Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 466

 

Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: О ХХК

         Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 516 дугаар шийдвэрийн “О” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Тус компани нь Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ сумын “Хар тал” нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр эзэмшиж байсан болно.

Нэхэмжлэгч “О” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль ёсны дагуу эзэмшиж, ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулж тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухайн жил бүр урьдчилан хуульд заасны дагуу төлж байсан.

Гэтэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэх үндэслэлээр манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Уг шийдвэрийг манай компанид албан ёсоор мэдэгдэж, танилцуулсан зүйл байхгүй бөгөөд бид энэхүү шийдвэртэй 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газарт очиж Кадастрын хэлтсийн мэргэжилтнээс асууж лавласнаар танилцсан болно.

Ийнхүү маргаан бүхий акттай албан ёсоор танилцахад төрийн захиргааны байгууллага нь дараахь хууль тогтоомжид нийцээгүй үйл ажиллагаа явуулж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Үүнд:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу “тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх мэдэгдэл”-ийг өгөөгүй буюу  “мэдэгдээгүйгээр” үл барам шууд 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 516 дугаар шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасан нь буруу. Улмаар мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцалсан тухай шийдвэрээ ч тусгай зөвшөөрөл эзэмшигчид огт мэдэгдээгүй нь хариуцагч төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд үл нийцсэн болохыг харуулна.

Түүнчлэн дээрх хуульд заасан журмыг зөрчсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл байгаагүй болохоо нотлох боломжийг манай компанид олгоогүй шууд тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг гаргасан нь илт хууль бус болсон.

2. Дээрх байдлаар хариуцагч байгууллага нь хуулийн процедурын зохицуулалтыг зөрчсөнөөс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.” гэсэн заалтыг зөрчиж буюу тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх хугацаа дуусгавар болоогүй байхад төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан нь илтэд хууль бус үйл ажиллагаа болсон.

Өөрөөр хэлбэл, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл, нөхцөл бүрдээгүй байхад ийнхүү цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарч байх тул бид Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 516 дугаар шийдвэрийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж байна.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Захиргааны байгууллага ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрээ манай компанид гардуулсан, хүргүүлэх зэргээр ямар нэгэн байдлаар огт мэдэгдээгүй бөгөөд 2009 оны цуцалсан шийдвэртэй холбогдох маргаан өнөөдөр гарч байгаа нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна.

Энэ тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй.” гэж заасан.

Манай компанийн зүгээс дээрх илт хууль бус шийдвэртэй танилцаад эс зөвшөөрч 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар албан тоотоор дээд шатны албан тушаалтанд хандсан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1/2282 албан тоотоор хариу өгснийг эс зөвшөөрч 6 хоногийн дараа буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаанд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан тул нэхэмжлэгчийн зүгээс цаг хугацаа алдсан зүйл байхгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.4-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Түүнчлэн дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбогдон хөөн хэлэлцэх хугацааны асуудал ялгаатай байдаг. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.”, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна.” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллагад болон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн зүйл байхгүй юм.

Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 516 дугаар шийдвэрийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“*******” ХХК-ийн шүүхэд гаргасан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг хүргүүлж байна.

Дорноговь аймгийн Эрдэнэ, Өргөн сумын нутаг “Хар тал” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-д 2007 оны 5 дугаар сарын 03-ны өдөр олгосон байна.

“*******” ХХК-аас тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаар шийдвэрээр тус компанид ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Мөн “*******” ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр уг тусгай зөвшөөрлийг “*******” ХХК-ийн нэр дээр шилжүүлж бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай 34 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөх үүрэгтэй. “*******” ХХК-аас ******* дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2009 онд төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хийгдсэн хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болно.

Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-аас 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 6-3332 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг “*******” ХХК-д явуулсан байна.

Энэхүү мэдэгдлийг ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа гаргаж өгсөн “Хуулийн этгээдийн тодорхойлолт” зэрэг бичиг баримтад заасан “*******” ХХК-ийн албан ёсны хаяг /Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь-Эх, Манбадацан 1-1 тоот/-аар хүргүүлсэн боловч “тухайн хаягт ийм компани байхгүй” гэсэн тул шуудангийн буцаалт хийгдсэн байсан. Нэхэмжлэгч шүүхэд мөн дээрх хаягаар нэхэмжлэлээ гаргасан байна. Иймд хариуцагч захиргааны байгууллага хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцалсан захиргааны актыг хүчингүй болгуулахаар 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газарт болон шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас уг хугацаа хэтэрсэн бол “ хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар заасан.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн тухайн үеийн болон одоогийн байгаа албан ёсны хаягаар тусгай зөвшөөрөл цуцлах мэдэгдлийг Ашигт малтмалын газраас хүргүүлсэн байх тул захиргааны байгууллагын ямар нэгэн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна.

Иймд “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь тус шүүхэд “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2009 оны 516 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд “*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилиийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэж үзэж, улмаар нэхэмжлэгчийн ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэгд, “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж  заасны дагуу мэдэгдэж, 56 дугаар зүйлийн 56.3-д заасан ажиллагааг явуулах боломжийг манай компанид олгоогүй шууд тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасан нь хууль бус”;

хоёрт, “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл, нөхцөл бүрдээгүй байхад ийнхүү цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хариуцагчийн гаргасан 516 дугаар шийдвэр илт хууль бус” гэж;

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь:

нэгд, “...Хариуцагчаас 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 6-3332 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг “*******” ХХК-д хүргүүлсэн боловч “тухайн хаягт ийм компани байхгүй” гэсэн тул шуудангийн буцаалт хийгдсэн байсан. Гэсэн хэдий ч нэхэмжлэгчийн тухайн үеийн болон одоогийн байгаа албан ёсны хаягаар тусгай зөвшөөрөл цуцлах мэдэгдлийг Ашигт малтмалын газраас хүргүүлсэн гэж үзнэ. Иймд захиргааны байгууллагын ямар нэгэн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байх тул хариуцагчийн 2009 оны 516 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй” гэж;

хоёрт, нэхэмжлэгч “*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн 2009 оны 516 дугаар шийдвэр хууль ёсны шийдвэр мөн” гэж маргажээ. 

Хариуцагчийн 2009 оны 516 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэснийг үндэслэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэж үзэж тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байх боловч тус 516 дугаар шийдвэр нь илт хууль бус шийдвэр байна.

Учир нь Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2009 оны 516 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хариуцагч төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид цуцлах болсон үндэслэлийн талаар:

нэгд, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.” гэж хуульчилсны дагуу мэдэгдэж;

хоёрт, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасан ажиллагааг явуулах боломжийг олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Хэдийгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6-1406 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” болон тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 6-3332 дугаар мэдэгдлүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигч “*******” ХХК-нд хүргүүлсэн гэх боловч тухайн мэдэгдлүүдийг нэхэмжлэгч компани хүлээн аваагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараахь баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

нэгд, Ашигт малтмалын газрын “Шуудангийн бүртгэлийн дэвтэр”-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч “*******” ХХК-д дээр дурдсан хариуцагчийн 2009 оны 6-3332 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг мэдэгдээгүй буцан ирсэн” талаар тэмдэглэсэн баримтаар;

хоёрт, Шуудангийн 49 дүгээр салбарын хариуцагчийн  “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2009 оны 6-1406 дугаар мэдэгдлийг “*******” ХХК-д мэдэгдээгүй болох талаар тэмдэглэсэн магадлагаа болно. 

Энэ нь хариуцагч төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэлийг “*******” ХХК-д мэдэгдээгүй гэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “мэдэгдэнэ” гэдгийг төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгох бөгөөд тухайн мэдэгдлүүдийг хүргүүлж, баталгаажуулаагүй атлаа хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Тэгэхлээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын “*******” ХХК-ийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 2009 оны 516 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэсэн заалтыг зөрчиж гаргасан захиргааны акт болох нь дээр дурьдсан хууль зүйн үндэслэл, хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт “захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан”-ыг ойлгоно. 

Иймд “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл, нөхцөл бүрдээгүй байхад ийнхүү цуцалсан хариуцагчийн 2009 оны 516 дугаар шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэгчийн эрхийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОЮУНГЭРЭЛ