Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 25

 

           

 

 

 

 

 

 

 

Б.Батхуягт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Б.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ц.Раашзэвэг

Нарийн бичгийн дарга                 А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч, болон түүний өмгөөлөгч нарын гомдлоор эрүүгийн 2016 1900 0687 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харъяат, 1972 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сум, 4 дүгээр баг “Хүйс” гэх газарт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Хэнтий аймаг, Биндэр сум, 4-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 1. Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорьж шийтгэснийг Хэнтий аймгийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай захирамжаар 9 сар 3 хоногийн хугацааны өмнө тэнсэн сулласан, 2. Хэнтий аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 05 жил хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаартай захирамжаар 1 жил 10 сар 1 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148, 261 дүгээр зүйлийн 148.3, 261.1 дэх хэсэгт зааснаар 06 жил хорих ялаар шийтгүүлсэнийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 573/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148, 261 дүгээр зүйлийн 148.3, 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсүхийн Батхуяг /РД:СЖ72102617/.

 

Шүүгдэгч Б.Батхуяг нь 2016 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн О.Энхбаяраас авсан жижүүтэй хэт хутганы төлбөрийг өгөх зорилгоор өөрийн эзэмшлийн “Ба үсгэн” тамгайтай шарга морьтой Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутаг Дэлбэрхий гэх газраас иргэн Д.Мөнхтүшигийн 43 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 19.800.000 /арван есөн сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны 106 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Батхуягийг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батхуягийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Батхуягт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Батхуягийн цагдан хоригдсон 12 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ялтан Б.Батхуягт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Sanyo маркийн 42 инчийн телевизор, XPG52  маркийн угаалгын машин, Ssang yang маркийн 74-24 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 4 ханатай монгол гэр зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгож,

Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батхуягаас 14.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхтүшигт олгож, хохирогч Д.Мөнхтүшиг нь замын зардалд 1.355.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, ялтан Б.Батхуяг нь иргэний нэхэмжлэгч О.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлага болох 15.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Батхуягт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Б.Батхуягийг иргэн Д.Мөнхтүшигийн 43-н тооны адууг хулгайлж нийт 19 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр 2 жил 1 сарын хорих ял ногдуулж, 14 300 000 төгрөгийг гаргуулж Д.Мөнхтүшигт олгохоор шийдвэрлэсэн юм. Шийтгэх тогтоолын эдгээр заалтыг дор дурдсан үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:

  1. Миний үйлчлүүлэгч Б.Батхуяг 43 биш 38 тооны адууг тууж Хэнтий аймгийн Хэрлэн баян улаан сангийн аж ахуйн хойд талын Шинэ толгой гэдэг газарт байсан саравчинд хашиж хоноод морь, гүү, бага насны бүгд 15 адууг барьж бусад адууг нь хашаанаасаа гаргаж нутгых нь зүг туугаад орхисон гэж мөрдөн байцалт ба шүүх хуралдаан дээр тогтвортой мэдүүлдэг юм.
  2. Иргэн Д.Мөнхтүшиг цагдаад гаргасан өргөдөлдөө болон эхний удаа өгсөн мэдүүлгүүддээ 38 тооны адуугаа хулгайд алдсан гэж мэдүүлж байснаа 180 адуутай  бөгөөд адуугаа бүртгэж үзэхэд 5 адуу дутагдсан түүнийгээ тэр 38 адуутайгаа хамт алдсан мэтээр мэдүүлдэг юм. Энэ мэдүүлгээс үзвэл дутагдсан 5 адуу нь тэр хулгайлагдсан адуутай хамт алдагдсан гэж үзэх үндэслэл муутай билээ.
  3. Хашаанаас гаргаж явуулсан 23 тооны адууг буцаж нутаг, эзэндээ ирсэн гэж Д.Мөнхтүшиг ярьж байсныг Хуяг гэгч хэлдэг юм гэж Б.Батхуяг ярьдаг. Мөн тэр 23 тооны адуун дотор байсан хүрэн халзан гүү, шарга даагатай тэр нь эхээ хөхдөг байсан юм. Гэтэл энэ даага болон өөр хоёр, гурван адуу буцаж ирснээр Д.Мөнхтүшиг хэлж мэдүүлдэг юм. Тэгвэл эхээ хөхдөг даага эхээсээ салж ирэх ёсгүй энэ нь уг адуунууд нутагтаа буцаж ирсний нотолгоо мөн гэж Б.Батхуяг хэлж мэдүүлдэгээс нь үзвэл дээрх 23 адуу нь нутагтаа буцаж ирсэн байж болохоор байгаа юм.
  4. Алдагдсан гэх 23 тооны адуу нь нутагтаа буцаж ирсэн эсэхийг нотлох гол нотолгоо нь мал тооллогын 2014, 2015, 2016 оны жилийн эцсийн малын А данс билээ. Энэ дансаар эдгээр 3 жилийн адууны орлого, зарлагыг нарийвчлан тооцсоноор 2016 оны жилийн эцсийн тоогоор уг алдагдсан гэх адуунууд эргэж ирсэн эсэх нт тогтоогдоно. Тэгвэл мөрдөн байцаагчийн шатанд ийм ажиллагаа хийгдээгүй байна. Иймд дор дурдсан зүйлийг нэмэлт мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай байгаа тул Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 30-ны өдрийн 106 дугаар тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Батхуягт холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцааж дор дурдсан ажиллагааг хийлгэхийг хүсэж байна.

-Багануурын харъяат Хуягааг гэрчээр байцааж, Д.Мөнхтүшиг алдсан адууныхаа талаар хэдийд, хэрхэн, юу гэж ярьсныг тогтоох

-Шүүх эмнэлгийн шинжээчийг томилж Д.Мөнхтүшигийн 3 жилийн адууны орлого, зарлагыг тооцоолж 2016 оны эцэст төл болон нэгээс 4 насны ямар, ямар адуу байсныг тогтоолгох зэрэг ажиллагааг нэмэлт мөрдөн байцаалтаар хийлгэх хүсэлтэй байна” гэжээ.

Шүүгдэгч Б.Батхуяг давж заалдах гомдолдоо: Батсүх овогтой Батхуяг миний бие Хэнтий аймгийн Биндэр суманд 1972 оны 10 сарын 26-нд төрсөн.

Батхуяг миний бие нь 2016 оны 8 сард Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Дэлбэрхий гэдэг газраас шарга халзан азаргатай 38 тооны адууг хулгай хийж туугаад Хэнтий аймгийн Хэрлэн баян улаан сумын нутагт Ишгэн толгой гэдэг газар тууж аваачин тэндээ хашаанд хашиж адуун дотроос нь 15 тооны адууг ялган авч туугаад Хэрлэнгийн гол гаталж үлдээгээд буцаж ирэн хашаанд үлдээсэн шарга халзан азаргатай унага даага нийлсэн 23 тооны адууг нь Хэрлэн голыг өгсүүлээд туугаад орхисон. Тэгээд би ялгаж авсан 15 адуугаа тууж Дундговь аймгийн Цагаандэлгэр гэдэг суманд очин Чунагт гэдэг хүнд өгсөн.

Тэгээд би өөрөө 2016 оны 11 сард баривчлагдан одоо 145.2 гэсэн зүйл ангиар 2 жил 1 сарын ял авсан.

      Миний буруутай үйлдлээс болж иргэн Мөнхтүшиг хохирсон.

Иймд миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа нь үнэн.

Өргөдөл гаргах учир нь миний үлдээсэн шарга халзан азаргатай 23 тооны адуу нь нутагтаа ирсэн байна хэмээн хохирогч Мөнхтүшиг нутгийнхаа хүмүүст яриад явсан ба эдгээр адууг Мөнхтүшиг нь өөрөө Галуутаас хойшоо туугаад явж байгааг харсан хүн байгаа.

Иймд миний энэ үйлдсэн хэргийг дахин авч хэлэлцэж эдгээр шарга халзан азаргатай 23 тооны адууны учрыг олж үнэн зөвийг олж өгөөчээ гэж хүсч байна” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй  байна.

1.Хохирогч Д.Мөнхтүшигээс Төв аймгийн Цагдаагийн газарт хандан 2016 ны 08-р сарын 29-ны өдөр  бичгээр “...38 тооны адуу хулгайд алдагдсан тул яаралтай шалгаж өгнө үү”  гэж  /хх-5/ , дараа нь дахин бичгээр “... 43 тооны шарга халзан азаргатай адуугаа алдсан...хохиролгүй болгож өгнө үү... нийт 64 400 000 төгрөгийн үнэтэй адууг алдсан. Үүнээс 15 тооны  20 000 000 үнэтэйг олж авсан” /хх-6-7/, гэсэн хүсэлт гаргаж байжээ.  

Харин тэрээр мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 11-р сарын 25-ны өдөр  хохирогчоор байцаагдахдаа “...зээрд халзан сэтэртэй гүүний төл болох шарга халзан эр исэглэн даага нь эргээд ирсэн байгаа дээрх даага нь  эхийгээ хөхдөг болохоор салах учир байхгүй. Мөн хонгор халзан байдсан гүү нь ирсэн байгаа” гэж  хх-47/, шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн “танай адуу буцаж ирсэн үү” гэсэн асуултанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амгалан “Ирээгүй тийм зүйл байхгүй” гэж, шүүгдэгч Б.Батхуяг “...Надад Хуягбаатар гэдэг залуу зарим адуунууд нь гэртээ ирсэн гэж хэлсэн” гэж  тус тус мэдүүлжээ.

Дээрх байдлаас үзвэл алдагдсан гэх адуунаас хэдэн адуу буцаж ирсэн эсхүл ирээгүй  аль нь болох, даага болон хонгор халзан байдсан гүү буцаж ирсэн юм бол   эдгээрийг хасалгүйгээр хохирогч ямар учраас 28 тооны адууны төлбөр нэхэмжилж буй нь ойлгомжгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар мөрдөн байцаах ажиллагааны явцад бүрэн гүйцэт бодитойгоор шалгаагүй, хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80 дугаар зүйлийн 80.1.5.т  заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн тогтоогоогүй байна.

Нөгөөтэйгүүр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэн зөв тогтоох нь гэм буруутай этгээдээс хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэн, ямар хэмжээний үнийн дүнтэй төлбөр гаргуулахаар тооцон тодорхойлж хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. 

Иймээс хохирогчийн хулгайд алдсан гэх адуунаас хэдэн адуу буцаж ирсэн талаар   ажиллагаа хийвэл зохино.

2.Хохирогч Д.Мөнхтүшигээс Д.Амгаланд /төрсөн ах/ 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэл олгож нотариатчаар гэрчлүүлсэн, мөрдөн байцаагч түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол гаргасан  /хх-164,165/ байна.

Гэтэл  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болохоос өмнө Д.Амгалан нь 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоол /хх-70/, үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлтэй /хх-72/, танилцаж гарын үсэг зурсан, 2016 оны 12-р сарын 06-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт хүсэлт бичгээр гаргасан, 2016 оны 12-р сарын 06-ны өдөр хэргийн материалтай танилцаж, улмаар Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэлд гарын үсэг зурсан байна. /хх-157-158/

Үүнээс үзвэл хохирогчийг хууль ёсоор төлөөлөх эрхгүй Д.Амгаланг байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсан байна.

3. Шүүх тодорхойлох хэсэгтээ ямар нотлох баримт дээр тулгуурлан “...О.Энхбаярт мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан... гэсэн тайлбар гаргасан тул иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж”  гэсэн дүгнэлт хийсэн, энэ талаарх бичгийн  нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгч Б.Батхуяг, иргэний нэхэмжлэгч О.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлага болох 15 000 000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн “Багануур дүүргийн харъяат Хуягааг гэрчээр байцааж, Д.Мөнхтүшиг алдсан адууныхаа талаар хэдийд хэрхэн, юу гэж ярьсныг тогтоох”, шүүгдэгч Б.Батхуягийн “...миний үлдээсэн шарга халзан азаргатай 23 тооны адууны учрыг үнэн зөвөөр олж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, уг хэрэгт магадлалд дурдсан зөрчлүүдийг засуулах, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2, 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Төв аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.

  1. .Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн “...Багануур дүүргийн харъяат Хуягааг гэрчээр байцааж, Д.Мөнхтүшиг алдсан адууныхаа талаар хэдийд хэрхэн, юу гэж ярьсныг тогтоох” гэсэн, шүүгдэгч Б.Батхуягийн “...миний үлдээсэн шарга халзан азаргатай 23 тооны адууны учрыг үнэн зөвөөр олж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай. 
  2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Батхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Г.БОЛОРМАА

                            ШҮҮГЧИД:                                       Г.ТЭГШСУУРЬ

                                                                                  Т.ЭНХМАА