Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01366

 

Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 295 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/000085 дугаар магадлалтай,

Х-ын нэхэмжлэлтэй,

М.М, К.С нарт холбогдох,

зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт 40.407.275 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М.М, К.С нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч ХААН банк Баян-Өлгий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.М, К.Снар нь ХААН банкны Баян-Өлгий салбарын Ховд гол тооцооны төвөөс 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 201542289717 тоот зээлийн гэрээ байгуулан 45.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 2016 оны 06-р сарын 16-ны өдөр 201642668660 тоот зээлийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 22,8 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай авсан. Зээлдэгч М.М нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу 16.691.472 төгрөгийн үндсэн зээл, 10.512.428 төгрөгийн зээлийн хүү нийт 27.203.900 төгрөг, 2016 оны 06-р сарын 16-ны өдрийн зээлээс 2.642.775 төгрөгийн үндсэн зээл, 1.253.233 төгрөгийн зээлийн хүүг нийт 3.896.008 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Иймд 2015 оны 05-р сарын 18-ны өдөр, 2016 оны 06-р сарын 16-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар хоёр зээлийн нийлбэр дүн 40.407.275 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 424.986 төгрөг, нотариатын хураамж 23.700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.М, К.С нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид тус банкны байнгын харилцагчид бөгөөд өмнө нь удаа дараа зээл авч хугацаанд нь төлж байсан. Хамгийн сүүлд нь авсан 2 удаагийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж хугацаанд нь төлж чадаагүй нь үнэн. Бидний тус салбараас авсан 2 удаагийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа одоогоор болоогүй. Авсан зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх болно. Бид барилгын материал борлуулах учир хавар, зуны цагт орлого голлон олдог. Бараа бүтээгдэхүүн борлогдож орлого орж ирвэл хуваарь зөрчсөн хугацааны зээл, түүний хүүг нөхөн төлж цаашид ердийн хуваарийн дагуу төлж явах болно гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 295 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан Х-ын М.М, К.Снартай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717 дугаартай зээлийн гэрээ болон 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, М.М, К.Снараас 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 28.308.528 төгрөг, хүү 2.294.153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49.012 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 9.357.226 төгрөг, хүү 395.772 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2584 төгрөг, нийт 40.407.275 /дөчин сая дөрвөн зуун долоон мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х-т олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.М, К.Снар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үндсэн зээлдэгч М.М, К.Снарын өмчлөлийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах, Ү-0213001600 улсын бүртгэлийн дугаартай 180 м.кв талбайтай, 2 давхар 8 өрөө бүхий хувийн сууц, Өлгий сумын 3 дугаар багт байрлах, Ү-0213006941 улсын бүртгэлийн дугаартай 32 м.кв талбайтай зуны байр, Өлгий сумын 3 дугаар багт байрлах, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0066583 дугаар гэрчилгээтэй 736 м.кв талбайтай газар, Ах дам захад байрлах, 2 давхар дэлгүүр, 2 ш путка, “ToyotoLandcriuser” 80 маркийн 20-05 БӨТ улсын дугаартай суудлын автомашин, барааны жагсаалт, гэрийн эд хогшлыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424.986 төгрөгөөс 359.986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч Х-ын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 65.000 төгрөгийг Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч М.М, К.С нараас 359.986 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х-т олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/000085 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 295 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, гэснийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3,” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.М, К.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359.987 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.М, К.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 295 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00085 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулах тухай.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.1 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох тохиолдлыг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 219.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Учир нь нэхэмжлэгч байгууллага болох банкны зүгээс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээл төлөх мэдэгдэл өгсөн болохоос үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй. Ийм байхад давж заалдах шатны шүүх нэмэлт хугацаа тогтоож өгсөн байхад ямар нэгэн үр дүнд хүрээгүй мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Бидний хувьд хоёр талын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох гэрийн эд хогшлыг дуудлагын худалдаанд оруулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар давж заалдах гомдолд тодорхой оруулсан байхад давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж бидний гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч ХААН банк нь хариуцагч М.М, К.Снарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 40.407.275 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргажээ.  Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзахдаа “...гэрээний хугацаа дуусаагүй...” гэсэн тайлбар гаргажээ.

Зээлдэгч нар нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан ХААН банкны Баян-өлгий салбараас 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 45.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар, 2016 оны 6 дугаар сарын 16-ний өдөр 12.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 23 сарын хугацаагаар тус тус зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч гэрээ байгуулсан ба зээлийг хүлээн авсан нь хэргийн баримтаар  тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Зохигчид зээлийн гэрээ болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

Хариуцагч нар зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй, банкны зүгээс үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа сануулж, хугацаа өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-т нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж,хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хоорондох гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн хүлээх үүрэг, төлбөрийн тооцоо зэргийн талаар үндэслэл дүгнэлт хийж, нэхэмжлэлийн  шаардлагыг  хангасан  нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/000085 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч М.М, К.Снарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 359.987 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ