Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2020/0283

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б, Г.Х нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 88 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Г.Б, Г.Х нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Г.Б, Г.Х нар 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Х.А, З.Х нарт газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/543 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 88 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б, Г.Х нарын Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Х.А, З.Х нарт газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай” А/543 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Г.Б, Г.Х нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Г.Б, Г.Х нар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд 2007 оны зун 4x5 м хэмжээтэй зуны зуслангийн байшин барьж модон хашаа хатган гурван айлын хэмжээтэй газрыг зуслангийн зориулалтаар эзэмших болсон. Улмаар 2009, 2012 онуудад тухайн газартаа кадастрын зураг хийлгэн, Газрын тухай хуульд заасан бусад холбогдох баримтуудыг бүрдүүлэн газар эзэмших хүсэлтээ дүүргийн Газрын албанд гаргасан боловч “зуслангийн газрын зөвшөөрөл өгч эхлээгүй байна” гэж хүсэлтүүдийг хүлээж авалгүй буцаасаар байсан атлаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/543 дугаар захирамжаар Х.А, З.Х нарт эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх болон Газрын тухай хуулийг зөрчсөн шийдвэр болсон.

Нэхэмжлэгч нар 2007 оноос одоог хүртэл зуслангийн газраа ашигласаар байгаа ба энэ тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн зуслангийн манаач гэрчилсэн төдийгүй цахилгаан ашиглах гэрээ, өөрсдийн хувийн бичлэг зэргийг нотлох баримтаар өгсөн. Гэтэл гуравдагч этгээдүүд тухайн газар нэг ч удаа очиж байгаагүй. Шүүхээс хийсэн үзлэгийн явцад ч тухайн газрыг хашаалан эзэмшиж байгаа, тухайн газрын хөрш залгаа нэхэмжлэгч Г.Б нөхөр П.Г байшин байгааг тогтоогдсон.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын “Зургаа”-д газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгоход газар дээр нь очиж хээрийн судалгааны ажил хийгдэх бөгөөд бусдын газартай давхцаж буй эсэхийг тодруулж, тэмдэглэл үйлдэхээр заасан.

Гэтэл Х.А, З.Х нарт газар эзэмшүүлэхдээ дээрх ажиллагааг хийгээгүй, үүнээс болж нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газартай давхардуулан олгож, хууль зөрчин маргаан үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Мөн түүнчлэн Засаг дарга газар эзэмших өргөдлийг хуулийн дагуу 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх боловч бодит байдал дээр 2-3 сарын хугацаанд шийдвэрлэдэг атлаа гуравдагч этгээдүүдийн өргөдлийг 10 дахь хоногт нь шийдвэрлэсэн нь Газрын албаны хууль бус ажиллагааг илтгэж байгаа бөгөөд захиргааны акт нь бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй.

Иймд маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагад “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс “Сүхбаатар дүүргийн Засаг даргад газар эзэмших өргөдлөө өгч байгаагүй” гэж дүгнэсэн. Гэвч нэхэмжлэгч нарын өмнө нь өргөдөл гаргахад “зуслангийн газрын зөвшөөрөл өгч эхлээгүй байна” гэсэн үндэслэлээр материалыг хүлээн аваагүй, бүртгээгүй бөгөөд тухайн үед иргэдийн газар эзэмших өргөдлийг хүлээн авалгүй буцааж байсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн байхад “баримтгүй” гэдгээр үндэслэлгүй дүгнэсэн.

Мөн гуравдагч этгээд нар газраа эзэмшиж, ашигладаггүй байхад “газрыг үр ашигтай ашиглах” зарчим баримталсан нь ойлгомжгүй болсон бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд газрыг бодитойгоор үр ашигтай ашиглаж ирсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэгт авагдсан зарим нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг тодруулан шалгах шаардлагатай байхад холбогдох ажиллагааг хийгээгүй байх тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Эгч дүүс болох нэхэмжлэгчдээс маргаан бүхий газарт анх 2007 оноос нийтдээ 3 айлын хэмжээний газар хашаалж, 2009 онд газрын кадастрын зураг хийлгэсэн гэх бөгөөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2007 оноос хойших сансрын зургийг гаргуулах, мөн 2009 онд хийлгэсэн гэх кадастрын зургийг авах, ингэснээр үнэхээр 2007 оноос хойш одоогийн гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгч нар хашаалан эзэмшиж байсан эсэхийг тогтоох нь зүйтэй.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын маргаан бүхий 2015 оны А/543 дугаар захирамжаас үзэхэд иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулах болсон гол үндэслэл нь “тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдэд тухайн газрыг эзэмшүүлэхэд чиглэгджээ.

Гэтэл энэхүү захирамж гарах үед бодитоор газар эзэмшиж байгаагүй гуравдагч этгээд нарт тухайн газрыг эзэмшүүлэх болсон үндэслэлийг тодруулах, түүнчлэн 2015 онд газар эзэмшүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд чухам ямар шалтгаанаар өөрийн эзэмшил газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх асуудлыг зохих газарт /шүүхэд/ тавьж шийдвэрлүүлээгүй болох, 2016 онд энэ талаар нийслэлийн Газрын албанд гаргасан гэх хүсэлт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэнтэй холбогдох баримтуудыг цуглуулах;

-гуравдагч этгээд нараас 2015 оны 3 дугаар сарын 24, 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус газар эзэмших хүсэлт гаргахдаа хавсаргасан геодези, газрын зураглалын “А” ХХК-иар хийлгэсэн “огноогүй” кадастрын зургийг, өөрөөр хэлбэл яагаад огноогүй зураг хийсэн болох, мөн тухайн үед хашаа хатгаагүй тохиолдолд ямар хөдөлшгүй цэгийг үндэслэн энэхүү газрын кадастрын зураг хийсэн, хийлгүүлсэн болохыг дээрх компани болон гуравдагч этгээд Х.Ариунсайханаас тодруулах;

-гуравдагч этгээд Х.А бичгээр гаргасан тайлбартай холбогдуулан өмнө нь одоогийн нэхэмжлэлтэй адил шаардлага бүхий нэхэмжлэлийг П.Г гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх, мөн гэрч Б.О мэдүүлэгтэй холбогдуулан Х.А тухайн газрын урагшаа байрлах н.М гэдэг хүний эзэмшиж байсан газрыг авснаас мөн маргаан үүсч байсан гэх нөхцөл байдлыг тус тус тодруулан, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 88 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН