Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2020/0184

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын давж заалдах гомдлоор, Д.Н нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Н 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн гэрээг байгуулахыг хариуцагчид даалгах, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу хавсралтын 4 дэх заалт хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай газрын дахин цахим дуудлага худалдааны ялагч нэхэмжлэгч Д.Н гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн дуудлага худалдааны ялагчийн гэрээг нэхэмжлэгч Д.Н байгуулахыг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу хавсралтын 4 дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн А/324 дүгээр захирамжаар Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ХААН банкны баруун талд байрлах 0,09 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх цахим дуудлага худалдааны зарыг Газрын биржийн www.mle.mn сайтад 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байршуулахдаа дуудлага худалдааны анхны үнийг буруу бичсэн ба үүнийгээ 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус газрын мэргэжилтэн мэдэж засварлан байршуулсан.

Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 7.2-т “дуудлага худалдааны мэдээлэлд ...7.2.5 дуудлага худалдааны анхны үнэ, 7.2.6 дэнчингийн хэмжээ, дэнчин тушаах дансны дугаар ...заавал тусгана”, 10.2-т “Дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрийг тухайн шатны Засаг дарга буюу чөлөөт бүсийн захирагч гаргах бөгөөд дуудлага худалдааны зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ” гэж заасан.

Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Газрын биржийн www.mle.mn сайтад байрлуулсан дуудлага худалдааны зард дуудлага худалдааны анхны үнийг буруу бичсэн, мөн дуудлага худалдааны анхны үнийг буруу бичсэнээс шалтгаалан дэнчингийн хэмжээ буруу бодогдсон тул 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дуудлага худалдааны зарыг шаардлага хангасан, үнэн зөв зарыг байршуулан мэдээлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн цахим дуудлага худалдааны үнийг буруу бичиж байршуулсан 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай зарыг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр залруулж дуудлага худалдааны талаарх бодит, үнэн зөв мэдээллийг оруулсан байтал 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулсан нь “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д заасан дуудлага худалдааны зарыг 14 хоногийн хугацаанд нийтэд мэдээлэх заалтыг зөрчсөн тул 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан дуудлага худалдааг “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар ажлын хэсэг уг дуудлага худалдааг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.

2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаатай холбогдуулан Ц.А тус газрыг “Д.Н давуу байдал үүсгэн дуудлага худалдааг хууль бусаар зохион байгуулсан, дуудлага худалдааны зарыг алдаатай байршуулан өөрийн дуудлага худалдаанд оролцох эрхийг хаасан” гэж үзэн гомдол гаргасан ба энэ талаараа шүүхэд тайлбар гаргасан боловч анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй болно.

Д.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдааны дэнчинд төлсөн төлбөрөө буцаан авах бүрэн боломжтой бөгөөд Д.Н нь энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, мөн Д.Н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эдийн засгийн хохирол учруулсан ямар нэгэн асуудал гараагүй.

Харин дээр дурдагдсан газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах нөхцөл боломжийг олгож, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ХААН банкны баруун талд байршилтай 0,09 га газрын анхны үнийг 7.200.000 төгрөгөөр тогтоон нийтдээ 3 удаа дуудлага худалдаа явагдсанаас анхны буюу 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн дуудлага худалдаанд 5 хүн оролцож, н.Б 194.700.000 төгрөгөөр ялсан боловч төлбөрөө төлөөгүй, 2 дахь удаа буюу 4 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдаанд нэхэмжлэгч Д.Н ганцаараа оролцож, 7.700.000 төгрөгөөр ялсан боловч тухайн үед дуудлага худалдааны анхны үнэ, дэнчингийн хэмжээг газрын биржийн сайтад буруу байршуулсан гэсэн үндэслэлээр 3 дахь дуудлага худалдааг мөн оны 7 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж, үүнд нэхэмжлэгчийн хамт нэр бүхий 4 хүн оролцож, Д.Н 674.500.000 төгрөгөөр дахин ялсан байна.

2 дахь дуудлага худалдааг Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн А/324 дүгээр захирамжаар мөн сарын 26-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, анхны үнэ, дэнчингийн хэмжээг дээрх байдлаар тогтоосон ч, зарыг тухайн үед буруу тавьж, улмаар 23-ны өдөр зөвтгөн засварласнаас хойш 14 бус 3 хоногийн дараа дуудлага худалдаа явагдсан нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 10.2-т “Дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрийг тухайн шатны Засаг дарга …гаргах бөгөөд дуудлага худалдааны зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ” гэсэнтэй хугацааны хувьд зөрчилдсөн гэж үзэн 3 дахь дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэжээ.

Хэдийгээр дээрх журмын 10.4-т “Энэ журмын 10.1-т заасан дуудлага худалдаанд 1 оролцогч оролцох хүсэлт гаргасан тохиолдолд дуудлага худалдааны анхны үнэ дээр өсгөн хэлэх үнийн доод хэмжээг нэмж, дуудлага худалдаагаар худалдан авах үнийг тогтоох бөгөөд тухайн оролцогч зөвшөөрвөл түүнийг дуудлага худалдааны ялагч гэж үзнэ” гэж заасан байдаг ч, хариуцагчийн энэхүү тайлбараас гадна 1 болон 3 дахь дуудлага худалдааны оролцогчдын тоо, түүнчлэн үнийн санал зэргээс үзэхэд 2 дахь дуудлага худалдаанд ямар ч оролцогчгүйгээр 7.700.000 төгрөгөөр нэхэмжлэгч ялсныг тухайн дуудлага худалдааг бодитой явагдсан гэж үзэхэд эргэлзээтэй.

Өөрөөр хэлбэл дуудлага худалдааны анхны үнийг 7.200.000 биш 720.000 төгрөг гэж, дэнчингийн хэмжээг 720,000 биш 72.000 төгрөг гэж газрын биржийн цахим сайтад тус тус алдаатай мэдээлсэн нь сонирхогч иргэдийн хувьд төөрөгдөлд оруулах, хямд үнэтэй байгаагаас үзэхэд байршлын хувьд өөр газар байх гэсэн эргэлзээ төрүүлсэн байх бүрэн боломжтой.

Энэ нь анхны дуудлага худалдаанд оролцсон Ц.А тухайн үед гаргасан гомдол, гуравдагч этгээдээр шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдоно.

Д.Н 2 дахь дуудлага худалдааны ялагч болсонтой холбогдуулан гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл гаргах явцад аймгийн Засаг даргаас 3 дахь удаагаа зарласан дуудлага худалдаанд дахин оролцож 674.500.000 төгрөгөөр ялсан, иймд Засаг даргын захирамж, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болно.

Учир нь 0,09 га газар эзэмших эрх 2 болон 3 дахь дуудлага худалдааны аль алинаар нь нэхэмжлэгчид үүссэн, гагцхүү 2 дахь дуудлага худалдааны үнэ болох 7.700.000 төгрөг нь сүүлийнхээс 87.5 дахин бага үнэ байгаа нь мөнгөн дүнгийн хувь илтэд зөрүүтэй ч, нэхэмжлэгч 3 дахь дуудлага худалдаанд хамгийн өндөр буюу дээрх үнийн саналыг хэлсэн, мөн төлбөрөө төлөөгүй ч анхны дуудлага худалдааны ялагч 194.700.000 төгрөгийн санал хэлж байсан зэргээс дүгнэхэд тухайн газар эзэмших эрхийг 7.700.000 төгрөгөөр авах гэж буй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Харин давж заалдах гомдлын 1 үндэслэл болсон Ц.А гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн гомдол нь 3 дахь дуудлага худалдааг зарлах шууд үндэслэл болоогүй, түүнчлэн тэрбээр энэхүү дуудлага худалдаанд оролцоогүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н гаргасан “Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай дахин цахим дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн гэрээг байгуулахыг хариуцагчид даалгах, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу хавсралтын 4 дэх заалт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.О давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН