Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01347

 

Ц.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01047 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1305 дугаар магадлалтай,

Ц.М-ын нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Ч.Нямцоож, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.М-а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжийн амралт дуусаад ажил дээрээ очтол “С“ ХХК-ийн бүтцийн өөрчлөлт болж буй талаар гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяагийн гарын үсэгтэй мэдэгдэл ирсэн. Мэдэгдэл ирэнгүүт ажил хүлээлцэх, ажил үүрэг гүйцэтгэхгүй байхыг шаардан тойрох хуудас зуруулсан болно. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил хүлээлцсэн боловч өнөөдрийг хүртэл тушаал гардуулж өгөөгүй.

“С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мэдэгдэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу Байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Сүлжээний инженер ажилтны тоог цөөрүүлэх үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлнө гэсэн боловч ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, ажил хүлээлцэн нь ажлаас чөлөөлсөн гэж үзэхэд хүргэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоол батлагдаж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсон бөгөөд IP сүлжээний газрын Fixed сүлжээний алба-ны Сүлжээний инженерийн орон тоог цөөрүүлэх шаардлагатай болсон. Энэ талаар бид 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ц.М-ад “Мэдэгдэх хуудас" гардуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Ц.М-ад 2017 оны 01 дүгээр сард 1.373.034 төгрөгийн цалин хөлсийг олгож зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. Ажил олгогчийн зүгээс Ц.М-ад түүний эрхэлж байсан албан тушаалтай ойролцоо өөр ажлын байрны санал тавьж байгаагаа илэрхийлсэн гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01047 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.М-а нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1305 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1047 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1305 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.М-ад нэг сарын өмнө мэдэгдээгүй, 27 дахь хоног дээр цуцалсан атал шүүх түүнийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Энэ утгаараа 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б02 тоот тушаалд ажил хүлээлцэх тухай хугацааг заасан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээгүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь заалтыг баримтлан буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2,43.3-т заасан үндэслэл бий болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан шийдвэрийг шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулан авсан. Тушаалтай танилцсан байхад шүүх хуульд заасан хугацаанд хандаагүй гэж тайлбарласан үндэслэлгүй. Ажил хүлээлцэх акт болон ирцийн тайлан, ирцийн бүртгэл, тойрох хуудас, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил хүлээлцсэн талаар маргаагүй байна гэж үзэхээр байна. Нөгөө талаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил хүлээлцсэн байна. Иймд энэ талаар шүүх үнэлэлт өгөөгүй, үндэслэлгүй шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Ц.М-а нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр танилцсан хавтаст хэрэгт авагдсан мэдэгдэлд гарын үсэг зурсан он сараас тогтоогдсон атал шүүх 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр танилцсан мэтээр үнэлсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Ц.М-а нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжийн амралтаасаа ажилдаа очсон болох нь тогтоогддог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлийг хариуцагч “С” ХХК эс зөвшөөрч “...орон тоо цөөрүүлсэн” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “С” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 022 дугаар тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталж, 2016 оны 12 дугаар сарын 5-ний өдрөөс дагаж мөрдөхийг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид даалгажээ /хэргийн 32-33 дугаар тал/.

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн А/02 дугаар тушаалаар IP, Сүлжээ ашиглалтын албаны чиг үүрэг, ажлын байруудын нэршил, орон тоо, ажилтнуудын томилгоог хавсралтаар баталжээ.

Ц.М-а нь Fixed сүлжээний албаны интернет суурь сүлжээний хэлтэст сүлжээний инженерээр ажиллаж байсан ба дээрх тогтоолоор сүлжээний инженерийн орон тоог цөөрүүлсэн, ажил олгогч нэхэмжлэгчийг 2017 оны 2 дугаар сарын 6-ний өдрөөр тасалбар болгон үүрэг ажлаас нь чөлөөлж, 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгожээ.

Ажил олгогч өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд компанийн газар, алба, хэлтсийн зохион байгуулалт, орон тоо, хүний нөөцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж бүтцийн өөрчлөлт хийхдээ компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч өөрийнх нь ажиллаж байсан орон тоог цөөрүүлсэн үйл баримтыг үгүйсгээгүй, шинээр бий болсон бүтэц, орон тооны талаар маргаагүй бөгөөд сүлжээний инженерийн орон тоог цөөрүүлсэн тохиолдолд хэнийг ажиллуулах асуудлыг ажил олгогч бүрэн эрхийнхээ хэмжээнд шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Нөгөө талаар ажил олгогч өөр ажлын байр санал болгосныг нэхэмжлэгч хүлээн аваагүй байна.

 Хоёр шатны шүүх “С” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, гүйцэтгэх захирлын бүрэн эрх, шийдвэрлэх асуудлын хүрээг тодорхойлж, орон тоо, бүтцийн өөрчлөлтийн талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчийн  ажиллаж байсан сүлжээний инженерийн орон тоо цөөрсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцлахыг ажил олгогчийн зүгээс түүнд 2017 оны 1 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан шаардлагад нийцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01047 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1305 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ