.5-д заасныг тус тус зөрчсөн гэдгийг хэлье.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй тул нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хувьд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 5 сар 17 хоногийн цалин нэхэмжилсэн ба үнийн дүн нь 7,928,797.60 төгрөг болж байгаа ба үүний задаргааг хэлэх ёстой гэж бодож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд миний үйлчлүүлэгч нэг сард 1,306,277 төгрөгийн цалин авч байсан нь нотлогдож байгаа бөгөөд дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэг өдрийн цалинг тооцоход 60,757 төгрөг гарна, үүнийг 5 сарын цалингаар үржүүлэхэд 6,531,385 төгрөг, 8 дугаар сарын 23 хоногийг нэг өдрийн цалингаар үржүүлэхэд 1,397,412.60 төгрөг, нийлбэр дүн 7,928,797.60 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээрх байдлаар үндэслэлтэй учраас бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Шыг ажлаас чөлөөлсөн шалтгаан, үндэслэлийг тайлбарлахдаа нэхэмжлэгчийг зөвхөн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн болсон асуудалд холбогдуулан ажлаас гаргасан учраас хэрэгт хамааралгүй С.Бердимуратын талаар ярих шаардлагагүй гэж бодож байна. Нэхэмжлэгч тухайн өдөр ажлын цагаар архидан согтуурч ёс зүйн зөрчил гаргасан байх тул ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Засгийн газраас баталсан Захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтын дагуу сумын Засаг даргын эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд үүнтэй холбогдуулан хариуцагчийн эрх ашгийг хамгаалах талаас өмгөөллийн үйл ажиллагааг явуулъя. Нэгдүгээрт, Ш.Ш нь сумын ЗДТГ-ын даргын хувьд төрийн захиргааны удирдах албан тушаалтан мөн. Удирдах албан тушаалтан, ажил олгогчийн хувьд ажилтан томилдог, ажилтанд шаардлага тавьдаг.

Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлын газарт архидан согтуурч, хэрүүл маргаан гаргасан нь нэгэнт нотлогдсон, өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас энэ асуудалд бид нар маргах ёсгүй гэдгийг хэлье. Хоёрдугаарт, сумын ЗДТГ-ын аппаратын хурлын тухай тайлбар хэлэхэд, уг хурал нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагт болсон ба сумын ёс зүйн хорооны дүгнэлт нь мөн оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагт ёс зүйн хорооны дарга Х.Садырбекийн албан тасалгаанд болж, Ш.Ш нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.5-д заасныг буюу ... ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн ... гэх заалт болон Засаг даргын мэдэгдсэнээр албан шаардлагыг эсэргүүцсэн гэх бөгөөд мөн дүрмийн 5.4.4-д заасан захирагдах ёсны зарчмыг баримтлаагүй, 4.1.1-т заасан бусдыг манлайлах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт хэрэгт авагдсан байгаа.

Энэхүү дүгнэлт 02 дугаар сарын 21-ний өдөр 14 цагт гарсан ба хурал өглөө 11 цагт эхэлсэн байх тул цалин бууруулах арга хэмжээ үндэслэлгүй болсон нь харагдаж байна. Гуравдугаарт, цагдаагийн мэдэгдлийг сумын Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээж авсан байдаг. Тийм учраас эдгээр баримтууд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болсон аппаратын хурлын дараа үйлдэгдсэн бөгөөд мөн оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ш.Шт арга хэмжээ авах гол үндэслэл болсон юм. Хүчингүйд тооцсон захирамжийн талаар нэхэмжлэгч тал маргаж байгааг ойлгохгүй байна. Энэ талаар дахин нэхэмжлэлийн шаардлага гаргах юу, үгүй үү та нарын асуудал, уг захирамжийг өгөөд 2 сар болж байгаа ба Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгосон байгаа.

Аливаа зөрчлийг илрүүлснээс хойш эрх бүхий этгээд 1 сарын дотор зөрчил гаргагчид арга хэмжээ тооцох ёстой ба Ш.Шын зөрчлийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр илрүүлсэн ба мөн оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь нэг сарын дотор арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай нийцэж байгаа. Харин нэхэмжлэгчийн гаргасан зөрчил ямар зөрчил болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон байна. Ш.Ш нь эмэгтэй хүнийг албаны өрөөнд оруулан хаалгыг дотроос нь түгжиж аваад, нэг цаг хүртэл хугацаанд гаргаагүй, бичиг хэргийн ажилтантай маргалдсан зэрэг асуудал гаргасан. Энэ нь ноцтой зөрчил учраас ажил олгогч Ш.Шын уг зөрчилд холбогдуулан түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулснаараа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймээс Ш.Шын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болох саналтай байна. Гуравдагч этгээдийн талаар дараах тайлбарыг хэлье. Төрийн албаны салбар зөвлөл манай аймагт одоо хүртэл байгуулагдаагүй, энэ нь Засаг дарга С.Б болон гуравдагч этгээдээс шалтгаалаагүй, гуравдагч этгээдээр томилогдсон А.Е нь хуульч мэргэжилтэй түр томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Тийм учраас гуравдагч этгээдийг томилсон Засаг даргын захирамж хүчинтэй байх ёстой. Ш.Шын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг өнөөдрийн байдлаар анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байгаа бөгөөд цаашид давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянагдах болзошгүй учраас гуравдагч этгээдийг томилсон 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй, ажлын шаардлагын дагуу томилсон юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Шын тус шүүхэд А сумын Засаг даргад холбогдуулан гаргасан 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас халах тухай 28[1], 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 71 дүгээр захирамжийг[2] тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 5 сар 17 хоногийн цалин 7.928.797 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Ш нь А сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг хэрэгжүүлж байх хугацаанд буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, иргэн С.Авдикадыртай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлийг гаргасан, сумын хэсгийн төлөөлөгч Д.Нурбол нь энэхүү зөрчлийг иргэний гомдлын дагуу шалгаж[3] 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 0580991 дүгээр шийтгэврээр[4] Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 15000 /арван таван мянга/ төгрөгөөр торгосон, уг шийтгэврийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 787 дугаар захирамжаар[5] баталгажуулснаархуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар[6] албан тушаалын цалинг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд 20% -иар бууруулах арга хэмжээ авсны дараа буюу мөн энэ зөрчилд 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.3, 5.4.5 дах заалтуудыг баримтлан 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн албан тушаалаас нь халах арга хэмжээг авч, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/132 дугаар захирамжаар[7] өмнөх Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Дээрх үйл баримтууд нь хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч тал нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж маргасан, хариуцагч тал өмнөх сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгосон тул нэг зөрчилд нэг төрлийн сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлажээ.

Сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх хэсэгт зааснаар төрийн захиргааны албан тушаалын ангилалд багтах бөгөөд Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 2-т зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд хамаарна.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан Ш.Шын албан үүргээ гүйцэтгэх явцад ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-т заасан ...төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Архидан согтуурахтай тэмцэх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан ... төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 288 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийнТавын 5.4.5-т заасан ...албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа ... хэрэглэх, ... бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх гэснийг тус тус зөрчсөн байх тул зөрчлийн хэр хэмжээ, шинж байдлыг ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү ноцтой зөрчилд эрх бүхий албан тушаалтан хуульд заасан эрхийнхээ хүрээнд хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй, хуульд заасан зөрчлийн шинж байдалд тохирсон гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчээс нэг зөрчилд давхардуулан арга хэмжээ авсан гэж маргасны хувьд Сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2017 оны Б/23 дугаар захирамж нь анхнаасаа биелэгдээгүй, Ш.Ш нь уг захирамжаар ногдуулсан сахилгын шийтгэлийг биечлэн эдлээгүй болох нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа ба Б/23 дугаар захирамжийг сумын Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өөрөө 2017 оны 1/132 дугаар захирамжаар хүчингүй болгосон, энэ захирамж хүчин төгөлдөр хэвээр байх тул нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд зөрчил 2017 оны 02 дугаар сарын 20-нд гарсан байхад хэсгийн төлөөлөгч 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарснаар материал бүрдүүлсэн гэж маргасан боловч нэгэнт зөрчил гарсан нь тогтоогдсон тул эрх бүхий албан тушаалтан 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан арга хэмжээ авсан нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хугацааг зөрчөөгүй гэж үзлээ.

Тодруулбал, зөрчил 02 дугаар сарын 15-ны өдөр эсхүл 02 дугаар сарын 20-ны өдрийн аль нэгэнд гарсан гэж үзсэн нөхцөлд илрүүлснээс хойш 1 сар, гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актад Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасныг баримталсан нь үндэслэлгүй, мөн сахилын шийтгэл ногдуулах тухай захирамжийг Ажлаас халах тухай гэж гарчигласан нь хэлбэрийн хувьд буруу боловч, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээгбаримталснаар уг захиргааны актын агуулга нь зорилгодоо нийцсэн тул буруу хууль хэрэглэсэн, захиргааны актын хэлбэрийн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 28 дугаар захирамжийг хүчингүй болгох, сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг хариуцагчид даалгах шаардлагыг дээрх үндэслэлээр хангах боломжгүй тул А.Еыг маргаан бүхий орон тоонд түр томилсон сумын Засаг даргын 2017 оны 71 дүгээр захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3, 26.5-т заасныг тус тусбаримтлан нэхэмжлэгч Ш.Шаас А сумын Засаг даргад холбогдуулан гаргасан 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас халах тухай 28, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 71 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7.928.797 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 5 дугаар хуудас

[2] Хэргийн 136 дугаар хуудас

[3] Хэргийн 156-174 дүгээр хуудас

[4] Хэргийн 172 дугаар хуудас

[5] Хэргийн 175 дугаар хуудас

[6] Хэргийн 6 дугаар хуудас

[7] Хэргийн 121 дүгээр хуудас