Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 55

 

 

 


                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Нын Эөд холбогдох эрүүгийн 1919000480038 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн .... суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ........... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн .... сумын .. дугаар баг 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Нын Э /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 01-р сарын 04-ний өдрөөс 2019 оны 01-р сарын 05-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Виктория баарны гадаа хохирогч М.Оийн эрх чөлөөнд халдаж, түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
          Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.

     Шүүгдэгч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Маргаж байхад нэг эмэгтэй миний куртканаас татаад байхаар нь би түүнийг салгах гээд тохойгоороо хойш нь түлхсэн. Тэр эмэгтэй надад түлхүүлээд унах шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/
     Хохирогч М.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Мийг салгаад сугадаад аваад машиндаа суулгах гэж байхад Э гэх залуу Мийг “Ямар овоо муу гар вэ” гэж хэлээд миний цээж рүү гараараа 1 удаа түлхэхэд би хойшоо унахдаа цээжээрээ эргээд баруун гараараа тулаад унасан юм. Тэгээд босоод ирэхэд баруун гар шуугаараа өвдөөд эвгүй болчихсон байсан... Э гэх залуу нь намайг түлхэж унагаан гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-29-р хуудас/
     Гэрч М.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөгөө залуу араас над руу чиглээд ирсэн бөгөөд О дундуур нь орсон чинь тэр малгайтай курткатай залуу Оийн цээж рүү хүчтэй түлхээд газар унагаасан юм... О унахдаа хүчтэй саваад унасан юм... О түлхүүлээд унаж босч ирэхдээ гар эвгүй болчихлоо өвдөөд байна гээд баруун гараа бариад байсан. Бид нар тэндээсээ эмнэлэг ороод үзүүлэхэд гар нь гэмтсэн байна гээд шохойдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/
     Гэрч Д.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ингээд бид нар маргаж байгаад болиод машиндаа суугаад явахаар болоход О гар өвдөөд байна гар эвгүй болчихлоо сая намайг түлхээд унагаачихлаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/
     Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О нь найз эмэгтэйгийнхээ урдуур орсон чинь Э нь манай эхнэрийг гараараа түлхээд унагаасан. О уначихаад босохдоо баруун гараа бариад босоод ирэхээр нь би машинаасаа буугаад Эийг “чи яаж байгаа юм” гэхэд Э “чамд ямар хамаатай юм чи юу юм” гээд өөдөөс цохих гээд гараа далайснаа болиод цаашаа яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/
     Шинжээчийн 2019 оны 01-р сарын 11-ний өдрийн 02/049 дугаартай: “...М.Оийн биед баруун шуу ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/
      Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар хуудас/
           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 01-р сарын 04-ний өдрөөс 2019 оны 01-р сарын 05-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Виктория баарны гадаа хохирогч М.Оийн эрх чөлөөнд халдаж, түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
            Иймд шүүгдэгч С овогт Нын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
    Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
           Хавтаст хэргийн 69-р хуудаст хохирогч М.О нь “...Н.Этэй сайн дураар эвлэрсэн. Одоо бидний хооронд ямар нэгэн маргаан байхгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Н.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Нын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА