Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1305

 

 

Ц.Мөнхтулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01047 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхтулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Скаймедиа корпораци” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, Ө.Жамбалсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мөнхтулга нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжийн амралт дуусаад ажил дээрээ очтол “Скаймедиа корпораци” ХХК-ийн бүтцийн өөрчлөлт болж буй талаар гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяагийн гарын үсэгтэй мэдэгдэл ирсэн. Мэдэгдэл ирэнгүүт ажил хүлээлцэх, ажил үүрэг гүйцэтгэхгүй байхыг шаардан тойрох хуудас зуруулсан болно. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил хүлээлцүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж тушаалаа авах гэсэн боловч өнөөдрийг хүртэл тушаал гардуулж өгөөгүй. “Скаймедиа корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мэдэгдэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу Байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Сүлжээний инженер ажилтны тоог цөөрүүлэх үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлнө гэсэн боловч ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, ажил хүлээлцүүлсэн нь ажлаас чөлөөлсөн гэж үзэхэд хүргэж байна. Орон тоо цөөрүүлэхэд сүлжээний инженерүүдийн орон тоог хэд болгон бууруулсан, тодорхой цөөрүүлж буй орон тоонд ямар үндэслэл, шаардлагаар миний хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар тайлбарлаагүй, нөгөө талаар орон тоо цөөрүүлэхэд тодорхой сонгон шалгаруулалт, үндэслэл баримталж чөлөөлөөгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэх ёстой боловч мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс 4 хоногийн дараа ажил үүргийг хүлээлцсэн. 2016 оны 12 дугаар сарын 06-ны 022 тоот тогтоолыг танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээ цуцлахаас 45 хоногийн өмнө мэдэгдээгүй болно. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Скаймедиа корпораци” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоол батлагдаж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсон бөгөөд IP сүлжээний газрын Fixed сүлжээний албаны сүлжээний инженерийн орон тоог цөөрүүлэх шаардлагатай болсон. Энэ талаар бид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Мөнхтулгад “Мэдэгдэх хуудас" гардуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Энэхүү мэдэгдэх хуудсыг ажил олгогчийг төлөөлж тус компанийн Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн гардуулж өгөхдөө ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажил үүргээ хэвээр гүйцэтгэж болно, мөн энэ хугацааны цалин хөлсийг компанийн зүгээс саадгүй олгох талаар тайлбарлаж хэлсэн. Үүний дагуу Ц.Мөнхтулгад 2017 оны 01 дүгээр сард 1 373 034 төгрөгийн цалин хөлсийг олгож зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн шиг Ц.Мөнхтулгыг ажил хүлээлцэхийг шаардсан, албадсан зүйл огт байхгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу ажил олгогчийн зүгээс Ц.Мөнхтулгыг хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал албан ёсоор гараагүй байгаа болно. Ц.Мөнхтулгыг гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан компанийн зүгээс уг маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажил олгогчийг төлөөлж миний бие холбогдох хүмүүсийн хамт Ц.Мөнхтулгын өмгөөлөгч Ц.Мөнхбаттай уулзалт хийсэн бөгөөд тус уулзалтаар компанийн зүгээс Ц.Мөнхтулгад түүний эрхэлж байсан албан тушаалтай ойролцоо өөр ажлын байрны санал тавьж байгаагаа илэрхийлсэн. Уулзалтын үеэр түүний өмгөөлөгч Ц.Мөнхтулга нь компанидаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй, шүүхээр маргах сонирхолгүй байгаа талаар илэрхийлж, манай саналыг Ц.Мөнхтулгад уламжлахаар тогтсон. Үүний дараа Ц.Мөнхтулга нь биечлэн ирж уулзах талаар утсаар илэрхийлсэн. Иймд Ц.Мөнхтулга, түүний өмгөөлөгчийн зүгээс манай саналыг хүлээж авах эсэх талаар хариу ирэхээс хамаарч түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар хариу тайлбар гаргаж өгнө гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мөнхтулгын нэхэмжлэлтэй, хариуцагч “Скаймедиа корпораци” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мөнхтулга нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Ц.Мөнхтулгад 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдэл өгч, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар шүүх дүгнэсэн атлаа нэг сар хүрээгүй байхад хөдөлмөрийн харилцааг цуцлах шийдвэр гаргасныг шүүх дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, нэг сарын өмнө мэдэгдээгүй, 27 дахь хоног дээр цуцалсан атал шүүх түүнийг буруу тайлбарлан хэрэглэжээ. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б-02 тоот тушаалд ажил хүлээлцэх тухай хугацааг заасан гэж үзэх үндэслэлтэй, шүүх бөөнөөр халагдсан гэж үзээгүй. “Скаймедиа корпораци” ХХК-ийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 02-ны 022 тоот тогтоолоор Интернет суурь сүлжээний хэлтэс болон GPON сүлжээ угсралтын хэлтсүүдийг татан буулгаж нэгтгэн тус хоёр хэлтсийн 13 ажлын байрыг 7 болгон орон тоо цөөрүүлсэн. Шүүх бөөнөөр халагдсан буюу 45 хоногийн мэдэгдэх ёстой байсан гэж үзэх үндэслэлтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээгүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг баримтлан буруу тайлбарлан хэрэглэсэн. Тушаалтай танилцсан байхад шүүх хуульд заасан хугацаанд хандаагүй гэж тайлбарласан үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан үндэслэл зөрчигдөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандах хугацааг тоолох боломжгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх хэргийг шийдвэрлэх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтыг хэрэглээгүй байна. ...Шүүх ажил хүлээлцэх тухай агуулгыг тойрох хуудас зурах, захирлуудын гарын үсэг зурагдаагүй байдлаар тодорхойлжээ. Шүүх хэргийг хэлэлцэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ажил хүлээлцэх актыг нотлох баримтын хувьд авч үзээгүй, үнэлээгүй. Ажил хүлээлцэх гэдэг нь ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж болон ажлын файл, ажил үүргийг хүлээлцэхийг ойлгох бөгөөд ажил хүлээлцэх актаар ажил хүлээлцсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзориг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбартаа "...Мөнхтулга өөрийн санаачилгаар надтай ирж уулзсан бөгөөд ажиллах сонирхол алга дараагийн ажлаа олмоор байна. Энэ хугацаанд ажлаа түр хүлээлгэж өгч болох уу гэхээр нь ажлыг өөр инженерт хүлээлгэн өгсөн", мөн шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тойрох хуудас дээр байгаа ажил үүрэгтэй холбоотой бүхий л ажлуудыг, эд хөрөнгө, системд нэвтрэх эрх, утас, ажил хүлээн авсан талаарх тойрох хуудсын агуулгад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Ажил хүлээлцэх акт болон ирцийн тайлан, ирцийн бүртгэл, тойрох хуудас, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил хүлээлцсэн талаар маргаагүй байна гэж үзэхээр байна. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил хүлээлцсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтад дурдагдсан нөхцөл байдал бий болсон талаар шүүх үнэлэлт өгөөгүй, үндэслэлгүй шийдвэрлэсэн.

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/02 тоот тушаалыг үнэлээгүй. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/02 тоот тушаалын хавсралтаар шинэ бүтцээр ажиллах орон тоонд холбогдох ажилтныг томилсноор үлдсэн ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрүүлсэн гэж үзсэн атлаа ямар шалгуураар цөөрч байгаа орон тоонд ажиллах ажилтны сонгон шалгаруулсан талаар шүүх үнэлээгүй байна. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзоригийн тайлбараас үзвэл ажилласан хугацааг харгалзсан гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/02 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцаа цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Мэдэгдэлтэй танилцсан хугацааг буруу тогтоосон. Нэхэмжлэгч Ц.Мөнхтулга нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр танилцсан атал шүүх 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр танилцсан мэтээр үнэлсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ц.Мөнхтулга нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжийн амралтаасаа ажилдаа очсон болох нь тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхтулга нь хариуцагч “Скаймедиа корпораци” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Скаймедиа корпораци” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 022 тоот бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тогтоолоор “Скаймедиа корпораци” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг хавсралтаар шинэчлэн баталж, орон тоог цөөрүүлсэн үйл баримт тогтоогджээ.    /хх-32-33/

 

Уг тогтоол түүний хавсралтаас үзвэл хариуцагч байгууллага 1 газар, 4 алба, 7 хэлтэс, 96 орон тоотой ажиллаж байсныг Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг шинэчлэн баталснаар 3 алба, 2 хэлтэс, 21 орон тоотой болгон цөөрүүлсэн байх ба дээрх Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол болон тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.1.2.1-д ТУЗ-аас батлагдсан бүтцийн дагуу ажилтан сонгон шалгаруулах, ажилд, өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, цуцлах асуудлыг гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэх эрхийг гүйцэтгэх удирдлагад өгчээ.                                                                                           /хх-32-33, 43-47, 57 дугаар тал/

 

Тус компанийн гүйцэтгэх удирдлага бүтцийн өөрчлөлтөөр цөөрүүлсэн орон тоон дээр ажилтнуудын ажилласан байдал болон үр дүнгийн үнэлгээний хуудсыг харьцуулан 21 орон тоон дээр мэргэжлийн ур чадвар дадал дүй, ажилласан жилийг харгалзан үзэж үлдэх ажилтныг томилсныг буруутгах боломжгүй.                   /хх-58, 70, 87-106 дугаар тал/

 

Хариуцагч “Скаймедиа корпораци” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 022 тоот бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр IP сүлжээний газрын Fixed сүлжээний алба, Интернэт суурь сүлжээний хэлтсийн Сүлжээний инженер ажилтны орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Ц.Мөнхтулгад 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гардуулж гарын үсэг зуруулсан нь хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

      /хх-3 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Ц.Мөнхтулга “Скаймедиа корпораци” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б-02 тоот тушаалаар компанийн дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр IP сүлжээний газрын Fixed сүлжээний албаны сүлжээний инженер ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан гэрээг цуцалж сүлжээний инженерийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ц.Мөнхтулгад ажлаас халагдсаны тэтгэмжийг 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгосон үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.                                                     /хх-31 дүгээр тал/

 

Хариуцагч байгууллага Б-02 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Мөнхтулгыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолыг тус тус үндэслэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 11.4.1-д байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаалчилгаар цуцлахаар заасан ба нэхэмжлэгч Ц.Мөнхтулгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Мөнхтулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн тул шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Мөнхтулгад ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгч, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б-02 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул мэдэгдэлтэй танилцсан хугацааг буруу тогтоосон гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.      /хх-31/

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхтулга ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардан аваад 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Хариуцагч ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ажил хүлээн авсан гэж нэхэмжлэгч маргасан боловч тус компани нэхэмжлэгчид 2017 оны 01 дүгээр сард 1 373 034 төгрөг, 2017 оны 2 дугаар сард 226 667 төгрөгийн тэтгэмж болгож өгсөн тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч 25 ажилтан халагдсанаас үзвэл бөөнөөр халалт гэж үзэж 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэх гомдол үндэслэлгүй. Учир нь тус компани бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж орон тоо цөөрүүлснийг бөөнөөр халалт гэж үзэхгүй. Хэрэв тус компани эрх залгамжлалгүй татан буугдсан нөхцөлд бөөнөөр халалт гэж үзэх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                   

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ