Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0257

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК болон Ж.О нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Б, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн өмгөөлөгч Л.А, гуравдагч этгээд “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК, Ж.О нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Э” ХХК, Ж.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай” А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсэг мөн, сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/116 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтын 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаар шийдвэрээр:

“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 9, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасныг тус тус баримтлан “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай” А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсэг, мөн Сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/116 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтын 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг шаардлага бүхий нэхэмжлэгч “Э” ХХК-ийн болон Ж.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Д.Б, Д.Х, Н.Б нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэгдүгээрт Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “....нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэлгүйгээр гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасан зохицуулалт байгаа тул ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг заавал газар ашиглах эрх олгосон тушаал гаргахаас өмнө хийсэн байхыг шаардахгүй, төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийсэн байвал хуулийн шаардлага ханган гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна. ...Иймд хуулийн дээрх зохицуулалтад ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийх боломжтой байдлаар зохицуулсан байх тул Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэлгүйгээр гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй” гэжээ.

Гэтэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ”, 7.3-т “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ” гэж заасан.

Ерөнхий үнэлгээнээс гадна нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гэрчилгээг гаргуулахаас өмнө гүйцэтгүүлнэ, хуулийн 8.4-т нарийвчилсан үнэлгээний тайланд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тусгах талаар хуульчилсан.

Мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын Газар ашиглах зөвшөөрөл олгох гэсэн 3 дугаар зүйлийн 3.3-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төсөлдөө “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуульд заасан хугацаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ”, 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно” гэж зохицуулсан.

Өөрөөр хэлбэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох журмын дагуу Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх олгох тушаал гарахын өмнө үнэлгээг хийлгэсэн байхыг шаардаж, зохицуулсан байтал анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” гэж заасныг зөрчиж хуулийн хуулийн заалтыг өөрчлөн тайлбарласан хуульд нийцэхгүй байна.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 37 дугаар зүйлийн 37.2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана” гэсэн.

Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд газар ашиглуулах гээд 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална”, 34 дүгээр зүйлд “Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журам” гээд 34.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно” хэмээн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохын өмнө заавал үнэлгээ хийлгэсэн байхыг газрын хуулиар мөн хуульчилсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны А/116, 2017 оны А/288 дугаар тушаал гарах үед гуравдагч этгээдүүд нь Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн эсэхэд маргадаггүй бөгөөд одоо хүртэл үнэлгээг хийлгээгүй байгаа талаар тайлбарладаг. Мөн хариуцагч байгууллагаас “Э” ХХК, “Ү” ХХК-ийн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хувийн хэрэгт болоод манай байгууллагад байхгүй талаарх тайлбаруудыг ирүүлснээс үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны А/116, 2017 оны А/288 дугаар тушаал дээрх хуулийн заалтуудыг болоод Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын тус заалтыг зөрчсөн.

Хоёрдугаарт шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...“Э” ХХК-ийн анх олгосон 10 га газраас 3 га газрыг нь “Ү” ХХК-д, 3 га газрыг нь “Э” ХХК-д олгосон атлаа тус компаниудад олгосон газарт холбогдох “Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэрийг гаргаагүй нь хуульд нийцээгүй, газар ашиглах эрхийг дуусгавар болгохтой холбоотой хуулийн заалтыг баримтлах ёстой, “Э” ХХК-ийн 10 газраас 6 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа бол газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон шийдвэрийг гаргах ёстой байсан, газар ашиглах эрхийг дуусгавар болгохтой холбоотой хуулийн заалтыг баримтлах ёстой гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна. ...Сайдын тушаалууд нь зорилгодоо нийцсэн байх зарчимд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй” гэжээ. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмыг захиргаа үйл ажиллагаандаа баримталж байхаар хуульчилсан.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн ашиглалтын газрыг өөр бусад этгээдэд олгохдоо хуульд заасан тус зарчмын дагуу урьдчилан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, гаргаж буй захиргааны акт нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалын 1-р хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах эрх нь дуусгавар болсон иргэн, аж ахуйн нэгж байгууллага гээд, 2-р хавсралтаар газар ашиглах эрх олгох тухай шийдвэрлэсэн. Тус маргаж буй тушаалын хууль зүйн үндэслэх хэсэгт Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1, 36.1 буюу газар ашиглуулах шийдвэрийн заалтыг баримталсан. Тушаалын үндэслэх хэсэгт газрын эрх дуусгавар болгох нэг ч заалт баримтлаагүй байдаг. Хэрвээ 1 дүгээр хавсралтаар газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39.1.3 дахь заалтыг үндэслэх ёстой байжээ.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан захиргаа үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчмуудын нэг болох “хуульд үндэслэх”, 40 дүгээр зүйлийн 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэх заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байна. 

Гуравдугаарт шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтууд болон дээрх журмаас үзэхэд газар ашиглах хүсэлт гаргах, газар ашиглах зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхэд компанийн гүйцэтгэх захиралд хүсэлт гаргах эрх олгогдсон эсэх, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл зэрэг эрх бүхий байгууллагаас гүйцэтгэх захиралд газар ашиглахтай холбоотой хүсэлт гаргах эрхийг олгосон эсэхийг захиргааны байгууллага буюу Байгаль орчны сайд шалган үзэх үүрэгтэй талаарх зохицуулалтууд тус хуулиуд болон уг журамд тусгагдаагүй байна, “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №78/24, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дүгээр хүсэлтээс үзэхэд “Э” ХХК-ийн буюу тус компанийн гүйцэтгэх захирлын хүсэлтүүдийг үндэслэн маргаан бүхий газруудын ашиглах эрхийг “Э” ХХК болон “Ү” ХХК-иудад олгосон байна” гэжээ.

Гэтэл Захиргааны байгууллага нь захиргааны акт, тушаал гаргахдаа, тэр тундаа бусдын газар ашиглах эрхэнд халдсан, цуцалсан шийдвэр гаргахдаа заавал эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийн шаардлагатай баримттай танилцах, түүнийг хуулбарлан авч хувийн хэрэгт нь хийх ёстой.

Тухайлбал компанийн газраас татгалзаж буй бол тус компанийн дүрэм, түүнд хэдэн хувьцаа эзэмшигчтэй талаар, хувьцаа эзэмшигчдын хурлын тэмдэглэл, зөвшөөрөл байгаа эсэхийг анхан шатанд нь тодруулах үүргийг тус хуулиар захиргаанд ногдуулжээ. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд газар ашиглах зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материалын жагсаалт хэмээн 17 зүйлсийн баримтын төрлийг жагсаасан. Гуравдагч этгээдүүд нь тэдгээр жагсаалтуудаас ердөө л 3 төрлийн баримтыг л бүрдүүлэн тухайн газрыг ашиглах эрхийг олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах” гэж тус тус тус заасныг зөрчиж байна.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал нь газар ашиглах эрхээсээ татгалзсан, зөвшөөрсөн учраас захиргаа шийдвэр гаргасан, тиймээс хууль бусад тооцогдохгүй хэмээн үзэж байна. Гэвч нэхэмжлэгч компанийн зүгээс ямар ч захиргааны байгууллагад өөрийн газар ашиглах гэрээгээ цуцлах тухай утга бүхий албан тоот, хүсэлтийг гаргаж байгаагүй байна. Гагцхүү газар ашиглах эрхийг бусад компанид салган шилжүүлж өгөхийг хүссэн утга бүхий 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дүгээр албан бичгийг хариуцагч байгууллагын Тусгай хамгаалалтын газарт гаргасан байдаг. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд хүсэл зоригийг тайлбарлах гээд 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан байх ба тэрхүү хүсэлтэд гэрээгээ цуцлах тухай нэг ч утга, агуулга байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” газар ашиглах эрх дуусгавар болохоор, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан” тохиолдолд газар ашиглах эрхийг тус тус дуусгавар болгохоор хуульчилсныг зөрчсөн. 

Дөрөвдүгээрт шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...мөн “Э” ХХК-ийн өөрийнх нь хүсэлтүүдийг үндэслэн холбогдох тушаалуудыг гарган маргаан бүхий газруудыг гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн болохоос биш Ж.О гэдэг хүний нэр дээр байсан газрыг шилжүүлээгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. ....Сайд эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны А/288, 2016 оны А/116 дугаар тушаалуудыг гаргасан байна...” гэжээ.

“Э” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээгээ цуцлах хүсэлтийг гаргаж байгаагүй. Маргаан бүхий захиргааны акт гарах үед тус компанийн 51 хувийн хувьцааг Ж.О эзэмшиж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь юм. Хэдийгээр Ж.О гэдэг хүний нэр дээр байсан газрыг шилжүүлээгүй хэдий ч компанийн хөрөнгө нь түүнд оруулсан хувь эзэмшигчийн өөрийн хөрөнгө, хөрөнгө оруулалттай салшгүй холбоотой юм. Компанийн тухай хуулийн 9.1-д “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэнэ”, 30.1-д “Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэнэ. Компанийн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон эзэмшиж байгаа хөрөнгөөс бүрдэнэ. Харин тухайн хөрөнгийг компанийн хувьцаа эзэмшигч нар Компанид эзлэх хувьцааныхаа хувиар эзэмшинэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчийн хувиар шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгч байгууллагын эрх, ашгийг хөндсөн захиргааны байгууллагын шийдвэр акттай маргах эрх нь хуулиараа нээлттэй байна.

Тавдугаарт шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Компанийн эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаан нь нийтийн эрх зүйн биш харин хувийн эрх зүйн буюу иргэний эрх зүйн харилцаанаас шалтгаалан үүссэн маргаан болох нь тодорхой бөгөөд компанийн гүйцэтгэх захирал сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн эсэхтэй холбоотой, сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцох эсэх, сонирхлын зөрчилтэй хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус тооцох эсэхтэй холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хувийн эрх зүйн маргаан байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтын 9 дэх хэсгийг, 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд захиргааны байгууллагын Захиргааны акттай маргасан болно. Ийнхүү маргахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу урьдчилан шийдвэрлэх журмаар холбогдох газарт нь хандаж, захиргаа хуульд заасан үндэслэлээр бусдын эрхэнд халдах талаар маргаан үүсгэн улмаар захиргааны хэрэг үүсгэгдэн хянагдсан.

Зуравдугаарт шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь “Э” ХХК-ийн өөрийнх нь хүсэлтүүдийг үндэслэн маргаан бүхий газрын ашиглах эрхийг “Ү” ХХК болон “Э” ХХК-иудад олгосон байх ба “Э” ХХК-ийн өөрийнх нь хүсэлтүүдийг үндэслэн гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчөөгүй талаар дээр дүгнэсэн, энэхүү үйл баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлийг хангаж байх тул тайлбар үндэслэлгүй...” гэжээ

Захиргааны байгууллага нь 2017 оны А/288 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл “Оролцогчийг сонсох” гээд 26.1-д “...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно...”, 27.1-д “...Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно...” гэж заасны дагуу сонсох ажиллагааг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох “Э” ХХК-ийн хувьцааны 51 хувийн хувьцааг эзэмшигч Ж.О огт мэдэгдэж, тайлбар тодруулга аваагүй захиргааны актыг гаргасан, захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх, 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг бүрдүүлэх гэх хуулийн дээрх заалтуудыг ноцтойгоор зөрчихөд хүрсэн байна.

Эндээс дүгнэвэл Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөлийг яамнаас биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчийн тайлбар, урьдчилан шийдвэрлэх журмаар хандсан албан бичгүүдээр тодорхой нотлогдог болно. Нэхэмжлэгч байгууллага нь болоод тэр дундаа нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч байгууллагад хандан газар ашиглах гэрээгээ цуцлах, газар ашиглах гэрээнээсээ татгалзсан гэх баримт хэрэгт байхгүй. Түүнчлэн шүүхээс нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах шаардлагатай байсан гэх нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийгээгүй.

Долдугаарт шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журамд ашиглах эрхтэй газрыг буюу газар ашиглах эрхийг барьцаалж болох талаарх зохицуулалт байхгүй тул хариуцагчийг буруутгах боломжгүй ба манай газрыг Хас банкны барьцаанд байгааг хариуцагч гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн, шалгаж үзэх үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй...” гэжээ.

“Э” ХХК-ийн эзэмшлийн 10 га газар нь Хасбанкны барьцаанд байгаа болно. Байгаль орчны асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь газрын гэрчилгээг бусдад олгохдоо, дуусгавар болгохдоо эх хувь /хуучин/ гэрчилгээг нь хураан авч дахин шинэ гэрчилгээ олгох зарчмаар явдаг ба харамсалтайгаар тэрхүү практик, хууль хэрэглээ алдагдсан байгааг энэхүү үйлдэл нь гэрчилж байгаа юм. Тодруулбал тухайн гэрчилгээ нь бусдад дамжуулагдсан эсэх, барьцаалагдсан эсэх, устсан эсэхийг даруй тодруулах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг мөн билээ.

Газрын тухай хуулийн 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” талаар урьдчилан шалгаж гэрчилгээг эх хувиар нь хурааж авах зохицуулалтыг хуульчилсан.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-328 дугаар тушаалаар 10 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг анх авч тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан 2010/33 тоот гэрээг байгуулсан, газар ашиглах хугацаа дуусахад түүнийг сунгуулах хүсэлтийг гаргаж 2020 оны 10 сарын 22-ныг хүртэл 5 жилийн хугацаатайгаар хариуцагч байгууллага өөрсдөө сунгасан, нэхэмжлэгчийн 10 га газрын ашиглах эрхийн гэрчилгээ эх хувиараа байгаа, хүчинтэй байгаа, гэрээ сунгагдсан, гэрээг хүчингүй болгоогүй, сайдын 2010 оны 10 сарын 22-ны А-328 тоот тушаал өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа бөгөөд уг тушаалыг ямар ч тушаалаар хүчингүй болгоогүй, 10 га газрын гэрчилгээ эх хувиараа нэхэмжлэгчид байгаа тул дахин эргэлтэд орох боломжтой гэх нэхэмжлэлийн шаардлага, тайлбарт анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэтэрхий нэг талыг барьсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 21-ний өдрийн 58 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Х.Б нь улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэмд зааснаар Сайдын тушаал гарсан 2016, 2017 онуудад компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан, тийм ч учраас түүний гаргасан хүсэлтээр газрыг “шилжүүлсэн” мэт боловч тушаал дараах байдлаар хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүхээс “…“Э” ХХК-ийн буюу гүйцэтгэх захирлын хүсэлтээр газар ашиглах эрхийг гуравдагч этгээд нарт олгосон Сайдын тушаалыг хууль бус гэж үзэх боломжгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-д газар ашиглах зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхэд компанийн гүйцэтгэх захиралд хүсэлт гаргах эрх олгогдсон эсэхийг шалгах үзэх үүрэгтэй талаарх зохицуулалт байхгүй…” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2867 дугаар шийдвэрээр Х.Б “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон, мөн тус компанийг төлөөлөх эрхгүй болохыг тогтоохдоо түүнийг 2017 оноос хойш хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй байсан гэх Ж.О нэхэмжлэлийн үндэслэлийг огт үгүйсгээгүй буюу “…Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хуралдуулаагүй, ийнхүү хуралдуулаагүй шалтгаанаар хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаанаас үүдэлтэй гэх тайлбараараа зөвшөөрсөн…” гэж дүгнэсэн байна.

Үүнээс үзэхэд бүртгэлийн хувьд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй мэт боловч бодит байдалд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй байсан нь дээрх байдлаар тогтоогдож байх тул Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу гүйцэтгэх удирдлагын хувьд Х.Б хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон, өөрөөр хэлбэл 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 144 дүгээр албан бичгээр газар салгуулж бүртгүүлэх хүсэлтийг гаргах эрхгүй байсан гэж үзэж болно.

Түүнчлэн Сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-328 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах 10 га газрыг “Э” ХХК-д ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газрыг болон уг газарт баригдсан сургуулийн барилга, спорт заалны зориулалттай нийт 11.576 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг хамтад нь Хас банктай байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн ....... тоот Зээлийн гэрээний барьцаанд тавьсанаас хойш өнөөдрийг хүртэл газар ашиглах гэрчилгээний эх хувь банкинд хадгалагдаж байгаа болох нь тус банкны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2а/566 дугаар албан шаардлагаар тогтоогддог.

Сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 тугаар тушаалаар 3 га газар шилжүүлсэн “Ү” ХХК-ийг 2015 оны 10 дугаар сард хувьцаа эзэмшигч Х.Б, Ц.А нар анх үүсгэн байгуулаад дээрх тушаал гарснаас хойш 7 сар гаруйн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нийт хувьцаагаа иргэн Л.Г бэлэглэлийн гэрээгээр;

2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/288 дугаар тушаалаар 3 га газар шилжүүлсэн “Э” ХХК-ийг 2015 оны 9 сард мөн л хувьцаа эзэмшигч Х.Б, Ц.А нар үүсгэн байгуулаад, 2019 оны 7 сард нийт хувьцаагаа иргэн Р.Б хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр тус тус шилжүүлжээ.

Түүнчлэн Сайдын 2017 оны А/288 дугаар тушаал гарах үндэслэл болсон “Э” ХХК-ийн захирал Х.Б 2017 оны 144 дүгээр “Газар салгуулж, бүртгүүлэх тухай” хүсэлтэд “…тус компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор ашиглаж буй газраа зориулалтаар нь 3 га, 4 га болгон нэр шилжүүлэх тогтоол гарсан гээд, манай компанитай хамтран төсөл хэрэгжүүлэх гэж буй “Э” ХХК-д 3 га газрыг шилжүүлэн бүртгүүлж өгнө үү…” гэдэг, гэвч энэ талаар төдийгүй компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй, тэр тусмаа компанийн 51 хувийн эзэмшигч Ж.О оролцоотой хурал огт болоогүй байна. 

Цаг хугацааны хувьд анх “Э” ХХК-ийг Х.Б, Б.С нар 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн байгуулж, нэхэмжлэгч Ж.О тухайд мөн оны 10 дугаар сарын 5-ны өдөр  51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнээс хойш буюу 10 дугаар сарын 22-ны өдөр 10 га газар ашиглах эрх тус компанид үүссэн байдаг.

Тухайн үед “…компанийн анхны үүсгэн байгуулагч Х.Б, Б.С нар болон хувь нийлүүлэгч Ж.О, Ц.А нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдсан талаар, мөн уг гэрээгээр Ж.О, Ц.А нарт компанийн хувьцааг шинээр нэмж гарган, хамтран үйл ажиллагаа явуулахаар тохиролцож, компанийн үйл ажиллагаа явуулах эхний ээлжийн хөрөнгө оруулалт буюу өөрийн хөрөнгийн санхүүжилтийг Ж.О хариуцаж, түүний хийж буй энэхүү санхүүжилт нь талуудын хувь тэнцүүлэн хийвэл зохих хөрөнгө оруулалтыг орлохуйц байхаар харилцан тохиролцож, Ж.О ........ ам.доллар буюу 51 хувийг, Ц.А ......... ам.доллар буюу 29 хувийг, Х.Б .......... ам.доллар буюу 10 хувийг, Б.С ..... ам.доллар буюу 10 хувийг тус тус нийлүүлсэн харилцаатай байсан…” талаар иргэний хэргийн дээр дурдсан шүүхийн шийдвэрт дүгнэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Х.Б нь Б.С эзэмшлийн 10 хувийн хувьцаанд ногдуулан 6 га газрыг түүнд шилжүүлэхээр нэхэмжлэгчтэй өмнө харилцан тохиролцсон гэх, үүнийг миний байгуулсан компаниар дамжуулан ийнхүү шилжүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.С 10 хувийн хувьцааг Х.Б, Ц.А нар 5, 5 хувиар тус тус хуваан эзэмшихээр 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар Х.Б 15 хувийн, Ц.А 24 хувийн хувьцаа эзэмшигч болсон, мөн өдрийн “Э” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд зааснаар Х.Б, Ц.А нар нь хувьцааны үнийг энэхүү гэрээг байгуулахаас өмнө буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр худалдагч Б.С тус тус төлж дуусгасан гэжээ.

Үүнээс үзэхэд Б.С 10 хувийн хувьцаанд тохирох компанийн ашиглах эрх бүхий газраас 6 га-г шилжүүлсэн гэх тайлбарууд баримтаар тогтоогдохгүй, түүнчлэн дээрх байдлаар Х.Б, Ц.А нарын компанийн эзэмшлийн хувьцаа нэмэгдэж байгаа нь компанийн нэр дээр олгогдсон газрыг хувьцаа эзэмшигчдийн шийдвэргүйгээр бусдад шилжүүлэх үндэслэл болохгүй.

Цаг хугацааны хувьд ч эдгээр гэрээ хийгдсэнээс 2-3 жилийн дараа 3, 3 га-гаар газрыг өөр хуулийн этгээдэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээд “Ү” ХХК-ийн  өмгөөлөгч Д.Н 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн “Эко скүүл гарден” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлээр тогтоогддог гэдэг ч, тухайн хурлын хэлэлцэх асуудалд газар шилжүүлэх асуудал тусгагдаагүй, харин “шийдвэрлэсэн нь” хэсгийн 6-д “тус компанийн эзэмшиж буй Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах 7 га талбайгаас 3 га газрыг шилжүүлсүгэй” гэж тэмдэглэсэн, гэхдээ чухам хэнд, ямар шалтгааны улмаас шилжүүлэх гэх буй нь тодорхойгүй, мөн цаг хугацааны хувьд үүнээс өмнө 2016 онд 3 га газрыг шилжүүлсэн байдгаас гадна энэхүү хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч Ж.О гарын үсэг зурагдаагүй байна.

Үндсэндээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/166 дугаар тушаалаар “Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий 10 га газрын 3 га ашиглах эрхийг дуусгавар болгож, “Ү” ХХК-д 3 га-г;

-мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/288 дугаар тушаалаар “Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий 7 га газрын 3 га ашиглах эрхийг дуусгавар болгож, “Э” ХХК-д 3 га газар ашиглах эрхийг тус тус олгож буй мэт боловч бодит байдалд “Э” ХХК-ийн захирал Х.Б хүсэлтээр тус компанийн ашиглах эрх бүхий 10 га газраас 3, 3 га-г салган нэр бүхий хуулийн этгээдэд шилжүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болно.

Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхтэй этгээд газар ашиглах гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлээр уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан “Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхийг хязгаарлажээ.

Нэхэмжлэгч Ж.О хувьд анхнаасаа “Э” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч байсан, иймд компанийн хувьцаа эзэмшигчийн хуулиар олгогдсон үндсэн эрх болон компанийн дүрмээр тогтоогдсон хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөнтэй холбоотой, түүнчлэн Компанийн тухай хууль зөрчигдсөнтэй холбоотой, тухайлбал үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Х.Б сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн, эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэхтэй холбоотой маргаан нь харъяаллын хувьд иргэний эрх зүйд хамаарна гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, гэвч компанийн хувьцаа эзэмшигч нь тухайн хувьцаагаар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхлоо одоогийн маргаан бүхий тушаалын улмаас зөрчигдсөн гэж үзэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасны буруутгах үндэслэлгүй.

Газар ашиглах гэрчилгээний эх хувь болон хүсэлтэд дурдсан хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хавсаргагдаагүй, компанийг төлөөлөх эрх маргаантай байсан, хууль зүйн хувьд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхээ Газрын тухай хуульд заасны дагуу бусдад шилжүүлэх эрхгүй болох нь тогтоогдож байх тул Сайдын тушаалын холбогдох хэсгийг дээрх үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сайдын тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд урьчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлага хуулиар тавигдаагүй, мөн нэхэмжлэгч “Э” ХХК болон хувьцаа эзэмшигч Ж.О тухайд 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 1 дүгээр шийдвэрээр Б.Е гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах Х.Б сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 124 дүгээр тогтоол гарснаар дуусгавар болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн Ж.О тухайд Х.Б хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй байгаатай холбогдуулан иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, гүйцэтгэх захирлыг томилсон, компанийн 2017 оны санхүүгийн тайлан хянуулахаар аудитын “Б” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон болон дээр дүгнэсэн бусад нөхцөл байдлаас маргаан бүхий тушаал гарсан гэдгийг мэдэж байсан гэж үзэж, түүний нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах боломжгүй, нэгэнт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 03/3433 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ж.О өгсөн хариу нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд үл хамаарна.

Мөн нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 103, 5 дугаар сарын 10-ны өдрийн 132 дугаар албан бичгээр, нэхэмжлэгч Ж.О 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус тус хариуцагчид хандаж гомдол гаргасан, “Э” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан гомдлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ХЭГ/2955 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж асуудлыг судлан үзэж, хариу мэдэгдэхийг даалгасны дагуу захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар хариу мэдэгдсэн байгааг тус тус тэмдэглэв.

Шүүхийн үзлэг, хэрэгт авагдсан фото зургаар 3, 3 га газрыг тус тусад нь хашаалснаас өөрөөр барилга байгууламж бариагүй, харин хашааны 1 хэсэгт бохирын шугам татсан болон зохих зардлууд гарсан гээд холбоотой баримтуудыг гуравдагч этгээдээс гаргаж өгсөн ч, бохирын шугамыг хэрхэн татсан талаар хэргийн оролцогчдоос харилцан адилгүй тайлбар гаргадгаас гадна хохирол учирсан гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэх эрхийг энэхүү магадлалаар хязгаарлахгүй болохоос бус эдгээр нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэн болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК, Ж.О нарын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсэг мөн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/116 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтын 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Б, Д.Х, Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН