Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0088

 

 

 

 

 

 

2020 оны 2 сарын 04-ний өдөр                    Дугаар                               Улаанбаатар хот

                                                              128/ШШ2020/0088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нарыг оролцуулан Г.Б, Г.Х нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Г.Б

Нэхэмжлэгч: Г.Х

Хариуцагч: СБДЗД

Гуравдагч этгээд: Х.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Х.А, З.Х нарт газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/543 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б, Г.Х нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, Ш*******ын зусланд гурван айлын хэмжээтэй газрыг зуслангийн зориулалтаар эзэмших болсон. 2007 оны зун уг газарт 4x5 м хэмжээтэй зуны зуслангийн байшин барьж хашаалсан. Улмаар 2009 онд тухайн газартаа кадастрын зураг хийлгэн, Газрын тухай хуульд заасан бусад холбогдох баримтуудыг бүрдүүлэн газар эзэмших хүсэлтээ дүүргийн Газрын албанд гаргасан боловч “зуслангийн газрын зөвшөөрөл өгч эхлээгүй байна” гэж хүсэлтийг хүлээж авахгүй буцаасан. Мөн 2012 оны 05 дугаар сард хүсэлтээ өгөхөд “зөвшөөрөл өгөгдөж эхлээгүй тул хүлээж бай” гэсэн. 2007 оноос хойш бид зуслангийн газраа ашигласаар ирсэн бөгөөд цахилгааны асуудлаа мотор ашиглах, айлаас салаалах зэргээр шийдэж байсан. Харин 2012 оноос Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээтэй гэрээ байгуулан, щит тавьж гэрээний дагуу цахилгааны төлбөрөө төлсөөр байгаа болно. Мөн биднийг уг газарт 2007 оноос хойш амьдарч, зусландаа гарч байсныг ойр орчмын айлууд, зуслангийн манаач гэрчилнэ. Гэтэл манай газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/543 дугаар захирамжаар Х.А, З.Хгэдэг хүмүүст эзэмшүүлсэн болохыг мэдсэн. Дүүргийн Газрын албанаас “газрыг эзэмшүүлнэ, асуудлыг шийдвэрлэж өгнө гэсээр өдийг хүрсэн атлаа газраа нэг ч удаа очоогүй бусад хүмүүст эзэмшүүлсэнд гомдолтой байна. Дүүргийн Засаг даргаас захирамж гаргахдаа газар дээр очиж хээрийн судалгаа хийх, өмнө нь хүсэлт гаргаж байсныг тодруулах зэргээр бодит байдлыг тогтоогоогүйгээс хууль бус захирамж гарсан. Түүнчлэн З.Х*******, Х.А нар нь зуслангийн газраар байнга явж, судлан танил талаараа дамжуулан бусдын газрыг өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан луйвар хийдэг хүмүүс, хууль бусаар авсан хоёр айлын газраа буцааж өгсөн гэж хүмүүсээс сонссон  Х.А бид утсаар ярихад “та нар газрын гэрчилгээ гаргуулж чадахгүй, Наад газраа маргаангүй өгчихвөл, би нэг айлын газрын гэрчилгээ гаргуулж өгье” гэх зэргээр ярьснаас нь бид хүмүүсийн яриа үнэн болохыг ойлгосон. Мөн эдгээр хүмүүс нь 2015 онд газар эзэмших эрхтэй болсон боловч одоог хүртэл газарт очоогүй, ашиглаагүй байгаа. Нийслэлийн болон дүүргийн Засаг дарга нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/543 дугаар захирамжаар З.Х, Х.А нарт газар эзэмшүүлсэн гэж мэдэгдэж байгаа боловч бид одоог хүртэл тухайн захирамжтай танилцаагүй, захирамжаар бусад иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгосон эсэхийг мэдэх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг дээрх байдлаар гаргасан бөгөөд хариуцагчаас хариу тайлбар нотлох баримтуудыг ирүүлсний дараа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах боломжтой гэж үзэж байна. Иймд бидний олон жил амьдарч эзэмшсээр ирсэн, эзэмших хүсэлтээ гаргаж байсан газрыг бусдад хууль бусаар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар болох Г.Б, Г.Х нар нь төрсөн эгч дүү нар байгаа. Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо Ш*******ын зусланд 2007 оноос амьдраад зуслан дээр зусаад заримдаа өвөл ирдэг байгаа. Газар дээр нь 4/5 хэмжээтэй зуслангийн байшинтай ба нөхрийнх нь нэр дээр байдаг. Энэ байшин нь Г.Б нөхөр болох н.Г нэр дээр байдаг. Маргаж байгаа газар нь гурван айлын газар ба дээр нь байшин бариад, жижиг хайсаар хашаа барьсан, тухайн газрын манаач нь гэрчээр оролцсон. 2007 оноос хойш амьдарч эхэлсэн. Гэрч мэдүүлэхдээ Тухайн газарт зундаа ирдэг ба хааяа өвөл ирдэг, зундаа гэр бариад буудаг ба гэрийх нь буйр нь байдаг гэж мэдүүлсэн байдаг. Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу үзлэг хийхэд энэ бүхэн тодорхой харагдаж байгаа. Нэхэмжлэгч нар нь 2007 оноос хойш энэ газар дээр амьдарч байгаа. Гэтэл энэ үед 2009 онд кадастрын зураг хийлгээд бичиг баримтаа бүрдүүлээд газрын албанд хандаж байсан. Засаг захиргааны байгууллагад хандаагүй биш хандах үед нь Засаг даргаас зуслангийн газар зөвшөөрөл өгч эхлээгүй байгаа түр хүлээж бай гэдэг байдлаар хариу өгдөг байсан. Бичиг баримтыг нь хүлээж авдаггүй байсан. Ингэж амьдарч явсаар 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гуравдагч этгээдүүд болох Х.А, З.Х нарт тухайн маргаан бүхий газар дээр захирамж гаргаад эзэмшүүлсэн байна гэдийг мэдээд Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандахад шүүхээр шийдвэрлүүлээрэй гэсэн хариу өгсөн учир шүүхэд хандсан байгаа. Энэ нь маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/543 дугаар захирамжийн Х.А, З.Х нарт холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасан эзэмших хүсэлт гаргаж байгаа газар нь эзэмшилдээ авах газар нь бусдын газартай давхцалгүй байх ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Бодит байдал дээрээ 2007 оноос амьдраад хашаа, байшингаа барьсан буюу бодит эзэмшил бий болсон газрыг бусдад олгосон нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын баталсан Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журам нь одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Үүнд газар эзэмших хүсэлт гаргасан иргэний хүсэлтийг хүлээж аваад эхний ээлжид бичиг баримтын хүрээнд судалсны дараа хээрийн судалгаа хийнэ гэсэн байдаг. Хээрийн судалгаа хийж байгаа бол хүсэлт гаргасан газар дээр нь очиж бодит байдал ямар байгаатай танилцаж, шаардлагатай бол тэмдэглэл хийж, хажуугийн айлуудаас нь тайлбар авч тэмдэглэл үйлдэх ёстой гэж дээрх журмын 6 дугаар зүйлд заасан байгаа. Гэтэл энэ журмыг зөрчсөн гэдэг нь илэрхий байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэдийн өргөдөл, гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж хуулинд заасан байдаг ч жил болох тохиолдол байдаг гэж хэлсэн . Гуравдагч этгээдүүдийн материалыг харахад 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөдлөө өгөөд 12 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмшүүлэх захирамж нь гарсан байдаг. Яг хууль ёсны дагуу процессоо дамжаад захирамж нь гарах хугацаа байдаг гэдэг нь харагдаж байна. Хавтаст хэргээс харахад мөн өргөдөл дээрх гарын үсэг зэргийг харахад нэхэмжлэгч нарын эзэмшдэг газарт өөр хүнд давхцуулан олгосныг нэхэмжлэгч нар нь ченжүүд ба газрыг авчхаад цааш нь худалдан борлуулдаг гэсэн гомдолтой байгаа. Тэгэхээр бичиг баримтуудыг харахад энэ хардлага байж болохоор гэж ойлгогдож байна. Хариуцагчийн хариу тайлбарт хандаж хэлэхэд газрын эрх нь гэрчилгээ дээр үндэслэнэ гэж байгаа хэдий ч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар ямар нэгэн давхцалгүй байна гэсэн байдаг. Газар эзэмшил нь хууль ёсны гэрчилгээтэй байна гэдэг байдлаар ойлгогдохгүй гэж үзэж байна. Учир нь бодит байдал нь захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа анхаарах асуудал юм. Үүний үндсэн дээр бодит шийдвэр гарч байж хуулийн дагуу хэрэгжээд явах ёстой. Маргаан бүхий актууд нь Х.А, З.Х нарт холбогдох газар эзэмшүүлэх захирамж нь бодитой шийдвэр болоогүй. Захиргааны байгууллага бодит байдал дээр үндэслэн хэрэгжүүлэх зарчмыг зөрчиж байгаа. Иймд удаан хугацааны турш газраа ашиглаж, эзэмшээд явж байгаа иргэд маань захиргааны байгууллагад хандаад газрын асуудлыг шийдвэрлэж өгнө гэж захиргааны байгууллагад итгэж өдийг хүртэл явсны дараа ийм шийдвэр гарсан учир шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нар нь 2007 оноос хойш өнөөдрийн хүртэл уг газарт амьдарч эзэмшиж байсан гэдэг боловч одоог болтол уг маргаан бүхий Сүхбаатар дүүргийн *******-р хороо, Ш*******ын зуслангийн газрыг эзэмших захирамж болон газрын гэрчилгээ гаргуулж аваагүй байна. Газрын тухай хуульд тусгасны дагуу хэн түрүүлж газар эзэмшихээр өргөдөл гаргаж, холбогдох бичиг баримтыг бүртгүүлсэн байна тухайн этгээд уг газрыг эзэмшихээр заасан байдаг. Иймд иргэн З.Х*******, Х.А нарт дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/543 дугаар захирамжаар уг газрыг эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч нар нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл манай дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт өгч байсан ямар нэгэн баримт архивт байхгүй болно. Харин нэхэмжлэгч нар 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд уг маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан байсан. Тухайн үед уг газар нь иргэн З.Х, Х.А нарын эзэмшлээр бүртгэгдэж, дүүргийн Засаг даргын захирамж гарсан байна. Иргэн Г.Б, Г.Х нарын нэхэмжлэлтэй уг хэрэгт 2007 оноос хойш уг маргаан бүхий газарт бодит эзэмшилд шилжихээс гадна байшингийн гэрчилгээ нь Г.Б нөхөр болох н.Га нөхрийн дээрх гэрчилгээг нотлох баримтаар өгсөн. Гэхдээ байшингийн гэрчилгээ гарсан гээд тухайн газрын эзэмшигч нь Г.Б, Г.Х нарынх гэсэн үг биш ба тухайн газар хууль ёсны эзэмшигч гэдгийг нотлохгүй.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар бүрдлийг бүрдүүлэн анх дүүргийн Газар зохион байгуулалтын газар зохион байгуулагчид хандах ба хамгийн эхэлж хандсан этгээдэд тухайн газрыг олгох үүрэг нь захиргааны байгууллагад байдаг.  Нотлох баримтаар өгсөн бичлэгээс харвал 2007 оноос хойш тухайн газарт нэхэмжлэгч нар нь амьдарч байсан гэдэг нь харагддаг. Гэхдээ тухайн газарт амьдарснаараа газрын эзэмшигч болно гэсэн үг биш. Х.А, З.Х нарт 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/543 дугаартай захирамжаар газар эзэмшүүлсэн байна. Уг захирамжийг үндэслээд гэрээ, гэрчилгээ хийгдсэн.

Газар эзэмшүүлэх захирамжийн төсөл надад ч мөн адил орж ирдэг тухайн газрыг хүсч байгаа иргэн газрын материалд өгөх бүрдүүлбэрийн шаардлага хангаж байна уу гэдгийг хамгийн эхэнд шалгадаг. Дараа нь хуулийн дагуу олгогдож байна уу гэдгийг шалгадаг. Харин өмнө нь гомдол гарсан эсэхийг шалгах боломжгүй байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийг дурдаж байна. Дээрх журмын 6 дугаар зүйлд Газар зохион байгуулалтын чиг үүргийн талаар заасан байдаг. Мөн хээрийн судалгааны талаар ярьж байна. 2017 оны 10 дугаар сараас газрын хээрийн судалгаа хийгдээд одоо жигдэрч байгаа ба хээрийн судалгаа, суурин судалгааг 2017 оноос хийж тэмдэглэл үйлдсэн байхыг шаарддаг болсон. Маргаан бүхий захирамж нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийнх байгаа. Тухайн үед хээрийн болон суурин судалгаа гэдэг зүйл байгаагүй. Газар давхацсан гэж үзэх тохиолдол нь тухайн хоёр этгээд маань хоёулаа захирамжаар авсан байхыг ойлгодог. Бодит байдал дээр амьдарч байгаа гэдэг нь тухайн газрын эзэмшигч гэдгийг тогтоохгүй харин захиргааны байгууллагаас тухайн актаар хууль ёсны гэдгийг баталсан баримт бичиг нь эзэмшигч мөн эсэхийг тогтоодог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Х.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Г.Б, Г.Х нарыг миний бие өмнө нь харж байгаагүй. Маргаан бүхий Ш******* дахь зуслангийн газартай ямар холбоотой болохыг мэдэхгүй байна. Хэргийн материалд тэр талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Миний  таамаглаж байгаагаар Ш******* дахь зуслангийн газрын зэргэлдээ газрыг Ц.Ц******* гэх хүнд зарсан П.Г******* гэх хүнээс зуслангийн газар худалдаж авна гэж мөнгө өгч залилуулсан байх гэж бодож байна. Учир нь П.Г*******, Г.Б, Г.Х нарын олон жил амьдарсан гэх зуслангийн байшингийн зураг нь П.Г*******ийн Ц.Ц******* гэх хүнд зарсан газар дээр байсан байшин байна. Уг байшин нь зуны модон байшин байсан олон жил хүн амьдарч байгаагүй тог цахилгаан байнга төлж өвөлжих боломжгүй байшин юм. Мөн Г.Х, Г.Б нарын цахилгааны дэвтэр нь манай зуслангийн газартай огт хамааралгүй бөгөөд маргаан бүхий газар дээр цог цахилгаан татагдаагүй байгаа. Манайхыг 2015 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд өргөдөл өгч зөвшөөрөл авах үед П.Г нь манай баруун залгаа газарт зуслангийн байшин барьж байсан. Гэтэл биднийг зөвшөөрлөө авч хашаагаа барих гэтэл П.Г хөлсний ажилчдыг хөөж явуулсан байсан тул бид Сүхбаатар дүүргийн Газрын албан дээр П.Г******* болон түүний эхнэртэй таарч, маргалдаж байхад байцаагч Х.А, З.Х нар нь албан ёсны зөвшөөрөлтэй юм байна. П.Г та манайд ямар нэгэн өргөдөл, хүсэлт өгч байсан баримт байхгүй тул шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүлнэ үү гэж байсан. Үүний дагуу П.Гшүүхэд өргөдөл өгсөн боловч хэрэгсэхгүй болгосон байсан. Намайг байнга дарамталж хашаа бариулахгүй байсан тул би 2016 оны 10 сард Нийслэлийн Газрын албанд гомдол гаргаж шалгуулахад таньд ямар ч зөрчил байхгүй тул хашаа байшингаа барьж болно гэсэн хариуг цахимаар өгсөн боловч өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшлийн газарт хашаа барьж чадахгүй байсаар аав З.Х маань 2016 онд нас барсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэл гаргагч нараас шүүхэд хандан “Х.А, З.Х нарт газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/543 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба уг нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй болно.

          Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар нь захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтанд зохих ёсоор газар эзэмших тухай хүсэлт гаргасаар байтал бидэнд олгохгүйгээр маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлсэн нь хууль хүн бүрт тэгш үйлчлэх, шударга байх талаарх Газрын тухай хуульд заасан зарчмууд зөрчигдөж байгааг дурдаж, маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/543 дугаар захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсч байгаа бол, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд захиргааны байгууллага шийдвэрээ гаргасан, хууль зөрчөөгүй хэмээн мэтгэлцэж байв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хууль болон журамд заасны дагуу газрыг эзэмшсэн, харин одоо өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэхэмжлэгч нар нь хууль зөрчих замаар хөндөж байгааг буруутган, нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний өмнө гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзсэн болно.

Нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай” А/543 дугаар захирамжийн иргэн З.Х*******, Х.А нарт холбогдох хэсгийг маргаан бүхий захиргааны актаар[1] тодорхойлсон, уг захиргааны акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10/43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гарч, захирамжийн хавсралтын 148, 149 дугаарт иргэн Х.А, З,Х нарт тус бүр 700 м.кв газрыг Ш******* гэх газарт 15 жилийн хугацаатайгаар, зуслангийн зориулалттайгаар өргөдлийн 7290, 7291 дугаарт бүртгэгдсэнээр эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч Г.Б, Г.Х нар нь 2009 оноос хойш удаа дараа газар эзэмших хүсэлтээ дүүргийн Засаг даргад хандан гаргаж байсан талаар тухайлбал, 2009, 2012, 2015 онд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргаж байсан гэх боловч шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Газрын албанд явуулсан бичиг баримтын үзлэгээр[2]  энэ талаарх ямар нэгэн баримт, газар эзэмших талаар хүсэлт гаргаж байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрын талаар газар эзэмших эрх үүссэн, газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх талаар хүсэлт гаргаж байсан гэх бичгийн нотлох баримт байхгүй байгаа нь хариуцагч захиргааны байгууллагыг нэр бүхий иргэд тэр дундаа нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй байж өөр иргэнд /З.Х, Х.А/ газар эзэмшүүлсэн байна гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Тодруулбал, маргаан бүхий газар нь Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо Ш*******ын зусланд байрлах ба шүүхийн газрын үзлэгээр[3] зарим талаараа жижиг явган хашаагаар хүрээлэгдсэн /нэхэмжлэгч Г.Б нөхөр барьсан гэх тайлбартай/ дотроо 47 ширхэг ургаа мод бүхий, байшин барилга баригдаагүй, нэхэмжлэгч нар нь зундаа гэр барьж байрладаг, гэрийн буурь нь байгаа гэх тайлбартай байна. Харин бичиг баримтын үзлэгээр[4] нэхэмжлэгч Г.Б, Г.Х нараас өмнө гуравдагч этгээд Х.А, З.Х нар нь тухайн маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлт гаргасан, газар эзэмшүүлэх Засаг даргын захирамж тэдний нэр дээр гарч, нэгж талбарын дугаар бүхий газар эзэмшдэг болох нь тогтоогдож байна. Энэ тохиолдолд хариуцагчийн талаас журмын дагуу бүрэн эрхийн хүрээнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж байгаа бол, гуравдагч этгээд талаас газар эзэмших эрхээ зохих ёсоор эдэлж чадахгүй байна гэх тайлбартай байна.

Шүүхийн зүгээс нотлох баримтаар шаардсанаар нэхэмжлэгч нарын “Э*******” ХХК-иар 2012 оны 5 дугаар сарын 9 болон 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хийлгүүлсэн газрын кадастрын зургийг[5] хариуцагч Засаг даргын захирамжаар эзэмшүүлж, гэрчилгээ олгогдсон гуравдагч этгээд Х.А нэгж талбарын 1864******* дугаар бүхий, З.Хасбаганы нэгж талбарын 186443******* дугаар бүхий кадастрын зурагтай хэрхэн давхцаж байгааг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2/159 дугаар албан бичгээр[6] гаргаж ирүүлэхдээ: “Нэгж талбарын 1864******* дугаар бүхий 699 м.кв газартай иргэн
Г.Б 2015 оны 08 дугаар сарын 11-нд үйлдсэн газрын байршлын
кадастрын зурагтай 184 м.кв талбайгаар;

Нэгж талбарын 1864******* дугаар бүхий 699 м.кв газартай иргэн
Г.Х 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн үйлдсэн газрын
байршлын кадастрын зурагтай 164 м.кв талбайтайгаар;

Нэгж талбарын 1864******* дугаар бүхий 699 м.кв газартай иргэн
Г.Б 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн газрын байршлын кадастрын зурагтай 21 м.кв талбайтайгаар тус тус давхцаж байна.

Өөр иргэний /З.Х/ нэгж талбарын 186443******* дугаар бүхий 699 м.кв талбайтай газартай иргэн Г.Б, Г.Х нарын “Э Э П Э” ХХК-ийн үйлдсэн 700 м.кв талбайтай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн газрын байршлын кадастрын зургуудтай давхцалтай байна” гэжээ.

Дээрх байдлаас дүгнэн үзэхэд, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх талаарх бүрэн эрхүүдийг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар дүүргийн Засаг даргад олгосон, тухайлбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д: “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг ... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэнд ... эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх ...”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д: “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.3-д: “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, мөн зүйлийн 27.4-т: “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т: “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар маргаан бүхий захиргааны актыг хариуцагч Засаг дарга хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд дээрх хуульд заасны дагуу гаргасан, нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн баримтгүй байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн газрын кадастрын зурган мэдээлэлд регистрийн ЕТ7403*******06 дугаар, регистрийн ЧИ дугаартай иргэд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус албанд газар эзэмших хүсэлт гаргасан боловч давхцалтай учир өргөдөл хүсэлт шийдвэрлээгүй байна. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/543 дугаар захирамжаар маргаан бүхий газар нь З.Х*******, Х.А нарын иргэний нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн ба өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй гэх нотлох баримтаас үзвэл, гуравдагч этгээд З.Х******* регистрийн ХБ дугаар, Х.Ан регистрийн ХБ гэх дугааруудаар тус тус газар эзэмших эрх газрын мэдээллийн санд баталгаажиж, харин нэхэмжлэгч нарын нэр дээр ямар ч мэдээлэл гараагүй байна. Иймд нэхэмжлэгч нарыг газрыг өөрийн мэдэлд байлгаж бодтойгоор эзэмшиж байгаа гэх үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй, гуравдагч этгээд З.Х, Х.А нарын эрхийг буюу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д: “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхийг нь шууд хөндөхөөр”, тэрчлэн мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан “газрыг хуульд заасан нөхцөл журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших” зарчим алдагдахаар байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч талын “бид анхнаасаа гурван айлын газар аваад нөхөр П.Г нэр дээр газар эзэмших эрх гарч, улмаар Ц.Ц газар эзэмших эрхээ шилжүүлсэн, тог цахилгаан татуулсан, манаачид зардал төлдөг” гэх үйл баримтууд нь нэхэмжлэгч нарыг газар эзэмших эрхтэй гэдгийг нотлохгүй бөгөөд энэ тохиолдолд эрхийн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Хүчин төгөлдөр гэрчилгээгүй аливаа этгээд газрыг эзэмшихийг хориглоно” гэх заалт шаардлагын дагуу хамгаалагдах эрх байхгүй, хариуцагчийг заавал нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлэх байсан, маргаан бүхий акт нь хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгч Г.Б урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч Г.Х нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.

1.  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б, Г.Х нарын Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Х.А, З.Х нарт газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай” А/543 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН

 

 


[1] Хавтаст хэргийн 75-76-р хуудас

[2] Хавтаст хэргийн 132-144-р хуудас

[3] Хавтаст хэргийн 116-127-р хуудас

[4] Хавтаст хэргийн 132-134-р хуудас

[5] Хавтаст хэргийн 7-9-р хуудас

[6] Хавтаст хэргийн 153-157-р хуудас