Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 085

 

ХААН банкны Баян-Өлгий салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 295 дугаар шийдвэртэй, ХААН банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Айбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Серик, хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 201542289717 тоот зээлийн гэрээний үлдэгдэл болон үндсэн зээлийн үлдэгдэл 28308528 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2294153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49012 төгрөг, нийт 30651693 төгрөг, 201642668660 тоот зээлийн гэрээний үлдэгдэл болох үндсэн зээлийн үлдэгдэл 9357226 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 395772 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 2584 төгрөг, нийт 9755582 төгрөг, хоёр зээлийн нийлбэр дүн бүгд 40407275 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Мадан овогтой Мурат, Какиш овогтой Сайрангүл нар нь ХААН банкны Баян-Өлгий салбарын Ховд гол тооцооны төвөөс 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 201542289717 тоот зээлийн гэрээ байгуулан 45000000 /дөчин таван сая/ төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 2016 оны 06-р сарын 16-ны өдөр 201642668660 тоот зээлийн гэрээ байгуулан 12000000 /арван хоёр сая/ төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 22,8 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай авсан.

Зээлдэгч М.Мурат нь 2015 оны 05-р сарын 18-ны өдрийн 45000000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу 16691472 төгрөгийн үндсэн зээл, 10512428 төгрөгийн зээлийн хүү нийт 27203900 төгрөг, 2016 оны 06-р сарын 16-ны өдрийн 12000000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлээс 2642775 төгрөгийн үндсэн зээл, 1253233 төгрөгийн зээлийн хүүг нийт 3896008 төгрөгийг тус тус төлж барагдуулсан боловч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 121 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2015 оны 05-р сарын 18-ны өдрийн 201542289717 тоот, 2016 оны 06-р сарын 16-ны өдрийн 201642668660 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах

2. Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон гаргуулах

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 201542289717 тоот гэрээтэй зээлийн үлдэгдэл: Үндсэн зээлийн үлдэгдэл 28308528 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2294153 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 49012 төгрөг нийт 30651693 төгрөг, 201642668660 тоот гэрээтэй зээлийн үлдэгдэл: Үндсэн зээлийн үлдэгдэл 9357226 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 395772 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 2584 төгрөг, нийт 9755582 төгрөг, хоёр зээлийн нийлбэр дүн 40407275 төгрөг байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал: Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 424986 төгрөг, нотариатын хураамж 23700 төгрөг

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах гэжээ.

 

Хариуцагч нарын тайлбарын агуулга: Хариуцагч М.Мурат, Х.Сайрангүл бид ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид тус банкны байнгын харилцагчид бөгөөд өмнө нь удаа дараа зээл авч хугацаанд нь төлж байсан. Хамгийн сүүлд нь авсан 2 удаагийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж хугацаанд нь төлж чадаагүй нь үнэн.Энэ нь эдийн засгийн хямралтай холбоотой ба бараа борлогдохгүй байгаа учир орлого орж ирэхгүй байна. Бид тус банкны салбарын "Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 40407275 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь бидний тус салбараас авсан 2 удаагийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа одоогоор болоогүй. Авсан зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх болно. Одоо хаврын улирал болж аймгийн хэмжээнд барилгын ажил эхэлж байна. Бид барилгын материал борлуулах учир хавар, зуны цагт орлого голлон олдог. Бараа бүтээгдэхүүн борлогдож орлого орж ирвэл хуваарь зөрчсөн хугацааны зээл, түүний хүүг нөхөн төлж цаашид ердийн хуваарийн дагуу төлж явах болно гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 295 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын М.Мурат, К.Сайрангүл нартай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717 дугаартай зээлийн гэрээ болон 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, М.Мурат, К.Сайрангүл нараас 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 28308528 төгрөг, хүү 2294153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49012 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 9357226 төгрөг, хүү 395772 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2584 төгрөг, нийт 40407275 /дөчин сая дөрвөн зуун долоон мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үндсэн зээлдэгч М.Мурат, К.Сайрангүл нарын өмчлөлийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах, Ү-0213001600 улсын бүртгэлийн дугаартай 180 м.кв талбайтай, 2 давхар 8 өрөө бүхий хувийн сууц, Өлгий сумын 3 дугаар багт байрлах, Ү-0213006941 улсын бүртгэлийн дугаартай 32 м.кв талбайтай зуны байр, Өлгий сумын 3 дугаар багт байрлах, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0066583 дугаар гэрчилгээтэй 736 м.кв талбайтай газар, Ах дам захад байрлах, 2 давхар дэлгүүр, 2 ш путка, ToyotoLandcriuser 80 маркийн 20-05 БӨТ улсын дугаартай суудлын автомашин, барааны жагсаалт, гэрийн эд хогшлыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424986 төгрөгөөс 359986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 65000 төгрөгийг Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нараас 359986 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 295 дугаартай шийдвэрээр хариуцагч бид нараас 40407275 төгрөг гаргуулж ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох, зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө, автомашин, барааны жагсаалт, гэрийн эд хогшлыг дуудлагын худалдаанд оруулахыг Баян- Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Зээлийн гэрээг хоёр тал харилцан тохиолцож байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар гэрээний үүргийг заасан хугацаанд нь гүйцэтгэх ёстой.

Бидний 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дуусна. Гэтэл шүүхээс зөвхөн нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна.

2. Мөн шүүхийн шийдвэрээр гэрийн эд хогшлыг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай гэр бүл дотор бид хоёр 4 хүүхэд, бэрийн хамт амьдардаг. Гэрийн эд хогшил бидний дундын хөрөнгө учир бид хоёрын авсан төлбөрт хүүхдүүдэд ногдох эд хогшлыг хураан дуудлага худалдаанд оруулах ёсгүй. Иймд энэ хэргийг бүхэлд нь хянаж бидний гомдлын шаардлагыг хангаж өгөхийг хүсье. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч маргааны үйл баримтад хамааралгүй мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт орууллаа.

 

Нэхэмжлэгчээс 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ201542289717, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ201642668660 дугаартай зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар ЗГ201542289717 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 28,308,528.00 төгрөг, хүү 2,294,153.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,012.00 төгрөг, нийт 30,651,693.00 төгрөг, ЗГ201642668660 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 9,357,226.00 төгрөг, хүү 395,772.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,584.00 төгрөг, нийт 9,755,582.00 төгрөг, хоёр зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн нийлбэр 40,407,275.00 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, түүний хүүг, нэмэгдүүлсэн хүүгийн хамт бүрэн төлж барагдуулна гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ЗГ201542289717 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч М.Мурат, хамтран үүрэг гүйцэтгэгч К.Сайрангүл нар нь зээлдүүлэгч ХААН банкны Баян-Өлгий салбараас 45,000,000.00 төгрөгийг бизнес эрхлэх зориулалтаар жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн ба 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлдэгч М.Мурат нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 121 хоногийн хугацаа хэтрүүлсэн талаар болон тус зээлийн гэрээний үлдэгдэл 28,308,528.00 төгрөг, хүү 2,294,153.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,012.00 төгрөг, нийт 30,651,693.00 төгрөгийн зээлийн төлбөртэй талаар хариуцагч нар маргаагүй байна.

 

ХААН банкны Баян-Өлгий салбар болон зээлдэгч М.Мурат, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Алтынгүл нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ЗГ201642668660 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчээс 12,000,000.00 төгрөгийг бизнес эрхлэх зориулалтаар жилийн 22.8 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай зээлсэн ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар зээлдэгч нь энэхүү зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 121 хоногийн хугацаа хэтрүүлсэн талаар болон тус зээлийн гэрээний үлдэгдэл 9,357,226.00 төгрөг, хүү 395,772.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,584.00 төгрөг, нийт 9,755,582.00 төгрөгийн зээлийн төлбөртэй талаар хариуцагч маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас нь өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй талаар зохицуулсан боловч гэрээний хугацаа дуусаагүй үед гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль болон гэрээнд заасан үндэслэл, урьдчилсан нөхцлүүд бүрдсэн тохиолдолд талуудын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахтай холбоотой шаардах эрхийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт хуульчилсан байна. Анхан шатны шүүхээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах гэрээнд заасан үндэслэл бүрдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хуульд нийцжээ. 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ЗГ201542289717 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ЗГ201642668660 дугаартай зээлийн гэрээний 6.1.1.-т зааснаар зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн бол банкны зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар талууд харилцан тохиролцжээ.

 

Дээрх зээлийн гэрээний үлдэгдэл зээлийг төлөх тухай мэдэгдлийг банкны зүгээс зээлдэгч М.Мурат, хамтран үүрэг гүйцэтгэгч К.Сайрангүл нарт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж байсан нь баримтаар тогтоогдсон бөгөөд зээлдэгч нь энэ хугацаанд ямар нэгэн үр дүнд хүрсэн нь тогтоогдоогүй, эргэн төлөлт хийгээгүй, хариуцагч энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2.-т заасан нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дээрх хоёр зээлийн гэрээгээр сар тутам хүү болон үндсэн зээлээс тодорхой хувийг эргэн төлөхөөр тохиролцсон хуваарийг 121 хоног хэтрүүлсэн, энэ талаар хариуцагч маргаагүй зэргээс дүгнэвэл зээлдэгчийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой үүргийн зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-т зааснаар ялимгүй гэж үзэхээргүй байна.

 

Иймд дээрх хоёр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль болон гэрээнд заасан үндэслэл бүрдсэн гэж үзсэн учраас анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийг цуцлах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв. Харин маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ЗГ201542289717 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ЗГ201642668660 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулганууд зэргээс үзвэл, нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий салбар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гэрээ болон хуульд заасны дагуу тооцоолсон байх ба маргаан бүхий хоёр зээлийн гэрээний үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн гэрээнүүдийн нийт үлдэгдэл төлбөр 40,407,275.00 төгрөг болох талаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл, нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж аваагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,987.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 295 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, гэснийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,987.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК