Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.А

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 02 дугаар сард Дорноговь аймгийн .... тоот гэртээ ээж Ж.Хгийн зүүн шанаан тус газарт нь алгадсан, 2018 оны 05 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээж Ж.Хг жижиг модон сандалаар зүүн шанаа, зүүн гарын ар хэсэг рүү цохьсон, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 3 дугаар 58 дугаар байрны орцонд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан ээж Ж.Хг шатны уруу түлхэж унагаан, нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ахмад настан ээж Ж.Хг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ үйлдлүүдийг хийсэн нь үнэн. Би өдөр болгон уугаад гадуур хэсээд байдаггүй. Бид гурав гурвуулаа амьдардаг. Тэгсэн хэрнээ манай ээжид энэрэнгүй сэтгэл байхгүй, намайг уугаад ирэхээр архичин чинь ирэв үү гэдэг. Би уухгүй байх үедээ энэ гэрийн ажлыг хийдэг. Цагаан сар дуусахаар л намайг ад үзээд байдаг. Ээж маань намайг зайлаарай гэдэг. Нэг өдөр ч болтугай урмын үг хэлж болно. Ээж нь гэж хэлж байсан үгийг гарын таван хуруу шиг сонсож байсан байх. Тэр хоёр шиг жаргалтай хүн байдаггүй. Гурван өрөөнд нэг нэгээрээ ороод хаалгаа хаагаад суудаг. Надад тэр гэрт байснаас гадагшаа гараад хэсэж байсан нь дээр. Э намайг гэрт орохоор муу писда минь зайл гээд өшиглөөд гаргадаг. Би хэдэн сар гадуур хэсдэг байсан. тэр хугацаанд намайг нэг ч удаа эргэж хоол унд авчирч өгөөгүй. Чи Сүхбаатар аймаг руу зайлаарай гэж хэлдэг байсан. Надад сэтгэлээ онгойлгох хүн байдаггүй. Манай охин үнэн аймшигтай хүүхэд. Манай байрныхан бүгд мэднэ. Э ээжийгээ зодож байна гэдэг... гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би ээжид “Хаалгаа онгойлгочихоод түлхүүрийг чинь өгье гэж хэлээд хаалгаа онгойлгоод цааш гараад орцонд байж байтал ээж маань миний араас орцонд гарч ирээд надаас нөгөө л нэг түлхүүрээ нэхээд байсан. Тэгээд сүүлрүүгээ бид 2 түлхүүрээ орцонд булаацалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би ээжийг шатны уруу түлчихсэн юм. Тэгсэн ээж шатны уруу өнхөрөөд унахаар нь би хажуугаар нь гарахдаа нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн... Тэр үед би нилээн согтуу байсан болохоор үйл хөдлөлөө хянаж чадаагүй... Би 2018 оны 02 дугаар сард ямар ч байсан цагаан сар болох гэж байсан үе шиг санагдаад байна. Эрүүл байхдаа ээжтэйгээ цагаан сарын баярын юмнаас болж муудалцсан юм. Тэгэх үедээ ээжийн зүүн шанаа орчим руу нь нэг удаа алгадаж байсан санагдаж байна... Би тэр үед согтуу байсан болохоор ерөөсөө санаж өгөхгүй байх юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Надад энэ явдлаас гадна 2 удаа гар хүрч байсан. 2018 оны 05 дугаар сард А гэрт согтуу орж ирээд надтай маргалдаад жижиг модон сандалаар миний толгой руу цохих гэхээр нь би зүүн гараараа хаатал миний зүүн гарын ар тал болон зүүн шанаа зэргийг оноод жоохон хөхрүүлсэн. Мөн 2018 оны 02 дугаар сард надтай мөн маргалдсан. Гэхдээ намайг зодсон зодоогүйг би сайн санахгүй байна... Намайг А шатны уруу санаатай түлхсэн, мөн намайг уначихсан байхад миний баруун нүдний орчим санаатай өшиглөсөн юм... Миний зээ охин Э миний зургийг авсан. Ер нь А намайг гэмтээх болгонд миний зургийг авчихдаг юм. Харин тэр өдрийн зурган дээр үүссэн хөхрөлтүүд нь Ааас улбаатай. Дух хавиар үүссэн хөхрөлт нь шатны уруу унаж байхдаа юм мөргөсөн. Харин баруун нүдний хөхрөлт нь А өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-10 дугаар хуудас/,

Гэрч А.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сард намайг гэртээ байхгүй байх үед манай ээж гэртээ согтуу ирээд эмээг зодсон байсан. Эмээгийн нүүрний зүүн талын шанаанд хөхөрсөн, мөн зүүн талын гарны ар хэсэгт хөхөрсөн байсан ...Дараа нь 2018 оны 02 дугаар сард эмээг зодоод нүүрнийх нь духны зүүн талд хөхрүүлсэн байсан. Надад эмээгийн гэмтлүүдийн бүх зураг байгаа ...Ээж маань дандаа намайг байхгүй байх үед эмээг зодож агсан тавьсан байдаг ...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 11 цагийн үед манай эмээ Х миний утас руу залгаад “А намайг шат руу түлхээд миний хөлийг эвгүй болгочихсон, чи хүрээд ир” гэж дуудсаны дагуу би гэртээ очтол манай эмээгийн зүүн хөл нь хөндүүр болчихсон гар хүргэхгүй байсан. Тухайн үед нүүрэн дээр учирсан гэмтэл гэх юм нүдэнд харагдахгүй байсан. Тэгтэл орой эмээгийн нүүр хөхөрчихсөн байхаар нь өөрийнхөө утсаар баталгаажуулж уг зургийг авсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14- 15 хуудас/,

Гэрч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...17 цагийн үед манай эмнэлэг рүү "шатнаас хүн уначихлаа” гэсэн дуудлага ирсэн... Өвчтөний зүүн хөл хугарсан аль нүд нь билээ дээ санахгүй байна ямар ч байсан хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19- 20 дугаар хуудас/,

Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тус өдөр би 11 цаг өнгөрч байхад гэрлүүгээ орох гээд орц руугаа ороод явж байтал 1 давхарын дээш өгсдөг шатны хамгийн дээд хэсэгт Х гуай ганцаараа сууж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуутал “А түлхүүр булаацалдсан чинь намайг шатны уруу түлхчихлээ, миний хөл явж чадахгүй байна, гэрийн түлхүүр байхгүй охин Э руу ярьчихсан одоо хүрээд ирэх байх" гэсэн юм ярьж байсан. Тэгэхээр нь би гэрлүүгээ орчихоод буцаж гарч ирээд Х гуайтай юм яриад зогсож байтал гаднаас зээ охин Э нь ороод ирсэн. Тэгээд бид хоёр Х гуайг өргөж гэрт нь оруулсан... Намайг анх ороход хөл эвгүй болчихлоо гээд халаглаад сууж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Шинжээчийн ... дугаартай: “...Ч.Хгийн биед зүүн шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ болон аюулын зэргийн үнэлгээ /ххийн 66-73 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-32 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Шүүгдэгч Н.А нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 3 дугаар 58 дугаар байрны орцны 2 давхарын шатан дээр маргалдан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ээж Ж.Хг шатны уруу түлхэж унагаан, нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

Шүүгдэгч Н.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ үйлдлүүдийг хийсэн нь үнэн.... гэсэн мэдүүлэг, Хохирогч Ч.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Надад энэ явдлаас гадна 2 удаа гар хүрч байсан. 2018 оны 05 дугаар сард А гэрт согтуу орж ирээд надтай маргалдаад жижиг модон сандалаар миний толгой руу цохих гэхээр нь би зүүн гараараа хаатал миний зүүн гарын ар тал болон зүүн шанаа зэргийг оноод жоохон хөхрүүлсэн. Мөн 2018 оны 02 дугаар сард надтай мөн маргалдсан. Гэхдээ намайг зодсон зодоогүйг би сайн санахгүй байна... Намайг А шатны уруу санаатай түлхсэн, мөн намайг уначихсан байхад миний баруун нүдний орчим санаатай өшиглөсөн юм... гэсэн мэдүүлэг, Гэрч А.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сард намайг гэртээ байхгүй байх үед манай ээж гэртээ согтуу ирээд эмээг зодсон байсан. Эмээгийн нүүрний зүүн талын шанаанд хөхөрсөн, мөн зүүн талын гарны ар хэсэгт хөхөрсөн байсан ...Дараа нь 2018 оны 02 дугаар сард эмээг зодоод нүүрнийх нь духны зүүн талд хөхрүүлсэн байсан. ...Ээж маань дандаа намайг байхгүй байх үед эмээг зодож агсан тавьсан байдаг ...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 11 цагийн үед манай эмээ Х миний утас руу залгаад “А намайг шат руу түлхээд миний хөлийг эвгүй болгочихсон, чи хүрээд ир” гэж дуудсаны дагуу би гэртээ очтол манай эмээгийн зүүн хөл нь хөндүүр болчихсон гар хүргэхгүй байсан. Тухайн үед нүүрэн дээр учирсан гэмтэл гэх юм нүдэнд харагдахгүй байсан гэсэн мэдүүлэг, Гэрч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...17 цагийн үед манай эмнэлэг рүү "шатнаас хүн уначихлаа” гэсэн дуудлага ирсэн... Өвчтөний зүүн хөл хугарсан аль нүд нь билээ дээ санахгүй байна ямар ч байсан хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Х гуай ... “А түлхүүр булаацалдсан чинь намайг шатны уруу түлхчихлээ, миний хөл явж чадахгүй байна, гэрийн түлхүүр байхгүй охин Э руу ярьчихсан одоо хүрээд ирэх байх" гэсэн юм ярьж байсан.... Намайг анх ороход хөл эвгүй болчихлоо гээд халаглаад сууж байсан....” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн ... дугаартай дүгнэлт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ болон аюулын зэргийн үнэлгээ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Харин аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэж хохирогчийг 3 ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл үйлдэн зодсон байхыг хэлэх бөгөөд шүүгдэгч Н.А нь хохирогч Ч.Хг зодсон үйлдэл нь дээр дурдсан байнга гэх шинжийг агуулаагүй байна.

Учир нь хохирогч Ч.Хг 2018 оны 02 сард зодсон гэх үйлдэл нь шүүгдэгч Н.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 02 сард цагаан юм бэлдэхээс болж ээжтэй муудалцсан нь үнэн. Гэхдээ тухайн үед ээжийг цохисноо санахгүй байна. Зодоогүй гэж л бодож байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 2 сард надтай маргалдсан. Тэгэхдээ намайг зодсон зодоогүйг би сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Н.А нь Ч.Хг зодсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Гэрч А.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 02 дугаар сард эмээг мөн зодоод нүүрнийх нь духны зүүн талд хөхрүүлсэн байсан. Надад эмээгийн гэмтлүүдийн бүх зураг байгаа ...Ээж маань дандаа намайг байхгүй байх үед эмээг зодож агсан тавьсан байдаг ...” гэж мэдүүлсэн хэдий боловч хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан гэрэл зураг нь 2018 оны 02 дугаар сард хохирогчид учирсан гэмтлийн зураг гэж үзэхэд эргэлзээтэй, зураг дээрх он, сар, өдөр нь гараар бичигдсэн нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.А нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 32-р тал/ тогтоогдож байна. Шүүгдэгч Н.А нь 4 хоног цагдан хоригдсон ба бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Н.Ад аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Нийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3,3  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь 4 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН