Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 50

 

  


                                        

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Иргэдийн төлөөлөгч А.Золжаргал,
Хохирогч Б.О,
Хохирогч Ж.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Цын Ад холбогдох эрүүгийн 1819001640311 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
     
Монгол Улсын иргэн, 1992 оны ... дүгээр сарын ....-ны өдөр Дорноговь аймгийн ..... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, .. ажилтай, ам бүл 8, аав, ээж, 2 дүү, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн ......... сумын … дүгээр баг 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Цын А
 
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Ц.А нь 2016 оны 10-р сард Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дүгээр баг 0 тоот хохирогч С.Хийн байрны тагтны хаалтаар орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 3.800.980 төгрөгийн хохирол учруулсан,
           Давтан үйлдлээр 2016 оны 12-р сарын 15-ны өдрөөс 2016 оны 12-р сарын 16-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн ..... сумын ... дугаар баг 0 тоот хохирогч Ж.Гын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 2.823.940 төгрөгийн хохирол учруулсан,
           Давтан үйлдлээр 2017 оны 03-р сарын 23-ны өдрөөс 2017 оны 03-р сарын 24-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн ...... сумын ... дугаар баг 0 тоот хохирогч Э.Уийн байшингийн тагтны хаалгаар орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 4.735.000 төгрөгийн хохирол учруулсан,
              Давтан үйлдлээр 2017 оны 09-р сарын 24-ний өдрөөс 2017 оны 09-р сарын 25-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн ..... сумын ... дүгээр баг 0 тоот хохирогч С.Оийн орон сууцанд цонхоор нь нэвтэрч эд зүйл болон бэлэн 100.000 төгрөгийг хулгайлж 795.000 төгрөгийн хохирол учруулсан,
           Давтан үйлдлээр 2017 оны 10-р сарын 28-ны өдрөөс 2017 оны 10-р сарын 29-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн .... сумын ... дүгээр баг 0 тоот хохирогч Б.Дгийн байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
           Давтан үйлдлээр 2017 оны 11-р сарын 14-ний өдрөөс 2017 оны 11-р сарын 15-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн …. сумын ... дүгээр багийн нутаг Б.Огийн өрөөнд цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
             Давтан үйлдлээр 2017 оны 12-р сарын 06-ны өдрөөс 2017 оны 12-р сарын 07-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн .... сумын . дугаар баг 0 тоот хохирогч Ц.Чын байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,
           Давтан үйлдлээр 2018 оны 01-р сарын 03-ны өдрөөс 2018 оны 01-р сарын 04-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн ..... сумын ...  дугаар баг 0 тоот хохирогч Ж.Агийн байранд тагтны вакум цонхны поорчигоор дотогш нэвтэрч 4.184.600 төгрөгийн хохирол учруулсан,
           Давтан үйлдлээр 2018 оны 02-р сарын 01-ний өдрийн шөнө Дорноговь аймгийн....  сумын ... дүгээр баг 0 тоот хохирогч С.Тын байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 855.000 төгрөгийн хохирол учруулсан,
           Давтан үйлдлээр 2018 оны 02-р сарын 21-ний өдрөөс 2018 оны 02-р сарын 22-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн ..... сумын ...-р баг 0 тоот хохирогч Б.Бийн байшингийн цонхоор орон байранд нэвтэрч 660.000 төгрөгийн хохирол учруулсан,
      Давтан үйлдлээр 2018 оны 03-р сарын 15-ны өдрөөс 2018 оны 03-р сарын 16-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн .... сумын … дүгээр баг 0 тоот байшингийн гадаа байсан хохирогч Д.Мын эзэмшлийн ...... ДГА улсын дугаартай Альфард маркийн автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн хохирол учруулсан,
       Давтан үйлдлээр 2018 оны 03-р сарын 21-ний өдрөөс 2018 оны 05-р сарын 18-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн .... сумын .... дугаар баг 0 тоот хохирогч Б.Цгийн байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 605.000 төгрөгийн хохирол учруулсан,
       Давтан үйлдлээр 2018 оны 05-р сарын 31-ний өдрөөс 2018 оны 06-р сарын 01-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн .... сумын ... дүгээр багт байрлах Б.Огийн албан ажлын өрөөний цонхоор нэвтэрч зөөврийн компьютер хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
          Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

     Шүүгдэгч Ц.Аны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 01-р сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь бол сайн санахгүй байна. ...Нарлаг шанд хорооллын… 4 айлын улбар шаргал өнгийн хаусны хамгийн баруун талын айлын баруун хойд талын цонх хөшиг хаалттай хаалгыг нь чанга тогшсон чинь хүн гарч ирэхгүй болохоор нь баруун хойд талын булангийн нэг давхрын цонхны ирмэг дээр нь гишгэж байгаад дээшээ 2 давхрын тагтны бетоноос зүүгдэж авирч гарсан. …гацуур модон дээр байсан монгол мөнгө болон 200 гаруй юанийг авсан. …архи болон вискинүүдийг авсан ба 3 ширхэг нь виски, 1 ширхэг нь цагаан архи байсан. Тэдний нэрийг нь сайн мэдэхгүй байна. Мэдэж байгаагаар цагаан архи нь Absolute гэсэн нэртэй, виски нь Жак даниелс гэж байсан, нөгөө хоёрыг нь бол мэдэхгүй байна. Мөн стекний тавиур дээрээс дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, шар өнгийн даалинтай нэг жижиг цагаан хөөрөг, саарал өнгийн чулуун хөөрөг зэргийг авсан. ...хувцасны шкафнаас хар өнгийн цүнхтэй зургийн аппарат авсан..., ...2018 оны 02-р сарын 20-ны өдрийн дундуур яг хэдний өдөр гэдгийг одоо санахгүй байна. ...ягаан өнгийн 2 давхар хувийн хаус руу очсон. ...Тэгээд тэр айлын гадаа очоод зүүн хойд талынх нь цонхыг түлхэж үзсэн чинь онгойхгүй болохоор салхивчийг нь хагалаад дотогшоо орсон. ...LCD дэлгэцтэй дунд зэргийн хар өнгөтэй зурагт байсныг нь авсан. ...жижигхэн буфер, ...Dell брэндийн нөүтбүүк байсныг бас авсан. ...Эхлээд зүүн гар талын урд болон хойд дугуйг нь салгаад 2 гартаа сугадаад машин дээр очиж хажууд нь байсан амбаарын хажууд нь тавиад буцаж очиж нөгөө хоёр дугуйг нь авч машин дээрээ ирээд машиндаа хийсэн..., ...2017 оны 11-р сарын 14-ний өдрөөс 2017 оны 11-р сарын 15-ны өдөрт шилжих шөнө Үйлдвэрчний эвлэлийн хорооны байранд байх дарга Б.Огийн өрөөний цонхоор нь орсон юм. ...ширээн дээр нь улаан өнгийн зөөврийн компьютер харагдсан, түүнийг нь авсан...2017 оны 03-р сарын 23-ны өдрөөс 2017 оны 03-р сарын 24-ний өдөрт шилжих шөнө ...давхарлаж тавьсан аяганууд, гал тогоонд нэг том аяга байхаар нь авч цүнхэлсэн. ...зөөврийн компьютер байхаар нь авч үүрээд, хувцасны шкаф дотроос хуучин эрэгтэй хүний шар хүрэн мөнгөн бүс байхаар нь авсан, ...хар жижиг цүнхтэй дуранг авчихаад..., ...Одоогоос 2 жилийн өмнө ...шүүгээний доод шургуулганд хувцсанд ороосон 5-6 ширхэг мөнгөн аяганууд байхаар нь аваад цүнхэндээ хийгээд орсон цонхоороо буцаж гараад гадаа гарч зүүн талын хашааны буланд орхисон гутлаа өмсөөд аавынх руу явсан. ...2017 оны 10-р сарын сүүлээр ...Д багшийн гэр нь харанхуй гэрэлгүй байхаар нь ...цонхоор нь орохоор шийдсэн. ...давхарлаад тавьсан мөнгөн аяганууд, ...тоолоогүй авсан, мөн хүрэн өнгийн даалинтай хөөрөг байхаар нь аваад үүргэвчиндээ хийгээд буцаж цонхоор нь гараад гэр рүүгээ харьсан..., ...Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...хоёр шилэн хаалгыг татаж үзсэн чинь 4-5 ширхэг мөнгөн аяга, 1 сангриа дарс, 1 жак даниелс виски зэрэг байхаар нь аваад үүргэвчиндээ хийчихээд..., ...зүүн талын гал тогооны өрөөний вакум цонхыг нь түлхэж нээгээд дотогш орж хүн байгаа эсэхийг шалгахад хүнгүй байсан юм. Тэгээд би том өрөөнд ороод ...жак даниелс виски 1 ширхэг, мөн нэрийг нь мэдэхгүй цагаан архи 1 ширхэгийг авсан. ...цэнхэр өнгийн хайрцагтай эмэгтэй сваровски 3 хос байсан түүнийг авсан. Мөн стек дотор байсан 1 ширхэг мөнгөн аяга байсан түүнийг авсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 45-48-р хуудас, 1-р хх-ийн 81-р хуудас, 1-р хх-ийн 102-103-р хуудас, 3-р хх-ийн 222-223-р хуудас, 4-р хх-ийн 18-19-р хуудас, 5-р хх-ийн 30-31-р хуудас, 5-р хх-ийн 184-185-р хуудас/

Хохирогч Ж.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай гэрт 2016 оны 12 дугаар сард хулгай орсон. Мэдүүлгийг тухайн цаг үед цагдаагийн байгууллагад өгч байсан. Энэ хэрэг удаан хугацаагаар шалгагдсан. Шүүгдэгч худлаа хэлж байна. Энэ хүн зохион байгуулалттай хулгайн хэргийг хийсэн гэж үзэж байна. Хохирлыг барагдуулах талаар арга хэмжээ аваагүй. Манай байрны 4 айлд хулгай орсон байдаг. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй байна. Хэрэгтэй танилцахад өөрөө хэргээ хүлээсэн талаарх баримт байхгүй байна. Мөн олон удаа банкнаас зээл авсан байдаг юм билээ. Энэ зээлийг авахад орлогийн эх үүсвэрийг харж, шалгаж өгсөн байх ёстой. Тэгэхээр хулгайлсан эд зүйлээ өөр зүйлд хэрэглээд яваад байдаг юм болов уу гэж бодсон. ...хохирол 2.837.940 төгрөг гэж байгаа. Энэ нь хулгайд алдсан эд зүйлсийн мөнгө байгаа юм. Алга болсон нөүтбүүкэнд эхнэрийн маань эрдмийн ажил байсан. Өөрөөр хэлбэл докторын ажил болон өөрийнх хэрэгцээтэй бүх зүйлс байсан. Тэр бүгд алга болсон. Тэр нөүтбүүкийг өгчихвөл би хохиролгүй гэж хэлсэн ч болно...” гэсэн мэдүүлэг

        Хохирогч Ж.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 11 цагийн орчим манай дунд охин миний түрийвч дотор байсан мөнгө алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би гал тогооны өрөөнд ороод хартал манай гэрийн 8 ширхэг мөнгөн аяга, ханын шүүгээн дотор байсан манай эхнэрийн ээмэг бөгжний хослол, байшингийн 2 давхарт байсан саарал өнгийн макбүүк тус тус алдагдсан байсан... Манай охины түрийвчинд байсан 14.000 төгрөг алга болсон байсан. Монетон бүрмэл ээмэг 4 хос алга болсон гэж байцаалт өгсөн байсан тэр бол алга болоогүй юм... шинжээчийн дүгнэлтээр 2.823.940 төгрөгийн хохирол гэж гарсан байсан үүн дээр 14.000 төгрөгийг нэмээд 2.837.940 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 120-122 дугаар хуудас/

        Хохирогч Б.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А нь манай ажилтан байгаа юм. Миний өрөөнд 2 удаа орж хулгай хийсэн байдаг. Сүүлд зөөврийн компьютераа алдаад би өөрөө энэ хэргийг илрүүлсэн гэж үздэг. 2017 оны 11 дүгээр сард мөн албан байгууллагын компьютерийг алдсан. Тэр компьютерт миний 4 жилийн ажил, хөдөлмөр хадгалагдсан байсан. Би үйлдвэрчний хорооны дарга учраас хүний нэр төрд хамаагүй халдаж болохгүй гэж үзэж өөрийн зөөврийн компьютерийг ашиглъя гэж бодоод бүх ажлаа эхнээс нь хийж эхлэхэд мөн л алдсан. Гишүүдийн татвараар дахин нөүтбүүк авах хүндрэлтэй байна. Аны хувьд 2016 онд ажилд орсон гэх боловч уг хугацаанд энэ хүүхэд маш их өвдөж чөлөө авдаг байсан. Энэ хүүхэд 800000 гаруй төгрөгөөс 1000000 төгрөгийн цалин авч байсан байх ёстой. Үнэхээр ажлаа хийж байсан бол зээл төлөх боломжгүй байдал гарч ирэхгүй байсан байх. Мөн байгууллагын зургийн аппарат алга болсон. Шүүгдэгч миний компьютерийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч 650000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Харин албан байгууллагын алдсан эд зүйлсийн хохирлыг гаргуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг

   Хохирогч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний орой 17 цаг өнгөрч байхад ажлаас тараад өрөөний хаалга, коридорын гадна хаалганы хамт түгжиж цоожлоод харьж амарсан. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өглөөний 08 цагийн үед ажилдаа ирээд ажлынхаа байрны гадна хаалгыг нээж дотогшоо орж коридороор дамжиж өрөөнийхөө түлхүүрээр хаалгаа нээж ороход өрөөний цонх хагас нээлттэй ялаа шумуулны хамгаалалтын тор нь урагдсан байдалтай ширээн дээр байсан зөөврийн компьютер алга болсон байсан... өөр бусад эд зүйлс алдагдсан эсэхийг шалгахад шкаф дотор байсан Никон 2028 маркийн хэрэглэж байсан зургийн аппарат бас алдагдсаныг мэдсэн..., ...2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр... гарах үедээ ширээн дээр байсан нөүтбүүкээ унтрааж дэлгэцийг нь хаагаад цонхоо хаасан эсэхээ шалгаад гарцгаасан. Тэрнээс хойш өрөөндөө очоогүй ба 2018 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цаг 40 минутын орчимд ангийн даргын жолооч Г.Баттулга над руу залгаад таны өрөөний цонх чинь онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би шууд нөхөр Эрдэнэбаатарын хамт гэрээсээ гараад ажил дээрээ очоод өрөөний цонхыг гадна талаас харахад 4 хурууны зайтай онгорхой байсан ба би өрөөгөө нээгээд харахад ширээн дээр байсан нөүтбүүк байхгүй болохоор нь өрөөгөө хаагаад Замын 4-р ангийн диспетчер Соёлмаад хэлээд аймгийн Цагдаагийн газрын жижүүр рүү залгуулж дуудлага өгсөн. ...Миний хувийн өмч байгаа юм...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 248-249 дүгээр хуудас/

   Хохирогч С.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчим нөхөр хүүхдийн хамт Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны 55 дугаар байрны 31 тоотод байдаг гэрийн гадаа машинтайгаа ирээд зогсоход манай тагтны вакум хаалтны баруун талын поорчиг онгойсон байдалтай байсан... Тэгээд бид нар хулгай манай гэрт орсон байна гээд бүх үнэтэй зүйлээ бүртгэхэд... баруун талын өрөөний шүүгээгээ ухахад нүдэнд нь хадганд боолттой байсан улаан ягаан өнгийн шүрэн толгойтой зэс нуухтай зэс халбагатай цагаан өнгийн хаш хөөрөг байсан юм. Хэмжээний хувьд дунд гарын хуучны хөөрөг байсан... мөн миний бундантай саарал түрийвчинд байсан Америкийн нэгдсэн улсын мөнгөн дэвсгэрт болох 100 долларын дэвсгэрт 2 ширхэг, 50 долларын дэвсгэрт 1 ширхэг, 20 долларын дэвсгэрт 1 ширхэг. Мөн шар өнгийн шкафны шүүгээнд байсан миний өөрийн монетон гинж алдагдсан... мөн миний өөрийн эзэмшлийн xaouie гэсэн цагаан өнгийн утас хулгайд алдагдсан... Тэгээд нийт алдагдсан эд зүйлийн хохирол үнэлгээг нэмээд бодохоор 3.774.250 төгрөгийн хохирол учирсан гэж ойлгож болно...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 153-154 дүгээр хуудас/
 
    Хохирогч Э.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би ажлаа тараад Улаанбаатар хот руу 15 цагийн үед машинаар явсан... манай нөхөр Батбаяр 2017 оны 03 дугаар сарын 24-ний орой хөдөөнөөс гэртээ ирсэн гэтэл гэрт хулгай орсон байсан ба манайх уг байрны хамгийн баруун хойд талын булангийн айл ба манай 2 давхрын тагтны хаалга нээлттэй байсан гэсэн. Тэгээд манай нөхөр юмаа бүртгэж үзэхэд гэрт байсан эрэгтэй хүний мөнгөн бүс хэдэн лан мөнгө орсныг бол мэдэхгүй байна манай нөхрийн аав нь бүсэлж байсан бүс, урд толин дээрээ хээтэй тойроод 4 хүчтэнтэй 2000 онд 500,000 төгрөгөөр авч байсан, Gordon-94555 маркийн суурьтай дуран..., Sony маркийн зөөврийн компьютер..., солонгос монетон 3 хос..., турк монетон бөгж..., монетон кулон..., их гарын мөнгөн аяга 1 ширхэг..., дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг..., дунд гарын мөнгөн аяга 8 ширхэг..., жижиг мөнгөн аяга 1 ширхэг... эдгээр зүйлүүд алдагдсан байсан... Цагдаагийн ахмад Доржрагчаа надад манай алдсан дуранг үзүүлсэн яг мөн байна лээ. Харин дурангийн нүдээрээ хардаг хэсэг нь хагарчихсан байна. Одоо уг дуранг ашиглах боломжгүй болсон тул буцааж авахгүй. Бид нарын хувьд хулгайд алдсан зүйлийн үнэ нийт 4.735.000 төгрөгийг хулгай хийсэн хүнээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 245, 3-р хх-ийн 88 дугаар хуудас/

    Хохирогч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улаанбаатар хотоос шөнийн суудлаар ирсэн. Тэгээд буугаад 30-н айлын гаднаас машинаа аваад гэртээ иртэл цонх онгорхой байсан. Гадна хаалганы урд дөрвөлжин жижиг цементны хагархай байсан. Тэгээд цагдаа дуудсан. Саарал өнгийн түрийвч, голомт банкны зэс карт, бэлнээр 100.000 төгрөг хуримын эрэгтэй монетон бөгж, хүүхдийн даалинтай хөөрөг, хүүхдийн мөнгө цуглуулдаг жижиг авдар алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 131 дүгээр хуудас/

   Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед энэ хэрэгт би өөрийн төрсөн хүү болох Гантулгыг оролцуулж байсан юм. Гэтэл манай хүү Гантулга нарийн мэргэжлээр Улаанбаатар хотод 1 жилийн хугацаатай сургуульд явсан тул би өөрөө энэ хэрэгт албан ёсны хохирогчоор оролцох болсон тул мэдүүлэг өгч байна. ...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан юм... хулгайд алдагдсан аяга бол их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, манан хөөрөг, даалингийн хамт алдагдсан байсан... Миний хувьд хулгайд алдагдсан хөөрөг болон даалингаа үзлээ миний алдсан зүйл яг мөн байна. Тийм болохоор буцаан авсан хөөрөгний үнэ болох 50.000 төгрөгийг хасаад 1.950.000 төгрөгийг нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 227 дугаар хуудас/

   Хохирогч Ц.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...12 дугаар сарын 06-ны ...орой 22 цагийн орчимд хөдөөнөөс Сайншандад ирээд ...3 хүүхдээ аваад 23 цагийн орчимд гэртээ ирээд... унтсан... Манай эхнэр Батчимэг Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн галт тэрэгнээс Сайншанд суманд буугаад 02 цаг 10 минутын орчимд гэртээ ирсэн ба гэрт орж ирэхэд 1 давхрын өрөө сэрүүхэн болчихсон байхаар нь гал тогоонд байдаг хөргөгч, гал тогооны шүүгээний хажуугийн цонхны жижиг поорчиг нээлттэй байхаар нь хаасан гэж байсан... Хулгайд алдагдсан мөнгөн аяганууд гэвэл зургаагийн хэмжээтэй шинэ цагийн 4 ширхэг мөнгөн аяганууд байсан, 1 литрийн Сангриа дарс, 1 литрийн Жак даниелс виски байсан, эхнэрийн монетон ээмэг, гинж, мөнгөн ээмэг гинж кулонтойгоо байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 242 дугаар хуудас/

    Хохирогч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Б.Мөнхчулуун болон хоёр хүүхдийн хамт ...Улаанбаатар хот руу шинэ он гаргахаар яваад буцаж 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 04 цаг 30 минутын орчимд Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны гудамж Нарлаг шанд хороолол 52-5 тоотод байх гэртээ ирсэн гэрийн гадаа ирээд машинаасаа буугаад гэрлүүгээ орох гэтэл гражны хаалга нь хагас нээлттэй байхаар нь гайхаад гэрийнхээ хаалгыг нээж гэрлүүгээ ороод том өрөөнд байрладаг стек рүү харсан чинь мөнгөн аяга, 3-4 ширхэг архи, виски байхгүй болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан... 2017 оны 07 дугаар сард ...Номин электрониксийн салбараас Канон 70 Ди маркийн зургийн аппаратыг дагалдах хэрэгсэл болон хар өнгийн цүнхтэй нь 3.199.999 төгрөгөөр худалдаж авсан, шинэ цагийн долоогийн хэмжээтэй дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үеийн даваа толгойтой гартааман хөөрөг 1 ширхэг, хүүхдийн хуучин цагийн даваа толгойтой өөхөн чулуун хөөрөг 1 ширхэг, зүү ороож оёсон шар өнгийн хөөрөгний даалин 1 ширхэг, абсолют архи 1 литрийн 1 ширхэг, Сhatelle виски 700 мл 1 ширхэг, Ballantines виски 700 мл 1 ширхэг, Жак Даниелс виски 1 литрийн 1 ширхэг, бэлнээр 80.000 төгрөг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 200 юань зэрэг эд зүйл хулгайд алдагдсан... миний хувьд хулгайд алдсан жижиг хөөрөг болон өөрийн зүү ороож оёсон хөөрөгний даалингаа харлаа манай гэрээс алдсан жижиг хөөрөг болон хөөрөгний даалин мөн байна. Тэгэхээр жижиг хөөрөг болон хөөрөгний даалингаа буцаагаад авч байгаа болохоор эдгээрийн үнийг хасаад 3.854.600 төгрөгийн хохирол үлдсэн гэж ойлгож болно. Эдгээр мөнгийг хулгай хийсэн хүнээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 15-16, 2-р хх-ийн 3 дугаар хуудас/
 
     Хохирогч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ очиход манай гэрийн том өрөөний хөшигний цаана хүн байгаа юм шиг хөдөлчихсөн байхаар нь очиж үзэхэд том өрөөний хойд талын вакум цонхны доод талын салхивч нь онгойчихсон дотор талын жижиг түгжээ нь эвдэрчихсэн байсан... сервант дотор байсан дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга байхгүй болчихсон байсан... гэрийнхээ эд зүйлийг дахин бүртгэж том өрөөний сервантны зүүн талд байсан Жак даниелс виски 1 ширхэг эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, сваровски загварын эмэгтэй хүний ээмэг 3 хос, сваровски шилэн шигтгээтэй бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан... хулгай хийсэн хүнээс 855.000 төгрөгийн хохирлоо барагдуулаад авчих юм бол гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 35-36-р хуудас/    
 
         Хохирогч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 15-ны орой 02 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн ...... ДГА улсын дугаартай Альфард маркийн машинаа өөрийн байшингийн гадаа буюу урд цонхныхоо харалдаа тавьчихаад гэртээ орж унтаж амарсан... өглөө 06 цаг 51 минутанд ... байшингийн урд талд тавьсан байсан миний машины 4 ширхэг дугуй алга болчихсон машины доод талд дөрвөн талд нь тоосго эвчихсэн байсан... Миний дөрвөн ширхэг хулгайд алдагдсан дугуй дөрвүүлээ цайран обудтайгаа хулгайд алдагдсан. Цагдаагийн ахмад Доржрагчаа намайг саяхан дуудаад надад 2 ширхэг пакришка үзүүлсэн ба уг дугуй нь миний хулгайд алдсан дугуй мөн байсан ба гэхдээ элэгдэж дуусчихсан хуучирсан байсан юм. Миний хувьд уг автомашины 4 ширхэг обудтай дугуйгаа тухайн үед үнэлгээний газраар тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар нь үнэлүүлээд 560.000 төгрөгийн хохирол гарсан байсан. Миний хувьд энэ тухайн 2 ширхэг пакришкыг бол авахгүй. Хохирлын мөнгө 560.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 120-121, 2-р хх-ийн 4 дүгээр хуудас/

   Хохирогч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ирээд эргээд хөдөө явж нөхөр дээрээ очиж байж байгаад 2016 оны 05 сарын 18-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хувцасны шүүгээнд байсан дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга, өргөлийн жижиг мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 2 ширхэг, эмэгтэй мөнгөн гинж 2 ширхэг тус тус алдагдсан байсан... тухайн үед мэдүүлэг өгч байхад гэрт үлдээсэн байсан эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, /шинэ/, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг /хуучин/ эмэгтэй хүний мөнгөн гинж 2 ширхэг алдагдсан гэж мэдүүлэг өгч байсан юм. Гэтэл бүүр сүүлд хувцас хунараа янзалж байхад хувцсан дундаас дээрх мөнгөн гинжнүүд гарч ирсэн. Тэгэхээр 5 ширхэг мөнгөн аяга болон 1 ширхэг зэс аяга манай гэрээс хулгайд алдагдсан гэж ойлгож болно. Тухайн үед үнэлгээ гаргуулсан ба мөнгөн аяга болон зэс аяганы үнэ болох нийт 605.000 төгрөгийн хохирол учирсан гэж болно. Иймд хулгай хийсэн хүнээс дээрх хохирлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 149, 186 дугаар хуудас/
 
      Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02-р сарын 22-ны өдрийн өглөө манай найз цуг ажилладаг Б.Эрдэнэжаргал 7 цаг өнгөрч байхад утсаар залгаад танай байшингийн цонх хагарчихсан байна, хулгай орчихсон юм шиг байна, цонхоор чинь харахад зурагт чинь харагдахгүй байна гэж хэлсэн. 2018 оны 02-р сарын 21-ний өдрөөс 2018 оны 02-р сарын 22-ны өдөрт шилжих шөнө манайд хулгайч орсон байх... том өрөөний хананд тогтоосон байсан 32 инчийн хар өнгийн ВСВ брэндийн LCD дэлгэцтэй өнгөт зурагт, үүдний хажуу талын гутлын тавиур дээр байсан улаан хайрцагтай батарейтай зөөврийн гар дрилл, цагаан өнгийн тагтай хар канттай шаргал бариултай савтай багажны цуглуулга, ханын стекний шилэн шүүгээн дотор байсан дунд гарын ... мөнгөн аяга 1 ширхэг, 2 давхрын өрөөнд компьютерийн тавиур дээр байсан 14 инчийн хар өнгийн Dell брэндийн нөүтбүүк, 1 давхрын том өрөөний мөлхөө ханын тавиур дээр байсан хар өнгийн буфер спикерийг тус тус хулгайд алдсан. ...тухайн үед манай 1 давхрын том өрөөний вакум цонхны поорчигийг нь хагалж орсон байсан. Гэхдээ бид нарын зүгээс уг хагарсан цонхны шилийг үнэлүүлэхгүй. Түүний өртгийг нь бодож нэхэмжлэхгүй. Миний хувьд хулгайд алдсан эд зүйлсээс КЕН-ийн гар дрилл, багажны цуглуулга, буфер спикер зэрэг эд зүйлээ буцаан авлаа. Тэгэхээр би нийт учирсан хохирлоос буцаан авсан эд зүйлийн үнийг хасаад 520.000 төгрөгийг хулгай хийсэн хүнээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р хуудас/
   
         “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 11-р сарын 02-ны өдрийн ДГО 415 дугаартай үнэлгээ /1-р хх-ийн 164-р хуудас/
         “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн ДГО 491 дугаартай үнэлгээ /2-р хх-ийн 127-128-р хуудас/
         “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 05-р сарын 30-ны өдрийн ДГО 284 дугаартай үнэлгээ /3-р хх-ийн 157-р хуудас/
         “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 02-р сарын 26-ны өдрийн №ДГО 774 дугаартай үнэлгээ /1-р хх-ийн 90-р хуудас/
          “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 12-р сарын 09-ний өдрийн №ДГО 730 дугаартай үнэлгээ /4-р хх-ийн 1-р хуудас/
           “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 11-р сарын 19-ний өдрийн №ТХҮ6/18-035 дугаартай үнэлгээ /4-р хх-ийн 95-р хуудас/
           “Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 09-р сарын 26-ны өдрийн ДГО 694 дугаартай үнэлгээ /4-р хх-ийн 133-р хуудас/
           “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 01-р сарын 08-ны өдрийн ДГО 748 дугаартай үнэлгээ /1-р хх-ийн 29-р хуудас/
           “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 03-р сарын 08-ны өдрийн ДГО 788 дугаартай үнэлгээ /1-р хх-ийн 31-р хуудас/
           “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 03-р сарын 20-ны өдрийн ДГО 795 дугаартай үнэлгээ /1-р хх-ийн 125-р хуудас/
      “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 02-р сарын 06-ны өдрийн 18/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 45-р хуудас/
     “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 10-р сарын 31-ний өдрийн 166/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 213-р хуудас/
      “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 06-р сарын 12-ны өдрийн 104/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 248-р хуудас/
       “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 06-р сарын 05-ны өдрийн 108/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 237-р хуудас/
       Баянгол дүүргийн үнийн комиссын 2017 оны 11-р сарын 20-ны өдрийн эд зүйлсийн үнэлгээ /2-р хх-ийн 69-р хуудас/
      
       Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 10-13 дугаар хуудас/
      Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 79-86 дугаар хуудас/
       Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 147-150 дугаар хуудас/
            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 114-117 дугаар/
           Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 112-116 дугаар хуудас/
             Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 127-129 дугаар хуудас/
     Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 195-200 дугаар хуудас
     Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 24-26 дугаар хуудас/
           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 236-239 дүгээр хуудас/
      Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 27-32 дугаар хуудас/
      Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 145 дугаар хуудас/
      Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 221-225 дугаар хуудас/
           Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3-р хх-ийн 80-81-р хуудас/
           Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /3-р хх-ийн 218-р хуудас/
           Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 74-75-р хуудас/
            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 8-р хуудас/            
            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /5-р хх-ийн 67-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
 
Шүүгдэгч Ц.А нь 2016 оны 10-р сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Энхтайваны 55-31 тоот хохирогч С.Хийн байрны тагтны хаалтаар орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 3.800.980 төгрөгийн хохирол учруулсан,
           Давтан үйлдлээр 2016 оны 12-р сарын 15-ны өдрөөс 2016 оны 12-р сарын 16-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Нарлаг шандын 53-10 тоот хохирогч Ж.Гын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 2.823.940 төгрөгийн хохирол учруулсан,
           Давтан үйлдлээр 2017 оны 03-р сарын 23-ны өдрөөс 2017 оны 03-р сарын 24-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Нарлаг шандын 54-5 тоот хохирогч Э.Уийн байшингийн тагтны хаалгаар орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 4.735.000 төгрөгийн хохирол учруулсан,
              Давтан үйлдлээр 2017 оны 09-р сарын 24-ний өдрөөс 2017 оны 09-р сарын 25-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 127 дугаар байрны 1 тоот хохирогч С.Оийн орон сууцанд цонхоор нь нэвтэрч эд зүйл болон бэлэн 100.000 төгрөгийг хулгайлж 795.000 төгрөгийн хохирол учруулсан,
           Давтан үйлдлээр 2017 оны 10-р сарын 28-ны өдрөөс 2017 оны 10-р сарын 29-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Ганзамын 4-402 тоот хохирогч Б.Дгийн байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
           Давтан үйлдлээр 2017 оны 11-р сарын 14-ний өдрөөс 2017 оны 11-р сарын 15-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг Улаанбаатар төмөр замын харъяа Замын 4 дүгээр ангийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, хохирогч Б.Огийн өрөөнд цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
             Давтан үйлдлээр 2017 оны 12-р сарын 06-ны өдрөөс 2017 оны 12-р сарын 07-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Эрүүл мэндийн гудамжны 110-3 тоот хохирогч Ц.Чын байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,
           Давтан үйлдлээр 2018 оны 01-р сарын 03-ны өдрөөс 2018 оны 01-р сарын 04-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны гудамж Нарлаг шанд хороолол 52-5 тоот хохирогч Ж.Агийн байранд тагтны вакум цонхны поорчигоор дотогш нэвтэрч 4.184.600 төгрөгийн хохирол учруулсан,
           Давтан үйлдлээр 2018 оны 02-р сарын 01-ний өдрийн шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Ганзамын 4-451 тоот хохирогч С.Тын байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 855.000 төгрөгийн хохирол учруулсан,
           Давтан үйлдлээр 2018 оны 02-р сарын 21-ний өдрөөс 2018 оны 02-р сарын 22-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р баг Мянганы замын гудамж 2-11 тоот хохирогч Б.Бийн байшингийн цонхоор орон байранд нэвтэрч 660.000 төгрөгийн хохирол учруулсан,
    Давтан үйлдлээр 2018 оны 03-р сарын 15-ны өдрөөс 2018 оны 03-р сарын 16-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Ганзамын 418-4 тоот байшингийн гадаа байсан хохирогч Д.Мын эзэмшлийн ...... ДГА улсын дугаартай Альфард маркийн автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн хохирол учруулсан,
     Давтан үйлдлээр 2018 оны 03-р сарын 21-ний өдрөөс 2018 оны 05-р сарын 18-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Дүүдээбаатарын 1-42 тоот хохирогч Б.Цгийн байшингийн цонхоор орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 605.000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2018 оны 05-р сарын 31-ний өдрөөс 2018 оны 06-р сарын 01-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт байрлах Төмөр замын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, хохирогч Б.Огийн албан ажлын өрөөний цонхоор нэвтэрч зөөврийн компьютер хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулж, иргэдэд нийт 13 удаагийн үйлдлээр 23 156 790 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

            Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Аны үйлдлийг “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв. Учир нь шүүгдэгч Ц.А нь олон удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар  болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба Ц.Аны үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор өөрт нь үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын өмч хөрөнгө, эд зүйлсийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар ямар ч үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйлдэл юм. Нөгөө талаар шүүгдэгч Ц.А нь энэхүү олон удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэх үед Улаанбаатар төмөр замын 4 дүгээр ангид замчин ажилтай, тодорхой хэмжээний цалин орлоготой, амьжиргааны эх үүсвэртэй байсан болох нь 5 дугаар хавтаст хэргийн 37-45 дугаар хуудаст авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 4 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар хуудаст авагдсан орон сууц худалдан авах гэрээ, 3 дугаар хавтаст хэргийн 96-107 дугаар хуудаст авагдсан барьцаат зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. Харин хавтаст хэрэгт шүүгдэгч Ц.Аныг хулгайлах гэмт хэрэг үйлдэж амьжиргаагаа залгуулж, амьдралын эх үүсвэр болгосон гэх нотлох баримт авагдаагүй тул шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

            Иймд шүүгдэгч Х овогт Цын Аныг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Хохирогч С.Хт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3.774.250 төгрөг, хохирогч Б.Од гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.650.000 төгрөг, хохирогч Ж.Гад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.837.940 төгрөг, хохирогч Ж.Ад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3.854.600 төгрөг, хохирогч Б.Бид гэмт хэргийн улмаас учирсан хохирол 520.000 төгрөг, хохирогч Д.Мд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 560.000 төгрөг, хохирогч Э.Уд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4.735.000 төгрөг, хохирогч Б.Цд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 605.000 төгрөг, хохирогч Б.Дд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.950.000 төгрөг, хохирогч Ц.Чт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.020.000 төгрөг, хохирогч С.Тод гэмт хэргийн улмаас учирсан хохирол 855.000 төгрөг, хохирогч С.От гэмт хэргийн улмаас учирсан хохирол 795.000 төгрөг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч Ц.А төлж барагдуулаагүй байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аас 23.156.790 төгрөгийг гаргуулж хохирогч С.Хт 3.774.250 төгрөгийг, хохирогч Б.Од 1.650.000 төгрөгийг, хохирогч Ж.Гад 2.837.940 төгрөгийг, хохирогч Ж.Ад 3.854.600 төгрөгийг, хохирогч Б.Бид 520.000 төгрөгийг, хохирогч Д.Мд 560.000 төгрөгийг, хохирогч Э.Уд 4.735.000 төгрөгийг, хохирогч Б.Цд 605.000 төгрөгийг, хохирогч Б.Дд 1.950.000 төгрөгийг, хохирогч Ц.Чт 1.020.000 төгрөгийг, хохирогч С.Тод 855.000 төгрөгийг, хохирогч С.От 795.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.  

 Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө 76-24 УББ улсын дугаартай Subaru froser маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг пакришка, 1 ширхэг дуран, 76-24 УББ улсын дугаартай Subaru froser маркийн автомашиныг хохирол төлөх зорилгоор Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.  

 Шүүгдэгч Ц.Аны 2018 оны 11-р сарын 02-ны өдрөөс 2019 оны 03-р сарын 05-ны өдрийг хүртэл 123 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцохоор тогтоов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Аны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
 
2.Шүүгдэгч Х овогт Цын Аныг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад 4 жил хорих ял шийтгэсүгэй.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.        

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аны цагдан хоригдсон 123 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар битүүмжилсэн хөрөнгө 76-24 УББ улсын дугаартай Subaru froser маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины 2 ширхэг пакришка, 1 ширхэг дуран, 76-24 УББ улсын дугаартай Subaru froser маркийн автомашиныг хохирол төлөх зорилгоор Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аас 23.156.790 төгрөгийг гаргуулж хохирогч С.Хт 3.774.250 төгрөгийг, хохирогч Б.Од 1.650.000 төгрөгийг, хохирогч Ж.Гад 2.837.940 төгрөгийг, хохирогч Ж.Ад 3.854.600 төгрөгийг, хохирогч Б.Бид 520.000 төгрөгийг, хохирогч Д.Мд 560.000 төгрөгийг, хохирогч Э.Уд 4.735.000 төгрөгийг, хохирогч Б.Цд 605.000 төгрөгийг, хохирогч Б.Дд 1.950.000 төгрөгийг, хохирогч Ц.Чт 1.020.000 төгрөгийг, хохирогч С.Тод 855.000 төгрөгийг, хохирогч С.От 795.000 төгрөгийг тус тус олгосугай.

  9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
             

 

                                  ДАРГАЛАГЧ                    Х.ГАНБОЛД
                                    ШҮҮГЧИД                     Н.АДЪЯА
                                                                          Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ