Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2020/0316

 

Ж.Ө-ын нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Ц.Н нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ж.Ө-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: ”Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 7, 12 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ө-ын “Б.Б, Б.Б нарын Я.Б-өөр овоглосон Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон 08, 168 дугаартай улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар бүхий гэрлэлтийн бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “1988 оны бүртгэлд Батмөнх өөрөө гарын үсэг зураагүй, гарын үсэг нь түүнийх биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, үүнээс болж Ж.Ө-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Тухайн бүртгэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүртгүүлсэн гэрлэлт биш болох нь тодорхой байна. 2000, 2010 оны шинэчилсэн бүртгэлд Ц.Н, Я.Б нар аль аль нь гэрлээгүй, ганц бие мэтээр бүртгүүлсэн болох нь ХААТР-21 маягтаас тодорхой байна.

        Мөн Ц.Н-ийн гарын үсэг хүртэл эргэлзээтэй байгааг тодруулж, түүний гарын үсэг мөн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Хариуцагчаас Я.Б, Ц.Н нарын гэрлэлтийг урьд нь бүртгүүлсэн гэрлэлтийг цуцлуулсан эсэхийг шалгалгүйгээр 2 дахь гэрлэлт гэж бүртгэсэн, хариуцагчийн архивт байгаа гээд байгаа баримтыг хэрэгт аваагүй.

        Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон”-ыг “гэрлэлтийг хүчингүй тооцсон” өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэг. “Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт бүртгэгдсэн Я.Б, Ц.Н нарын гэрлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн /1973 оны/ хуулийн 92 дугаар зүйлд “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг сум (хот), район, хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргаа эрхлэн хөтөлж, холбогдох тайлан мэдээг гаргах үүрэгтэй. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа иргэний гэр бүлийн байдал бүртгэх ажлыг удирдаж хянана” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сант сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Я.Б, Ц.Н нарын гэрлэлтийг 02 дугаарт бүртгэжээ.

        Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн /1973 оны/ хуулийн 8 дугаар зүйлд “Гэрлэхийг хүсэгчид: 1) гэрлэхээ харилцан сайн дураар зөвшөөрөлцсөн, 2) гэрлэх насанд хүрсэн байна”, 4 дүгээр зүйлд “Гэрлэгсэд гэр бүлийн бусад гишүүний амины болон эд хөрөнгийн эрхийг улс нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн хамгаалахын тулд гэрлэснээ улсын бүртгэлд заавал бүртгүүлнэ. Гэрлэснээ хэрэв бүртгүүлээгүй бол тэдгээрийн хооронд энэ Хуульд заасан гэрлэгсдийн эрх, үүрэг үүсэхгүй. ...” гэж тус тус заажээ.

        Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын гэрлэлтийг бүртгэх анкетын 12 дугаарт 1980 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ц-ын Ц /Н/, Д овогтой Ш нар гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд Зүүнхараа хотын шүүхийн 1986 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 173 дугаар шийдвэрээр Ц-ын Ц /Н/, Д-ын Ш нарын гэр бүлийг цуцалсан,

        мөн Я-ы Б, Г-ын Д нарын гэрлэлтийг Увс аймгийн Улаангом сумын 1975 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаарт бүртгэсэн, Улаанбаатар хотын Найрамдал районы 1980 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр гэр бүл цуцалсныг Улаанбаатар хот, Найрамдал дүүргийн 1981 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 67 дугаарт бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Гэрлэлийн бүртгэлийн лавлагаа, Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаанууд[1]-аар тус тус тогтоогджээ.

        Үүнээс үзвэл Сэлэнгэ аймгийн Сант сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа маргаан бүхий гэрлэлтийн бүртгэлийг 2 дахь гэрлэлтээр бүртгэсэн байгаа нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэхээргүй тул энэ талаар нэхэмжлэгчийн “урьд бүртгүүлсэн гэрлэлтийг цуцлуулсан эсэхийг шалгаагүй“ гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

        Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт Я.Б, Ц.Н нарын гэрлэлтийн бүртгэлийн бичвэр нь тус бүртгэлийн 15 дугаар мөрт бичигдсэн Я.Б гэх бичиглэлүүд нэг хүний бичиг биш,

        1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б.Б, Б.Б нарын төрсний гэрчилгээн дээрх бичвэр 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар бүртгэлийн 15 дугаар мөрт бичигдсэн Я.Б гэсэн бичиглэлүүд нэг хүний бичиг биш” болохыг тогтоосон 99 дүгээр шинжээчийн дүгнэлт,

        2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн “1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт Я овогтой Б, Ц овогтой Н нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийн 15 дугаар мөрт бичигдсэн Я.Б гэсэн гарын үсэг нь Я.Б “Уртын дуу” гэсэн тэмдэглэлийн дэвтрийн зүүн өнцөгт байгаа гарын үсэг, ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр дээрх бичвэрүүдтэй тохирч байна” гэх 31 дүгээр дүгнэлтүүд, “Я.Б болон Ц.Н нар хоёулаа хамт ирж, хүсэлтээ гарган бүртгүүлсэн” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзвэл “маргаан бүхий гэрлэлтийн бүртгэлийг Я.Б биечлэн ирж хийлгээгүй, түүний гарын үсгийг бусад этгээд зурсан” гэж үзэх боломжгүй.

        Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн “Ц.Н-ийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгож, шинжээч томилох тухай” хүсэлтийг хангахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 44 дүгээр захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон тул түүний энэ талаарх давж гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 /Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно/-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүх өөрийн санаачилгаар шинжээчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд томилон оролцуулах учиртай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 /Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй/-д зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.

        Ц.Н, Б.Б, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Ж.Ө-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаар дүгнэлт энэхүү захиргааны хэргийн тухайд нотолгооны ач холбогдолтой нотлох баримт гэж шууд дүгнэх боломжгүй.

        Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлдэг учир энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

        ХОЁР. “Сэлэнгэ аймгийн Сант сумын Ш.Б, Ш.Б нарыг Я.Б-өөр овоглосон 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08, 168 дугаар улсын бүртгэлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

        Сэлэнгэ аймгийн Сант сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ш.Б, Ш.Б нарыг Я.Б-өөр овоглож, улсын бүртгэлийн 08, 168 дугаарт бүртгэж, төрсний гэрчилгээ тус тус дахин олгожээ.

        Иргэн Я.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны Нас барсны бүртгэлийн лавлагаа, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 148 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж тус хуулийн зорилтыг тодорхойлсон, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ.

        Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл хүн нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн зөрчигдсөн гэж үзсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

        Маргаан бүхий бүртгэлийн тухайд тухайн бүртгэл нэхэмжлэгчид чиглэгдэн гараагүй, нэхэмжлэгч Ж.Ө-т хамааралгүй бөгөөд энэ тохиолдолд Ж.Ө-т тэдгээртэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй.

        Өөрөөр хэлбэл, маргаан бүхий бүртгэл 1988 онд талийгаач Я.Б, гуравдагч этгээд Ц.Н нарын гэрлэлтийг бүртгэх үед хийгдсэн бөгөөд нэхэмжлэгчтэй ямар нэг холбоогүй байна. Тодруулбал, талийгаач Я.Б-тэй гэр бүл байсан нь түүнийг Ш.Б, Ш.Б нарыг Я.Б-өөр овоглосон бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхийг үүсгэхгүй.

        Гэтэл анхан шатны шүүх “хариуцагч хүлээн зөвшөөрсөн, илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна“ гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан буруу болжээ. Зүй нь энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзах байжээ.

        Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагаас “Сэлэнгэ аймгийн Сант сумын Ш.Б, Ш.Б нарыг Я.Б-өөр овоглосон 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08, 168 дугаар улсын бүртгэлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай“ хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн /1973 оны/ хуулийн 4 дүгээр зүйл, 8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ө-ын “Сэлэнгэ аймгийн Сант сумын 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт бүртгэгдсэн Я.Б, Ц.Н нарын гэрлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

                                ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 

 


[1] 1 дэх хавтсын 221 тал.